Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

М.Бямбажав: "Музейн үзмэрийн хүрлийг хуурамч гэсэн цуу яриаг бодлогоор дэгдээнэ гээч"Уншсан2,712

Хүн төрөлхтний түүхэнд хүй нэгдлийн үе гэж ярьж бичдэг дээ. Тэрний дараа нийтийн тооллын өмнөх хоёроос найман жилийн өмнөх үед хамааруулан авч үздэг.

Дундговь аймгийн музейн захирал, соёл судлалын ухааны магистр Маамын Бямбажавтай ярилцлаа.

-Таныг Дундговийн музейд олон жил ажиллаж буй хүн гэж сонссон. Хэд дэх жилдээ ажиллаж байна?

-Аймгийнхаа музейд гучин зургаа дахь жилдээ ажиллаж байна. Есдүгээр ангид байхдаа анх музей үзэж байлаа. Тэр л сэтгэгдэл минь надад гүн гүнзгий сонирхол төрүүлсэн. Аравдугаар ангиа төгсөөд “Энэ музейд ажиллана” гэж сэтгэл шулуудсан даа. Өнгөрөгч гучин таван жилийн хугацаанд музейн бүхий л ажлыг хийлээ. Жижүүр, үйлчлэгч хийж байлаа. Нягтлан бодогчоор ажиллалаа. Музей тайлбарлагч хийсэн. Одоо захирлын алба хашиж байна даа. Музейдээ ажиллаж байхдаа нягтлангийн сургууль төгсөж, Төрийн захиргаа удирдлагын академийн төрийн удирдлагын ангийн менежерийн анги төгсөхдөө музейнхээ судалгаан дээр үндэслэж “Музейн үйл ажиллагааг сайжруулах нь” сэдвээр бакалаврын зэрэг хамгаалсан. Мөн энэ сэдвээ цааш гүнзгийрүүлж магистрын зэрэг хамгааллаа.

-Аймаг, орон нутгийн музейнүүд гэж балгас шиг болсон юмнууд байдаг. Энэ нь ч улсын хэмжээнд соёлын талаарх бодлого алдагдсантай холбоотой байх. Танай Дундговь аймгийн музейн хувьд ямар онцлогтой музей бол. Үзмэр ихтэй юү?

-Манай аймгийн музейд 4600-гаад үзмэр хадгалагдаж байна. Эдгээр үзмэрийн1300 гаруй нь шашны холбогдолтой үзмэр, 800 гаруй нь хүрэл зэвсгийн үеийн олдвор дурсгалууд байгаа. Мөн түүхийн холбогдолтой мянга гаруй, угсаатны зүйн үзмэрүүд гурван мянга гаруй бий. Манай музей хүрэл зэвсгийн үеийн үзмэр цуглуулгаараа Монгол Улсад төдийгүй дэлхийд алдартай. Дундговийн музей гэхээр “Хүрлээрээ алдартай” гэж салбарынхан маань бүгд мэднэ. Зава Дамдины гэр музей байна. Зава Дамдин Монголын шашин, түүх, соёлын нэрт зүтгэлтэн хүн.

-Монголын түүхийг гэхэд “Хоро чойнжин” номдоо тодорхой дурдсан их эрдэмтэн дээ?

-Үнэхээр том эрдэмтэн. Монгол Улсын түүхийг түвд хэлээр бичсэн, Шинжлэх ухааны академи буюу Судар бичгийн хүрээлэнг үүсгэн байгуулалцсан түүхэн гавьяат хүн шүү дээ. Манай музейд шашны хөөмөл, шуумал, зурмал өчнөөн бурхад хадгалагдаж байна. Түвд хэлнээ бичигдсэн номууд хэдэн зуугаараа байна. Худам Монгол бичгийн өчнөөн дурсгалууд хадгалагдаж байгаа.

-Дэлхийд хосгүй үнэтэйд тооцогдох ямар бүтээл үзмэрүүд байна?

-Түүх, соёлын дурсгалыг хосгүй үнэт, үнэт, ердийн гэсэн зэрэглэлээр Улсын нэгдсэн бүртгэл, мэдээллийн санд бүртгүүлдэг юм. Засгийн газрын тогтоол гарч хосгүй үнэт үзмэрт оруулдаг. Манайхаас яг одоогоор санал өгөөд хосгүй үнэт үзмэрт орчихсон зүйл байхгүй. Монгол Улсын Байгалийн түүхийн музейд хадгалагдаж байгаа солирын хэлтэрхий манайд хадгалагдаж байгаа. Байгалийн түүхийн музейд хадгалагдаж байгаа солирын нэг хэсэг нь хосгүй үнэт үзмэрт орсон. Тэр солир 1967 оны хоёрдугаар сарын 3-ны өдрийн өглөөний найман цаг 30 минутанд Дундговь аймгийн Хулд сумын Тугалын бүлээн гэдэг газар унасан. Үүнийг өглөө үнээ сааж байсан хүн харсан байдаг. Энэ солирыг яг унасан даруйд нь аймгийн музейд авчирсан байгаа юм. Манай музейн эрхлэгч мундаг хүн учраас Олон улсын солир судлалын институтэд явуулж, судалгаанд оруулсан. Тэр институтээс “Ийм найрлага бүхий солир ерөөс унаж байгаагүй. Энэ бол төмөр чулуун солир. Найрлагаараа маш ховор учраас хосгүй үнэтэд тооцогдоно” гэсэн дүгнэлт гаргасан.

