Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Дэлхийн хоёрдугаар дайны үеийн хамгийн шилдэг онгоцны нэг ньУншсан26,592

Шумбан бөмбөгдөгч онч сайтай бол У-2 маань бас л шумбан бөмбөгдөгч байв уу? Үгүй. Хамгийн хоцрогдсон зэрлэг бүдүүлэг гэмээр ганц нэгхэн хэрэгсэлтэй, шулуун нислэгээр нисэж байхдаа бөмбөгдөнө.

Нийтлэлч Чалчаа саарал.

Хурд, даац, нислэгийн тоо, найдвартай байдал, мэргэн бөмбөгдөх чадвар, хамгаалалт... энэ бүх үзүүлэлтээр уг онгоц дайны үеийн бусад онгоцноос ялгарч байжээ. Түүний бас нэг онцлог нь тухайн цаг үедээ бараг хосгүй гэж хэлж болох “stealth” шинж чанар юм.

Хурд даац болон бусад юмаар ялгарч байсан гэхээр танд тухайн их дайнд оролцож байсан айхтар мундаг онгоцнууд санаанд орох байх. Юнкерс-88, Хейнкель-111, Пе-2, Ил-4, Ту-2, Москито... Дээр нь Америкийн тэр олон мундаг бөмбөгдөгчийг тоочоод  дуусахгүй. Найдвартай байдал, мэргэн бөмбөгдөх чадвар гэхээр юун түрүүнд Юнкерс-87, хамгаалалт гэхээр Америкийн нөгөө хүнд бөмбөгдөгчүүд, Ил-2 зэрэг...

”Stealth” шинж чанар гэж II дайны үед юу байдаг юм бэ? Яахав Германы радар илрүүлэхэд их төвөгтэй байсан Москито цул модон тагнуул-бөмбөгдөгчийг ямар нэг хэмжээгээр тэгж хэлж болох юм гэх зэргээр бодогдож байгаа байх. Тэгэхээр тэр хэлээд байгаа мундаг онгоц нь чухам эдгээрийн аль нь юм бэ?

Дээр дурдсан олон онгоцны аль нь ч биш бөгөөд одоо ярих уг онгоц нь аливаа нэг техник үзүүлэлтээр дээрх онгоцнуудаас ялгарч байсан бол зөвхөн муу талаараа л ялгарч байсан юм. Энэ бол дэлхийн 2-р дайн эхлэх үед ихээхэн хуучирч хоцрогдсон байсан У-2 (сүүлд зохион бүтээгчийн нэрээр По-2 болсон) .

Германчуудын дооглон нэрлэсэн “рус фанер”, кофе бутлагч, оёдлын машин хэмээх тун ч доромж нэртэй энэ машинд гайхуулах юм юу байгаа болоод түүнийг хоёрдугаар их дайны үеийн хамгийн шилдэг онгоцны нэг гэж нэрлээд байгааг тайлбарлах гэж оролдъё.

Хурд. Энэ онгоцны хамгийн дээд хурд 150 км/цаг. Крейсер буюу ердийн хурд нь 120-130 км/цаг. Агаарт тогтож байх боломжит доод хурд нь ойролцоогоор 56 км/цаг (цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалах нь ойлгомжтой). Дайны үеэр Германы сөнөөгч нисгэгч Зөвлөлтийн холбооны У-2 харвал давхиж очоод буудаад устгачих нь цөөхөн тохиолдох зүйл. Учир нь хуучирч муудсан, хурдгүй ийм өөдгүй доожоогүй амьтныг агаарын рыцарь дайраад устгаад байх нь нэрэнд муу. Бас тэгээд яг цагаа тулахаар тэр доожоогүй амьтан чинь унаж өгөхгүй гай болж...

Ме-109  ганцаар яваа У-2-ыг олж харан дайрахаар зэхлээ. У-2 ч дайрах гэж байгааг мэдэн хурдаа хасан, газарт наалдан, элдэв маневр хийхэд бэлэн. “Ясан хэдрэг” дайрч эхлэн хараалах гэхэд өнөө муу удаан болхи амьтан чинь бага хурд, бараг байран дээрээ маневрлах зэргээс болоод хараанаас мултраад болдоггүй. Сайн хараалж амжихын тулд онгоцныхоо хурдыг мөн л багасгах хэрэгтэй болох нь... Чухам ингэж байгаад хичнээн ч германы нисгэгч унаж үхсэн бол? Учир нь Мессерийн хамгийн доод хурд нь (агаарт тогтож байх хурд) У-2-ын хамгийн дээд хурдтай адил байсан учраас тэр. Бүр Солонгосын дайны үеэр бас Америкийн тийрэлтэт сөнөөгч мөн л ийм байдлаар унаж сүйрсэн түүх бий. (гэхдээ энд У-2-ын маш туршлагатай нисгэгч л ийм байдлаар өөрийгөө хамгаалж чадна гэдгийг мартаж болохгүй)

