Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Нутгийн иргэдээс нууцаар газрын зураг авсан ньУншсан10,018

Шаардлагатай зүйлээ худалдаж авах гэж нэг цэргийнхээ хамт миний орсон Долнуур хотыг бид өнгөрөн, Хаалган орох замаар цааш явлаа.

 

Tolgoilogch.mn сайт Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг түүх газарзүй, өв соёл, зан заншлын холбогдолтой бүтээлүүдээс уншигчдадаа хүргэж байна. “МОНСУДАР”  хэвлэлийн газар “Монголоор бэдэрсэн гадныхан” хэмээх цувралыг эрхлэн гаргаж байгаа бөгөөд Монголчуудын аж амьдрал, Монгол хүнийг тодорхойлон бичсэн жуулчдын бүтээлийг эх хэлнээ орчуулан уншигч олондоо хүргэх, Монголын түүхийг гадны хүмүүс хэрхэн ойлгож, бичиглэн үлдээснийг таниулах, бид бодит байдал дээх хэрхэн амьдарч байв гэдгийг  тодруулах зорилготой аж.

Уг цуврал бүтээлийн дундаас алдарт Н.М.Пржевальскийн Монгол, Гань-су, Хөх нуур, Умард Төвдөөр 11000 бээрийг туулан, судалгаа хийж бичсэн “Монгол орон ба Тангудуудын нутаг газар” хэмээх хоёр боть бүтээлээс толилуулж байна.

Өмнөх нь: -Чөтгөр шулам, ид шид Монголчуудын хувьд алхам тутамд тааралдана http://www.tolgoilogch.mn/_kz__jp05jb

-Хонь төхөөрөхөөс зүрхшээж байсан Монгол эрс дайсныхаа толгойг өчүүхэн ч зоволгүй тас цавчина http://www.tolgoilogch.mn/_md4ftchobo

Пржевальский Хишигтэн аймгийн нутгаар http://www.tolgoilogch.mn/_xb0xt+h5xk


III бүлэг. Монголын өндөрлөгийн зүүн өмнөд зах

 

 (Интер номын дэлгүүрийн салбаруудаар

худалдаалж байна)

Эндхийн газрын байдал яг л нэг хэвийн учраас нүдэн баримжаагаар газрын зураг авалт хийхэд нэн бэрхшээлтэй байлаа. Ер нь энэ ажил бидний аяллын турш багагүй бэрхшээл учруулж байв.

Аяллын үеэр газрын зураг авалт хийхдээ нэгдүгээрт яв цав, нарийн чанд байдлыг ямагт сахин мөрдөх, хоёрдугаарт үүнийг орон нутгийн оршин суугчдаас нууцлах шаарддагатай бөгөөд энэ хоёр нөхцөл адилхан чухал. Газар орных нь зургийг авч байгааг эндхийнхэн ялангуяа хятадууд мэдэх юм бол бидний аян замын бэрхшээл зовлон нэг хувь нэмэгдэж, бид хүн ам шигүү суурьшсан нутгуудаар чөлөөтэй өнгөрч чадахгүй болох байсан юм. Гайхалтай азаар, бидний баримт, өөрөөр хэлбэл газрын зураг баригдаж байгаагүй бөгөөд явсан газрынхаа зургийг авч байгааг хэн ч мэдээгүй өнгөрсөн сөн.

Газрын зураг авахдаа газарт зоосон тулгуур дээр байрлуулж байгаад уг зүйлээ хардаг Шмакальдерийн багажийг би ашигладаг байсан юм. Ийм нөхцөлд сэжиг төрүүлэхгүйгээр энэ ажлыг хийх боломжгүй учир их зүйлийг алдахын оронд бага зүйлийг алдахаар шийдэж тулгуур хөлийг ерөөсөө авч явахгүй болсон билээ. Түүний оронд өнцгийн дурангаа хоёр гараараа барин нүднийхээ өмнө аваачиж, соронзон зүүг зохих байрандаа очтол нь байлгаж байж зургаа авдаг болсон бөгөөд хэрэв зүү тогтож өгөхгүй, хоёр тийш савлавал би дундаж заалтыг нь авна. Хол ойрын зайг бид цаг хугацаа болон тэмээний алхах хурд хоёроор тодорхойлно, харин ажлынхаа цар хүрээг Английн ямх гэдэг хэмжээнд арван бээрийг багтааж үзэхээр тогтоод байлаа. Зураг авалтаа би замд явахдаа хийж, үргэлж халаасалж явдаг тэмдэглэлийн бяцхан дэвтэртээ аливаа зүйлийн талаар анзаарч анхаарсан бүхнээ бичиж авдаг байв. Аяпчин хүн ямар ч тохиолдолд ой ухаандаа итгэж найдаж болохгүй учир ийм нямбай зан чанар аялагч хүнд зайлшгүй шаардлагатай. Тухайн өдөрт халаасны дэвтэртээ бичиж авсан бүх зүйлээ би мөн өдөртөө багтаан аяллып тэмдэглэлдээ буулгана, гаргасан газрын зургаа ч нэг авдарт тусгайлан хадгалж явдаг хуваарьтай хуудас цаасан дээр буулгаж авна.

