Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Партизан Чеховичийн дэлбэлэлтУншсан15,412

Алдарт Квентин Тарантиногийн Inglourious Basterds хэмээх хэцүү нэртэй киног (монголоор “Нохойноос дор новшнууд” гэж орчуулсан) үзээгүй хүн цөөхөн байх.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Алдарт Квентин Тарантиногийн Inglourious Basterds хэмээх хэцүү нэртэй киног үзээгүй хүн цөөхөн байх. Энэ кинонд нэгэн еврей бүсгүй кино театрт байгаа Гитлер, түүний цэргүүдийг хэрхэн дэлбэлж, хоморголж байгаа тухай өгүүлэх бөгөөд альтернатив түүх байдлаар өгүүлсэн энэ үйл явдлыг бараг бодит зүйл гэж хэлэхэд нэг их  буруудахгүй юм. Бодит түүх, киноны үйл явдлын гол ялгаа нь Гитлерийг биш түүний олон зуун цэрэг офицерыг яг ийм байдлаар дэлбэлж устгасан явдал бөгөөд хэргийн эзэн нь еврей бүсгүй биш харин Зөвлөлтийн партизан эр Константин Чехович байжээ.

1941 онд Гитлерийн Герман ЗХУ руу довтолсны дараах хүнд үед Чеховичийг хорлон сүйтгэх ажиллагаа явуулах, партизануудтай холбоо тогтоох зорилгоор 4 хүний хамт Ленинградын чиглэлд фронт давуулсан байна. 8-р сард энэ жижиг бүлэг отолтод орж буудалцахад нөхөд нь бүгд амь үрэгдэж, ухаангүй болсон Чехович олзлогджээ. Хэдэн сарын дараа энэ эр амжилттай оргож партизануудтай нийлсэн ба тухайн бүлгийн дарга нь энэ сэргэлэн нөхрийг Порхов хотод очиж “ажил амьдралаа төвхнүүлэхийг” тушаасан буюу үнэндээ энэ эр тухайн хот дахь партизаны “унтаа тагнуул” боллоо.

Унтаа тагнуул гэдэг нь дайсны ар талд жирийн амьдралаар амьдарч байгаа, хэрэгтэй цагт төвөөс өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхэд бэлэн байх тийм хүнийг хэлдэг байна

Хоёр жилийн турш энэ хотод амьдарч олон төрлийн ажил эрхэлж, бүр эхнэр авч тохижсон энэ эрийг хэн ч тагнуул туршуул гэж сэжиглэмээргүй амьдарч байв. Түрээсэлж байсан байрныхаа эзэн хүүхний нөхөр болсон Чехович хэсэг цаг засварч хийж явснаа партизануудын өгсөн даалгаврын дагуу орон нутгийн цахилгаан станцын харуул хамгаалалтын албанд оржээ. Энэ цахилгаан станцыг дэлбэлэн устгахаар нэлээд хэдэн сарын турш бэлдэж байх явцад Германы тал чухал объектуудын хамгаалалтыг чангалж, нутгийн урвагч хүмүүсээр биш харин Германы цэргүүдээр хамгаалуулахаар болсон нь партизануудын бэлдэж байсан ажлыг гүйцэтгэх боломжгүй болгосон байна. Чехович ажлаасаа халагдан, төлөвлөж байсан ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон учир эргэн фронт давах тухай партизаны удирдагч нартай ярьж байх үед мань эрд кинотеатрт ажиллах боломж гарч ирсэн ба партизаны удирдагч нар ч энэ боломжийг ашиглаж болохыг олж харлаа. Германы цэргийн аюулгүй байдал, чухал объектуудыг хорлон сүйтгэгч, партизануудын халдлагаас сэргийлэхэд маш их ач холбогдол өгч байсан немцүүд өөрсдийн цэрэг офицеруудын хамгийн их цугладаг, очих дуртай газрын хамгаалалтын тухайд тун бага санаа тавьсан байгааг тэд анзаарсан хэрэг.

