Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Монголын эзэнт гүрний доторхи дөрвөн хүчирхэг улсын нэг. Перст төвлөрч, өнөөгийн Иран, Ирак, Афганистан, Туркменстан, Армен, Азербайжан, Гүрж, Турк, баруун Пакистаны нутаг дэвсгэрийг хамарч байлаа.

Зүчийн улс ба Эл хант улсын зөрчил, тэмцэлУншсан22,370

Зүчийн улс Кура голын эрэгт 300 мянган цэрэгтэй ирээд байсан нь тухайн үед ямар хүчирхэг байсныг харуулж байгаа юм

БХЭШХ-ийн ЭША доктор, ахмад Т.Сүхбаатар

Зүчийн улс 1243 онд анх байгуулагдсаны дараа исламын ертөнцөд Монголчууд бас дахин нэг улсыг байгуулсан нь Эл хант улс (1256-1335) байсан юм. Хоёр улс эхэндээ найрсаг сайхан харилцаатай байсан боловч цаг хугацааны явцад хүйтэрч зөрчилдөх болсон. Нэгэн тугийн дор нэгдэж байсан, нэг угсаа гаралтай хоёр улс чухам яагаад зөрчилдөх болсон нь их сонирхолтой юм.

Эл хант улс Зүчийн улсын хоорондын харилцаанд дараах хэд хэдэн хүчин зүйлс нөлөөлсөн байна. Үүнд:

Нэгдүгээрт: Аригбөх Хубилай хоорондох тэмцэлээс үүдэлтэй. Хубилай Аригбөх нарын хаан ширээний төлөөх тэмцэл нь Бэрх-Хүлэгү нарын дайны эхлэлийг бий болгосон.  Хүлэгү Монголын хаан ширээний төлөөх тэмцлийн үед Хубилайг дэмжиж байсан ба түүний мэдэлд баруун зүгт байлдан дагуулалт хийсэн их цэрэг байсан юм. Монголд гарсан хаан ширээний төлөөх тэмцэлд Хүлэгү оролцох сонирхолтой байсан ч түүнийг зүүн тийш их цэргээ аван буцан явах үед Хубилай хаан ширээнд суусан тул тэрээр түүнийг дэмжсэн. Хожим үүнийхээ хариуд өөрийн гэсэн бие даасан улсаа исламын ертөнцөд байгуулах боломжтой болжээ. Харин Бэрх Аригбөхийг дэмжиж[1] байжээ.

Газар нутгийн маргаан: Мөнх хаан Бат ханд соёрхол болгож өөрийнх нь хүсэж байсан Азербайжан, Тебриз, Мерагу, Хаманданы бүс нутгийг өгөхийг зөвшөөрсөн байдаг. Энэ нь Хүлэгү ханд огт таалагдаагүй юм. Эл хант улс болон Зүчийн улсын хил Дербентээр[2] зааглагдаж байсан боловч Хүлэгү хан Зүчийн улсын Азербайжан дахь нөлөөг үл хүлээн зөвшөөрч өөрийн улсын нийслэлийг Тебриз хотод байгуулсан юм. Эл хант улс Кавказыг бэхлэн хамгаалах үүднээс Азербайжан болон Арраны дунд байрлаж байсан. Мөн хоёр талын улсын хилийг анхнаас нь тодорхой зааж зааглаж өгөөгүйгээс болж зөрчил гаргах үндэс болсон. Энэ нь Азербайжаны нутаг дэвсгэр юм.[3]

Кавказ болон тэр хавийн нутгийг Зүчийн улс хэзээнээс өөрийн эзэмшлийнх гэж үздэг байсан юм. Адуу мал бэлчих, бас өвөлжихөд нэн таатай Муганы тал нь цэрэг дайны, стратегийн ач холбогдолтой байжээ. Багдадын халифатын эсрэг дайнд нэгдэж цэргийн хүчээр тусалсан Бэрх ханд энэ нутаг нь дэндүү үнэтэй бэлэг байсан гэдэг нь эргэлзээгүй юм. Бэрх хан Азербайжаныг авах сонирхолтой байсан нь цаанаа Европ Азийн худалдааны замыг хянах зорилготой байжээ[4]. Стратегийн онц чухал байрлалтай энэ бүс нутгийн төлөө дайтахаас ч өөр сонголт байгаагүй юм.

