Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Эмгэнэлтэйгээр егүүтгэгдсэн Хялар хатны түүхУншсан40,682

Халхын гол хошууд хэмээх 100 гаруй хошуудын нэгэнд багтсан Говь Түшээ гүн ноёных гэж байжээ. Говь Түшээ гүн ноёны нутаг одоогийн Өмнөговь, Дундговийн хагас, Дорноговийн хойд, Төв аймгийн урд хэсгийг хамарсан өргөн уудам нутаг эзэлсэн хошуу байсан гэдэг. Говь Түшээ гүн ноён Шагдаржав гэдэг ганц хүүтэй байжээ.

Монголын түүх, судар бичигт ”Хялар хатны домог” хэмээн тэмдэглэгдэн үлдсэн нэгэн домог байх бөгөөд хэд хэдэн хувилбартай байдаг аж. Ардын дунд түгсэн домог гэх ч учир мэдэх хүмүүс 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалд Сайн ноён хан Намнансүрэн, Чин ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд нартай мөр зэрэгцэн зүтгэж, Богдын Засгийн газарт Сангийн сайдаар ажиллаж байсан түүхт хүнд тохиолдсон бодит явдал гэх нь ч бий. Ямартай ч энэ домгоор яруу найрагч Дэндэвийн Пүрэвдорж агсан ”Хялар хатан” хэмээх найраглал бичсэн бол яруу найрагч Дамбын Төрбат ”Могойн чуулган” роман, ”Харц хатан” дуулалт жүжиг тус тус бичсэн байдаг.

Монголын утга зохиолд мөнхөрч үлдсэн, бодит түүх ч байж мэдэх эмгэнэлтэйгээр золиослогдсон энэхүү Хялар хатны түүх Дундговь аймгийн Эрдэнэдалай, Сайхан-Овоо, Дэлгэрхангай сумыг хамарсан Говь түшээ гүний хошууны ноён Гадинзасаг, түүний хүү Чагдаржавт өртөө албаны зараал ирснээс эхэлдэг.

1984 онд БНМАУ-ын ШУА, Хэл зохиолын хүрээлэнгээс хэвлүүлсэн "Монгол домог" номд Хялар хатныг хэрхэн шатааж егүүтгэсэн домгийг нэрт судлаач, Соёлын гавьяат зүтгэлтэн, Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, академич Хорлоогийн Сампилдэндэв агсны 1964 онд эмхэтгэн бичсэнээр оруулсныг та бүхэндээ бүтэн эхээр нь хүргэе. "Энэ болсон явдлыг арав гаруй настайдаа нүдээр үзсэн хэмээн 93 настай Шанж гэдэг хүн 1955 онд надад ярьж билээ" хэмээн Х.Сампилдэндэв гуай онцолсон байдаг.


Халхын гол хошууд хэмээх 100 гаруй хошуудын нэгэнд багтсан Говь Түшээ гүн ноёных гэж байжээ. Говь Түшээ гүн ноёны нутаг одоогийн Өмнөговь, Дундговийн хагас, Дорноговийн хойд, Төв аймгийн урд хэсгийг хамарсан өргөн уудам нутаг эзэлсэн хошуу байсан гэдэг. Говь Түшээ гүн ноён Шагдаржав гэдэг ганц хүүтэй байжээ.

Тэр хорь орчим настай ноён зэргээ залгаж чадаагүй боловч нутгийн ардууд бага ноён гэж нэрлэж байжээ. Энэ үед манж нар Монголыг ноёрхож бүх алба өртөө харуулыг ард түмний хүч хөрөнгөөр гүйцэтгэж байжээ. Хүрээ Улиастайн 49, Ховд Улиастайн 13 гэсэн баруун чигийн өртөө харуулуудад 3 жил тутам нэгэн удаа дутагдсаныг нөхөж дутууг сэлбэн нийлүүлэх төлөөний түшмэл томилж байжээ. Өртөө харуулыг тэгшитгэх нэгэн удаагийн ээлжит түшмэлээр Говь Түшээ гүн ноёныг томилжээ. Гэтэл Говь Түшээ гүн ноён нас өндөр өвгөн буурай болсон явж чадахгүй гэж учрыг айлтгаж, өөрийнхөө оронд залуу хүү Шагдаржавыг явуулахаар шийджээ. Шагдаржав 20 гаруй тооны хиа, түшмэдийг дагуулсаар гарч морин өртөөгөөр довтолж одоогийн Баянхонгор, Өвөрхангай аймгийн нутаг чигт явж байх үед нь замын хажууд аргагүй ядуу бололтой нэг гэр харагдаж гэнэ.

Энэ айлаас нэгэн хүн гарч тэдэнд зориулсандаа биш, Монголчууд нар сар харж цацал идээгээ цацдаг заншлаар ямар нэгэн цай идээний цацал цацаж байхыг хараад, үүнд Монгол хүн их бэлгэшээмтгий учраас алс хол аян замд явж байхад ариун цагаан сүү идээний дээж урдаас минь өргөж байна гэж бэлгэшээж, айлын ядуу татуу байдал нь хамаатай юу, энэ айлд бууж болсон идээнээс нь амсаад мордъё гэж цөмөөр ярилцаж тэр айлд ирэхэд хэдхэн хонь ямаатай, гэр орон нь ч ядуу дорой ийм айл байжээ.

Энэ айлд өвгөн эмгэн хоёр, бас тэндээс төрж гарсан ч юм уу, өргөмөл ч юм уу, ач үр нь ч юм уу нэгэн охин байжээ. Түүний нас барагцаалахад арван зургаа, арван долоо хүрч байгаа болов уу гэмээр халх Монголын хөдөөх охидын сайн сайхан өнгө шинж бүрийг шингээж төрсөн охин байжээ. Хэдийгээр өмссөн хувцас нь өнгө үзэмжгүй гуйланчин ядуу гэвч үзэсгэлэн гуа нь түүнд дарагдахгүй тийм сайхан охин гэнэ. Өрөөсөн нүд нь доошоо ялимгүй хялар юм байжээ. Эднийд бууж цай идээний дээж амссан ноён Шагдаржав энэ охины сайн сайхан өнгөнд татагдаж гуйланчин ядуу гэж голохгүйгээр сэтгэл нь түүний тийш гүйж урсжээ. Би энэ хүүхэнд сэтгэлтэй дуртай байна ч гэж хэлсэнгүй, ганцхан дагуул хиа түшмэддээ би алс холын морин өртөөний замд учиргүй их алжааж ядарч байна. Өнөөдөр эндээ амраасай гэж бодож байна гэж хэлжээ. Бусад нь ч гэсэн ноёныхоо амыг дагаж:

— Бид ч гэсэн ядарч явна, ноёнтон минь! амарвал сайхан л байна гэлцэж тэр айлд хоногложээ. Энд амарч хонохдоо Шагдаржав хүү тэр охинтой танилцжээ. Маргааш нь болж Шагдаржавын хоргодсон сэтгэл хэвээрээ тул, — Бие минь ердөө базааж өгөхгүй байна. Өнөөдөр өнжөөсэй гэж би бодож байна.

