Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хувьгүй хаан Аригбөх буюу анхны номын түүхУншсан12,959

Хүн хүний зан чанар, онцлогоос шалтгаалдаг байж магадгүй, ихэнх уран бүтээлчид маань анхны номоо гаргасныхаа дараа машид баярлан хөөрч байсан тухай олонтаа дурссан байдаг бол харин би ер нэг их хөөрч догдолсоноо санадаггүй юм.

Хүн хүний зан чанар, онцлогоос шалтгаалдаг байж магадгүй, ихэнх уран бүтээлчид маань анхны номоо гаргасныхаа дараа машид баярлан хөөрч байсан тухай олонтаа дурссан байдаг бол харин би ер нэг их хөөрч догдолсоноо санадаггүй юм. Хоёр учир шалтгаан байгаа. Юуны өмнө би харьцангуй хожуу бараг дөч дөхсөн насандаа анхныхаа номыг хэвлүүлсэн тул бас залуу оргилуун үе улирч одсон байх, мөн ер нь нэг зөнгөр, хэнэггүй тал нь дийлсэн ч байж мэднэ.

 

Монголын түүх судлалын ноён оргилуудын нэг, их түүхч Ч.Далай гуайн “Монголын түүх” хэмээн сайхан ном бий. Тэр номоос анхныхаа номыг бичих санаа төрсөн билээ. Ер нь түүх сонирхдог ч учиргүй шамдан ухдаггүй байж. 1997 онд билүү дээ, “Шинжээч-21” дээд сургуулийн Сэтгүүлзүйн ангид Дэлхийн түүх, Өрнө Дорнын утга зохиолын хичээлийг нэг жил заасан юм. Шинэхэн гэр бүл болсон, ар гэрээ тэжээх бөөн хариуцлагатай ачаа үүрсэн хүн чинь давхар давхар ажил хийж, зүтгэдэг байв. Үндсэн ажлынхаа чөлөөгөөр Баруун 4 зам руу гүйж хичээл заана. Оюутнуудад юм хэлж өгөхийн тулд өглөө, оройгүй Дэлхий дахины түүх нэлээд нухаж уншсан. Өмнө нь өөрийгөө Дэлхийн түүхийн талаар мэдлэгтэй гэж боддог байсан ч унших тусам улам сонирхолтойн дээр өөрийгөө ёстой Их далайн хөвөөнд ирчихээд цөөрөм байна гэж андууран харж байснаа ойлгосон юм. Тэрхүү хичээлд шамдаж бэлтгэсний үр дүнд Дэлхийн түүхийн тухай овоо ч юм хараад, нэг цэгцтэй мэдээлэл, мэдлэгтэй болоод авав. Гэтэл Дэлхий дахины тэр том түүхэн дотор Монголчуудын маань түүх тун онцгой өвөрмөц, давтагдашгүй онцгой өнгө төрхтэй болох нь эрхгүй анзаарагдаж билээ. Тэгээд л Монголынхоо түүхийг уншиж гарав. Гарын дор Ч.Далай гуайн цуврал ботиуд таарсан нь их аз боллоо. Тэндээс хэд хэдэн зүйл онцгой тод үлдсэний нэг нь Толуй ханы отгон хүү Аригбөх бээр Чингис хааны хасбуу тамга, дайны Хар, Төрийн Их Цагаан сүлдийг хууль ёсоор атгаж, Алтан ургийнхны оролцсон Хархорины ойролцоох Алтангорхийн их хуралдайгаар Ази, Европыг дамнасан Их гүрний хаанаар өргөмжлөгдөн, 4 жил төр барьсан авч, өнөөг хүртэл түүнийг Их хааны бүү хэл бага хааны ч тоонд оруулж үздэггүй, Чингис хаанаас Лигдэн хутагт хаан хүртлэх 36 хааны нэрс дотор ямагт гээгдэж бичигддэг, тэр бүү хэл “умраас муу дүрээр их цэрэг босгон” Төрд тэрсэлсэн ялтан гэж үзэх үзэл хандлага амь бөхтэй байсан явдал юм.