Тагнуулын хэрэг: Хүлэгү хан өөрийн цэрэгт байсан Зүчийн улсын туслах цэргийн захирагч Зүчийн удмын гурван[5] хөвгүүнийг цаазалсан нь харилцаа хурцдах бас нэг шалтгаан болж өгчээ. Эдгээр гурван хан хүү[6] (Тутар, Балакан, Кули) Мөнх хааны зарлигаар исламын ертөнцийн эсрэг аян дайнд Батын хүрээнээс өөрсдийн цэргийг авч явсан юм. Мөнх хаан Багдадыг эзлэх аян дайны талаар Хүлэгт тусламж болгон арван хүн тутмаас хоёр цэрэг гаргаж өгөхийг Монголын эзэнт гүрний бүх улсуудад зарлиг гаргажээ. Энэ зарлиг ёсоор Зүчийн удмаас Ордугийн хүү Кули, Шибаны хүү Балаган, Минг-Кудурын хүү Тутар, Бувалын ач хүү, Ногайн үеэл нар аян дайнд морджээ.[7] Хожим Ногай Эл хангуудын эсрэг Мөнх-Төмөр ханы үед бие даан байлдааны үйл ажиллагаа явуулсан нь үүнтэй холбоотой. Бэрх хан өөрсдийн цэргүүдийг Зүчийн улс руугаа буцаж ирж чадахгүй ямар нэгэн байдал үүссэн нөхцөлд Египет рүү одохыг тушааж байсан бөгөөд хижрийн 660 онд буюу 1261-1262 онд Зүчийн анхны дайчид Египетэд хүрэлцэн очиж байжээ[8]. Цаазлуулсан хан хөвгүүдийг Египетийн Мамлюукуудад туслах зорилгоор тагнуул болон бослого үймээн гаргаж болзошгүй хэмээн хардан цаазалсан байна.

Шашин шүтлэг. Бэрх хан исламын шашинд гүн гүнзгий хутгалдан ороод исламын шашинг нухчин дарж буй Хүлэгү ханыг хүлээн зөвшөөрч чадахгүй байсан юм. Исламын шашинт ард иргэдийг залхаан цээрлүүлж христийн шашинт хүмүүсийг ивээж байсанд исламын шашинтай Бэрх дургүйцсэн зэргээс үүдэн хоёр талын харилцаа ихээхэн муудсан байна. Бэрх, хан ширээнд суух үедээ аль хэдийнээ исламын шашинтай болсон байсан бөгөөд түүний зөвлөх түшмэл, ислам шашинт хүмүүс дайн хийхэд их бага хэмжээгээр нөлөөлсөн нь гарцаагүй юм.

Хоёр талын элч худалдаачдыг цаазалсан нь бас л томоохон асуудал дагуулсан юм. Энэ бүх үйл ажиллагаанд Египетийн Мамлюкууд оролцоогүй зүгээр сууж байсан гэхэд үнэнд нийцэхгүй юм. Бэрх хан ч гэсэн Хүлэгү ханаас бэлэг хүргэж ирсэн элчийг хүлээн авахаас татгалзан цаазлан хороосон[9] байна.

Энэ зөрчил цаашид урт удаан хугацааны зуу гаруй жилийн дайнд хүргэсэн юм. Хоёр талаас энэ дайнд ихээхэн хэмжээний цэрэг амь насаа алдсан байна.  Дайны талаар Зүчийн Бэрх хан “Аллах бурхан Хүлэгүг шийтгэх болтугай! Хүлэгү Монголчуудыг Монголчуудын эсрэг тэмцэлдүүлж байна. Хэрэв зээ бид ямагт нэгэн санаатай байсан бол дэлхийг бүхэлд нь эрхшээлдээ оруулж чадахсан” гэж гунигтайгаар хэлж байжээ[10]. Арабын түүхч Ибн Кесир энэ тухай бичихдээ “Монголчууд бие биенээ хядах нь гунигтай ч Чингис хааны их засаг хуулийг зөрчсөн үйл явдал байсан”[11] юм хэмээн тэмдэглэж үлдээжээ.