— Бид ч гэсэн бас л олхиотой биш байна гэж өнжихөд хэн ч татгалзсангүй цөмөөр өнжицгөөжээ. Энэ хоёр хоногийн дотор тэр охинтой Шагдаржав улам дотно сайхнаар танилцжээ. Хоёр хоносны дараагаар баруун тийшээ явж Ховд Улиастайн 13 гэсэн хол баруун хязгаарын өртөөний Элст мянган, Муу мянган, Балдан засгийн хошуу гэсэн одоогийн Баянхонгор, Говь˗Алтай аймгийн заагийн хил хязгаар хүртэл явж сар гаруй болсон хойноо эргэж буух замдаа нөгөө айлдаа ирж хэзээний танил хүний ёсоор тэр охинтойгоо уулзаж улмаар ханилж амьдрахыг боджээ.

Гэвч үүнийгээ хэнд ч хэлсэнгүй баяд ноёдоос хонь мал худалдаж аваад архи айраг бэлтгэж найрласаар сар гаруй хугацаа өнгөрөхөд дагуул ноёд түшмэд цөмөөр дургүйцэвч ил өнгөндөө хэлж чадахгүй халх төлөөлсөн их ноён өртөө харуулуудыг тэгшитгэх их сайд, тэрчлэн Халхын гол их ноён хүний ганц хүү гэхэд очиж очиж баруун аймгийн гуйлгачны нэг муу хялар хүүхнийхээс гарахгүй, энэ муу одоо яваасай, хариасай, бушуухан нутаг орондоо буцах юм сан гэж далдуур муулан «Бага ноён баруун хязгаарт ирээд гуйлгачны хялар хүүхэнтэй нөхцөөд гарч салж өгөхгүй байна. Бид сар гаруй саатан хүлээлээ, одоо яах билээ?» гэж эцэг ноёнд нь захиа бичжээ. Энэ захиа өртөө харуулаар дамжсаар ирснийг Түшээ гүн ноён хүлээж авсан хойноо ˗ Хэ юу гэсэн үг вэ? Алс хол албанд явсан хүн гэхэд авгай хүүхэд эргүүлээд сууж байдаг чинь ёстой миний нэр алдрыг гутаасан муу муухай хэрэг байна. Намайг дуудаж байна гэж хэл! гэж яаралтай элч буухиа довтолгожээ. Элч буухиагаар ирсэн эцгийн захидлыг хүү хүлээж аваад нутаг орондоо ирэхдээ нөгөө хүүхнийг эхнэр болгохоор авчирчээ. Ингээд нутгийн хүмүүс манай Шагдаржав хүү идэр залуу, цогтой төрсөн сайхан хүү сэн. Энэ охин ч гэсэн хэдий ядуу гэрт төрлөө ч гэсэн халх Монгол охидын сайн сайхан өнгө бүрийг булааж төрсөн охин байна. Ёстой л халх Монгол хүний эр эм хоёрын сайн сайхныг энэ хоёр хосолж чадаж гэж шагшин магтаж байжээ. Гэтэл охины ядуу татуу гаралтай алс баруун хязгаарт нутагтайд нь дургүйцсэн Түшээ гүн ноён,

— Хэ, үхсэн хойно оо, миний хүү Халхын гол хошууны ноёдын нэгний хүү мөн. Ийм учраас баян ноён, тайж тавнан хүний үр хүүхэд миний хүүд эхнэр болох ёстой. Гэтэл очиж очиж баруун аймгийн гуйлгачны нэг муу хялар хүүхэн дагуулж ирнэ гэнэ ээ. Сайн ч эр бол, муу ч эр бол, ер нь дураараа гэрлэх явдал олигтой л биш байдаг. Юутай ч гэсэн багш ламаас лавлаж асуух нь мөн гэж хиа нараа дагуулан мордож баруун хойш явсаар байгаад одоогийн Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын захиргаа байгаа Эрдэнэдалайн хийд дээр шавилан сууж байсан шүтлэгийн лам болох Ширээт лам Шар Човонбо гэдэг лам дээр ирж,

— За их багш минь, хүү баруун аймагт яваад баруун хязгаарын гуйлгачны нэг муу хялар хүүхэн дагуулж иржээ. Тал нуруу нь таарч тохирох эсэхийг үзэж хайрла гэж гуйхад нь: Шар Човонбо мэргэн төлгөө ч үзсэнгүй, мэх залиа ч хэрэглэсэнгүй. Түшээ гүн ноёны үгэн дотор баруун аймгийн гуйлгачны хялар хүүхэн гэж дургүйцсэн байдал илрэхийг ажиглаж авахын хамт зээ охиноо Шагдаржавт хатан болгож өгнө гэж ноёныхтой ураг холбохоор бодож байсан нь санаанд орж,

— Тэгж таарна аа тэр. Чиний хүү тэгж муу ёр удах гээд байсан юм. Ойрдоо долоон орой нар шингэх зүгээс шуламсын шар туяа татсан юм. Би ямар муу муухай, цөвийн цагийн муу ёр гэгч болох нь вэ? гэж гайхаж байсан юм. Чиний хүү л ийм шуламстай ханилж ирэх гэж байж дээ. Цаадах чинь хүнтэй биш, шуламстай ханилж ирж гэж хэлэхэд нь шашны мухар сүсэгт биширсэн өвгөн ноён:

— Ээ багш лам минь тэгвэл одоо яах билээ гэхэд нь Шар Човонбо,

— Яах юу байх вэ дээ! Салгаж хөөж тууж явуулах л хэрэгтэй. Тэгэхгүй бол цөвийн цагийн муу ёр бүхэн дэгдэнэ, үхэл тахал дэлгэрнэ гэж айлджээ. Тэндээс өвгөн ноён буцаж ирээд эхнэртэйгээ энэ хэргийг зөвлөж,

— За хө, хүүгийн ханилж дагуулж ирсэн энэ хүүхэн чинь хүн биш шуламс юм гэнэ. Багш лам тэгж айлдаж байна. Шуламсаар барахгүй ойрын долоон орой нар шингэх зүгээс шуламсын шар туяа татсан гэнэ. Цөвийн цагийн муухай бүхнийг ёрлосон ийм муухай шуламсын туяа гэнэ. Хөөж тууж явуулахгүй бол хотол хошуунд гай гарз дэлгэрэн амьтан хүн үй олноороо сүйрч үхнэ гэж багш ламтан айлдаж байна гээд хүүгээ дуудуулан авчирч,

