Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

"Хорооны хүүхдүүд"Уншсан9,394

... олон охид, хөвгүүдийг ар тал руу татаж, Суворовын болоод Нахимовын нэрэмжит цэргийн сургуулиудад суралцуулахаар илгээх арга хэмжээ авчээ.

Москва хот дахь Аугаа эх орны дайны цогцолбор музейд насанд хүрээгүй боловч цэргүүдтэй мөр зэрэгцэн германы эсрэг тулалдаж явсан охид, хөвгүүдийн тухай үзмэр, фото, эд хэрэглэл бүхий сан хөмрөг бий. Улаан армид албан ёсоор насанд хүрээгүй хүүхдүүдийг цэргийн албанд авдаггүй байсан ч зарим тодорхой шалтгааны улмаас цэрэг хувцас, нормт хангалттайгаар цэргүүдийн адил үүрэг гүйцэтгэж байсан хүүхдүүдийг “хорооны хүү” хэмээн нэрлэдэг байжээ. Хүүхдүүд армид алба хаадаг уламжлал орос оронд 18 дугаар зууны үеэс эхэлсэн гэж үздэг, дээр үед цэргийн хороод болон хөлөг онгоц бүрт хамгийн багадаа “бөмбөр” нүддэг нэг хүү хөгжмийн салаанд алба хаадаг уламжлалтай байжээ.

Эх орны дайны үед хүүхдүүд дараах гурван аргаар “хорооны хүү” болдог байв. Эхнийх нь дайнд эцэг, эх нь алагдаж бүтэн өнчирч үлдсэн, эсвэл хаягдаж гээгдсэн хүүхдүүдийг цэргүүд дарга нартайгаа ярилцаж байгаад авдаг. Удаах нь эцэг, эх нь хоёулаа цэргийн хүмүүс бөгөөд фронтод алба хааж байх үедээ хүүхдүүдээ өөрсдийн хажууд байлгах нь аюул багатай гэж үздэг байсан тул хүүхдүүдээ фронтод авчирдаг байж. Сүүлийнх нь хүүхдүүд ар талаас фронтод байлдаж буй цэргүүд дээр өөрсдөө сайн дураараа нуугдаж очдог байж. Тэнгисийн цэрэгт алба хааж буй эдгээр хүүхдүүдийг “хөлгийн хүү” гэж нэрлэдэг байсан аж.

 

Харин партизаны отрядад багтан фронтын ар талд нууцаар тулалдаж байсан хүүхдүүд олон байсан хэдий ч нэг талаас тэдний тухай мэдээлэл ховор, нөгөө талаас зарим үед дээд байгууллагын зүгээс партизаны ангиудыг байнгын ангийн хэмжээнд авч үздэггүй байсантай холбоотой.

ОХУ-ын Батлан хамгаалах яамны Төв архивын баримтад дурьдсанаар бол Аугаа эх орны дайны үед 16 нас хүрээгүй 3500 гаруй хүүхэд тулалдаж байсан хэдий ч энд партизаны отрядад үүрэг гүйцэтгэж байсан хүүхдүүдийн тоо багтаагүй. Гэхдээ энэ бол нэлээд дарж хэлсэн тоо бөгөөд тухайн үеийн дарга нар олон тохиолдолд насанд хүрээгүй хүүхэд цэрэгтэй байсан гэж хэлүүлэх дургүй байсан тул албан ёсны тоо, мэдээнд энэ тухай барагтай бол оруулдаггүй байжээ.

Цэргүүдийн хайр, хүндэтгэлийг татаж чадсан хүүхдүүд цэргийн хороонд үлдэхийн тулд хорооны захирагчаас заавал зөвшөөрөл авсан байх ёстой, заримдаа тэд хорооны захирагчаас дээгүүр тушаалын дарга нараас “сэмхэн” зөвшөөрөл авдаг тохиолдол ч байлаа. “Хорооны хүү” болсон хүүхэд захирагчийн тушаалаар хорооны бүртгэлийн нэрсийн жагсаалтад бичигдэж, бусад цэргийн адил норм, хангалт авч, цэргийн дүрэмт хувцас өмсч, хувийн зэвсэг хэрэгсэлтэй байв. Дайны үед хүүхдүүд төрөл бүрийн анги, салбаруудад алба хааж, үүрэг гүйцэтгэж байсан юм. Тухайлбал, тэд тагнуулд явж, явган цэргийн ангид алба хааж, танк болон авто тээврийн ангид үүрэг гүйцэтгэж байв. Бүр 14 настай Аркадий Каманин гэдэг онгоц жолооддог нисгэгч хүүхэд хүртэл байжээ.

Харин ийм эмэгтэй хүүхдүүдийг “хорооны охин” гэж нэрлэж байв. Ийм охид ховор боловч байсан аж. Жишээлбэл, Украины 3 дугаар фронтод 10 настай Вера Белякова сувилагчаар, 14 настай Маша Щербак гэдэг охин хөнгөн пулемётчиноор алба хааж байсан түүхтэй.

Дайны үед олон хүүхэд байгуулсан гавьяагаа үнэлүүлж одон, медалиар шагнуулсан байдаг. Шагнал авсан хамгийн “бяцхан” хүүхдийн тоонд 6 настай Сергей Алешкин гэдэг бяцхан хүү ордог бөгөөд тэрбээр 1942 онд Сталинградын тулалдааны үед 47 дугаар Гвардын дивизийн 142 дугаар Гвардын буудлагын хороонд алба хааж байхдаа гавьяа байгуулж “Цэргийн гавьяаны медаль”-аар шагнуулжээ.

Маша Щербак 20 настайдаа

1943 оны төгсгөлд фронтын цагийн байдал Улаан армийн хувьд ашигтайгаар эргэсэн учир Улаан армийн дээд командлалаас фронтод үүрэг гүйцэтгэж байсан олон охид, хөвгүүдийг ар тал руу татаж, Суворовын болоод Нахимовын нэрэмжит цэргийн сургуулиудад суралцуулахаар илгээх арга хэмжээ авчээ. Гэвч нэлээд хүүхдүүд хороондоо үлдэж, германчуудтай тулалдсаар Берлин орсон түүхтэй. Ер нь “хорооны хүүхдүүд”-ийн тухай, ном, дуу, шүлэг, зураг, кино нэлээд хийгдсэн, бүр тэдэнд зориулсан медаль хүртэл бүтээгдсэн байдаг аж.

Дэд хурандаа Р.ЭНХБОЛД

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]