Харин Зүчийн улс нь Египетийн мамлюкуудтай эдийн засаг, улс төрийн хувьд нягт зузаан харилцаатай байжээ. Хоёр тал элч, худалдаачид  солилцож их өргөн харилцаагаа холбоотон улсын хэмжээнд хүргэж чадсан юм. Гол зорилго нь Эл хант улсын эсрэг хамтран тэмцэх асуудал байсан юм. Мамлюкууд ч гэсэн хүчирхэг Зүчийн улс, Эл хант улсуудаас болгоомжлох үүднээс шашин шүтлэг ойр Зүчийнг дэмжин Эл хант улс Зүчийн улсыг хооронд нь нэгдүүлэхгүй аль болох сөргөлдүүлэхийг хүсэж байсан нь гарцаагүй юм. Орон зайн хол байдлаас болж хоёр улс цэргийн салбарт төдийлөн сайн харилцаж байгаагүй харин эдийн засаг соёлын хувьд өндөр харилцаатай байжээ.

1260 онд Айн Жалудад Хүлэгү ханы цэргийг бут цохисны дараагаар Мамлюкууд дараагийн дайнаас сэргийлэн холбоотон олох зорилгоор Зүчийн улстай тууштай харилцаж эхэлсэн. Зүчийн улс хойд Кавказ, Иран, Азербайжанаас болж Эл хант улстай хэд хэдэн удаагийн аян дайныг хийсэн байдаг. 1262 оны эхээр Бэрх ханы цэрэг Хүлэгү ханы цэрэгтэй анх Кура голын эрэгт цус асгаруулсан тулалдсаны эцэст Хүлэгү хан ялалт байгуулж Бэрх ханы цэрэг ухарсан байна.

Бэрх ханы цэргийг Ногай жанжин удирдаж явсан бол Хүлэгү хан хүү Абгагийн хамт их цэргээ удирдаж явжээ. Ногай жанжин ялагдан зугтаж Зүчийн улсын хил хүртэл 12 өдөр нэхэн байлджээ. Улмаар Дербентийг Ногай жанжнаас дахин булаан авсан байна. Бэрх хан яаралтай бүх нийтийн цэрэг татлага зарлан 10-аас дээш насны бүхий л хүмүүсийг зэвсэглэн Хүлэгү ханыг тосон ирсэн байна. Гэвч Хүлэгү хан давуу хүчтэй дайсныхаа өөдөөс байлдалгүй Кавказын Терек голыг гатлан ухрах гэж байгаад нэлээд олон тооны цэргээ усанд живүүлж алдсан бөгөөд улмаар Ширмүн ноёноор хаалт тавин хант улсдаа эсэн мэнд хүрч очсон байна.

1263 оны 8 сард Зүчийн Ногай жанжин Дербент болон Ширван луу ахин довтолсон байна. Бэрх хан Египетийн мамлюк султан Бейбарстай дотно харилцаатай байсан ба Хүлэгү ханы эсрэг цэргийн эвсэл байгуулсан нь Эл хант улсын хувьд хоёр фронт дээр зэрэг байлдах шаардлага гарч ирсэн байна. Эл хан Хүлэгү их хан Хубилайд ихээхэн найдаж цэргийн туслалцаа хүсч байсан юм.

Хүлэгү Египетийн Мамлюк султанд 1260 онд ялагдсны дараа (Айн Жалут) дахин байлдахаар цэрэг хуримтлуулж байгаад 1265 оны хоёрдугаар сард нас барсан бөгөөд Бэрх хан түүнийг хордуулж алсан гэж үздэг байна.[12] Гэхдээ Рашид ад дины зохиолд түүнийг 1264[13], Оросын сурвалжид бас 1264[14],  1264 оны 12 сарын 30-нд[15] нас барсан хэмээн харилцан адилгүй тэмдэглэсэн байдаг.

