Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

"Үгүй ээ тэр чинь хань ижилтэй хүн шүү дээ"Уншсан48,637

Урлагт сайхан залуу, сайн аав, сайхан өвөө, хээгүй сайхан монгол эр хүний дүрээр мөнхөрсөн нэгэн эрхэм бол Р. Дамдинбазар билээ.

Урлагт сайхан залуу, сайн аав, сайхан өвөө, хээгүй сайхан монгол эр хүний дүрээр мөнхөрсөн нэгэн эрхэм бол Р.Дамдинбазар билээ. “Улаанбаатарт байгаа миний аавд” киноны жолооч Самдан, "Хөхөө гэрлэх дөхлөө" киноны Гэндэн, "Гарьд магнай" киноны Ядам өвгөн зэрэг олон сайхан дүрийг нь үзэгчид андахгүй.

 Тэрээр Төв аймгийн Бүрэн сумын нутагт 1928 онд төрж, 20 настай 1948 онд цэргийн албанд явж,  Цэргийн ерөнхий сургуулийн хөгжимчнөөр 3 жил ажиллаад 1951 онд халагдахдаа Хүүхэлдэйн театрын жүжигчнээр очжээ. Ардын жүжигчин Ц.Гомбосүрэн, найруулагч Г.Чойжамц нарын гар дээр очиж, тэд урлагийн их замд хөтлөн оруулсан гэдэг. Хөгжим сайхан тоглодог болохоор анх хөгжимчнөөр орсон ч удалгүй жүжигчин болсон.

  Хүүхэлдэйн театрт байхдаа “Гайхамшигт хайрцаг”, “Галсан ноён”, “Тоглоом тоотой нь дээр”, “Алиа Тогмид”, “Адуучин хүү” зэрэг олон сайхан хүүхэлдэйн жүжгийн дүр бүтээсэн. 1955 онд “Бүжигчин бүсгүй Урнаа” хэмээх хүүхэлдэйн жүжгийн бүтээлээр дэлхийн залуучууд, оюутнуудын V их наадамд амжилттай оролцож явсан.

  МУГЖ Н.Нэргүйбаатар “Хүүхэлдэйн театр түүнийг кинонд дуу оруулагч болгоход ихээхэн хувь нэмэр оруулсан. Учир нь хүүхэлдэйн театрт байхдаа дууны өнгөөр тоглож сурсан. Инээдмийн кинонд дуу оруулахдаа Дамдинбазар гуайг гүйцэх хүн байхгүй” хэмээсэн байдаг. Зөвлөлтийн инээдмийн киноны нэрт найруулагч Эльдар Рязановын "Ийм нэгэн явдал" киноны Новосельцевын рольд дуу оруулсан нь гайхамшигтай болсон. Ягаан Гажидын дүрээр олондоо алдаршсан Цэнд-Аюуш гуай Людмила Калугина даргын дууг ам барьж оруулсан энэ киног Монголын орчуулгын киноны түүхийн оргилд бичигдэнэ хэмээн үздэг.

Дамдинбазар гуай анх 1961 онд Д.Жигжид найруулагчийн "Улаанбаатарт байгаа миний аавд" киноны Самдангийн дүрд тоглосноор кино урлагт хөл тавьжээ. Уг дүрийг чадварлагаар бүтээж, улмаар "Монгол кино” гэх их айлд хөл тавьсан байна. Түүнээс хойш Монголкино үйлдвэрийн бүтээсэн олон киноны гол болон бусад дүрүүдэд өөрөө тоглосноос гадна монголын жүжигчдийн бүтээсэн киноны дүрүүдийн дууг оруулдаг байв. Дамдинбазар гуай 40 гаруй кинонд гол болон туслах дүр бүтээжээ.

Түүний бүтээсэн бас нэгэн сайхан дүр бол "Гарьд магнай" киноны Ядам өвгөний дүр билээ. "Үгүй ээ тэр чинь хань ижилтэй хүн шүү дээ. Яагаа вэ, Далайцэрэн хүү..." гэж Аравсал ноёныг ирэхэд хэлдэг үгийг үзэгчид санаж байгаа байх.