Даац. Зөвлөлтийн бөмбөгдөгч Пе-2 нэг удаагийн нислэгээр У-2-оос 4-5 дахин их бөмбөг авч нисдэг байсан бол Ил-2 дайрагч энэ үзүүлэлтээрээ 3 дахин их.  Америк, Англи, Германы бусад том бөмбөгдөгчтэй харьцуулах тухай яриад ч хэрэггүй. Гэсэн хэдий ч энэ жижигхэн, мод даавуу холиод төмөр утсаар боож баглаад шахам хийсэн номын тавиур шиг онгоц нь өөрийн гэсэн гайхуулах зүйлийг хийсэн юм. Дайны үеэр Зөвлөлтийн онгоцны хаясан бөмбөгний тооцоог нэг харая. Дайрагч бүлэг (Ил-2)-160 мянган тонн, бөмбөгдөгч онгоцнууд 500 мянган тонныг хаяснаас 200 мянга нь алсын бөмбөгдөгч онгоцны хийсэн ажил. У-2 энэ үзүүлэлтээр 100 мянга. Дайны турш 36000 ширхгийг үйлдвэрлэсэн Ил-2 хэмээх энэ аймшигт мангасаас бараг дутуугүй байгаа биз. Дээр нь У-2 маань дайны туршид 11 000 ширхгийг үйлдвэрлэсэн гэж байгаа. 3 дахин цөөн, бас өчүүхэн жижигхэн боловч Ил-2 той бараг адилхан юм шиг л бөмбөг хаяж.

Нислэгийн тоо. Дайны үеэр Зөвлөлтийн бөмбөгдөгч дайрагч хүчний онгоцнууд нийт 850 000 гаруй нислэг хийж дайсныг бөмбөгдсөн байна. Энд өнөөх У-2 болон алсын бөмбөгдөгч онгоцны тоо ороогүй юм байна. Харин У-2 маань бөмбөгдөх, тагнах, холбоо барих, партизанд ачаа бараа хүргэх... гэж явсаар нийт 700 000 нислэг хийжээ.  Хуучин, шинэ нийлээд 10 000 дөнгөж гарах тоотой энэ машин 50 000 гаран жинхэнэ дайны машинаас дутуугүй ниссэн байх юм.

Найдвартай байдал. Энэ үгний цаана хамгаалалт гэсэн утга давхар явж байдаг. Дайны үеийн байлдааны онгоцнууд янз бүрийн хамгаалалтын буу зэвсэг, хуяг зэрэг зүйлээр хамгаалагдсан байдаг бол У-2 тийм юм байсангүй. Сайндаа л нэг ШВАК буутай байх ба ямар нэг хуяг тавих гээд ч даахгүй, мод даавуу чигээрээ л байлдааны даалгаварт ниснэ. Гэхдээ энэ онгоцыг буудаад шууд л унагачихаагүй бол нисгэгч нь ухаантай төдий байсан ч онгоцоо буулгаж чаддаг тийм л онгоц байв. Энэ онгоцыг тухайн үеийн нисэх хүчний нэг аймшиг болох өрөм гээчид оруулах гэж маш хэцүү, өрмөөс гарахад дэндүү амархан байсан гэдэг. Шатаагүй, бут үсрээгүй л бол энэ онгоцоор яаж ийж амьд мэнд бууж болно гэдэг итгэл нисгэгчдэд нь байдаг байж.  Дээр нь нөгөө сөнөөгч онгоцонд бас төвөгтэй байдал бий болгодог тухай дээр бичсэнийг бас санаарай.

Мэргэн бөмбөгдөх чадвар. Дэлхийн 2-р дайны үеэр энэ талаар бөмбөгдөгч онгоц дундаас онцгой ялгарч байсан онгоц бол Германы Ю-87 буюу бидний нэрлэдгээр “хүрзэт”. Учир нь энэ онгоц шумбан бөмбөгдөгч учраас тэр. Рудель мэтийн асууд бараг 90 хэмийн өнцгөөр шумбан орж 10-15 метрийн тойрог дотор бөмбөгөө унагаж чаддаг ийм л онгоц байлаа. Германы Ю-88, Зөвлөлтийн Пе-2-ыг мөн л шумбан бөмбөгдөгч гэдэг боловч үнэндээ энэ тал дээр 87-ын хажууд бол ичмээр дамшгууд.