Манай ажлын дэг журам дараах байдалтай, явах замынхаа чиглэлээр зураг авалт хийж, цагийн заалтыг тэмдэглээд халаасны дэвтэртээ мөнөөх чиглэлийн дагуу зураас татаж, үзүүрт нь өнцгийн хэмжээг бичиж, тэмдэглээс хийсэн дэс дарааллаа баримтлан тоог нь бичнэ. Дараа нь хөсөгтэйгөө хамт урагшлан хоёр талын газар орныг нүдэн баримжаагаар буулган зурж, хамгийн гол, содон зүйлүүдийг өнцөг хэмжигчээрээ хэмжиж тэмдэглэнэ. Гэтэл аян замын анхны чиглэл өөрчлөгдөж байсан бөгөөд энэ тохиолдолд би туулсан замынхаа хэмжээ буюу хэдэн бээр явснаа цагаар бодож гарган дэвтэртээ тэмдэглэж дугаар тавин, шинэ чиглэлээ тодорхойлно. Ялангуяа, газарчингүй явж байгаа чиглэлийг зөв тодорхойлно гэвэл тийм ч амар биш. Ийм үед би өнцөг хэмжигчээрээ хэд хэдэн чиглэлийг тодорхойлж, өнцгийг нь тэмдэглэж авдаг байсан агаад хожим бидний явсан чиглэлийг дугаарлан бичих болов.

Яг тэр үед хятадууд эсвэл Монголчууд биднийг ажиглаж байсан учир тухайн газарт тэмдэглээс хийж чадахгүй өнгөрөх явдал олонтоо тохиолдож байлаа. Тийм нөхцөлд тэмдэглээс хийхээ хойшлуулан таатай боломжийг хүлээж байгаад, нэгэнт яваад өнгөрсөн зам дээрээ нөхөн бичдэг байв. Заримдаа, хүн ам шигүү суурьшсан газарт бүр бүтэн өдрийн турш биднийг оршин суугчдын хэн нэгэн дагалддаг байсан юм, ийм тохиолдолд би түрүүлж явах юм уу, ард хоцроод тэмдэглээсээ хийнэ. Газарчин байгаа үед байдал бүр ч дордоно. Зүйр үгэнд байдагчлан “нүд хуурах” хэрэг гардаг бөгөөд бид энэ ажлыг үнэхээр сайн хийдэг байлаа. Ингэхийн тулд би ирээдүйн хамтрагчтайгаа танилцсан анхны одор л түүнд ердийн дуран үзүүлж, замдаа энэ хэрэгслээр байнга харж, агнаж болох араатан, жигүүртэн ойр орчимд байгаа эсэхийг мэддэг хэмээн хэлсэн юм. Хэнэггүй зантай Монгол эр дуранг өнцөг хэмжигчээс ялгадаггүй байлаа, учир нь бид явж байхдаа үнэхээр ч зээр гөрөөс, жигүүртэн шувуудыг байнга дууддаг болохоор тоног төхөөрөмжөөрөө харж байгаа намайг амьтан дурандаж байна л гэж газарчин маань баттай бодож явсан юм. Хятад, Монгол түшмэлүүдийг ч гэсэн мөн ийм арга замаар хэдэнтээ хуурсан билээ, яагаад хүзүүндээ ийм багаж зүүж явдгийг минь тэд олонтоо асуудаг, тэгэхэд нь дандаа дэргэдээ авч явдаг дурангаа даруйхан тэдэнд бариулдаг байв.

Тэмдэглээс заавал хийх шаарддагатай атал урьд хожид үзэгдээгүй хачин хүмүүсийг харах гэж ирсэн хэд хэдэн Монголчууд хажууд маань байсан явдал ч тохиолдож байлаа. Ийм үед нөхөр маань ямар нэгэн сонирхолтой зүйлээр тэдний анхаарлыг татаж, тэр хооронд би бие засах дүр үзүүлэн үлдэж, ажлаа амжуулна. Нэг үгээр хэлэхэд, бидэнд найрсаг бус ханддаг орон нутгийн ялангуяа хятад хүмүүсийг дунд ажил үүргээ биелүүлэхийн тулд мянга мянган арга заль хэрэглэж, элдэв дүр төрх үзүүлдэг байлаа.