— Ай хүү минь! Чиний энэ хүүхэн чинь хүн биш шуламс гэж багш лам айлдаж байна. Даанч их өнгө үзэсгэлэн туяатай байсан нь шуламсын туяа гэнэ. Хэрэв чи үүнтэй ханилах юм бол өөрийн чинь амь нас, албат иргэдэд чинь муу гэнэ. Бушуухан хөөж тууж явуул! Хүү минь чамд эхнэр хаа мундах вэ? гэж эцэг эх хоёр нь ятгажээ. Шагдаржав хүү эцгийн хэлсэн энэ үгийг сонсоод,

— Та нар юун дэмий юм донгосож байна вэ? Би нэртэй хүний зүстэй охиныг тэр газраас энэ газар хань нөхрөө хийнэ гэж авчраад ямар нэгэн хүний дэмий хэлсэн зоргоор шуламс чөтгөр гэж хөөж тууж явуулна гэсэн чинь юу гэсэн үг вэ? Буг шуламс ч байлаа гэсэн та нартай ханилсан биш надтай ханилсан болохоор та нарт юун хамаатай вэ? Хэрэв энэ хүүхэн буг шуламс байдаг бол миний эжийгээс эхлээд бүгдээрээ буг шуламс байдаг байж таарах байх даа. Би ханилсан хайрласан нөхрөө хөөж тууж тэгж гомдоож чадахгүй гэж хэлэхэд нь эцэг эх хоёр нь юу ч хэлж чадсангүй хоцорч гэнэ. Үүнээс хойш удсангүй эцэг ноён нь Шагдаржавтаа тамга хэргэмээ шилжүүлэх болжээ. Тамганы найр буюу ширээ шилжүүлэх найр дээр Шагдаржав хүү эцгийн оронд ноён ширээнд суухад түүний баруун хязгаараас дагуулж ирсэн хүүхэн хатан ширээнд суужээ. Найрт ирсэн олон ард тэр хүүхний сайн сайхныг магтсанаар барахгүй ядуу гэрт төрсөн даруу зөөлөн ааш зантай учир олон түмний хүсэл хайрыг булааж байжээ. Түшээ гүн ноён тэргүүтэй ядуу хоосон хүнд дургүй хэсэг нь түүнийг «хялар хатан», «долир хатан» гэж муулж шоолж байжээ. Ингээд удалгүй хүүхэн бие жирэмсэн болоход Түшээ гүн ноён дахин шар Човонбынд очиж

— За багш минь, Шагдаржав хүү салдаггүйгээр барахгүй шуламсын хүүхний нь гэдэс гүзээнд ямар нэг юм орлоо. Одоо ер нь яах билээ? гэж асуужээ. Гэтэл Шар Човонбо өөрийн зээ охинтой Шагдаржав хүүг суулгаж чадахгүй нь гэж бодсондоо учиргүй уурлаж:

— Чи юу гэж дэмий юм донгосож ирж байна вэ? Тэрний гэдсэнд юм хуралддаг чинь буг хуралдаж байх ёстой. Хүн дүрстэй хүүхэд гэж гарвал хүрэл соёотой хүүхэд гарч ертөнцийг хадрах болно. Гэртээ ийм хүмүүсийг орогнуулж байж надад юу гэж ирнэ вэ. Чи миний үгэнд орохгүйгээс хойш надтай багш шавийн барилдлагатайгаа тасалбал таарна. Эсхүл түүнийг хөөж тууж явуулбал таарна гэж Түшээ гүн ноёныг загнаж зандарчээ. Өвгөн Түшээ гүн ноён, хүү эхнэрээсээ салахгүй, очиход багш лам түүнийг таалж угтаж авахгүй дээрээс арга цөхрөхийн эрхэнд өөр нэгэн салгах арга шалтаг олжээ.

Үүнд тэр үед Манжийн хааны дэргэд Монгол ноёд гурван жилийн хугацаагаар ээлжлэн суудаг албатай байсан учир Түшээ гүн ноён миний хүүг тэнд суулгаж өг гэж эрх баригчдад гуйж байгаад Шагдаржав хүүг Бээжин хот руу хөөлгөөд хүүхнийг нь үлдээжээ. Шагдаржав хүүг явснаас хойш өвгөн Түшээ гүн ноён,

— За Шагдаржав хүү Бээжингээс эхнэр авна гэсэн. Намайг дөнгөж мордоод шил цаашаа эргэхтэй зэрэг чамайг хөөж тууж явуул гэж бидэнд захисан даа. Одоо чи манайхаас зайл гэж хүүхнийг хөөж эхэлжээ. Гэтэл Шагдаржав хүү явахынхаа өмнө эхнэртээ:

— Миний эцэг эх хоёр чамайг элдвээр зовоож, тарчилгаж мэднэ. Чи юутай ч намайгаа хүлээгээрэй. Би чамайг бололцоотой байвал тэндээ гурван жил болно. Болохгүйд хүрвэл хугацаанаасаа наана чамдаа эргэж ирэхийг бодно гэж захиж явсан байв. Эцэг эхийн хөөж туусан үг Шагдаржавын үгнээс зөрөөтэй байгаа учир хүүхэн үнэмшсэнгүй. Миний нөхрийн хэлсэн үнэн үг байж. Эд нарын хавчиж хяхаж байгаагийн эх нь энэ гэж бодоод юутай ч бол хатуужиж тэвчиж, эдний хаяаг сахиж нөхрөө хүлээнэ гэж шийджээ. Нөхрөө явснаас хойш хүүхэн хадам ноёны аль муу муухай хар бор ажлыг хийж өдөр бүр хол бэлчээрээс аргал түлээ түүх, мал хариулах зэрэг ажилд яваад өгөхөд нь өөрсдөө хоол ундаа хийж идээд түүнд аяга ус өгөхгүй ангааж цангааж, дааруулж хөргөж хүйтэн салхи, ширүүн бороонд үүд хаалгаа тайлж өгөхгүй хот хооронд хонуулж ийнхүү зовоож байж өөрсдөөсөө зайлуулах гэж бодож байжээ. Гэтэл Түшээ гүн ноён дахиад шар Човонбод арга тал засаж,

