Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Чингис хааны байгуулсан, Их Монгол улсын үргэлжлэл, Монгол, Хятад, Солонгос, Өмнөд Азийн орнуудын газар нутгийг эзлэн оршиж байсан хүчирхэг гүрэн улс. Түүхэн дэх хамгийн том үргэлжилсэн уудам газар нутагтай эзэнт гүрнийг удирдах төв байлаа.

Ухаант хатдын үйлс зууныг нэвтлэн гэрэлтнэмУншсан15,046

Үзэсгэлэнгийн гол утга агуулга нь юунд оршиж буй хэмээхүл, аргын тооллын 1323 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр, Юань улсын Содбал гэгээн хааны төр барьсан дөрөвдүгээр он буюу билгийн улирлын гуравдугаар сарын 23-ны өдөр гүрний их нийслэл Дайду-Хаан балгаст дээдсийн хүрээлэнгийн томоохон хүлээн авалт болсон нь өдгөөгөөс даруй 693 жилийн тэртээх хэрэг явдал санжээ.

Дэлхийн Монгол судлал, Монголын түүх, соёлын ертөнцөд онцлууштай нэгэн үйл явдал болсон нь юун хэмээхүл, энэ өдрүүдэд Тайванийн “Хааны ордон” музейд нээгдсэн Монголын Юань гүрний алтан ургийн гүнж Сэнгэ-Рагигийн хувийн цуглуулгын эд зүйлсийг дэлгэн харуулсан “Гүнжийн гайхамшигт цуглуулгууд” нэртэй үзэсгэлэн юм. 2016 оны 10 дугаар сарын 6-12 дугаар сарын 26-ныг хүртэл 3 сарын хугацаатай дэлгэгдэн ажиллах энэ удаагийн үзэсгэлэн Монголын түүх, соёлын сэдвийг сонгосон бие даасан томоохон үзэсгэлэн болсон нь үзэгч олны сонирхлыг зүй ёсоор татлаа. Тэр тусмаа, монголчууд бидний анхаарал, сонирхлыг татахгүй байхын аргагүй биз ээ.

Үзэсгэлэнгийн гол утга агуулга нь юунд оршиж буй хэмээхүл, аргын тооллын 1323 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр, Юань улсын Содбал гэгээн хааны төр барьсан дөрөвдүгээр он буюу билгийн улирлын гуравдугаар сарын 23-ны өдөр гүрний их нийслэл Дайду-Хаан балгаст дээдсийн хүрээлэнгийн томоохон хүлээн авалт болсон нь өдгөөгөөс даруй 693 жилийн тэртээх хэрэг явдал санжээ. Дайду-Хаанбалгас бол одоогийн Бээжин хот билээ. Алтан ургийн Сэнгэ-Раги гүнж ордны номын сангийн эрхлэгч, үйлчлэгчдийн хамтаар гардан зохион байгуулсан тэрхүү дээдсийн арга хэмжээний үеэр гүнжийн хувийн цуглуулгын баялаг өв сангийн дээжис гэгдсэн 41 уран зураг, бийрийн уран бичээсийг дэлгэн үзүүлжээ. Тэр үеийн монгол хаад, хатад өндөр боловсролтой, соёл, урлагийн гүнзгий мэдрэмжтэй, үүндээ дулдуйдан хувьдаа үнэт ховор ном судар, уран зураг, бийрийн уран бичлэгийн дээжсийг хадгалан хамгаалдаг байсан нь эндээс тод томруун харагдаж байна. Үүнээс үзэхүл, өдгөө манай цөөнгүй улс төрчид, бизнесмэнүүд, уран бүтээлчид хувьдаа цуглуулга хадгаламжтай болж, уран зургийн галерей, урлан байгуулах зэргээр урлаг, соёлын өвийг цуглуулж хадгалах болсон нь бас ч гэж цоо шинэ юм биш, өнөөх “мартагдсан хуучин юм” байсны жишээ болж байх шиг. Дашрамд утга халин цухас дурдахад, манайхан “Сайтар мартагдсан хуучин юмыг шинэ юм гэнэ” гэж буруу ярьж, бичээд байдаг. Мартах үйл бол яавч сайн юм биш тул “сайтар” мартана гэж юу байхав дээ. Харин ор тас, оргүй, таг, бүр гэсэн тодотголуудаар хүч нэмж болох юм аа. “Всё новое – это хорошо забытое старое” гэж оросоор хэлдэгийг манайхан үгчилж буулгаад байгаа хэрэг. Гэвч үүнийг үл өгүүлэн, үндсэн сэдэвтээ эргэн орсугай.