-Зава Дамдин гэж их соён гэгээрүүлэгчийн гар бичмэлүүд байдаг гэлээ. Эрдэм шинжилгээний эргэлтэд орсон байдаг бол уу?

-Зава Дамдины 16 боть сүнбүм байгаа. “Хоро Чойнжин” бүтээл нь ч бий. Энэ бүхэн эрдэм шинжилгээний эргэлтэд ороод явж байгаа. Манай Дундговь аймгаас Монголын маш олон алдартай хүмүүс мэндэлсэн байдаг. Монгол Улсын Зууны манлай эрэгтэй, эмэгтэй уртын дуучин Дорждагва гуай, Норовбанзад гуай хоёр гэхэд манай аймгийнх шүү дээ. Дундговиос шинэ үеийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг Содномбалжирын Буяннэмэхээс наашлуулаад төрийн шагналт яруу найрагч Долгорын Нямаа, соёлын гавьяат зүтгэлтэн, “Болор цом” наадмын хошой тэргүүн шагналт яруу найрагч Цэндийн Чимэддорж, хүүхдийн нэрт зохиолч Самбуугийн Надмэд, кино жүжгийн нэрт зохиолч Хоролын Зандрайбайды, МЗЭ-ийн болон “Алтан-Өд” шагналт яруу найрагч Цэвлээгийн Отгонжаргал нарынмаш олон зохиолч, яруу найрагч, уран үгийн инжаанууд төрсөн. Эд бүхний нэрэмжит булангууд, зохиол бүтээлүүдтэйгээ байна.

-Зураачид гэхэд маш олон төрсөн дөө?

-Ардын зураач Доржпалам, байгалийн их дууч хэмээгдсэн төрийн шагналт зураач Цэмбэлдорж гуайн бүтээлүүд байна. Монголдоо хөрөг зургаар алдаршсан Өлзийхутагийн бүтээлүүд, “Зарцын нүүдэл”-ийг зурсан зураач Цэрэндоржийн бүтээлүүд бий. Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, их шог зураач Цэвгийн Байды гуайн бүтээлүүд эх зургаараа байгаа. Монголын орчин үеийн алдартай зураачдын бүтээлүүд гэхэд зуу гаруй хадгалагдаж байгаа.

-Музейн катологи аль хэр хэвлэгдсэн бол?

-Музейн катологи, номыг арваад жилийн өмнөөс хийсэн. Тэрнээс хойш хориод номыг музейн санхүүжилт болон гадны ивээн тэтгэлгээр хэвлүүлж дээ. Муейнхээ жаран жилийн ойдоо зориулж хамгийн анх “Шилдэг үзмэрийн катологи”-ийг гаргасан. Энэ онд манай музейн далан жилийн ой тохиож байгаа. Одоо түүхт ойдоо зориулж тавдахь удаагийн хэвлэлтээ гаргаж байна. Музейн катологи гэдэг маш их ач холбогдолтой зүйл байдаг.

-Ямар ач холбогдолтой байх вэ?

-Үзмэрийг хулгайд алдах, солигдох, хуурамчаар үйлдэхээс сэргийлдэг. Янз бүрийн юм боллоо гэхэд эрэн сурвалжлахад тус нэмэртэй. Үндсэндээ баталгаажуулж авч байгаа нэг хэлбэр л дээ. Мөн үзмэрийг эдийн засгийн эргэлтэд оруулж, аялал жуулчлалыг татан, үзэгчдэд үзмэрийг таниулах зэрэг олон талын ач холбогдолтой.

-Орон нутгийн болон бусад музейнүүдтэй аль хэр хамтарч ажиллаж байна?