— Жаа багш лам минь! Би таны зарлиг ёсоор Шагдаржав хүүг Бээжин хотод хөөж шуламсаас нь салгасан боловч өнөө хүүхэн нь хэчнээн хөөж туувч манайхаас зайлж тонилдоггүй, одоо яах билээ гэж очиход: Шагдаржавыг салгаж өөрийн зээ охинтой суулгах бололцоо гарлаа гэж баярласан шар Човонбо

— Тийм л муухай шуламс танайд шүглэсэн байгаа юм даа. За тэгээд хөөлгөж туулгаж тамлаж тарчилгаад явахгүй байгаа бол ер нь тэр хүн чинь хүн биш шуламсын туяа юм болохоор нэг наалдсандаа туяа нь шингэнэ гэсэн бурхны номтой юм. Тэгэхлээр түүнийг чинь жинсрэг цутгаж л дарж тонилгож сайн төрөл олгохоос өөр арга байхгүй дээ гэж хэлэхэд нь Түшээ гүн ноён,

— Жа багш лам минь авралдаа багтааж түүнийг жинсрэг цутгаж манайхаас тонилгож хайрла гэж даатгав (Жинсрэг цутгана гэдэг нь амьдаар нь шатааж алахын нэр). Ноёны гуйлтыг лам хүлээж аваад:

— За яая гэх вэ би буянт хүнийг шатааж байгаа биш бурхан шашны дайсан буг шуламс дарахад болох л юм гээд өдөр сар болзоод, өвгөн ноёныг буцаажээ. Өвгөн ноён гэртээ ирээд жинсрэг цутгахад орох юмыг далдуур бэлтгэж энэ тухай гагцхүү хатандаа нууцлан хэлсэн боловч түүнээс дамжин дамжсаар нийт олны дотор таржээ. Энэ үед хүүхэн юу ч мэдэхгүйгээр тэдний л зарц боол болж байсан ажээ. Шулуун цагаан сэтгэлтэй нутгийн нэг хүн хүүхнийг гэртээ аваачиж цай хоол өгсний дараа:

— За хүү минь, миний үр хүүхэд ч ялгаагүй, чи ч ялгаагүй чамайг харахад хүний сайхан бүсгүй үр боловч, чиний алс хол нутагтай, ядуу татуу гаралтайд чинь дургүйцэж өвгөн Түшээ гүн ноён шар Човонбо хоёр нийлж нөхөр ханийг чинь алс Бээжинд хөөж явуулаад чамайг галдан шатааж алах гэж байна. Үүнийгээ эд буг шуламс сэрээ дарах гэж дэмий ярьж байна. Хэн ч гэсэн шатаж үхье гэх амьтан ертөнцөд байх уу даа. Чи эртхэн аргаа бодож амиа хичээ! Нутаг орондоо буцдаг юм уу, нөхөр ханиа барааддаг юм уу, бушуу түргэн хөдөл, хожимдвол гэмшивч барахгүй гаслан зовлонд учрах гэж байна шүү хүү минь гэхэд хүүхэн

— Би яах билээ? Хаашаа ч явах билээ гэж бархирахаас өөр юу ч хэлж, хийж чадахгүй байв. Нөхөр хань гэвэл алс Бээжинд, нутаг орон гэвэл хол баруун хязгаарт яах ч аргагүй нэгэн хүүхэн амьтан хүнийг царайчлан харж байжээ. Гэтэл анх Шагдаржавтай баруун хязгаарт явалцаж энэ хүүхнийг авчралцсан Түшээ гүн ноёны нэг өвгөн туслагч байдаг байжээ. Туслагчийн эхнэр нь нэг өдөр нөхрийгөө ятгаж,

— Чи чинь одоо баруун хязгаар луу явж энэ хүүхнийг авчралцсан шүү дээ! Тийм тийм ядуу татуу айл байсан гэж ярьсан биз дээ. Гэтэл одоо яагаад буг шуламс болчих нь энэ вэ? Яагаад бурхан шашны хилэнд хүрч энэ хүүхнээр сэрээ дарах болов оо? Үхлээс үлдсэн чи бид хоёрын ганц, энэнээс ялгаа юу байх вэ? Үрт хүн үрээ гэснийг чи бодож үзээч. Бидний охин ч гэсэн биднээс хойш яаж явахыг хэн мэдэх вэ дээ. Ингэхлээр Шагдаржав хүүд хүүхний нь нэрээр захиа занаа явуулах арга байдаггүй юм уу? Тэр нь амар мэнд байгаад, энэнийхээ амьд мэндэд нь ирвэл амийг нь аварч болох сон байх гэж ятгажээ. Өрөвч сэтгэлтэйдээ ч юм уу, үртэйгээ зүйрлэсэндээ ч юм уу өвгөн туслагч хүүхний нэрээр захиа бичиж зам явсан буухианд өгөхөөр бичгийн үгийг «Аав чинь намайг энэрэлгүй лам шар Човонботой нийлж хэзээ хэзээгүй шатааж алах гэж байна. Аюулт энэ аллагаас аврах эсэхийг ганц хайрт чи минь мэд. Бушуу түргэн ирж миний амийг авраач» гэж бичээд замын элчид өгч явуулжээ.

Хүүхнийг шатааж алах сар өдөр улам бүр ойртож байлаа. Үүний зэрэгцээгээр шар Човонбо цагаан гүүний сүү ууж бам чийгийн гэмээ арилгана гэх нэрийдлээр Түшээ гүн ноёныд ирж тэр муу хүүхнийг шатааж галдаж алахаар бүх ажлыг төхөөрч байв. Энэ үеэр төвөдийн хэсэг худалдаачид хот хүрээ орж наймаа хийх замдаа Эрдэнэдалай хийдэд ирж хоноглож байхад нөгөө хүүхэн очиж гэнэ. Тэдний дотор урьд Монгол газар явж байсан нэгэн залуу төвд явжээ. Түүнд хүүхэн учраа хэлэхэд,

— Төвөд Монгол ч гэсэн хүний үр ялгаа юу байх вэ? Манай Төвөд газар бурхан шашин хамгийн их дэлгэрсэн, буг шуламс сэрээ дарах ёс гэж буй. Гэхдээ энэ чинь амьд хүн байна шүү дээ. Тулгар биетэй хөөрхий бүсгүйг харсаар байгаад яаж шатаалгачхав. Таньж мэдэхгүй өөр нэгэн газар төөрүүлж өгье гэж цаад нөхөдтэйгөө ярилцан хэлмэрч төвөдийн хамт тэр шөнөдөө оргуулахаар шийдээд хос морьтойгоор оргож Хүрээний зүг гарчээ. Тэнд үлдсэн бусад төвөд худалдаачид хүнд сэжиг авхуулахгүйн тулд Эрдэнэдалайн хийдэд 2—3 хоног байж байгаад тохь тухтай хөдөлжээ. Хялар хатныг хардаж сэрдэж байсан Түшээ гүн ноёных хүүхнийг алга болсныг мэдмэгц Төвөдүүдийг сэжиглэж хойноос нь цэрэг цагдаа илгээсэнд хэл ам мэдэхгүй хэдэн төвөд юун хүүхэн, яасан хүүхэн мэдэхгүй гэж шулганалдаж байжээ.