Хүлэгү ханыг нас барсны дараа түүний хүү Йешмут хан ширээнд суух байсан боловч. Хүлэгү ханы өөр хүү Абага хан ширээнд суусан байна. Йешмут бол Хүлэгү ханы 3 дахь хүү. Түүний эх нь Хүлэгү ханы хатан бөгөөд Кутузийн шивэгчин байжээ. Йешмут гурван хүүтэй байсан. Хар-Нохой, Зенбу, Сүхэй. Хүлэгү хан түүд Дербент болон Арраны газар нутгийг өгсөн байна.

Абага (1265-1282) хан ширээнд суугаад эцгийнхээ өшөөг авах мөн улс орныхоо алдсан газар нутгийг эргүүлэн авахын төлөө Зүчийн улстай дахин байлдсан юм. Зүчийн улсын Ногай жанжин их цэргийн хамт  Кура голыг гатлан Ил хаат улсын нутагт цөмрөн орсон бөгөөд үүний эсрэг Абага өөрийн эцэг нэгт дүү Йешмутыг их цэргийн хамт 1266 оны эхээр илгээсэн байна. Тулалдаанд Ногай жанжин амжилт ололгүй Кура голын цаад эрэг хүртэл ухарсан байна.

Абага хан Кура голыг маш сайн бэхэлсэн байжээ. Кура голыг гатлах гэж Зүчийн улсын цэрэг 14 хоног оролдоод өөр газраар гатлах зорилгоор Тбилис хот хүртэл цэргээ ухраасан байна. Зүчийн улс Кура голын эрэгт 300 мянган[16] цэрэгтэй ирээд байсан нь тухайн үед ямар хүчирхэг байсныг харуулж байгаа юм. Гэвч зам зуураа Бэрх хан 1266 онд нас барж[17] байдал түр намжсан байна.

Зүчийн улсын шинэ хан Мөнхтөмөр Бэрх ханаас нэг ялгарах шинж бол тэрээр анх удаагаа Эл хан Абагатай урт удаан хугацааны найрамдлын гэрээ байгуулж харилцан буулт хийж чадсан байна. Гэсэн ч тэрээр Бэрхийн адил Мамлюкуудын холбоотон гэхдээ ёс төдий харилцаатай хэвээр үлдсэн юм. Мөнхтөмөр хан Мамлюкуудын дэвшүүлсэн Византийн эзэнт улстай найрамдаж Эл хангуудын эсрэг дайтах гурвалсан холбоотны саналаас татгалзаж, найрамдлын гэрээ байгуулъя гэсэн Византуудад ч тодорхой хариу өгөөгүй юм.

Мөнхтөмөр хан харин ч юуны өмнө цэргийн удирдлагыг тухайн үед хүчирхэг болоод байсан Ногайн гараас салгаж авсан байна. Удаа дараагийн цэргийн амжилтгүй үйл ажиллагааны улмаас ийнхүү шийтгэл оноосон юм.  Харин Ногай өөрөө бие даан Эл хант улстай байлдах туйлийн их хүсэлтэй байлаа. Учир юун гэвэл Мөнх ханы зарлигаар Хүлэгү ханы цэрэгт явж байгаад сүүлд 1260 онд цаазлагдсан Зүчийн ноёдын дотор Ногайн үеэлүүд байсан юм. Тиймээс Эл хангуудаас ял асуух хүсэл байсан нь гарцаагүй хэрэг байжээ.

Төрийн хэргээс хол хөндий бие даасан байдалтай байсан Ногай Хижрийн 669/1270 онд Мамлюкуудын султан Бейбарсад холбоотон болох найрамдлын захидал илгээж Эл хант улсын эсрэг ахин хамтран тэмцэх санал тавьсан тэрээр захидалдаа: “Би таны гарын нэг хуруу болж явъя. Таны ашиг сонирхлыг бид хүндэтгэнэ. Бидний ашиг сонирхолыг та хүндэтгэх ёстой”[18] хэмээн бичиж байжээ. Тэрээр цэрэг дайны үйл ажиллагаанд бэлдэж Литов Польшуудын эсрэг дайтаж Византийн хаан Михайла VIII-тай ураг барилдаж түүний охин Ефросиньютай гэрлэсэн байна.[19] 1280 онд Мөнхтөмөр хан гэнэт нас барснаар Эл хант улс Зүчийн улсын хооронд дайн дахин гарах нөхцөл бүрдсэн байна.