Шумбан бөмбөгдөгч онч сайтай бол У-2 маань бас л шумбан бөмбөгдөгч байв уу? Үгүй. Хамгийн хоцрогдсон зэрлэг бүдүүлэг гэмээр ганц нэгхэн хэрэгсэлтэй, шулуун нислэгээр нисэж байхдаа бөмбөгдөнө. Шулуун нислэгээс бөмбөгдөх бөмбөгдөлтийн ончийг шумбан бөмбөгдөхөөс 40-50 дахин бага гэж үздэг. Тэгээд яахаараа У-2 маань мэргэн бөмбөгддөг билээ гэхээр өнөөх л хурднаас болж байгаа хэрэг. 60-70 км/цагийн хурдтай 600-700 метрийн өндрөөс, заримдаа бүр 200-гаас бага метрийн өндрөөс бөмбөгдөх нь ончийн хувьд “хүрзэтийн” хэмжээнд хүрэхгүй ч бусад хэдээсээ хамаагүй илүү өндөр байна гэсэн үг. 

Stealth. Энэ үгийг сэтгүүлч нар “үл үзэгдэгч” хэмээн сүржин нэрлэж олонд түгээж. Үнэндээ бол радио болон бусад локаторын, хайж илрүүлэх системд харагдахгүй, мэдэгдэхгүйгээр аль болох ойртож чадах тэр боломжийг л хэлж байгаа юм. Түүнээс харагдахгүй, баригдахгүй, бараг л физикийн хуульд захирагдахгүй ид шидийн юм биш.

У-2-ын хувьд дан мод, даавуугаар хийсэн онгоц учир фронт дээр байх Германы “Freya”  радар түүнийг тэр болгон олж илрүүлнэ гэж ховор. Дээр нь энэ үнэт радар нь өөрөө цөөхөн, бас нэг муу русфанер биш арай том юм хайж анхаарч байдаг байсан байж таараа.

 У-2 бол шөнийн бөмбөгдөгч. Шөнө л тэр өөрийгөө чухамхүү оёдлын машин биш байлдааны бөмбөгдөгч машин гэдгээ харуулж чаддаг байв. Дөл болон дуу намжаагч тавьсан У-2 700 гаруй метрийн өндөрт  нисэн ирэхийг шөнийн тэнгэрт хэн ч харахгүй, сонсохгүй. Өдрийн хүнд тулалдааны дараа ядран унтаж байгаа Герман цэргүүдийн толгой дээр 50-100 кг-ийн ганц нэг бөмбөг жаахан байж байгаад л гэнэт унаж тэсрээд л...хэсэг хугацааны дараа дахиад л арай өөр газар гэнэт бөмбөг тэсрээд...нөгөө мундаг Stealth гэдэг утганд таарахгүй байна гэж үү?

Царай зүс муутай, хөдөлгөөн хурд байхгүй, дэндүү хоцрогдсон гэмээр энэ онгоц нь өөр бусад байлдааны мундаг хөлгүүдийн сүрд дарагдан алдар гавьяа нь бага түгсэн ч дайны үеийн бас нэг жинхэнэ ажлын морь байж чаджээ. Магадгүй тэр догшин сүрт, том машинуудаас дутахгүй үүрэг гүйцэтгэсэн ч юм билүү. Чухам тэгсэн гэх хүн олон л байдаг юм билээ.

Сэтгэгдэл 5ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2019, 9 сар 22. 14:09
Зочин

eleg avaa hayachihlaa baina

2019, 6 сар 19. 0:34
Зочи

царцаа ногооны аав нь юм шиг их адилхан юм

2020, 11 сар 22. 8:58
Зочин

yg tiim shuu

2019, 6 сар 16. 0:11
Зочин

Сонирхолтой нийтлэл болжээ. Энэ онгоцны загварыг хийж байлаа. Тэр үед нэг хүнээс сонирхолтой түүх сонссон юм. Энэ онгоц давхар далавчтай болохоор планердах (моторгүйгээр агаарт тогтох) чадвар сайтай, бөмбөгдөх байндаа мотороо унтрааж чимээгүй дөхөж очоод бөмбөгдчихөөд зугатаачихдаг байсан гэдэг. 2-р дайны үеийн бусад онгоцтой харьцуулахад онц гойд юу ч үгүй шахам хэрнээ олон төрлийн үүрэг гүйцэтгэж, дайны дараа ч гэсэн их хэрэглэгдсэн гэдэг.

2019, 7 сар 4. 21:47
Зочин

маш ии үүрэг гүйцэтгсэн онгоц шүү Голдуу эмэгтэйчүүдээс бүрдсэн эскадрил хороонууд байсан түүхтэй юм билээ НОЧНОЙ ВЕДЬМА ,, гэдэг кино бсан үзээрэй

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]