Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Ерөнхийлөгч Х.Баттулгын аавын мөрнөөс...Уншсан26,562

Сайн засуултай гарвал хоёр бөх зэрэг дайрч буйтай адил

Монгол бөхийн маш том онцлог бас том давуу тал нь засуул. Гэтэл үнэн хэрэгтээ сүүлийн үед засуул гээч нь малгай барьж зогсдог, бөхчүүдийнхээ хөлд дайрагдчих гээд төвөг учруулаад байдаг тийм л хүмүүс болж харагдах нь элбэг болжээ. Улсын арслан Ц.Бадамсэрээжид гуайтай хэдэн жилийн өмнө хөөрөлдөж суухад засуулын талаар ингэж ярьж байсан юм. Үнэхээр ч хашир арслангийн ярьснаар сайн засуултай бөх гэдэг өрсөлдөгчийнхөө эсрэг хоёр бөх дайрч байгаатай адил болдог нь үнэн байх.

Дархан аварга Б.Түвдэндорж засуул дээрээ

 

“…Манай засуулууд одоо ямар ч үүрэг хариуцлага алга. Зүгээр л бөх үзэх сонирхолтой хүмүүс байхаас биш. Бөхийн барилдааныг өөрсдөө бас сонирхолтой сайхан болгож болно шүү гэдгээ ойлгохгүй юм. Дээхнэ чинь Лүгдэв, Гончиг гээд авч гарч буй бөхчүүддээ хэрхэн өрсөлдөгчөө давах тухай заагаад хэлээд, бүр туслаад өгдөг засуулууд байлаа шүү дээ. Дээр үед даншиг наадамд барилдахдаа нутгийнхаа ахмад алдартай бөхчүүдээр засуулаа хийлгэдэг байсан түүх бий шүү. Гэтэл зүгээр л бөх үздэг сонирхдог хүн засуул хийнэ гэхэд бас л учир дутагдалтай болоод байгаа юм. Уг нь сайн засуултай гарвал өрсөлдөгч рүүгээ хоёр бөх зэрэг барилдаад, дайраад байгаатай адилхан байх юм шүү дээ. Жишээ нь, засуул бөхдөө өрсөлдөгчийг нь хаашаа голдуу унадаг, хаашаар унадаггүй зэргийг гээд л мөн ч их хэрэгтэй зүйл хэлж өгөх үүрэгтэй байх. Одоогийн энэ засуулуудад тэнцүүхэн тооны бөхчүүд оноогоод л хэнийх нь засаж буй бөх олон давж байна, хэнийх нь түлхүү унаж байгааг тооцоод л цол эзэрг шагналыг нь ахиулах юмуу, бууруулах журам баривал үр ашгаа өгөх болов уу…” хэмээн улсын арслан Ц.Бадамсэрээжид гуай өгүүлж байлаа.

 

Х.Баянмөнх: Би Баттулгын аав Халтмаа гэдэг хүний мөрийг түшиж, элгэнд нь наалдаж, зүлэг ногоон дэвжээн дээр 30 шахам жил барилдсан

 

Ерөнхийлөгч Х.Баттулгын аав хүндэт засуул Ж.Халтмаа гуайн мөрөн дээрээс дархан аварга Х.Баянмөнх гарах гэж буй нь

Би Баттулгын аав Халтмаа гэдэг хүний мөрийг түшиж, элгэнд нь наалдаж, зүлэг ногоон дэвжээн дээр 30 шахам жил барилдсан. Би Баттулгыг зөвхөн өөрийг нь гэлтгүй эцгийг нь мэддэг хүний хувьд дэмжиж байгаа юм. Халтмаа гуай шударга, үнэнч,  хөдөлмөрч, чийрэг, шуналгүй хүн байсан. Тиймдээ ч би зөв хүний мөрийг түшиж байна даа гэж  бодож явсан. Бөхийн тод ногоон зүлгэн дээр барилдаж явахад хамгийн ойрхон байдаг хүн бол засуул. Миний ээж, гэргий ч тэнд очих эрх байхгүй. Төв аймгийн нэг эмэгтэй “Би Баянмөнхийн гэргий байсан бол барилдаж байхад нь ойрхон очоод байж байна даа” гэж ярьсан юм. Тийм юм байдаггүй байхгүй юу. Хамгийн хэцүү, барилдаж байхдаа яаядаа гэж байхад л түшиг тулгуур болдог нь засуул. Тэр хүнд малгайгаа бариулж байсан.

