Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Сураггүй алга болсон Норфолкийн хорооны нууцУншсан72,187

Түүхэнд хүн, юмс гэнэт л яасан нь үл мэдэгдэн алга болсон тохиолдол бишгүй тэмдэглэгдэн үлдсэн байдаг ч тэдний дундаас хамгийн нууцлаг нь Норфолкийн хатан хааны хороо алга болсон явдал юм.

Түүхэнд хүн, юмс гэнэт л яасан нь үл мэдэгдэн алга болсон тохиолдол бишгүй тэмдэглэгдэн үлдсэн байдаг ч тэдний дундаас хамгийн нууцлаг нь Норфолкийн хатан хааны хороо алга болсон явдал юм.

 

Энэ явдлын тухай олон домог, цуу яриа явсаар ирсэн. Тиймээс ч түүн дээр гардаг тоо баримт зөрүүтэй байдаг. Зарим нэг нь хороо алга болох үеэр 145 цэрэг байсан гэдэг бол нөгөө хэсэг нь хоёр зуун цэрэг байсан хэмээн баталдаг юм. Тэр бүү хэл 2000 гаруй цэрэг байсан гэх яриа ч бий. Ямартай ч энэ үйл явдал 1915 онд Туркийн Галлиполи хотын ойролцоо болжээ. Дэлхийн нэгдүгээр дайны үед энэ нутаг дэвсгэр дээр Тортонеллагийн төлөөх ширүүн тулаан болж байсан аж. Наймдугаар сард Суллагийн орчим шийдвэрлэх тулаан болсон байна. Энд Туркийн хүчнийхэн хамгаалалтыг барьж байж. Харин Британийн Норфолкийн хорооны батальонд дайсныг бат бэх хамгаалалттай бүсээс бут цохих үүрэг өгчээ. Ингээд цэргийн үүрэг авсан англичууд дайсныхаа зүг хөдөлсөн аж. Энэхүү хэлтсийн зарим цэргүүдийн цогцсыг дайны дараа олсон ч бусдынх нь хувь заяа хэрхэн эргэсэн нь одоо хэр тодорхойгүй. Яг л манан дунд орж төөрсөн мэт бараг л бүхэл бүтэн батальон алга болсонд цэргийн удирдлагууд, бусад анги нэгтгэлүүд ч түгшиж эхэлжээ. Дайны үеэр юу эс тохиолдох билээ, дайны талбараас цэргүүд зугтах явдал ч гардаг гэх. Гэхдээ бүхэл бүтэн батальон бөөнөөрөө оргочих нь гэдэг магадлал багатай.

Түүнээс гадна хожим эдгээр хүмүүсийн талаар хаанаас ч сураг дуулдаагүй гэнэ. Шинэ Зеланд, Австралийн экспедицийн корпусын гурван цэрэг тухайн үеийн тулааны үеэр тун хачирхалтай зүйл ажиглажээ. Гэхдээ тэд дэндүү хожим буюу 1964 онд албан ёсны мэдүүлэг өгсөн байх юм. Тэд яагаад тавин жил амаа хамхих болов? Энэ гурван цэрэг цэргийн нууц хадгалж буй мэтээр энэ урт удаан хугацаанд болсон явдлын талаар хэнд ч ам нээгээгүй байж. Дээр өгүүлсэнчлэн Галлиполи орчимд тулалдаж байх үеэр хорооныхон нууцлагаар алга болжээ. Гурван цэргийн өгүүлснээр тэд ажиглалт хийхэд тохиромжтой газар байрлаж, 1915 оны наймдугаар сарын 12-ны өдөр Норфолкийн хатан хааны хороо уулын бэлээр өгсөж байхыг харж байжээ. Ажиглалтын хэсгээс Норфолкийн хорооныхон хүртэл ойролцоогоор 150 метр орчмын зайтай байж. Гурван цэрэг Норфолкийн хорооныхон уул руу өгсөж байхыг тайвнаар ажиглаж байгаад гэнэт хорооныхны өмнө хачирхалтай үүл маш доогуур бууж ирэхийг харжээ. Үүлний урт нь ойролцоогоор 240 метр орчим, харин өндөр нь 65 метр, өргөн нь 60 метр орчим байж.

Маш өтгөн үүл урд нь халз тулж гарч ирсэн ч хорооныхон үүлэн дундуур ороод явчихаж. Харин үүлний нөгөө талаас гарч ирэх хүн харагдсангүй гэнэ. Хамгийн сүүлийн цэрэг үүлэнд халхлагдан орсноос нэг цаг орчим хугацааны дараа өтгөн үүл аажмаар газраас тасран дээш хөөрч, уулан дээгүүр нүүж байсан бусад үүлтэй нийлжээ. Ажиглаж байсан хүмүүсийн өгүүлснээр ойролцоогоор долоон том үүл байсан бөгөөд хүчтэй салхи салхилж байсан ч үүлнүүд байрнаасаа огт хөдлөхгүй, яг л тэндээ ихэд удсан гэнэ. Харин цэргүүдийг “залгисан” үүл газраас хөөрөн нэгдсэний дараа аажмаар Болгарын зүг рүү нүүж эхэлсэн бөгөөд гучин минутын дараа хараанаас тасарчээ.