Дүрийг гаргахдаа энгийн чөлөөтэй, дүрээ маш сайн боловсруулж гаргадаг байсан тул хамтран тоглогчдоо хөтлөөд авч явдаг хэмээн жүжигчид дурссан байдаг. "Аав нэг удаа ... За миний хүү ийшээ нэг явна аа гээд, Гандан руу дагуулж очсон. Гандан руу яваад л орсон. Төд удалгүй гэзэг тавьж, цагаан даалимбан цамц, монгол гутал өмсөөд гараад ирсэн. Мотор дуугарлаа, хоёр гуравхан дубль явсан. Тэгсэн, за ингээд болчихлоо хоюулаа явья гэж билээ" гэж бага хүү Д. Эрдэнэсайхан дурссан байдаг.

“Дайсны цэргүүдээ сонсоцгоо” кинонд бүх үйлдлээ хийхийн тулд удаан хугацаагаар Москва хотноо “Мосфильм” кино компанид ажиллаж байжээ.

Тэрээр сонин, содон хүмүүстэй үерхэж, нөхөрлөдөг нэгэн байж. Энэ тухай түүний хань Г.Аюуш "Хөдөөний өвгөнийг ч "Энэ миний найз" гээд дагуулаад ирдэгсэн. Яруу найрагчид ирж, шүлэг, зохиолоо уншиж, үүр цайтал дуулж, хуурддаг байлаа. Ч.Чимэд, С.Эрдэнэ, Б.Явуухулан үе тэнгийнхэн байсан юм уу даа. Жүжигчдээс Л.Дагийранз, БДамчаа, Ч.Чимэд-Осор гуай их ирнэ. Залуучууд манай хүүхдүүд шиг л орж, гарч идэх юм байвал идэж, ууж, асуух зүйлээ асуугаад явдаг байлаа. Эмэгтэйчүүдээс СТА Ц.Цэнд-Аюуш дотно байсан. Олон жил хамт ажилласан болохоор Хүүхэлдэйн театрынхантайгаа өвгөн их ойр. Алиа хошны хувьд ч ярих юмгүй. Цаг мөнхөд л инээд хөөрөөр дүүрэн суудагсан. Ээж нь дэлгэр сайхан сэтгэлтэй, налгар хөгшин байлаа. Манай хүн ээждээ очоод хамт маань уншиж байгаа нь энэ гээд алиа марзан үг толгой холбон уншаад, инээлгэж суудагсан" хэмээн дурссан байдаг.

"Өглөө" киноны зураач марзан Шаравын дүрд тоглодог УГЖ Л.Лувсан гуайг театрын ахмадууд "боорцог" гэж хочилдог байж л дээ. "Сахиул уу, сахиус уу" кинонд дуу хийж байтал Лувсан гуай гаднаас ороод ирж, араас нь Итгэлт баянд тоглодог Очирбат гуай ороод ирлээ. Тэгсэн Дамдинбазар гуай "За Очирбат та дээшээ суу, идээ ид" гээд Лувсан гуай руу заачихаж байгаа юм. Боорцог ид гэж байхгүй юу. Хүмүүс нэрхийтэл инээлдэж, Лувсан гуай тэр дор нь сэтгэнгүүтээ Дамдинбазар гуайг заагаад "За яахав идээ идсэн бол хүүхээ, тамхи татна биз дээ" гэлээ. Дамдинбазар гавьяатыг "модон гаанс" хэмээн хочилдог байсан юм л даа. Тэгээд бие биенээ эвтэйхэн мадалчихаж байгаа юм" хэмээн ийм нэгэн хөгтэй явдлаас МУГЖ Г. Равдан гуай өгүүлжээ.