Ногай хан 1290 онд дахин Ираныг 10 мянган цэргийн хүчээр довтолсон боловч Аргун ханд ялагдсан байна. 1291 онд Аргун ханыг нас барсны дараагаар Эл хант улс Зүчийн улсын хоорондох харилцаа түр зогссон байна.

1303 оны 1 сарын 21-нд Зүчийн улсын Тохта хан Кавказын нутгийг шилжүүлэн өгөхийг Эл хант улсын Газан хаанаас шаардсан[20] бөгөөд Газан хан хариуд нь татгалзсан хариу өгсөн юм. Ногай Тохта хоёрын зөрчилдөөнөөс болж Зүчийн хүч сул байгааг мэдсэн Газан хан саналыг хүлээж аваагүй юм.

Зүчийн улсын хан Тохта 1308 онд Эл хант улстай шинээр дайн хийсэн юм. Хилийн жижиг зөрчлөөс эхэлсэн энэ мөргөлдөөн томоохон дайн болтлоо өргөжсөн. Эл хан Өлзийт Египет болон Зүчийн улстай нэгэн зэрэг хоёр талд тулалдахаас сэргийлэн тулалдахаа түр больсон юм. 1313 онд хоёр улсын худалдааны харилцааг сэргээх зорилгоор хийсэн хэлэлцээ амжилтгүй болж Тохта хан нутгийн Курд үндэстнүүдээр дэмжүүлэн дахин Эл хант улс руу довтолсон боловч бут цохиулан Зүчийн хил хүртэл ухарчээ.

1320 онд Алтан орд Эл хант улсын хооронд дайн болсон боловч Узбек хан ялагдаж эзэмшил газрынхаа нилээд хэсгийг алдсан байна. 1335 онд Эл хан Абу Сайдын дараах хаан Арпа хантай Узбек хан байлдсан боловч мөн л ялагдаж Азербайжаныг алдсан юм. Узбек хан төр барьж байх хугацаандаа Эл хант улстай байнга амжилтгүй дайныг хийж байжээ.

Улмаар 1335 онд Эл хан Абу сайд хан нас барснаар Эл хант улсын хүчин чадал ихэд сулран доройтож дотоодын улс төрийн хямралдаа автаад байлаа. 1356 онд[21] Жанибек хан өөрийн их цэргийг авч сулран доройтож улс төрийн хямралд автаад байсан Эл хант улс руу аян дайн хийсэн юм. 100 мянга орчим цэрэгтэй Азербайжаныг довтлон Тебриз хотыг эзлэн Бэрх ханы үеэс булаацалдаж байсан нутгийг Зүчийн улсад анх удаа  нэгтгэж чадсан юм. Тэнд өөрийн хүү Бердибекийг захирагчаар томилсон байна.

Жанибек хан нас барсны дараагаар Эл хант улс Зүчийн улсын харилцаа төгсгөл болсон юм. Зуу гаруй жил үргэлжилсэн хоёр улсын харилцааны зөрчилд дан ганц хоёр талын ч буруу байсангүй харин аль алийг нь холбоотон болгох гэж оролдож байсан Византийн эзэнт гүрэн, Египетийн мамлюкуудын оролцоо бас нөлөөлсөн юм. Хоёр талын дайн тулалдаан 100 гаруй жил үргэлжиж үндсэндээ Эл хант улсын ялалтаар төгссөн юм.

АШИГЛАСАН МАТЕРИАЛ

Камалов.И.Х Отношения ЗолотойОрды с Хулагуидами.М.2007

    А.А.Горский.”Русь и Орда”.М.2000

    Б.Д.Греков, А.Ю.Якубовский.”ЗолотоаяОрда и еепадение”.Москва-Ленинград.1950

    Р.Ю.Почекаев.”Алтан ордын хаад”.УБ.2013.он

    Рювенамитай-Прейсс.”Монголчууд ба Мамлюкууд”. УБ.2006

    И.Х.Камалов.“Отношения ЗолотойОрды с Хулагуидами”.М.2007

    Р.Ю.Почекаев.”Бат хаан”.УБ.2013 он

    Тинзенгаузен, Сборник I, ал-Макризи, текст, стр.418, перевод, стр.429

    A.Boyle, “Dynastic and Political History of the Ilkhans”, 1970

    Г.Хафизов.”РаспадМонголской империи и образование УлусаДжучи”. Казань.2000

    С.Закиров.”Дипломатические отношения ЗолотойОрды с Египтом XIII-XIV”. 1966.