Гэвч хэлмэрч төвөд байхгүй болохоор нь түүнтэй хамт хүрээ хот руу оргуулж гэж таажээ. Тэгээд шар Човонбо төвөд үсгээр, Түшээ гүн Монгол үсгээр «Гэдсэндээ хүрэл соёотой биелсэн буг тээсэн муу цагийн түмэн ёр шүглэсэн шуламс Хүрээ оржээ. Түүнд үзэгдсэн харагдсан хүн бүр үхэл тахалтай учирна, түүнийг оргуулсан этгээдтэй нь хамт барьж нааш нь хүргүүл» гэсэн бичигтэйгээр бяр чадал ихтэй бөх Лувсандамба гэдэг хүнийг элч болгон тавьжээ.

Тэр бөх Лувсандамба бол жигтэйхэн хатуу сэтгэлтэй, энэрэнгүй санаа байхгүй ийм хүн байжээ. Энэ хоёр хүн бичгийн хамтаар хот хүрээ орж ирж тэр үеийн манжийн Жанжин Яам гэсэн газар буужээ. Энэ үед хүүхэн хотод ирж Төвөдүүдийн буусан газар бүгж хоноглож байжээ. Бөх Лувсандамбын тараасан цуурхал бичгийн хар гайгаар хүрээ хотын сүсэгтэн хүн ард уг бичгийн учрыг сонсож дуулмагцаа үнэхээр дайралдсан хүнд үхэл зовлон гай гамшиг дайралдуузай гэж айж болгоомжлон хаалга хашаагаа түгжиж байжээ. Нэгэн орой төвөдүүд нь хоорондоо ихээхэн яриа шуугиан болж байсан боловч хэл мэдэхгүй хүүхэн дэмий ангайн гөлөрч суужээ. Гэтэл тэд дундаасаа мөнгө татаж эхэлсэн байх юм. Маргааш нь морин зах гэсэн худалдааны газар очиж нөгөө цуглуулсан мөнгөөрөө их номхон, ив ижилхэн хоёр жороо хар морь худалдаж аваад эмээл хазаар төхөөрч бэлдээд хүүхэнд хэлжээ.

За чиний хойноос бөх Лувсандамба гэдэг хүнийг ийм ийм учиртай илгээж чамайг баривчлахаар эрэл хайгуул болж байна. Чи одоо энэ хот хүрээнд нэг ч хонохын аргагүй боллоо. Одоо яв. Бид чамайг харж байж яаж хүний гарт өгчхөв. Бид дундаасаа өчүүхэн мөнгө гаргаж чамд унаа морь, эмээл, хазаар бэлтгэв. Чи нутаг орноо бараадна уу. Нөхөр ханиа хайна уу, өөрөө мэд гэжээ. Тэдний тус болсонд баярласан хүүхэн:

— Аа би явна. Та бүгдийгээ ч хөөдөхгүй, өөрөө ч баригдахгүйг хичээнэ гээд тэр шөнөдөө оргож нутаг орноо тэмцэж баруун тийш гарсангүй, хүрээнээс зүүн тийш Баян давааг чиглэн гарчээ. Ийнхүү зүглэсэн нь Бээжинд байсан нөхөр ханиа бараадсан хэрэг биз ээ. Ингэж уул хад, уудам хөндий сүлжиж, оргож бүгж явсаар одоогийн Дорноговь, Сүхбаатар аймгийн нутгийн зааг орчмоор Монголын хил дээр очжээ. Тэгтэл гэдэс дэх хүүхэд гарахаар өвдөж эхэлжээ. Хүүхэн хүүхдээ хээр хөдөө гаргачихгүйн тулд айл амьтан эрж давхисаар нэгэн айл олж очсонд үр хүүхдийн хүсэл мөрөөдөл болсон сайхан сэтгэлтэй өвгөн эмгэн хоёр байжээ. Тэд өөрийн төрсөн охиноо амаржуулах гэж байгаагийн адил хайр сэтгэл тавьж амаржуулахад хүүхнээс хоёр хүүхэд гарчээ. Эмгэн өвгөн хоёр үр хүүхэд заяахдаа нэгээр биш нэг хэсгээр ирдэг юм байна шүү гэж баярлацгаажээ. Хүүхнийг тэтгэж тэнхрүүлж долоо хоног өнгөрөх завсар нэг ч хүн тэднийхээр үзэгдсэнгүй. Өвгөн хоёр хүүхдэдээ нэр гуйхаар ойрын нэг хийд рүү яваад орой болсон хойно ихэд сандран хүрч иржээ. За юу болов? яав ийв? гэтэл хүүхний хойноос бөх Лувсандамбатай явуулсан цуурхалт бичиг Богд эзний Лүндэнтэй хавсраад, тэр хүүхнийг үзэгдсэн харагдсан газраас нь барьж хүргүүл гэсэн бичиг тэр өдөр мөн хийдэд очиж тарж байхыг өвгөн сонссон хэрэг байжээ. Тэгээд өвгөн,

— За хүү минь чамайг харахад чи чинь хүний сайхан бүсгүй үр боловч буг чөтгөр юм гэнэ. Чиний хойноос ингэж, ингэж барь, ал гэсэн бичиг өнөөдөр хийд дээр ирээд тарж байхад нь би мэдлээ. Надаас муухай сэтгэлтэй эр бол чамайг манайд байна гэж хэлээд л бариулах байсан, чи надад гэм хор хийсэн биш. Би чамайг тэгж хөөдөөд яах вэ. Чи одоохон энэ хүүхдээ аваад манайхаас зайл! Өөрийгөө ч, намайг ч битгий хөөд гэж учирлан хэлжээ. Хариуд нь хүүхэн:

— Аа би бол буг чөтгөр гэгч биш, ийм ийм алс хол нутагтай, ядуу татуу гаралтайд минь дургүйцэж өвгөн Түшээ гүн ноён, шар Човонботой нийлж намайг ингэж зовоосноор барахгүй нөхөр ханийг минь алс холын Бээжинд хөөсөн. Би шатааж алагдахаас зайлж нөхрийнхөө хойноос нь ингэж яваа хүн гэдгээ хэлжээ.