Норфолкийн хороо ул мөргүй алга болсон. Харин энэ үйл явдал ямар ч тулааны чимээ, буудалцаан сонсоогүй өөр ангийн цэргүүдийн нүдэн дээр болж. Ихэнх хүмүүс хороо бүрэн бүрэлдэхүүнээрээ олзлогдсон гэж үздэг. Гэвч Турк ялагдсаны дараа 1918 онд Британи улс цэргүүдийг буцаахыг шаардсан ч туркууд энэ хороог хэзээ ч хараагүй, олзонд ч аваагүй хэмээн хариулжээ.Тэр бүү хэл ийм хороо байдаг гэдгийг ч тэд мэдэхгүй байж. Тиймээс Британийн арми алга болсонд туркууд хамааралтай гэдэг нь батлагдсангүй. 1918 онд британичууд энэхүү хойгт дахин иржээ. Энэ удаа дайнд бүрэн ялалт байгуулсан ялагч талын хувьд ирсэн байна.

Дайны талбарыг самнах үеэр Туркийн нэгэн тариачин газрынхаа хэсгээс олон тооны цогцос зөөвөрлөсөн тухай Британийн армийнхан мэдэж авчээ. Амь үрэгдсэн цэргүүдийг оршуулах асуудлыг хариуцаж байсан офицер 1919 оны есдүгээр сарын 23-ны өдөр Норфолкийн хороо олдсон тухай мэдээлсэн байна. Нийтдээ 186 цогцос олдсоноос 122 нь Норфолкийн хорооных байж. Харин ердөө хоёр цэргийн цогцсыг л хэн болохыг нь тогтоож чадсан байна. Эдгээр цогцоснууд нь туркийн хамгаалалтын шугамын цаана 750 метрт хаа сайгүй хаягдсан байсан гэнэ.

Ингээд энэ асуудлыг хариуцсан офицер Норфолкийн хорооныхон дайны талбарт амь үрэгдсэн гэсэн анхны хувилбар батлагдлаа хэмээн мэдэгджээ. Гэвч энэхүү мэдэгдэл нь үнэнд нийцэх эсэх нь эргэлзээтэй. Хамгаалалтын шугамын цаана 750 метрт байх талбай нь тулааны талбар байгаагүй бөгөөд фронтоос километр гаруй зайд байгаа нь түүний мэдэгдэлд эргэлзэх бодол төрүүлж байгаа юм. Түүнчлэн олон цогцосноос ердөө хоёрхон хүнийхийг таньсан нь мөн л хачирхалтай. Гэхдээ хамгийн гол нь албаныхан удаан хугацаанд нууцалсан баримт байгаа юм. Цогцоснуудыг олсон гэх тариачны баталж байгаагаар талбайгаас олдсон цогцоснууд маш их сэглэгдсэн байсан гэнэ. Хөл гар нь хугарч, яг л асар өндрөөс унасан юм шиг болчихсон байсан гэж тариачин ярьжээ. Түүнчлэн цогцоснууд олдсон Сулва бүсэд ямар ч тулаан болоогүй гэдгийг Туркийн тал тухайн үед албан ёсоор баталж байсан аж.

Маш гайхалтай, нууцлаг түүх. 1915 оны наймдугаар сарын 12-ны өдөр үнэн хэрэгтээ юу болж өнгөрснийг тодруулж чадах хүн гарч ирэх нь юу л бол. Хэрэв нүдээр харсан хүмүүсийн яриа үнэн бол Британийн цэргүүдийг ямар нэгэн дээд далдын хүчин эзэмдэн авч, өөр цаг хугацаа, эсвэл өөр ертөнц бүр хаашаа ч юм авч одсон ч юм билүү гэсэн таамаглал төрөхөөр. Энэ таамаглалтай харь гариг судлаачид дуртайяа санал нийлдэг. Учир нь тэдний баталж байгаагаар харь гаригийнхан хүмүүсийг олзолсон тохиолдол бишгүй гардаг гэнэ. Эсвэл үүл рүү ороод хөвж яваад үүлнээсээ уначихсан ч юм болов уу? Британийн элитийн батальоны цэрэг офицерууд хаашаа алга болчихов? Энэ асуултанд өнөө хэр нь хариулт өгч чадахгүй байна. Тиймдээ ч хорьдугаар зууны хам­гийн гайхалтай оньсогуудын нэгд Норфолкийн хорооныхон алга болсон явдал тооцогддог юм.

ardchilal.mn http://ardchilal.mn/31435.html

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]