Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

1924-1992 он хүртэлх Монгол улсын нэр юм. Энэ үед Монгол улсын төр нийгмийн тогтолцоо нь социалист нийгмийг дамжиж хойд хөршийн бүрэн хараа хяналтад байлаа. Улмаар харийн түрэмгийлэгчдийн санаархлыг удаа дараа тас цохиж, тусгаар тогтнолоо хадгалж чадсан чухал цаг үе билээ.

Нийслэлийн түүхийн нэмэлтгүй хуудсуудУншсан3,877

XX зууны эхэн үеийн Монголын нийслэл хүрээнд авто замын сүлжээ байгаагүй боловч ердийн хөсөг болон явган зорчигч нарт зориулсан хэд хэдэн том жижиг гүүр байжээ. Үүнд: Баянзүрхийн гүүр, Яармагийн гүүр, Сэлбийн гүүр зэрэг томоохон гүүрүүдээс гадна Залрахын гүүр, Хар усны гүүр, Хадарын гүүр зэрэг хэд хэдэн жижиг гүүр байсан гэдэг.

Нийслэлийн гүүрүүд

XX зууны эхэн үеийн Монголын нийслэл хүрээнд авто замын сүлжээ байгаагүй боловч ердийн хөсөг болон явган зорчигч нарт зориулсан хэд хэдэн том жижиг гүүр байжээ. Үүнд: Баянзүрхийн гүүр, Яармагийн гүүр, Сэлбийн гүүр зэрэг томоохон гүүрүүдээс гадна Залрахын гүүр, Хар усны гүүр, Хадарын гүүр зэрэг хэд хэдэн жижиг гүүр байсан гэдэг.

Баянзүрхийн гүүрийг Туулын дээд гүүр, Яармагийн гүүрийг Туулын доод гүүр хэмээн хэлэлцдэг байв. Туулын дээд гүүрийг 1888 онд худалдааны оросууд санаачлан бариулсан бол Яармагийн гүүрийг Богд хаант Монгол Улс байгуулагдсаны дараахан бариулжээ.

 

Сонгинод малын тарилга үйлдвэрлэх газар байгуулсантай уялдуулан Яармагийн гүүрийг бариулсан гэсэн мэдээ байдаг. Харин Сэлбэ гол дээр ноёд баядын жууз, сүйх, морин тэрэг явах, Майдар эргэх зэрэгт зориулсан хэд хэдэн гүүр байсан гэх мэдээ байдаг ч Арслантай гүүрнээс бусад нь хаана байгаад хэрхэн нурж унасан тухай мэдээ байхгүй байна.

Сэлбийн дунд гүүрний хоёр талд 1946 онд дөрвөн чулуун арслан байрлуулснаар Арслантай гүүр нэрийг олжээ. Баянзүрхийн гүүр, Яармагийн гүүр хоёрыг 1922 оны дөрөвдүгээр сард Ардын засгийн тогтоол гарч засварласан боловч 1929 он гэхэд хоёулаа эвдэрч ашиглах боломжгүй болсон байна. Иймд Яармагийн хуучин гүүрний ойролцоо шинэ модон гүүр бариулсан боловч 1936 онд шатжээ.

Харин Баянзүрхийн гүүрийг 1938 онд Налайх-Улаанбаатарын нарийн төмөр зам тавигдсантай уялдуулан төмөр бетон тулгууртай болгож орчин үеийн хийц маягт ойртуулсан байна.

Залрахын гүүрийг 1925 оны Засгийн газрын тогтоолоор Дунд голын гүүр нэртэй болгосноос гадна 1930-1934 онд Аж үйлдвэрийн комбинат байгуулсантай холбогдуулан 1937, 1947 онд тус тус том модон гүүрүүд шинээр барьж ашигласан ч хуучирч муудсаар 1960 онд одоогийн Энхтайваны гүүрэнд байраа тавьж өгсөн байна.

Зайсангийн гүүр нь харьцангуй сүүлийн үеийн байгууламж боловч бас л өөрийн гэсэн түүхтэй. Бага Тэнгэрийн ам руу чиглэсэн нэг жижгэвтэр гүүр байсан нь 1934 онд нуран унасан учир Сайд нарын зөвлөлийн тушаал гарч шинээр Зайсангийн чиглэлд гүүр бариулжээ.

Энэ гүүр нь Зайсангийн гэсэн нэр зүүж байгаад 1940 онд эвдэрсэн байна. Дахин 1941, 1952 онд шинээр гүүр баригдан дахин Зайсангийн гүүр алдрыг нь авч явсаар 1966 оны их үерт өртөж бүрэн эвдэрчээ.

Энэ гүүртэй зэрэгцүүлэн 1967-1968 онд хотын зам гүүрийн барилга трест анхны их даацын темер бетон гүүрийг барьж ашиглалтад өгснөөр Зайсангийн гүүрийн шинэ түүх эхэлсэн байна. Энэ мэтээр тодруулж үзвэл гүүр нь түүхийн том гэрч, хөгжлийн их хөтөч гэдэг тодорхой харагддаг аж.