-Салбарын бүх музейнүүдтэй хамтарч ажиллана. Монгол Улсын Үндэсний музейтэй гэхэд “Хүрэл зэвсгийн үеийн үзэсгэлэн”-г 2003 онд, 2016 онд тус тус гаргасан. Манайх хүрлийн үеийн үзмэрүүдээ хэд хэдэн төрөлд хувааж байгаа. Ангийн зэвнүүд байна. Хутга бий. Амьтны дүрстэй, олон марал, чимэг, унжлагууд гээд олон төрлийн үзмэр байна л даа. Амьтны дүрстэй хүрэл дотроос хэдэн мянган жилийн өмнө хийгдсэн гэхэд үнэхээр хосгүй хийц дүрслэл, уран чамин бүтээлүүд байдаг. Манай музейн лого гэхэд БНХАУ-ын Өмнөд Монголын Ордост олдсон. Үзмэрүүд шинжлэх ухааны судалгаа, шинжилгээ, эргэлтэд анх орсноороо нэршчихдэг. Тэр ямар дүрс вэ гэхээр бугын хөлнөөс чоно барьж байгаа дүрс л дээ. Хэмжээ нь өндрөөшөө 15 сантиметр, өргөөшөө найман сантиметрийн дүрс. Энэ үзмэртэй яг ижилхэн дүрс бүхий тэмээг чоно барьж байгаа хүрэл үзмэрийг би олж авсан.

-Манай Баянхонгор аймгийнхан гэхэд хүрэлийн үеийн хос морийг бас их бахархан, лого тэмдэг ч болгосон байдаг шүү?

-Тэр хос морь ч их алдартай шүү дээ. Гэхдээ манай музейд буй үзмэрүүдээс арай хожуу үеийнх гэдэг санагдаж байна.

-Хүрлийн үе гэх гэхээр яг хэдий үеийн талаар яригдаад байна?

-Хүн төрөлхтний түүхэнд хүй нэгдлийн үе гэж ярьж бичдэг дээ. Тэрний дараа нийтийн тооллын өмнөх хоёроос найман жилийн өмнөх үед хамааруулан авч үздэг. Хүрэл зэвсгийн үед овог аймгаараа амьдарч байсан хүмүүс гэр бүл болох, аж ахуй эрхэлж, ан гөрөө хийж, мал ахуйг гаршуулах болсон. Тэр үеийн хүмүүсийн урлагийн мэдрэмж маш өндөр байсан байгаа юм. Манай үзмэрт буй хутгануудын ишийг харахад янз бүрийн хээ угалзтай байгаа. Жараад хутга байгаа. Кинжаал маягийн хутгууд ч бий.

-Ховор үзмэр цуглуулга бүхий музейнүүд халдлагад өртөх магадлал өндөр байдаг. Танай музейн хувьд тийм зүй бус зүйл ажиглагдах юм уу?

-Ний нуугүй хэлэхэд тийм хандлага анзаарагддаг шүү. Манай үзмэрийн хүрлийг гэхэд хуурамч гэсэн цуу яриаг дэгдээдэг. Бүүр бодлогоор дэгдээнэ гээч. Эрдэмтэн судлаачдаас ч тийм хандлага илэрнэ. Тиймээс зориудаар АНУ-ын эрдэмтдээр хүртэл судлуулж байсан. Манай музейн үзмэр яагаад ийм найдвартай байна вэ гэхээр хүний нөөц маш найдвартай, сан хөмрөгөө хариуцаж байсан хүн гэхэд хорин хэдэн жил ажлаа хариуцлагатай хийж ирсэнд байгаа. Миний өмнөх захирал Мөнхбаяр гэхэд 26 жил үнэнч шударга ажилласан. Шашин номын том зүтгэлтнүүдийн нэр алдраар амьжирч буй зарим нэг хүмүүс хүртэл “Өв хэрэглэлээ авна” гэх тохиол гарна. Улс төрийн том зүтгэлтнүүд алдартай зураг бүтээлүүдийг хуулбарлаад өгье гэх мэт янз бүрийн л санал ирнэ. Тэр бүхэнд төрийн албан хаагчийн чигч шулуун зан л гол шугам болно шүү. Хүмүүсийн шунал гэж өнөө цагт их аймаар болсон нь анзаарагдана шүү.

-Танай музейг хэн гэж хүн үүсгэн байгуулсан бол?

-Монголын музейн түүхэнд анх удаа музейн зориулалтын барилга бариулж байсан Жамсрангийн Сугар гэж мундаг хүн байсан. Амьтдын чихмэл, үзмэрийг орон нутагт анх удаа хийлгэсэн хүн шүү дээ. Хүрэл зэвсгийн үеийн цуглуулгыг бий болгохдоо сурагчдын зуны даалгавар өгч бүрдүүлсэн байдаг. Дундговь аймгийн нутгаар морин тэрэгтэй хэдэн сар өдрөөр явж олдвороо цуглуулдаг байсан учраас сахал үсэндээ баригдсан тэр хүнээс айж эмээх ч тохиол гарч байсан тухай инээдтэй яриа домог үлдсэн байдаг. Хамгийн гол нь тийм л халуун сэтгэлээр аймгийнхаа музейг байгуулсан юм билээ. Энэ хүнийхээ тухай “Морь тэрэгтэй эрэлчин” гэсэн ном гаргалаа.

Л.Батцэнгэл

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]