    Baybars.”Baybars Tarihi”

    Georg Ostrogorsky.Bizans Tarihi, Cev. Fikret Isiltan, TTK, Ankara 1981,

    Энциклопедический словарь Брокгауза и Ефрона. ЭСБЕ/Чанибек

 

 ЗҮҮЛТ

[1]И.Х.Камалов.”Отношения Золотой Орды с Хулагуидами”.М.2007.с.40

[2] А.А.Горский.”Русь и Орда”.М.2000.с.23

[3] Б.Д.Греков, А.Ю.Якубовский.”Золотоая Орда и ее падение”.Москва-Ленинград.1950.с.76

[4] Р.Ю.Почекаев.”Алтан ордын хаад”.УБ.2013.он..42-р тал

[5]Рювен амитай-Прейсс.”Монголчууд ба Мамлюкууд”. УБ.2006 он.79-р тал

[6] И.Х.Камалов.“Отношения Золотой Орды с Хулагуидами”.М.2007.с.48

[7] Р.Ю.Почекаев.”Бат хаан”.УБ.2013 он.,262-р тал

[8]Тинзенгаузен, Сборник I,  ал-Макризи, текст, стр.418, перевод, стр.429

[9]С.Захиров.”Дипломатические отношения золотой орды с Египтом”.М.1966.с.14

[10]Рювен амитай-Прейсс.Монголчууд ба Мамлюкууд. УБ.2006.80-р тал

[11]С.Закиров.”Дипломатические отношения Золотой Орды с Египтом XIII-XIV”.М.1966. С.15

[12]И.Х.Камалов.“Отношения Золотой Орды с Хулагуидами”.М.2007.с.56

[13]J.A.Boyle, “Dynastic and Political History of the Ilkhans”, p.354.

[14]Г.Хафизов.”Распад Монголской империи и образование Улуса Джучи”.Казань.2000 год.с.54

[15] С.Закиров.”Дипломатические отношения Золотой Орды с Египтом XIII-XIV”.М.1966.с.16

[16]Мөн тэнд

[17]И.Х.Камалов.“Отношения Золотой Орды с Хулагуидами”.М.2007.с.57

[18]R.Baybars.”Baybars Tarihi” s.169.

[19]Georg Ostrogorsky.Bizans Tarihi, Cev. Fikret Isiltan, TTK, Ankara 1981, s.424; P

[20]С.Захиров. “Дипломатические отношения Золотой Орды с Египтом XIII-XIV”.М.1966.с.18

[21]Энциклопедический словарь Брокгауза и Ефрона. ЭСБЕ/Чанибек

Сэтгэгдэл 6ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2020, 11 сар 14. 15:34
Зочин

El bish Il haant uls geech. Tuuhch ni hurtel buruu bichih yum.

2021, 8 сар 23. 11:36
p.pHqghUme"Толгойлогч"-н хэрэглэгч

e

2021, 8 сар 23. 11:16
p.pHqghUme"Толгойлогч"-н хэрэглэгч

e

2018, 3 сар 3. 14:37
Зочин

сайхан сэдэв байна. гэхдээ цаашид иймэрхүү зүйлсдээ тусхайн байдлыг харуулсан газрын зурагнууд хавсаргавал сайн байна

2018, 3 сар 23. 8:07
NOVSHIIN BERH

NOVSHIIN BERH HAANAAS BUH YUM BOLJEE TEREER DAISNIIHAA SHASHIND ORJ AH DUU NARIINHAA ESREG ZEVSEGLEN DAIRSAN BAINA

2020, 11 сар 14. 15:33
Зочин

Tednees ih hemjeenii mongo avaad orond ni islamiin shashind orj ogson gej unshij baisan.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]