 

Тухайн цаг үедээ өндөр боловсрол мэдлэгтэй, саруул уужим ухаантай, монголын ухаант хатдын нэгэн цолгорсон төлөөлөл болсон Сэнгэ Раги гүнж бол Хубилай хааны жич охин, алтан ургийн хүн байчухуай. Тэрбээр 1283 онд мэндэлж, 1331 онд нас барсан болохоор, өндөр өвөг Хубилай сэцний дэргэд 11 нас хүртлээ эрхэлж өссөн нь тодорхой. Гүнжийн эцэг нь Дармабал ноён, өвөг эцэг нь Чингим агь, өндөр өвөг нь Хубилай сэцэн, элэнц эцэг нь Тулуй ханхүү, дээд их элэнцэг нь Чингис хаан ажгуу. Нөхөр нь Диваабул ноён амуй. Түүний хувийн тамганы бичээс нь “Хааны эгчийн номын сан” хэмээсэн байхын учир юун гэхүл, тэрбээр эцэг эхээс гурвуул мэндэлсэн агаад нэг дүү нь Юань улсын гутгаар хаан Хайсан хүлэг бол нөгөө нэг дүү нь дөтгөөр хаан Аюурбалбад буянт хаан болой. Энэ дашрамд дурдахад, Хубилай хаан ууган хүүдээ нэр хайрласныг ажихул, өвөг эцгийнхээ нэрийн сүүлчийн үсгийг өөрчлөн Чингим болгож өгсөн шиг санагддаг юм. Чингим агь Хубилай хааны хамгийн хайртай хүү нь байсан ч, эцгийгээ хаан ширээнээс зайлуулах ордны хуйвалдаанд оролцсон хэмээн хилсээр гүтгүүлж, улмаар хаан бээр түүнийг хүндээр зэмлэн ялласны улмаас Чингим бээр сэтгэл санаагаар ихэд унан өвчилж, цэл залуугаараа өөд болсон гэдэг билээ. Хубилай хаан хүүдээ гүжрийн үгээр хилс хандаж дэндүү хатуурхсандаа хожим нь ихэд халаглан өөрийгөө буруутгадаг байсан гэдэг.

Үзэсгэлэнд монгол үндэстний бахархал болсон эзэн богд Чингис хааны эш хөрөг тавигдсан байгаа нь тэр бүр тохиогоод байдаггүй ховор завшаан тул бид их хааныхаа эш хөрөгт сүслэн мөргөж, сүнс сүлдийг нь шившин дуудаж, хүсэл, итгэлээ шивнэн даатгалаа. Санахул, 2012 оны зун тухайн үеийн Соёлын яамны дэд сайд асан Түмэнжаргал тэргүүтэй соёл урлагийн төлөөлөгчид Тайваньд аялан тоглох үеэрээ тусгайлан хүсэлт гаргаж байж, эл эш хөргийг далдын далд архивын сан хөмрөгөөс нь гаргуулан үзэж, их хаандаа хүндэтгэл үзүүлэн мөргөж, хуурын аялгуугаар жавар үргээн сэтгэлийн цацал өргөсөн юм. Түүнээс хойш энэ онд их хааны эш хөрөг нийтэд дэлгэгдэн тавигдсанаас тоолон үзэхүл энэ нь хэдэн жилийн туршид ховорхон тохиодог завшаан аргагүй мөн авай.

Хубилай хаан авд мордсон нь” хэмээх зургийн нэг хэсэг. Зураач Ли Гуандао, 1280 он.

Хааны эш хөргийн хамтаар Түгтөмөр заяат хаан, Тогоонтөмөр ухаант хаан, Хубилай сэцэн хааны их хатан Цэвэр, Сэнгэ-Раги гүнж нарын эш хөргүүдийг байрлуулжээ. Ерөөс тус музейд 1270-аад оны сүүлчээс зурагдан хааны ордонд залагдаж асан Монголын их хаад, хатдын нийт 25 эш хөрөг байдгаас ингэж хэсэг хэсгээр ил гарган толилуулдаг юм байна. Тэдгээрийн хамгийн эртнийх нь Чингис, Өгөдэй, Хубилай тэргүүт их хаадын эш хөрөг агаад тэдгээрийг Хубилай хаан сэрүүн тунгалаг ахудаан ордны монгол зураач Хүсэхүй нэртэд зарлиг болгон зуруулсан гэж түүх бичлэгт тэмдэглэсэн байдаг болой.