Хаана л инээд хөөр, хаана л баяр баясал цалгиж байна тэнд жүжигчин Дамдинбазар гол рольд байна хэмээн олон нөхөд нь түүнийг дурсдаг. Өглөө эртлэн босоод, кино багийнхныхаа бүх хувцсыг хооронд нь хольж, солиод тавьчихдаг байсан хэмээдэг. "Нэг удаа Бадамгарав гуай сүү авна гээд л нэг аравын бидон аваад ирж, түүнийг нь Дамдинбазар аваад л тээр дээрээс өлгөчижээ. Сүү ирлээ, сүү ирлээ гээд л нөгөөх саваа эрээд байдаг. Энд л тавьсан юм гээд эрж, эрж эцээд диван дээрээ сууж, дээшээ хартал дээр нь өлгөсөн байсан..." гэж гэргий Г. Аюуш дурссан байдаг.

Дамдинбазар гуайн зээнцэр охин нь "Орхидос" киононы дүрээр үзэгчдийн танил болсон А. Орхонтуул билээ. Тэрээр "миний өндөр өвөө. Ээж, эмээ хоёр маань түүнийг сайхан залуу байсан хэмээн ярьдаг" гэжээ.

 Р.Дамдинбазарын Монголын кино урлагт түүний оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж 1981 онд Монгол Улсын Гавьяат жүжигчин цол, тэмдгээр шагнасан юм.

Бүтээсэн дүрүүд:

1961 он "Улаанбаатар байгаа миний аавд" Самдан

1962 он "Хөхөө гэрлэх дөхлөө" Гэндэн

1962 он "Толбот хивс" Пүрвээ

1962 он "Түмний нэг" ноён

1963 он "Нүгэл буян" нутгийн хөгшин

1965 он "Сэтгэлийн дуудлагаар" нярав Лувсан

1966 он "Цэргийн хүү" байлдагч

1967 он "Төгсгөл" партизан Лувсан

1967 он "Хил дээр" Нэргүй

1968 он "Нийслэл хүү" бригадын дарга

1968 он "Өглөө" олны хэсэг

1969 он "Агуйн нууц" Хүрэл

1970 он "Хүргэн хүү" суурин Балдан

1971 он "Улаан дарцаг" журамт цэргийн дарга Дорж

1972 он "Ичээнд нь" Дугаржав бээс

1972 он "Тунгалаг Тамир" ноён

1973 он "Шинэ танилууд-Чимгээгийн төрсөн өдөр" Гэмпил

1974 он "Тамирын охин" захирал

1974 он "Уулзалт" захирал

1974 он "Нар хиртсэн жил" цэргийн комисс

1975 он "Хань" ерөнхий эмч

1975 он "Сүхболдын яриа" өвгөн

1976 он "Хүний төлөө" мужаан Лувсан

1978 он "Газрын жигүүр" Түдэв

1978 он "Их замын эхэнд" ?!

1978 он "Хайрхан өндөр хаана байна" өвгөн

1979 он "Хоньчин Найдан" Сүрэн захирагч

1979 он "Бушхүүгийн үлгэр" үзмэрч өвгөн

1980 он "Шийдвэрлэх алхам" Сэдэд

1981 он "Цэрэг эрсийн жирийн өдрүүд" офицер

1982 он "Хуучин сүм"

1982 он "Тэмцлийн оч" гүн

1983 он "Гарьд магнай" Ядам өвгөн

1983 он "Үүр цайхын өмнө" бадарчин

1984 он "Тань руу нүүж явна" Жанчив

1984 он "Зарлаагүй дайны оршил" Дамдин

1985 он "Ацаг шүдний зөрүү" хятад инжаан өвгөн

1986 он "Намар нахиалсан мод" Бодьхүү

1987 он "Хүний хүн" Баасан багш

1988 он "Мандухай цэцэн хатан" Төмөржин

1990 он "Тод магнай"

1990 он "Сүүн цагаан өргөө" Мишиг

Зааг.мн мэдээллийн сайтын редакцид бэлтгэв.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]