Хотын зарим талбай, цэцэрлэгүүд

Нийслэл хотыг цэцэрлэгжүүлэх ажил 1936 оноос эхэлсэн гэдэг. 1936 онд улсаас 25000 төгрөгийн төсөв гаргаж мод тарих хөдөлгөөн өрнүүлснээс гадна энэ ажлыг хариуцсан орон тооны албан хаагчтай болгосон байна.

Тухайн онд хотын албан газрууд болон хөдөлмөрчдөөс /хуучин нэрээр/ хуримтлагдсан 300 төгрөгийг хотын төв цэцэрлэгийг байгуулах ажилд зарцуулснаас гадна Голын цагаан сүмийн өмнөх хэсэг бургасыг цэвэрлэн хашиж "Ардын цэнгэлдэх цэцэрлэг" хэмээн нэрлэж, хаяг хаджээ.

Энэ үеэс яамд болон хотын албан газрууд орчин тойрондоо мод суулгаж эхэлсэн байна. 1940 онд Чингис хааны талбайн өмнөх цэцэрлэгт Сонгины булангаас 60 гаруй бут бургас авчирч тарьж хотын төв хэсгийг цэцэрлэгжүүлж эхэлсний дээр 1951 онд барималч Жамбаагийн бүтээсэн "Эмнэг сургагч" хөшөөг байрлуулан анхны усан оргилуурыг байгуулсан аж.

1969 онд Сэлбийн голын зүүн эрэг дагуу ШУА-ийн Ботаникийн хүрээлэнгээс 1000 гаруй модыг тарьж нэгэн цэцэрлэгийг үүсгэсэн түүх бий. Энэ цэцэрлэг нь 15,5га талбай эзэлсэн гэж түүх бичигт тэмдэглэгдсэн байдаг. Уул цэцэрлэгийг 1972 онд Улаанбаатар хотын АДХГЗ-ны /хуучин нэрээр/ 59-р тогтоолоор "Найрамдал парк" гэж нэрлэжээ. Өнөөдөр тэр "Найрамдал парк" хаа байгааг тоймлох аргагүй.

Төв цэнгэлдэх хүрээлэн нь нийслэл хотын томоохон талбай, цэцэрлэгийн тоонд орсоор ирсэн аж. Уул хүрээлэнг 1960-1961 онд барьж байгуулан Ардын хувьсгалын 40 жилийн ойн баярын үед ашиглалтад өгсөн гэдэг.

Уул хүрээлэнгийн зураг төслийг А.Хишигт, Т.Мишиг, Б.Дамбаням нарын архитекторууд үзэсгэлэнгийн зургаа, худалдаа үйлчилгээний 40 гаруй, биеийн тамирын арав гаруй байр танхим талбай, сүүдрэвчтэй байхаар зохион бүтээсэн аж.

Нийт 18 хэсгээс бүтсэн хийгээд 1500 хүний суудалтай баригджээ. Энэ үед эдгээр цэцэрлэг, хүрээлэн, Сүхбаатарын талбай /Чингисийн талбай/-аас гадна Чойбалсангийн талбай, Хувьсгалчдын талбай, Барилгачдын талбай, Магсаржавын өргөн чөлөө, Ардын хувьсгалын талбай нэртэй томоохон газрууд байсан нь одоо түүх болон үлджээ.

Тухайлбал: Хуучин Дотоод яамны хоёр давхар барилгыг /одоо Тагнуулын төв газар байгаа/ 1935 онд барьж түүний өмнөх 150x35 метр талбайг 1939 оноос "Чойбалсангийн өргөн чөлөө" хэмээн нэрлэсээр 1956 он хүрсэн аж.

Мөн 1950 онд одоогийн Төр засгийн ордны арын цэцэрлэгийг хөдөлмөрчдийн /хуучин нэрээр/ субботникоор анх барьж байгуулан өргөтгөсөөр хотын АДХГЗ-ны /хуучин нэрээр/1972 оны тавдугаарр сарын 21-ний 109 дүгээр тогтоолоор "Хувьсгалчдын талбай" хэмээн нэрлэхээр тогтжээ.

Харин Барилгачдын талбайг 1970 оноос, мөн төмөр замын тосгон барьж төмөр замын дээд сургуулийн өмнөх талбайг "Магсаржавын өргөн чөлөө" гэж тус тус нэрлэжээ. Энэ мэтээр хотын гудамж тапбайн түүхийг сурвалжлан үзвэл сонин содон баримтууд их бий.

Баримтаас ажиглахад нийгмийн тогтолцоо өөрчлөгдөх бүрт гудамж талбайн төрх байдал болон нэр алдар нь өөрчлөгдсөөр байна. Гэсэн ч түүх нь үнэнээрээ үлддэг учир өнгөрснийг сайтар мэдэж байх нь дараагийн үйл хэрэгт тустай буюу.

Н.Даваадаш /МУСГЗ/

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]