Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Колумб Сарны хиртэлт ашиглаж гэнэн итгэмтгий индианчуудыг хуурсан тухайУншсан11,715

Манай тооллын өмнөх 413 оны 8 дугаар сарын 27-ны өдөр болсон сарны хиртэлтийн үед Грекийн нийслэл Афин хотын жанжин Никиасийн удирдсан арми Сиракус (латинаар Syracusae) хотыг буулгаж авах зорилгоор бүсэлж байсан мөртлөө ялагдсан байна.

 

Энэ оны долдугаар сарын 27-нд XXI зууны хамгийн урт буюу 1 цаг 43 минут (103 минут) үргэлжилсэн сарны бүтэн хиртэлт болж өнгөрсөн юм. Энэхүү ховор тохиолддог байгалийн үзэгдлийн үеэр дэлхийн сүүдэрт бүтэн халхлагдсан сарны өнгө бүдгэрч цус шиг улаан өнгөтэй болжээ. Тухайн үед дэлхийд хамгийн ихээр ойртож ирсэн улаан гариг Ангараг, сарнаас хоёр градус хиртэй зайтай байсан нь энэ нөлөөг улам ихээр тодруулсан байна.

Энэ бол энэ зуунд хамгийн урт үргэлжилсэн сарны хиртэлт байлаа. Ер нь бол нарны бүтэн хиртэлттэй харьцуулахад сарны бүтэн хиртэлт нь ойр ойрхон болдог үзэгдэл боловч одоо дурдаж байгаа сарны бүтэн хиртэлт нь онцгой үзэгдэл байсан юм. Сарны хиртэлт тодорхой үе шатуудыг дамждаг. Эхлээд бага, багаар хиртэж, нэмэгдсээр бүтэн хиртэлт болж улмаар багассаар дуусдаг. Энэ тодорхой үе шатуудыг нийлүүлвэл сарны хиртэлт энэ удаад 6 цаг 13 минут 48 секунд үргэлжилжээ.

Зургийн тайлбар: Сарны бүтэн хиртэлтийн үед  Дэлхийн конусан хэлбэртэй сүүдэр сарыг бүрэн халхалсан байдаг. Эх сурвалж: WIKIMEDIA COMMONS

Сар хиртэнэ гэдэг нь сар дэлхийн сүүдэрт хагас эсвэл бүтэн халхлагддаг одон орны үзэгдэл юм. Хагас халхдагдвал хагас хиртэлт, бүтэн халхлагдвал бүтэн хиртэлт боллоо гэдэг.

Сарны хиртэлт нь дэлхий сар, нар хоёрын дунд байгаа үед ажиглагддаг.

Сарны хиртэлт хагас байх уу бүтэн байх уу гэдэг нь дэлхийн сүүдэр сарыг ямар хэмжээгээр халхлаж байна вэ гэдгээс хамаардаг.

Зургийн тайлбар: Сар нь дэлхийг тойрон эргэх замынхаа явцад аажмаар дэлхийн конус хэлбэртэй сүүдэрт халхлагддаг байна. Сар нь дэлхийн сүүдэрт бүтэн халхлагдвал бүтэн хиртэлт болдог. Сарны хиртэлтийн үе шатуудыг харуулж байна. Эх сурвалж: BUSINESSINSIDER

Долдугаар сарын 27-ны хиртэлт нь төвлөрсөн (централ) сар хиртэлт байсан. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл Сар Дэлхийн конус хэлбэртэй сүүдрийн голоор дайрч өнгөрчээ гэсэн үг. Энэхүү сар хиртэлтийн өөр нэг онцгой хүчин зүйл нь дэлхийгээс хамгийн хол зайд байсан явдал юм.

Зургийн тайлбар: Сарны дэлхийгээс хамгийн хол байгаа зайг Apogeum гэж одон орончид нэрлэдэг. Эх сурвалж: PINTEREST

Сар нь дэлхийг зууван хэлбэртэй замаар тойрох ба хамгийн хол зай нь 405696 км ба дэлхий сар хоорондын дундаж зай нь 384400 км байдаг.

Зургийн тайлбар: Хэрэв сар нарыг халхлавал, өөрөөр хэлвэл сар нар дэлхий хоёрын дунд орвол нар хиртдэг. Эх сурвалж: GETTY IMAGES

Зургийн тайлбар: Сарны хиртэлт нь Дэлхий нь нар, сарны дунд орсон үед бүтэн сартай байхад явагддаг үзэгдэл юм. Эх сурвалж: ABC, Umbra гэдэг нь латинаар бүтэн сүүдэр гэсэн үг. Penumbra гэдэг нь хагас сүүдэр гэсэн үг.