Энэ удаагийн үзэсгэлэн нийт 4 хэсгээс бүрдэж байна. Нэгдүгээр хэсэг нь “Гүнжийн гайхамшигт өв” нэртэй Сэнгэ Раги гүнжийн цуглуулга хадгаламжийн өвийн зүйлс, хоёрдугаар хэсэг нь “Хаадын хадгаламжийн өв” нэртэй, Түгтөмөр ба Тогоонтөмөр хааны цуглуулгын эд зүйлс, гутгаар хэсэг нь “Бичгийн мэргэдийн билгийн охь” нэртэй, тухайн үеийн нэрт шүлэгч найрагч, бичээч эрдэмтдийн хэлсэн магтуу, шүлэг бадгийн зүйлс, дөтгөөр хэсэг нь “Олон соёл өнгө төрх” нэртэй, их гүрний нийдэм соёл урлагт өрнө дорно, хол ойрын нөлөө тусгал хэрхэн туссаныг үзүүлсэн шашин соёл, гар урлал, оёмол хатгамлын зүйлс багтжээ.

 

Түгтөмөр заяат хаан /1304-1332 он/

Өнгөрсөн 2015 оны намар Тайванийн энэ музейд Төв Азийн нүүдэлчин ард түмнүүдийн эртний өвөг дээдэс гэгддэг Хүннүгийн түүх, соёлтой холбоотой томоохон үзэсгэлэн гарсан тухай мөхөс бичгийн хүмүн бээр мөн энэ мэтээр дэлгэрэнгүй танилцуулсан билээ. Энэ бүхнээс үзэхэд Тайваньд Монголын түүх, соёлтой холбоотой арвин их эд өлгийн зүйлс, үзмэр, судлагдахуун хадгалагдаж байдаг агаад тэр бүхнээс ийнхүү тогтмол сонгон авч үзэсгэлэн гаргаж олны хүртээл болгодог сайхан уламжлалтайг жил дараалан дэлгэгдсэн энэ хоёр үзэсгэлэн бэлхнээ гэрчилнэм.

 

2015 онд хэвлүүлсэн “Тайванийн Хааны ордон музей дэх Монголын түүх, соёлын өв дурсгалууд” цомог ном

Эцэст нь дурдахад, Тайбэй дэх Монголын төлөөлөгчийн газар тус музей болон Тайванийн эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран Монголтой холбоотой эд үзмэр, сурвалж судлагдахууныг ашиглан давын өмнө эмхэтгэж танилцуулсан ном цомог хамтран хэвлүүлж, түүндээ тулгуурлан судалгаа шинжилгээний эргэлтэд оруулах ажлыг төлөвлөн хийж байна. 2015 онд гэхэд бид “Тайванийн Хааны ордон музей дэх Монголын түүх, соёлын өв дурсгалууд” нэртэй томоохон цомог номыг хятад, англи, монголоор хавсарган хэвлүүлсэн билээ. Номыг 3 мянган хувь хэвлэж, монголын тал 1 мянгыг авсны ихэнх нь гадаад, дотоодын зочдын бэлгэнд яваад дууссан гэсэн. 2015 оны 9 дүгээр сард Хубилай хааны мэндэлсний 800 жилийн ойг тэмдэглэсэн Олон улсын монголч эрдэмтдийн хурлын үеэр Улаанбаатарт болсон ном нээх ёслолын үеэр эрдэмтэн судлаачид ийм чухал бүтээл гаргасны ач холбогдлыг өндөр үнэлэхийн хамт, эрдэмтэн судлаачдад очих ёстой ном зөвхөн дарга дээдэст тараагдаад байгаад сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж байсан юм. Халаглалтай нь, энэ ажлын удаахь үргэлжлэл болгож 2016 оны 8 дугаар сард Тайванийн Төв номын сантай хамтран тэнд хадгалагдаж ирсэн Монголын түүх бичлэгийн дээжис болсон эх сурвалж, судар шасдируудыг эмхэтгэсэн цомог ном хэвлүүлсэн ч Монголын тал өөртөө авах хувийнхаа төлбөрийг хийж чадахгүйн улмаас өнөө хэр нь авч чадаагүй байж байна.

 

Аюурбалбад хааны хатан Раднашири

Номыг монгол талаас миний бие эрхлэн хариуцаж, хамтран судалж сонгоод, монголчлон орчуулсны дээр хятад, англи, монгол гэсэн гурван хэлээр хавсарган хэвлүүлсэн бөгөөд тус номын санд хадгалагдаж байгаа Монголын түүх бичлэгтэй холбоотой хэдэн арван ном судраас шилж сонгон 60-ыг нь холбогдох тайлбар танилцуулга, зураг сэлтийн хамтаар өнгөтэй сайхнаар хэвлүүлсэн болно. Гэтэл манайхан 3 мянган ам.доллар гаргаж чадахгүй, орхигдоход хүрээд байгааг юу ч гэхэв дээ. Мөхөс би бээр 8 дугаар сард Улаанбаатар хотноо чуулсан Олон улсын Монголч эрдэмтдийн Их хурлын үеэр 20 ширхэгийг арай ядан авч очиж, хурлын үеэр ном нээх ёслол хийн монголынхоо хийгээд дэлхийн монголч эрдэмтдэд танилцуулан хүргэхийг хичээсэн боловч чадаагүй, тийм боломж олдоогүйг “ам нээвэл уушиг нээ” гэгчийн үлгэрээр уншигч түмэндээ учирлан үглэж анам. Тайванийн Төв номын сантай хамтран хийсэн цомог ном энэ удаад бэлэг болон зочдод ч хүрч чадахгүй, тоосонд дарагдан үлдэж байгаад харуусахад ч багадам.

