Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Өөрийнхөө хотыг бөмбөгдсөн ньУншсан13,517

Энэ үед юм юм үзсэн шериф нь нисэх баазад мэдээ дуулгасан төдийгөөр санаа амарч болохгүй, хоорондоо хэл авалцахгүй бол дахиж бөмбөгдөөд хэн нэгний аминд хүрч болно гэж бодсоор нэгэн мэргэн арга олсон нь хотынхоо цахилгааныг таслах байв.

Агаарын осол гэмтлийн тухай дэндүү их юм бичсэн болохоор, энэ хүндхэн сэтгэл санаатай байгаа цаг үед бас л осол эндэгдэл боловч азаар гэм хор багатай гэх үү тийм үйл явдлын тухай сонирхуулах гэсэн юм.

Өөрийн хотыг бөмбөгдсөн нь

1943 оны 6-р сарын орой АНУ-ын нисэх хүчний Далхарт хэмээх буудлаас 4 B-17 онгоц шөнийн бөмбөгдөлт хийх сургуулилтдаа агаарт гарсан байна. Төлөвлөгөөгөөр бол эдгээр нисдэг цайзууд холгүй орших буудлагын талбайн дээр очиж Х үсгийн хэлбэртэй гэрэл бүхий байг бөмбөгдөх ёстой байж. Сүйд болох юмгүй жирийн л нэг сургуулилалт.

Хөтлөгч онгоцны шинэхэн штурман эр дайрах ёстой бай руугаа чиглэн явж байхдаа арай хойгуур, 40 миль орчим зайтай зөрөхөөр явж байгаагаа анзаарсангүй. Яг шөнө дундын үед нисэж яваа онгоцнуудад X хэлбэртэй гэрэл харагдаж онгоцны дарга бөмбөг хаяхад бэлтгэх тушаал өглөө. Ямар ч хүн байлдааны даалгавар өгч байхдаа өөрийн эрхгүй дотор нь буцалж, эр зориг нэмэгддэг гэдэг, мань эрийнх бүр арай илүү буцалсан шиг бололтой.

1200-хан хүнтэй Бойсе хэмээх хот шүлэг нойронд дөнгөж автаж эхлээд байв. Хамаг хүн унтсан хотод гэрэл гэх юм байсангүй буюу зөвхөн шүүхийн байрны хашааны хэдэн гэрэл л асаалттай.

Нисэх онгоцноос хаясан эхний бөмбөг нэгэн айлын гараашийг цөм цохин орж ирэн газарт унан дэлбэрч багахан хэмжээний нүх гаргажээ. Энэ дуу чимээнээр сэрсэн эхнэр нөхөр хоёр шалдан нүцгэн гүйн гарч иртэл өөр бас нэг том онгоц бололтой юм нааш чиглэн ирж байгааг хараад ухаангүй зугтсан байна.

Хоёр дахь бөмбөг Баптист сүмээс ёстой л метрийн зайнд унаж баахан цонх хагалан, 3 футын гүн (1 метр орчим) нүх гаргасан бол 3 дахь бөмбөг явган хүний зам дээр, дөрөв дэх бөмбөг шатахуун тээгч машины яг хажууд унасан ба уг машинд дүүрэн шатахуун байсан гэж байдаг. Энэ үед хотод байсан шериф чухам хэн бөмбөгдөөд байгааг тэр даруй ойлгосон учир нисэх бааз руу утсаар яаран залгаж байдлыг мэдээлээд, даруй бөмбөгдөхөө зогсоохыг шаардлаа. Өнөө хэд нь ч за зу, өршөө, уучил гэх юм яриад бөмбөгдөгч B-17-ын хэсэгтэй холбогдоод:

-Та нар хаана ямар юм бөмбөгдөж байгаагаа мэдэж байна уу? гэж ширүүн асуухад

-Бид хаана, ямар юм бөмбөгдөж байгаагаа мэдэж байна! Харин та нар хаана юу хийгээд сууж байдаг юм бол? хэмээн байлдааны даалгавар гүйцэтгэж байгаадаа сэтгэл хөөрсөн хөтлөгч онгоцны дарга тун ч баатарлагаар, ширүүхнээр хариу асуусан гэдэг. Ингэсгээд холбоо тасалдсан бололтой.