Зургийн тайлбар: Сарны энэ бүтэн хиртэлтийн үед Ангараг гариг дэлхийд хамгийн ихээр ойртож иржээ. Эх сурвалж: NASA/JPL/MSSS

Зургийн тайлбар: Энэ үед Ангараг гариг сарнаас хэдхэн градусын дээр байжээ. Эх сурвалж: ASTRO BOB – AREAVOICES

Зургийн тайлбар: Сарны дэлхий рүү харсан талд нүдээр харах боломжтой саарал толбонууд буюу сарны “тэнгэсүүд” бий. Энэ нь үнэн хэрэг дээрээ солир унасан, галт уулын хүрмэн чулуулаг бүхий тогоонууд. Энэ зураг дээр харагдаж байгаа нь Mare Imbrium буюу Бороонуудын тэнгис гэдэг нэртэй сарны тал юм. Эх сурвалж: AMES ATRONOMERS

Бүтэн хиртсэн сар улаан шаргал өнгөтэй болсон нь сарны гадаргууг бага хэмжээний нарны гэрэл гэрэлтүүлж байгаа гэсэн үг. Нарны гэрэл дэлхийн араас ирэх ба нарны цацрагийн багахан хэсэг л дэлхийн захаар нэвтэрдэг. Нарны гэрэл дэлхийн агаар мандалд нэвчиж тархдаг. Дэлхийн агаар мандал нарны  богинохон долгионы урттай хөх, ногоон цацрагийг шүүж үлдээсний дараа бага хэмжээний цацраг л саран дээр хүрч очихдоо улаан шаргал өнгөтэй болгодог аж.

Зургийн тайлбар: Нар, дэлхий, сар гурав нэг шугам дээр ирсэн байна.

Зургийн тайлбар: Сар penumbra-д буюу хагас сүүдэрт орж ирэн хагас хиртэж байна.

Зургийн тайлбар: Сар дэлхийн конусан хэлбэртэй сүүдэрт бүрэн халхлагдсан байна. Энэ бол бүтэн хиртэлт. Сар umbra буюу бүтэн сүүдэрт орж ирсэн байдал.

Зургийн тайлбар: Сар umbra-гаас гарч хиртэлт нь дуусах үе шат руугаа явж байна.

Зургийн тайлбар: Энэ хиртэлт яагаад улаан шаргал өнгөтэй болдог вэ гэдгийг харуулж байна.

Зургийн тайлбар: Сарны бүтэн хиртэлт. Эх сурвалж: NASA

Зургийн  тайлбар: Грекийн Акрополис хот дээр байгаа бүтэн хиртэж байгаа сар. Эх сурвалж: ORIGO

Эртний хүмүүс сар хиртэлтэд анхаарлаа ихэд хандуулдаг байсан. Тэд байгалийн энэ үзэгдлийг ихэвчлэн аймшигтай гамшгууд ирэх урьдчилан дохио, тэмдэг гэж хардаг байв. Эртний дорно дахины ард түмэн сар хиртэх үед хорон санаатай луу сарыг залгих гэж байна хэмээн үзэж энэ лууг үргээхийн тулд асар их дуу хөгжим үүсгэдэг байжээ.

Зургийн тайлбар: Сарыг залгих гэж байгаа хорон санаат луу. Эх сурвалж: ORIGO

Тэгвэл Хойд мөсөн далайтай хиллэж амьдардаг дорнод сибирийн ард олон, сарны “удаан үхлийг” нарнаас болдог гэж үздэг байжээ. Балтийн тэнгисийн эрэг хавьд оршин суудаг байсан эртний хүмүүс сар хиртэлтийг, нөхрөө хаясан учир шийтгэл болгож сарыг “хоёр хувааж” байгаа нарны өшөө авалт гэж үздэг байсан.

Зургийн тайлбар: Нөхрөө хаясан учир шийтгэл болгож сарыг “хоёр хувааж” байгаа нарны өшөө авалт. Эх сурвалж: ORIGO

Слав отог омгийнхон сар хиртэлтийг нэг муу санаатай чоно сарыг хазаад байна гэж үздэг байжээ. Дундад азийн абхазууд тэдний Анква гэдэг голлох бурханы тушаалаар сарны хорлонтой эгч нь сарыг идэж байна гэж үздэг байжээ.

Хойт америкийн индиан отог омгийнхон сарны бүтэн хиртэлтийг асар том тэнгэрийн нохойнууд сарыг зууснаас болж сарнаас гарч байгаа өөрийнх нь цуснаас болж улаан өнгөтэй харагдаж байна гэж үздэг байжээ.