 

“Гүнжийн гайхамшигт цуглуулгууд” цомог номын будаг нь хатаагүй зураг

 

Мөхөс бичгийн хүмүүн мань мэтэс нь төр, засгийн томилолтоор харьд сууж төр, түмнээ төлөөлөн зүтгэдгийн нэгээхэн учир зорилго нь Монгол Улсын Ерөнхийлөгч тэргүүт эрхэм дээдсийн сэдэж санаачилсан, дэлхийгээр нэг тархсан Монголын түүх, соёлын өв дурсгалуудыг сурвалжлан тогтоож, судлан авчирч, монгол түмнийхээ хийгээд дэлхий нийтийн хүртээл болгож, улмаар эрдэмтэн судлаачдын судалгааны эргэлтэд оруулах гэсэн эрхэм нандин үүрэг даалгавар байдаг болой. Гэвч тэр сайхан үүрэг зорилтыг нэгэн биеийн нохой морины хүчин зүтгэлээр зүтгэн гүйцэлдүүлэхэд энэ мэт завсрын саад бэрхшээл тулгаран мохоосоор байдгийг яалтай. Монголчуудын энэ туйлбаргүй занг таньж мэдсэн гадныхан нэг удаад хамтраад, нөгөө удаад цааш хардаг жишээ энд ч учирсан юм. Тус үзэсгэлэнгийн танилцуулга гэж 300 хуудастай лут том цомог ном хятад, англи, япон хэлээр зэрэгцсэн бичвэртэй хэвлэгдсэн нь нэгэн бодлын бахархмаар ч, нөгөө бодохул атаархмаар. Бахархах нь юун гэхүл, харийнхан бидний түүх, соёлыг ингэж анхааран судалж байгаа нь бол, атаархмаар нь юун хэмээхүл бид өөрсдөө ийм чухаг үйлсэд гар, сэтгэл нийлэн оролцож чадахгүйд байнам.

Гэвч “мунхгийн санаа мухаргүй” гэгчээр бид музейн удирдлага, ажилтнуудтай ярилцаж, цаашид энэ мэт ном бүтээл хэвлэхээр төлөвлөж хөөцөлдсөөр буй. 1949 онд тэр үеийн Дундад Иргэн Улсын Ерөнхийлөгч асан Чан Кайши эх газраас дутаан энэ арал дээр дүрвэж ирэхдээ Бээжингийн Хааны ордонд хадгалагдаж байсан хамаг эд өлгийн зүйлсийг нь бараглан хуу хамж авчирсан гэдэг. Тэр 21 мянган авдар хайрцаг эд өлгийн зүйлсийг өнөө хэр нь гүйцэд нээн үзэж судалж, бас олны хүртээл болгон дэлгэн үзүүлж амжаагүй байдаг гэсэн. Тэр дотор Монголын гэх юмс ч гарсаар байгаа, цаашид ч гарна гэж найдаж байдгаа музейнхэн хэлсээр байнам.

Тэртээх гүн социализмын он жилүүдэд Ардын зураач Н.Цүлтэм тэргүүтэн “Монголын уран зураг”, “Монголын дүрслэх урлаг” зэрэг томоохон цомог номуудыг бэлтгэн монгол, орос, англи хэлээр хавсарган Японд хэвлүүлж байсан нь өнөө ч Монголын соёлыг дэлхийд хүргэн сурталчлахад их хувь нэмэр оруулж ирсэн билээ. Өдгөө бид үүн шиг цуврал бүтээлүүд хийж байгааг олж харж, ойлгож дэмжээсэй хэмээн хичээнгүйлэн хүснэм. Энэ хамтын ажиллагааны үндсэн дээр тэдгээр хосгүй нандин үзмэрүүдийг Монголдоо дэлгэн үзүүлэх үл гүйцэлдэх гэмээр ч эрхэм санаа өвөрлөж буйгаа энэ ялдар дурдаж, дэмжлэг тусламж горьдож буйгаан өргөн сонордуулсугай.

Юань улсын үеийн шашны урлагийн бүтээл

Мөн үеийн шашны сэдэвт торгон хатгамал

 

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн,

Хэлбичгийн ухааны доктор Я.ГАНБААТАР

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]