Тийн байтал, бараг 5 жилийн дараа, 2002 онд юм байна, Л.Түдэв гуай болон МУСГавьяат зүтгэлтэн Б.Дугарсүрэн, зохиолч Л.Дашням нарын санаачилгаар Монголын 108 хаадын намтрыг цувралаар бичиж хэвлүүлэх санаачилга өрнөв. Л.Дашням гуайтай уулзаж, Аригбөх хааны тухай боть бичигдэх эсэхийг лавлаваас, “Тийм шүү, бичих ёстой юм” хэмээн өлгөж аваад, тэр бүү хэл, “Чи бич” гэж тулгадаг юм байна. Тэр даруй Түүхийн хүрээлэн лүү таваргаж очоод Ч.Далай гуайтай уулзваас машид баярлан, “Яг зөв, залуус та нар бичихгүй бол хэн бичих юм. Аригбөх хааны үнэн түүхийг гаргаж ирэх хэрэгтэй. Ах нь өтөлж, гэхдээ чамд дэм, тус болж, санаа оноо, зүг чиг хэлж өгч байя” гэж урамшууллаа. Нэгд сонирхол, удаад нь энэ хоёр эрхмийн урамшуулж түлхсэн нь, гуравт, бас санхүүгийн ч ашиг сонирхол нэгдэв. Тэр номыг бичихэд тухайн үедээ 100 000 ч билүү, сайн санахгүй байна, төгрөгийн шагнал өгөх байв. Ер амьдрал амаргүй, гурван нялх хүүхэдтэй, талх, хоолоо ч чүү хүчэрч, заримдаа ч бүтэн сараар дан гэдэс цувдайгаар хооллон зүтгэж байж билээ. Хүүхдүүдээ цэцэрлэгт оруулаад, эхнэр маань ч бас ажилд орсон хэдий ч үе үе автобусны мөнгөгүйгээс хаа байгаа Улиастайгаас Хотын төв хүртэл алхаж ажилдаа ирэх нь ч байв. Эхнэрийн маань нэгэн монетон бөгж мөн ч олон ломбард дамжсандаа.

Тэгээд 2002 оны намар Төв номын санг баахан ухаж, Судрын чуулганы Орос эхийг олоод, бас бус зүйлс нэмж цуглуулан, ажлаасаа 14 хоногийн чөлөө аваад сууж бичив. Тэр үед ямар онлайн ертөнц гэж нэг далай шиг юм байсан биш. Хамаатныхаа ахаас нэг компьютерийг нь түр авчрав. 14 хоногтоо дуусгачихаад бичсэнээ Ч.Далай гуайд үзүүлбээс, тун сайшааж, хэд хэдэн үнэтэй зөвлөгөө өгсний дотор “Аригбөх хааны эх Сорхугтани бэхи хатны тухай нэгэн сонирхолтой мэдээлэл гарах болсон. Чи Их Засагийн Н.Ням-Осортой уулзаад тэр номыг нь авч уншаад, номдоо санаа нэмж оруулаарай” гэлээ. Ням-Осор гуайтай уулзаж, өнөөх номыг нь авч үзвэл уншаад ойлгоход нэн бэрх ном байж билээ. Тэр бол одоо олон хүний хувьд нэн эрхэм тэнгэрийн судар болдог “Хөх Монголыг Төрөөр бадраах хутагтай нэүрит ЗАСАГ-ийн Алтан дээд үнэний АЯЛГУУ” гэдэг ном байлаа. Энэ номыг Журнайн Нүрзэд агсны дээдэс бүр Сорхугтани хатны үеэс хэдэн үеэрээ өртөөлөн цээжилж ирсэн бөгөөд сая нэг бичигт буулган ном болгон хэвлүүлсэн нь тэр. Номыг унших тусам нэн сонирхолтой, ялангуяа хэл шинжлэл талаасаа бол цоо шинэ судалгааны судлагдхуун хэмээх итгэл төрж билээ. Тэгээд Ч.Далай гуайн зөвлөснөөр номдоо Сорхугтани хатны тухай бүтэн бүлэг нэмж, өнөөх Алтан аялгууг ч дурдан, хэсгээс нь иш татлаа. Далай багшаар виза даруулж аваад Дашням гуай дээрээ бариад очвол бас хэдэн сайхан санаа хэлж өгөв. Тэгээд он гараад хэвлэнэ. 36-р боть болно гэлээ.