Энэ үед юм юм үзсэн шериф нь нисэх баазад мэдээ дуулгасан төдийгөөр санаа амарч болохгүй, хоорондоо хэл авалцахгүй бол дахиж бөмбөгдөөд хэн нэгний аминд хүрч болно гэж бодсоор нэгэн мэргэн арга олсон нь хотынхоо цахилгааныг таслах байв. Үүнийг хийж ядах юм үгүй, хотын төвд байх жижиг станцын товч дараад л болоо. Товч дарах гэж байх хооронд дахин нэг бөмбөг унан тэсэрч байгаа чимээ гарсан бөгөөд цахилгаан тасалснаас хойш дахин нэг бөмбөг унаад таг боллоо. Нисэх багийнхан байгаа мэргэн устгалаа гэж бөөн баяр хөөр болон буцжээ.

Энэ бөмбөгдөлтөөр нийт  6 ширхэг  100 футын (50 кг) бөмбөг хотын орчинд унаж ихээхэн дуу чимээ гаргаж, энд тэнд газар онгичиж хаясан ч сургуулийн бөмбөг учир ямар нэг айхтар хохирол учруулсангүй. (Сургуулийн бөмбөг нь 4 фунт тэсрэх бодис, 96 фунт элс байдаг гэнэ. Жинхэнэ бөмбөг нь 100 фунт тэсрэх бодис) Хамгийн сонирхолтой нь бай гэж бодон бөмбөгдсөн шүүхийн байранд ойрхон унасан даа гэж хэлэх бөмбөг байсангүй.

Мөрдөн шалгалтын явцад штурманыг шууд халж, бусад экипажийнханд цэргийн шүүхэд шилжих, эсвэл фронт руу явах гэсэн хоёр сонголт тулгахад бүгд фронт явжээ.

1944 онд Берлинийг бөмбөгдсөн 800 гаруй онгоц дотор эдгээр нөхдүүд нэгэн баг болж оролцсон бөгөөд нэлээдгүй том хэсгийг нь толгойлж явсан гэдэг. 50 жилийн дараа энэ явдалд зориулсан хөшөөг Бойсе хотод босгохдоо “гэмтнүүдийг” урьсан боловч хэн нь ч ирээгүй гэдэг билээ. Ямар нүүрээрээ ч ирэх билээ.

Хотоо андуурсан нь

2019 оны 7-р сарын 7-ны өдөр Швейцарын нисэх хүчний анхдагч болсон Оскар Бидерийн 100 насны ойд зориулсан олон арга хэмжээг зохион байгуулахаар шийдсэний нэг нь нисэх группийн агаарын шоу байлаа. Энэ шоуг Лангенбрюк хэмээх хотод хийх байсан учир Patrouille Suisse нисэх групп тогтсон цагтаа агаарт гарч очих ёстой газраа чиглэн нисжээ.

Хот руу дөхөж ирэх үед энд тэнд босгосон асар майхан, гоёл чимэглэл байгааг хараад шоу эхэллээ. Нааш цааш маш хурдтайгаар, нам өндөрт өөд өөдөөсөө зөрөх, нислэгийн дээд маягийг үзүүлэх гээд (Халх голын дайны ялалтад зориулсан Су-30 сөнөөгч онгоцны нислэгийн дээд маяг хийхийг үзсэн азтай хүмүүс бид чинь) ийм үед хийдэг сайхан болгоныг хийж өгсөн гэдэг.

Шоу амжилттай болж нисгэгчид буудал руугаа буцлаа. Онгоц газардах үед бөөн юм...

F-5E Tiger онгоц бүхий энэ группийнхэн очих ёстой газраа андууран Мюмлисвилле хотод болж байгаа йодлын фестивалын зочдод шоугаа үзүүлсэн байсан ба энэ нь хүрэх ёстой байсан газраас ердөө 6-хан км-ийн зайтай газар байж. Тухайн фестиваль нь өвөрмөц маягаар үг хэлэхгүй дуулдаг 31-дэх удаагийн наадам байгаад дээрээс нь агаарын шоу үзсэн болохоор үзэгчид жигтэйхэн баяртай. Харин нисэх хүчний анхдагчийн ойг тэмдэглэж байгаа нөхдүүд урамгүй гэж ярилтгүй. Ойн баярын хамгийн чухал юм нь энэ агаарын шоу байсан билээ.

Дараа нь энэ агаарын шоуны зардлыг яах, хэн төлөх тухай багагүй маргаан болж нисгэгчид ч гэсэн цалин мөнгөтэй холбоотой хэрүүл уруул болоод амжсан сураг гарч байсан билээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]