— Ээ хүү минь яая гэх вэ. Хэрэг нэгэнт буруудаж ирэхэд хэчнээн зөв байвч цөм буруу болно гэсэн эртний үгээр нэгэнт буруутсан тул чи яах аргагүй. Хүү минь яв гэж тэр өвгөн шөнөжин давхиж адуу малаа олж хоёр хар морийг нь барьж эмээллэж өгчээ. Тэгэхлээр хүүхэн хэлжээ:

— Та хоёр бол миний үхэх төрөх хоёрын нэгэнтэй уулзсан, эцэг эх хоёртой минь ялгаагүй ачлалтай хүмүүс тул та нарыг би зовоохгүй. Гомдоохгүй одоо явлаа. Харин явахдаа би энэ муу хоёр хүүхдийг хоёулыг та хоёр дээр орхивол зохих боловч улаан нялцгай хоёр хүүхдийг битгий хэл өөрийгөө яая гэж байгаа амьтан, гэвч хөх минь эрхээж саамшиж намайг зовоох болов уу гэж айж байна. Нэгийг нь та хоёр дээр орхиё. Би нөгөөг нь авч явъя. Энэ бол аргагүй мах цусанд төрсөн хүний үр шүү дээ! Та нар битгий сэжиглэж айгаарай. Хүн болбол тэр биз, болохгүй бол тэр биз. Би яаж хоёрын хоёр хүүхэдтэй, нялх биетэй ингэж явах вэ дээ гэж гуйжээ. Энэ гуйлтыг өвгөн эмгэн хоёр өрөвдсөндөө хүлээн авч нэг хүүг нь үрчлэн авсан байна. Нөгөө нэгд нь морин дээр авч явахад тохиромжтой хүзүүвч өлгий төхөөрч өгчээ. Хүүхэн нэг хүүгээ аваад тэр шөнөдөө гарчээ. Хүүхэн тэндээс баруун хойш эргэжээ.

Үүний хойноос дагалдаж яваа эрлийн цуурхал олон болж хялар хатан, хялар шуламс тэнд тэгж ингэж явна гэнэ гэж олон болж өссөн явдал нэг талдаа өөрийн нь нуугдаж оргох зайлах явдалд тус болж байсан боловч хойноос нь мөрдөх явдал аюултай л байлаа. Хүүхний явсан замын тухай домог Өмнөговь аймгийн нутагт ирж хоёр салдаг нэг салаа нь хойшоо эргэж хот руу чиглэдэг. Нөгөө салаа нь баруун хойшоогоо эргэж Эрдэнэ зуу ордог. Аль нь үнэн болохыг мэдэх аргагүй боловч зүүн хойшоо эргэсэн замаар нь явъя. Хүүхэн өнжиж хонох газраа хонож бүгж бүлтгэнэсээр хот хүрээ оржээ. Да хүрээнд ирээд өдөр нь ууланд бүгж байгаад шөнө нь төвөдүүд дээр иржээ. Хүүхнийг авч оргосон итгэлтэй сайн нөхөр нь тэнд харагдсангүй. Харин хүүхнийг оргосны дараа бөх Лувсандамба гэгч очиж тэднийг хардаж сэрдсээр Монгол хэл, зан заншил мэдэх хэлмэрч төвөдийг Жанжин Яам гэсэн Манжийн амбасын яаман дээр аваачиж тархи толгойгүй нүдэж балбасаар шархны халуун болгож үхүүлжээ. Төвөдүүд хүүхнийг амьд мэнд яваад баярласан боловч,

— Чи энд нэг ч хонох аргагүй, чиний мөрөөр биднийг өдөр шөнөгүй тагнаж туршсаар байна. Одоо яв гэж хэлжээ. Хүүхэн ч баригдахаас айн тэр үеийн Туулын гүний нутаг, одоогийн Төв аймгийн Лүн сумын нутаг дайрч Хадаасан, Чин толгой, Хун тайжийн балгас, Шар шал, Баян нуур чиглэлээр гарч баруун тийш асар холдоогүй явж байгаад нэгэн өглөө хойноосоо урагшаа явж байгаа хэсэг аянчидтай дайралджээ. Энэ хэсэг аянчид танихаар барахгүй, Түшээ гүн ноёны албат иргэд хойшоо жин тээгээд буцаж явсан байх юм. Эд жинд явахынхаа өмнө тэр хүүхнийг хялар шуламс буг чөтгөр болоод оргож босож алга болсон, харагдсан хавьтсан хүнд их гай барцад болно гэсэн шар Човонбо ламын тараасан цуурхлыг итгэсэн үнэмшсэн байжээ. Эд нар харахтайгаа зэрэг хатныг хүндэтгэсэндээ биш ганцхан аюултай буг шуламстай дайралдлаа гэж айсандаа жингийн даамлаас эхлээд цөмөөрөө тэмээ малаасаа бууж.

— Ай ачит хатан минь муусайн боолчуудаа өршөө! Авар! Чиний муусайн боолчууд байна гээд л мөргөж бархирахад хүүхэн тэд нартай тулгарч уулзалгүй жишүүхэн зэрэгцэж ирээд,

— Өвгөн ах минь ээ! Өнөр олон нөхөд минь ээ! Надаас битгий ай. Би та нартай уулзах завгүй, мөрөөрөө яаруу явж байна гэж хэлээд хажуугаар нь зөрж гарчээ. Энэ явсан аянчид нутаг орондоо ирэхэд хүүхнийг буг шулам гэсэн цуурхал хэвээр байсанд хамт явсан хүмүүсийн дотроос ам задгайтай нэг нь бид нартай хэдхэн хоногийн өмнө тэнд тэгж тэгж уулзсан. Биднийг харахад л хоёр жороо хар морь шиг л байсан, хоёр жороо хар нохой юм уу, морь юм уу, бүү мэд. Хүүхэд ч юм уу юу юм, хүзүүндээ нэг юм зүүсэн ингэж ингэж явсан гэдгийг хэлжээ. Тэгэхтэй зэрэг шар Човонбо шавь нараасаа, Түшээ гүн ноён хиа нараасаа итгэлтэй элч нарыг хойноос нь өртөөчлөн довтолгосон байжээ. Хүүхэн түүнийг мэдэхгүйгээр амрах газраа амраад л явж байжээ. Эрүүлчид хойноос нь мөрдөж мөшгөсөөр нэг өглөө нутгийн нэг ардаас асуухад:

— Өчигдөр орой наран шингэхийн үед энэ уулын бэлээс хоёр жороо хар морьтой, ногоон торгон дээлтэй хүүхэн орж ирж энэ голоос морио услаад ус аваад гарч байгаа харагдсан гэжээ. Тэр заасан уулыг нь тэр шөнө бүсэлтэл хүүхэн тэндээс оргож чадаагүй байжээ. Маргааш өдөр нь чоно нохой үргээж байгаа юм шиг л гүүг гааг болоод хашхирч тал талаас нь хашиж эхлэхэд хүүхэн хаашаа ч гарах газар байхгүй хярсан туулай шиг бүлтэлзэж байжээ. Наана чинь! Цаана чинь! Гарлаа! Зугтаалаа! гэж хашхирч шахсаар уулын хяр дээр тэр хүүхнийг барьж авчээ. Хүүхэн анх үзэгдэхдээ хүзүүндээ өлгийтэй хүүхэдтэй харагдаж байсан. Баригдахдаа хүүхэдгүйгээр баригджээ. Айж сандрахдаа мод хаданд хүүхдээ орхисон юм уу, юу ч гэсэн хүүхэдгүй баригджээ. Барьж авсан хойноо тэр хүмүүс:

— За хө бурхан шашны дайсан буг чөтгөр барилаа. Ертөнцийг харвал алга болчихдог юм гэнэ лээ гээд хоёр нүдийг нь тас аниулж боогоод хоёр гарыг нь ард нь хүлээд зайдан тэмээн дээр буруу харуулж мордуулаад хоёр хөлийг нь хэрсэндэж доогуур нь холбоод л шар Човонбо хаана байна гээд л шогшуулжээ. Ингэж амьдаар нь там тарчланг нь үзсээр явж одоогийн Эрдэнэ далайн хийд дээр шар Човонбо дээр авчирчээ.

— За багш минь өнөөх гүйцэгддэггүй баригддаггүй шуламс хүүхнийг чинь авчрах нь энэ гэж барихад,

— Аа тийм үү гээд хорихын хажуугаар тэр энэрэлгүй, этгээд хүүхнийг алахыг арай зүрхэлж чадаагүй ч юм уу юу ч гэсэн өөрөөсөө зайлуулж:

— За хө буг шуламс, сэрээ, жинсрэг цутгахдаа Өмнөговийн баруун Чойрын өвгөн хамба лам гэдэг их нэртэй жинсрэгчин буй. Намайг үүнийг дарж аль гэж гуйж байна гэж хэл гэж 50 лан мөнгөтэй тийшээ явуулсанд өвгөн хамба лам:

— Хэ бурхан шашны номд буг шуламс сэрээ дарах ёс гэж буй. Гэтэл энэ чинь амьд хүн байна шүү дээ. Амьд хүнийг буг шуламс гэж таньсан шар Човонбо өөрөө шатааж алдаг юм байгаа биз. Би тэгж нүгэл хийж чадахгүй. Буцааж аваачиж өг, мөнгийг нь ч би авахгүй. Жинсрэг цутгаж чадахгүй гэж буцаажээ. Тэгээд буцаагаад ирэхэд нь шар Човонбо тэр хүүхнийг өөрөө жинсрэг цутгаж дарахаар,

— Арван алд нүх ух гэж тушаажээ. Дээд ам нь бага дөрвөн ханатай гэрийн буурины чинээтэй. Доошоо нарийссан тийм нүх ухуулаад хуурай модыг цуу татаж ёроолоос нь эхлээд сараалжилж өрөөд шар тос дээгүүр нь хайлж асгасаар байгаад нүхний амтай чацууртал шар тостой модоор дүүргэжээ. Ингээд жинхэнэ жинсрэг цутгаж сэрээ дарах өдөр болоход, нэг хэсэг нь хүүхнийг өрөвдсөндөө, нэг хэсэг нь харамссандаа, нэг хэсэг нь айж сүрдэж мунхарсандаа хэдэн мянган хүн цугласан байх юм. Энэ олон хүнийг шар Човонбо тэргүүтэй лам нар буг шуламсын бузар хорлол болно, хол зогс! гэж холдуулж байжээ. Дараа нь тэр хүүхнийг жинхэнэ шатааж галдаж алах цаг болохоор хоёр шургааг модны голд сорын таваг гэсэн цар дээр хүүхнийг эхээс гарсан нүцгэн дүрээр нь хүлээд, өтгөн урт гэзгийг нь сэгсийлгэж, сагсайлгаж, олонд улам итгүүлэх гэсэн сүр үзүүлсэн байдал гарган уйлуулж бархируулсаар хоёр гуалин модны дөрвөн үзүүрээс нь дөрвөн лам дамнасаар хойноос нь сэрээ ёдроо далласаар шар Човонбо тэргүүтэй лам нар бүрээ бишгүүрээ гингэнүүлсээр галдаж алах нүхний аман дээр ирсэн байх юм аа. Хүүхнийг ингэж тарчилгаж нүхний ам дээр авчирсны дараа шар Човонбо,

— Би 60 настай хүн, уг нь 120 сүүдэр зооглох байсан хүн. Үлдсэн 60 насаа чамд өглөө. Чи бол хүн биш, буг шуламс! Би чамайг бурхны номоор дарж номхотгож байна. Чи энэ нүхэн дотор, 60 жил сууна. 60 жилээ гүйцсэн хойноо гарч юу хийхээ өөрөө мэдээрэй. Би чамайг бурхны номоор дарж байна гэхэд хүүхэн хариуд нь:

— Би бол буг шуламс гэгч биш. Хүн намайг ингэж тамлаж тарчилгаж алсны хариуг би авч чадахгүй ч гэсэн үйл үртлээс чамаас хариуг минь авах байх гэж хашхирч бархирч байжээ. Тэгэхэд нь:

— Буг шуламсыг бүү дуугарга! гэж бүрээ, бишгүүр, харанга, хэнгэрэг цохиулж байсан байна. Шар Човонбын бэлтгүүлсэн засмал нарийхан модны үзүүрт шар тостой нүхнийхээ тал талд нь гал өгөхөд үлгэр домогт гардаг галт там гэдэг шиг галаар оргилж дээш цоргиж байжээ. Дамнаж ирсэн дөрвөн лам салхины нь дээрээс тэр аймшигт галын яг өр дунд нь хөөрхийлөлтэй хүүхнийг барьж зогссонд, хүүхэн түлэгдэж эхлэхэд хажуудаа хайлуулсан тогоотой шар тосноос шар Човонбо очир бариултай халбагаар хутгаж аваад л ном уншиж, шатаж байгаа хүүхэн тийшээ цацаж байсан гэдэг. Нөгөө муу хүүхэн дороосоо галд шатагдаж хажуугаас нь шар Човонбын цацсан тосонд биеэс нь гал бадарч хүний ёсноос гадуур хөөрхийлөлтэйгөөр нас баржээ. Тэгээд хүүхнийг булшлаад байхад эргэн тойрон харж байсан морьтой, явган олон хүний өрөвдөх нэг нь өрөвдөж, өших нэг нь өшиж, учрыг мэдэхгүй нэг нь мунхарч сөгдөж, нулимс асгаруулан уйлахтай, гайхалтай байсныг шар Човонбо хараад,

— Та нар муусайн усан нүдтэй, цусан зүрхтнүүдийн нүдээр харахад энэ шатаж үхэж байгаа юм шиг боловч огтын тийм биш. Энэ дороосоо дээш, дээрээсээ доош хөмөрсөн хоёр ширмэн тогоон дотор, яг дүрс байдлаараа буй.