Кино театрт шинэ кино ирэхэд уйдсан цэрэг офицерууд бөөнөөрөө цуглан үздэг байжээ. Театрын байрны нэг хэсэгт нь СС-ийн хамгаалалтын алба байрладаг бол өөр нэг хэсэгт Абвер Норд буюу цэргийн тагнуулын хэсэг байрладаг том байшин байжээ.

Шинэ ажилд орсон Чехович хурдан тушаал дэвшсээр хэдхэн сарын дараа кино театрын дарга нарын нэг болж амжсан ба өдөр болгон бага хэмжээгээр тэсрэх бодис ажлын байрандаа авчирсаар нийтдээ 64 кг тротил цуглуулж чадсан байна.

Эхнэртэйгээ цуг жимсэнд явлаа гэж ойгоор тэнэж яваад партизануудтай тохирсон газраа уулзаж тэсрэх бодис авч хотод авчрах ба дараа нь үүнийгээ кино театрт оруулахын тулд 15 настай цэвэрлэгч охины шал угаасан бохир усанд хийх байдлаар зөөж байсан гэдэг бөгөөд сапёрын том мэргэжилтэн, хорлон сүйтгэгчээр бэлтгэгдсэн Чеховичийн мэдлэг чадвар энэ ажилд ихээхэн тус нэмэр болсон байна.

Тэсрэх бодисыг даацын хана, элдэв тулгуур баганыг нурахаар байрлуулах, хооронд нь холбох, яг тогтсон цагт нэгэн зэрэг тэсрэх байдлаар тохируулах, үүнийгээ Германы цэргүүдэд мэдэгдэхгүй хийх гэж багагүй цаг хугацаа зарцуулан, бүх юм бэлэн болсны дараа тохирох үеийг хүлээх л үлджээ.

1943 оны 11-р сайн 13-нд “Циркийн жүжигчид” хэмээх шинэ кино тус театрт гаргахаар болж кино танхимд 760 (энэ тоо маргаантай) гаруй хүн цугласны дотор хоёр генерал, 40 том тушаалын офицер, Абвер болон СС-ийн ажилтнууд байжээ.

Кино ид дундаа явах үе буюу оройн 20.00 цагт тэсрэлт болж кино театр тэр чигээрээ нуран унаж, ёстой л гарын хуруунд багтахаар хүн амьд үлдсэн бөгөөд хамгийн гол нь гэмгүй номхон ард иргэдээс ганц ч хүн хохироогүй гэдэг. Чехович цэвэрлэгч охин Евгения Михайлова, кино механикч Сергей Шелковник нарыг урьдчилан гарган партизанууд руу явуулаад, дараа нь тэсрэх бөмбөгийг ажиллуулах цагны механизмыг ажилд оруулаад, ойд хүлээж байгаа эхнэр хүүхэд рүүгээ хар хурдаар дугуйгаар зугтсан гэдэг.

Энэ дэлбэрэлтийн улмаас чухам хичнээн Германы цэрэг офицер нөгөө ертөнцөд одсон тухай олон янзын тоо байхаас 192-700 гэсэн тоо илүүтэйгээр энд тэнд харагддаг. Амь үрэгдсэн цэргүүдийг оршуулах ёслолоор нийт 192 булш байсан гэдэг боловч зарим таамгаар Германы суртал ухуулга уг үйл явдлын цар хэмжээг багаар харагдуулахын тулд нэг булшинд хэд хэдэн хүнийг оршуулсан гэсэн таамаг ч бий.

Германы эсрэг иймэрхүү үйл ажиллагаа Европын олон оронд (Польш, Франц) болсон боловч Порховын дэлбэрэлт нь хамгийн том, хамгийн олон хүний аминд хүрснээрээ ялгардаг билээ.

Константин Чехович дараа нь партизануудтай нийлж өөрийн удирдлага дор дайсныхаа 40 гаруй галт цувааг дэлбэлж, олон арван авто, болон төмөр замын гүүрийг нурааж байсан хүн юм. Сонирхолтой нь дайны дараа энэ хүн төмөр замчин болж өмнө нь нурааж дэлбэлж байсан зүйлээ сэргээн босгох ажилд зүтгэсээр байсан гэдэг.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]