Энэтхэгийн сихэ отог омгийнхон сар хиртэлтийг, сар зээлдүүлэгчээсээ нүүр буруулан зугтаж байна. Сар нь зээлдүүлэгчээс их хэмжээний зээл авсан ба авсан зээлээ буцааж төлж чадаагүй тул зээлдүүлэгч зээлээ нэхэж ирэх үед нүүрээ түүнээс нууж байна гэж үздэг байжээ.

Эртний соёл иргэншлүүдэд сар хиртэлтийг дайн болох, халдварт өвчин тархах, өлсгөлөн гарах урьдчилсан дохио тэмдэг гэж үздэг байжээ.

Зургийн тайлбар: Эртний соёл иргэншилүүдэд сар хиртэлтийг дайн болох, халдварт өвчин тархах, өлсгөлөн гарах урьдчилсан дохио тэмдэг гэж үздэг байжээ. Эх сурвалж: TIMES SQUARE CHRONICLES

Сар хиртэлттэй олон хуучны түүхийн домог холбоотой байдаг. Үүний нэг нь америк тивд Карибын арлууд дээр одоогийн Ямайкад 1504 оны 2 дугаар сарын 29-нд болсон сарны бүтэн хиртэлтийн түүх нилээд алдартай нь юм. Испанийн хаанд үйлчилж байсан Итали гаралтай аялагч Кристофер Колумб (Christopher Columbus) усан онгоц дээр халдварт өвчин гарч, аялагч багийн хэдэн гишүүн хоол хүнсний гачигдлаас болж индиан отог омгийнхонтой санал зөрөлдөн тэднээс хэдэн хүнийг алж, дээрэм хийжээ. Үүнээс болж индианчууд аяллын багийнхныг хоол хүнс, усаар хангахаас татгалзсан байна.  

Зургийн тайлбар: Кристофер Колумбусын хөрөг зураг. Эх сурвалж: SEBASTIANO DEL PIOMBO

Өлсгөлөнгөөс болж зовсон Колумб хөлөг онгоцонд байсан одон орны нэг календарыг үзэж, энд байсан хүснэгтүүдээс сарны нэг бүтэн хиртэлт тун удахгүй болох нь гэдгийг мэдэж авчээ. Ингээд Колумб индиан отог омгийн ахлагчтай уулзан далайчдыг хоол хүнс, усаар хангахаас татгалзсан тул Колумб бурхан тэднийг удахгүй шийтгэнэ, эхний анхааруулга болгож сарыг алга болгоно гэж хэлжээ.

Зургийн тайлбар: Колумб урьдчилан мэдсэн сарны хиртэлт далайчдыг өлсгөлөнгөөс аварчээ. Эх сурвалж: MEDIUM

Колумбыг омгийн ахлагчтай уулзсанаас хойш гурав хоногийн дараа сарны бүтэн хиртэлт болжээ. Үүнээс айсан индиан отог омгийнхон бурхны уур хилэнг гаргахын тулд далайчдыг хоол хүнс, усаар элбэг дэлбэг хангах болж. Үүний дараа долдугаар сард Испаниас далайчдын хангалт иржээ.

Манай тооллын өмнөх 413 оны 8 дугаар сарын 27-ны өдөр болсон сарны хиртэлтийн үед Грекийн нийслэл Афин хотын жанжин Никиасийн удирдсан арми Сиракус (латинаар Syracusae) хотыг буулгаж авах зорилгоор бүсэлж байсан мөртлөө ялагдсан байна. Афиныхан давуу байдалд байсан боловч 413 оны зун Сиракусын флот хүчирхэгжиж, Афины армийг халуурал, халдварт өвчин, цусан суулга хөнөөж эхэлсэн учраас жанжин нь шөнийн дайралт, довтолгоог төлөвлөжээ.

Гэтэл 8 дугаар сарын 27-ны шөнө сар бүтэн хиртсэнээс болж Афины цэргүүд хад чулуутай газар урагшилж давшилт саатахад хүрчээ. Афинчууд тэдний араас сар тусаж байсан учраас өөрсдийнхнийхөө сүүдрээс болж өмнө байгаа өвс ургамал, хад чулуунуудыг олж харж чадахаа болиод бүдэрч унацгаах болсон учраас тэндээс хурдан зайлах хэрэгтэй болжээ. Ингэж Афины арми сарны хиртэлтээс болж хүчин мөхөсдсөн байна. Үгүй бол тэнд домгийн Трой хотод тохиолдсон шиг л явдал Сиракус хотод тохиох байжээ.

Судлаач, орчуулагч Урианхан Л.Пүрэвхүү

 

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]