 
Улсын манлай засуул Хадын Пүрэв:  Сүүлд нь хаанаас нь ч бариад хаяна шүү дээ. Чиний шунал ихдээд байна

 

Миний мөрнөөс төрийн наадмын 16 түрүү төрсөн юм даа. Б.Бат-Эрдэнэ аварга 13 түрүүлэхэд есөд нь би малгайг нь бариад хажууд нь зөвлөөд зогсож байсан. Г.Өсөхбаярын гурав, А.Сүхбатын гурав, Сумъяабазарын нэг түрүү надад бий. Г.Өсөхбаяр миний мөрөн дээрээс дөрөв ч түрүүлчих боломж байсан л даа. Сүүлд 2010 оны Ардын хувьсгалын 89 жилийн ойн их баяр наадмаар түрүү байрын төлөө барилдахдаа миний үгнээс зөрж байж Б.Ганбатад мордуулсан. Өсөхөө шавчихаад элэг бүсээ чангалаад барилдааны талбайн баруун тийш алхахад “Яаж барилдах нь вэ” гэж би асуусан юм. Мань хүн “Шууд золгочихъё” л гэж байна. Хариуд нь би “Шууд золгоод хэрэггүй цаг нь болохоор золго. Бэлдсэн юм ирнэ” гээд л барилдуулсан. Мань хүн шууд очиж золгоод л Б.Ганбатад хашиж мордуулаад тэнгэр харсан юм даа. Б.Ганбат гарч ирэхдээ Өсөхөөд “Аваргын замд саад хийхгүй ээ” гэж хэлээд тайвшруулчихсан юм билээ. Би Өсөхбаярт “Хүний үгнээс зөрөөд хохь чинь” гэж хэлдэг юм. Золголгүй хүлээгээд ирийг нь дараад авах байсан.

Баярлуулсан, догдлуулсан барилдаануудын алийг тэр гэх вэ. Гэхдээ ах нь наадмын дэвжээнд гурван удаа л нулимс үзүүлж байлаа. 1991 онд Ардын хувьсгалын 70 жилийн ойн их баяр наадмаар дархан аварга Б.Бат-Эрдэнийн бэлтгэл ханачихсан, ёстой торгон ирэн дээрээ байсан юм. Манай хүн наймын даваанд улсын гарьд П.Сүхбатыг амлаж зүүн сэнжигэнд нь шунаж яваад багахаан гишгэдлийн алдаа гаргаж этүүлээд суучихсан. Ёстой тэнгэр нураад л ирэх шиг болсон доо. Уул нь Бат-Эрдэнийг чинь амьд амьтан битгий хэл, адгуус ч зогсоохооргүй байсан байхгүй юу. Дараа нь аваргад “Яах гэж тэр сэнжигний барьцанд шунав. Сүүлд нь хаанаас нь ч бариад хаяна шүү дээ. Чиний шунал ихдээд байна” гэж хэлж байсан. Дараа нь 2006 онд аварга А.Сүхбат зодог тайлах гэнэтийн шийдвэр гаргаж бүр намайг дагуулж очиж тугнаасаа адис авч байлаа. Би ч тэсэлгүй мэлмэрээд л явчихсан. Бөхөд хайртай түмнийг уран хурц барилдаанаар олон жил баясгасан аваргыгаа ингээд явчихна гэж яаж санах билээ дээ. Сүүлд 2009 онд Ардын хувьсгалын 88 жилийн ойгоор түрүү байрын төлөөх барилдаанд Нямдоржийн Ганбаатарыг зассан юм. Ганбаа ч тэр жил түрүүлчихээр хэмжээнд байсан Д.Сумъяабазар, Б.Ганбат хоёрыг илүүрхэж хаяад зам нь шуударчихсан байлаа. Түрүү байрын төлөө барилдахаар гарахад нь “Ээ миний хүү энэ өндөр даваанд гарч ирсэн хүн яарч л болдоггүй юм шүү. Ийм боломж хүний амьдралд ховор тохиолдоно. Шөнө болтол зууралдаарай. Хэрэгтэй цагт нь би ганц юм хэлнэ. Алдалгүй ашигла” гэж захисан юм. Тэгсэн мань хүн золгонтуутаа тэвчээр алдаж тойруулж татаад мангасдуулаад дор нь орчихдог юм даа. Гол харлаад л явчихсан. До.Ганхуяг татахыг нь хүлээж байсан байхгүй юу.

2004 оны ардын хувьсгалын 83 жилийн ойгоор хадам, хүргэн хоёр төрийн наадмын түрүү байр булаацалдахад засч байсан. Дархан аварга А.Сүхбат, гарьд Б.Гантогтох хоёрын барилдаан хүнд байсан шүү. Тухайн үед А.Сүхбатын засуулаар ажилласан. Амжилтыг нь бодоод “Б.Гантогтохыг ганц түрүүлчихээсэй” гэх бодол толгойд эргэлдэж л байсан. Аав нь 10 түрүүлсэн аварга хүн байхад хүү нь ганц түрүүлээгүйд нь харамсдаг юм. Ганаа арслан цолны тухай бодоод барилдаанаа гаргаж чадаагүй. Тулж зогсож байгаад л өшиглүүлээд унасан. Уул нь гайхмаар мэдрэмжтэй барилддаг хүн шүү дээ. П.Сүхбат, Ц.Мягмарсүрэн хоёрт унаж байгаад л эргээд дээр нь гарчихдаг барилдаан нь одоо ч нүдэнд харагддаг юм.

Сэтгэгдэл 3ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2020, 4 сар 4. 0:12
Зочин

ok

2018, 7 сар 30. 11:32
Зочин

Haltmaa guai bol zugeer tsembeger aav haragdaj baina oo

2018, 10 сар 10. 23:06
Зочин

Төс байна шүү ерөнхийлөгчтэй

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]