Он гараад номоо хэвлэгдэхийг хүлээгээд л байгаа, нэг сар өнгөрөв, хоёр сар өнгөрөв. Дашням гауйгаас лавлавал хөрөнгө санхүүгийн асуудал шийдэгдээгүй байна гэв. Тэгэж байтал 2003 оны 3 сарын сүүлээр АНУ-д гэнэтхэн явахаар болж, яг АНУ-ын зэвсэгт хүчин Иракт довтолж эхэлсэн 23-ны өдөр Вашингтонд бууж билээ. 2004 оны эхээр “Аригбөх” ном хэвлэгдлээ гэсээр эхнэр 1 ширхэгийг илгээмжээр ирүүллээ. Илгээмж задлаад баярласаан, баярласан. Гэхдээ гол нь хүүхдүүдийн маань зураг, эхнэрийн захиа, бас хэдэн ааруул, борц энэ тэрд баярласан нь их талдаа байж мэднэ. Одоо Хаадын цувралын анхны хэвлэл болох жижиг хөх номууд дотор бий дээ. Худалдаанд ер үзэгдэхээ больжээ. Тэгээд номынхоо эх бичвэрээ онлайнаар аваад, Вашингтонд Даяар Монгол сэтгүүл гаргаж байхдаа ердийн принтерээр 100 ширхэгийг өөрөө хэвлээд, 10 доллараар зарчихаж билээ. Өнгө зүс ч тааруухан. Тэр үед АНУ-д байсан Монголчууд маань Монгол агуулгатай зүйл ховор учир хурдан авсан байх, сайндаа ч биш.

Гэртээ принтерээр хэвлэсэн номын маань эхний хуудас

Миний анхны ном бүтсэн түүх маань ийм. Түүхийн сэдэвтэй биш утга зохиолын ном анхлан хэвлүүлсэн бол арай л илүү баярлах байсан байх аа. Би анхныхаа шүлгийг 9-тэйдээ бичиж, 6 дугаар анги төгсөх жилээ нэг улаан, нэг хөх дэвтрээр дүүрэн шүлэгтэй болж, 9-р ангидаа анхныхаа өгүүллэгийг бичсэн. Бас анхныхаа туужыг энэ түүхийн номоос 10 жилийн өмнө 1994 онд бичсэн боловч ер хэвлүүлэх талаар бодож байсангүй. Анхныхаа уран зохиолын номоо дөнгөж өнгөрсөн жил (2017 он) л хэвлүүлжээ. Бас анхныхаа мэдээг 1987 онд “Алтайн хөгжил” сонин хэвлүүлсэн. Эх барьж авсан хүн маань тэр үеийн “Алтайн хөгжил” сонины Хариуцлагатай нарийн бичгийн дарга асан, манай нэртэй сэтгүүлч, нийтлэлч, яруу найрагч Ш.Содномжамц маань байлаа. Харин тэр мэдээ маань нийтлэгдсэн сонины дугаарыг цүнхэндээ бүтэн сар авч явсандаг. Яах гэж тэгснийг бүү мэд.

Сэтгүүлч, зохиолч Б.Номинчимэд

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2020, 3 сар 14. 21:17
бодоо

400-500 жилийн өмнө болоод өнгөрсөн түүх яг юу болоод өнгөрснийг таамаглахаас өөр архив тэмдэглэл тун ховор тэгээд ч оросууд зөвлөлт улс комминтернээр дамжуулан үндэсний соёл түүх уламжлалыг тээж явдаг язгууртан давхрага, ургийн овог, уламжлалт бичиг зэргийг үгүй хийснээс хойш бүр ч барих юмаар ховор болсон учир гадны түүхчдээс өөр мэдээлэл үгүй болсон.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]