Би 60 жилийн нас өгсөн, жаран жилийн цаана гарч ирж та нарыг цөмийг чинь хүрэл соёотой хүүхдийн хамт хүйс тэмтрэх болно гэж ард олныг сүрдүүлж байхад ард олон үнэхээр тэгэх юм байх гэж айн сүрдэж байжээ. Хүүхнийг шатааж хороосны дараа цугласан олон цамчин, мөргөлчний маягаар Эрдэнэ далайн хийд рүү морины явдал янз үзэж явцгааж байсны хамгийн түрүүнд шар Човонбо жороо буурал морьтой дүүхэлзүүлж явжээ. Гэтэл шар Човонбын морь оготны нүхэнд бүдрээд онхолдоход шар Човонбо тэр газраас босолгүйгээр нугас нь тасарч үхсэн байх юм. Энэ нь хүүхнийг өрөвдөж шар Човонбод өшиж байсан хүнд бол бах тав нь ханахаар гайхаж эргэлзэж байсан хүнд бол бүр ч мунхруулмаар юм болж байлаа. Үлдсэн лам нар дахин цуурхаж,

— За та нар хар! Ийм хүчтэй шуламс байсан байна. Дарсан ламаа аваад явлаа. Шар Човонбо 60 настай нь үнэн. 120 нас хүрэх нь ч үнэн байсан байна. Үлдсэн 60 насаа хялар шуламст өгчээ. Шуламс 60 жилийн цаана гарч ирэх нь гарцаагүй байна гэж итгэж байжээ.

 * * *

Замын дагуу явсан элч хялар хатны захидлыг Бээжинд байсан нөхөрт нь дамжуулсан байжээ. Нөхөр нь захидлыг хүлээн аваад өөрийн эхнэрийн хөөрхийлөлтэй болж байгааг мэдээд, гуйж гувшиж байж алба ажлаасаа чөлөө аваад, нутгаас очсон найман хиа нарын хамтаар нутгийн зүг давхижээ. Морин буухиагаар давхисаар халх нутагт нэлээд ойртож явтал тахал өвчин гарсан хойд хятадын нутагт санамсаргүй орж ирээд Шагдаржав 6 хиагийн хамт нас баржээ. Үлдсэн хоёр хиа энэ мэдээтэйгээ хэзээ өнгөрсөн хойно нутаг орондоо иржээ. Лам үүнийг ашиглан бас л цуурхал тарааж байлаа. Дарсан ламаа, дагуулсан ханиа, хажуу дахь хиа нартай нь бүгдийг нь аваад явлаа. Ийм л сүрхий шуламс байсан юм гэцгээж байв.

 * * *

— Өнөөх 60 жил гэдэг нь 1936—1937 онд гүйцэх үед хүрээ хийд газар сайгүй л шар Човонбын хортой гүтгэлгийг лавшруулан номлож лам нар хялар хатны буг чөтгөр энэ жил гарах ёстой. Цөвийн цагийн та нар муусайнууд гайхуулавч шуламс бугийн хорлол удахгүй ирнэ» гэж засаг төр ард түмнийг занан зүхэж байсан байна. Тэр үед лам нарын цуурхлыг үнэмшиж байсан нэг хүн мал эрж яваад хялар хатны булшны ойролцоо явж байтал булшнаас алд хэрийн зайтай газар ширмэн тогооны ирмэг газраас цухуйж харагдсан байжээ.

— Хүүе та минь, өнөөх хялар хатны чинь буг чөтгөр гарлаа. Тогоо нь ил гарч байна гэж тэр хүүхнийг хэлэхэд нутгийн хэсэг хүмүүс очиж холоос харахад нь үнэхээр тогооны ирмэг цухуйж байсан гэдэг. Бүр сүүлд О.Намнандорж гуай тэр булшинд түүхийн ямар баримт, дурсгалт зүйл байгааг илрүүлж өгнө үү гэж тэр нутгийн ХЗЭ˗ийн (тухайн үеийн) байгууллагад хүсжээ. Тэгээд хэсэг залуучууд уг булшийг ухаж үзэхэд дээд талын хоёр метр хэртэй шороон дотроос бүргэдийн яс, нохойн толгойн ясны хамт гарсан байна. Энэ нь шар Човонбо буг сэрээ дарахдаа хийсэн зүйл биз (хоёр метрийн гүнээс доош жинхэнэ булшинд хүрч байгаа бололтой байсан боловч юу ч олдоогүй), шатсан нүүрс цуцал, элс шорооноос өөр юм байгаагүй. Харин нэгхэн хэсэг газар дутуу шатаж үлдсэн ногоовтор бөсийн тасархай олджээ. Энэ булшийг ухахад тэр үед НАХЯ˗ны төлөөлөгч байсан Осоржаан гэгч хүн харж байжээ.  Хялар хатныг тэгж шатааж алахыг арав гаруй настайдаа нүдээр үзсэн хэмээн 93 настай Шанж гэдэг хүн 1955 онд над ярьж билээ.

Тайлбар: Хэвлэлд бэлдсэн Б. Дашзэвэг, Ч. Ойдов "Янжавын хэлдэг үлгэрээс". ШУАХ. УБ., 1964, 60—73 дахь талаас авав.

Сэтгэгдэл 3ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2021, 3 сар 14. 7:13
ЗочинSeded Choijil facebook

1963-1965 оны үед Монголын зохиолчдын хорооны дэргэдэх, Ардын үлгэрийн танхимын үлгэоч Янжив гуай энэ домгыг тоглолтон дээрээ ярьж байхыг би 8 гаснаасаа 2-3 удаа үзэж байсан, одоо уншихад яг мөн байна. Их баярлалаа

2021, 3 сар 15. 2:46
Зочин

Vrgeljilliig xaanaas unshij bolox we

2021, 3 сар 15. 2:41
Зочин

Urgeljliih uaj unshih be

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]