Тухайн газартаа ирмэгцээ тэмээдийнхээ ачааг буулгаж, асар майхнаа босгож, аргал түлшээ түүн бусад аахар шаахар ажлаа цэргүүдийнхээ хамт хийж дуусгаад л, би тэр өдрийн бүх зураг авалтыг хуваарьтай цаасан дээр буулгана. Чингэхдээ ч болгоомжлохоо мартдаггүй байсан билээ. Ихэвчлэн асартаа орж үүд хаалгаа хаан суух агаад хамтрагчаа юм уу, хоёр цэргийнхээ нэгийг асрынхаа гадна харуулаар тавина. Хийх юмаа олж ядсан хэн нэгэн түшмэл юм уу, эгэл жирийн Монгол иргэд ирж ажлыг минь байнга тасалдуулна. Иймэрхүү зочдоос ангижирмагцаа би хийж байсан ажлаа дуусган дараагийн нүүдэл, буудал болтол хамаг юмаа далд хийнэ.

Газрын зураг гаргахдаа: явж байгаа замынхаа чиглэл, суурин цэгүүд (хот, тосгон, ганц нэг сууцны байшин, сүм хийдүүд зэрэг, тэгэхдээ нүүддийн гэрүүдийг оруулдаггүй), худаг, нуур, гол горхи (хамгийн жижигхнийг нь ч гэсэн) эцэст нь уул, дов толгод, тухайн газрын ерөнхий төрх шинж (тал тал тийш харахад харагдаж буй байдлаар нь) зэргийг тэмдэглэнэ.

Асууж сураглах замаар олж авсан мэдээнүүдийг аль чухлыг нь “биечлэн шалгаагүй болно” гэсэн тайлбартайгаар зурагт оруулна. Зургаа аль болох үнэн зөв болгохын тулд миний бие аяллынхаа турш жижиг хэмжээний, олон зориулалттай багаж ашиглан маш чухал 18 цэгийн газарзүйн өргөргийг тодорхойлсон юм. Зураг авалт харахад хэчнээн энгийн мэт боловч манай багийнхны хамгийн хүнд ажлын нэг байсан юм, яагаад гэвэл орон нутгийн оршин суугчдын нүдийг хуурахын тулд янз бүрийн арга мэх зохиоход хүрэхээс гадна тэмдэглээс хийх гэж байн байн бууж мордох нь ялангуяа зуны халуунд ихэд зүдрээдэг байсан билээ. Бас ингэж зураг авахын тулд шөнийн сэрүүнийг ашиглан нүүдэл хийх боломжоо бид маш олон алдаж, заримдаа маш халуун өдрөөр гэлдрэхэд хүрч байсан юм. Ингэж аялах нь тэмээ малд нэн халгаатай байснаас гадна биднийг ч ихэд шаналгаж байсан ажгуу.

Шаардлагатай зүйлээ худалдаж авах гэж нэг цэргийнхээ хамт миний орсон Долнуур хотыг бид өнгөрөн, Хаалган орох замаар цааш явлаа. Долнуураас Хаалган хүртэл 230 бээр зайтай ч зам маш сайн, тэргээр явахад зориулагджээ. Замын хөл хөдөлгөөн маш их, янз бүрийн ачаа бараа ачиж үхэр хөллөсөн хоёр дугуйтай хятад тэрэг хамгийн олон тааралдаж байлаа. Үүнээс гадна энэ замаар Хаалган руу, Монголчуудын ярьж буйгаар, Далай нуураас хойш 200-гаад бээрт орших хамгийн арвин давстай нуураас олборлодог давсыг аваачдаг ажээ. Энэ замаар зорчигчдод зориулж замын дагуу дэн буудлууд барьсан ажээ. Хятад буурчийн газар, дэн буудал болгонд ямагт ноёрхож байдаг бохир заваан орчин, өмхий самхай үнэрээс цэвэр асар, цэнгэг агаарыг илүүд үзсэн бид тэдгээрийн нэгэнд ч орж буудалласангүй. Түүнчлэн орон суурин газрын ойр хавьд буудалламагц бөөн бөөнөөрөө ирдэг нойтон хамуу шиг зантай Монгол, хятадуудаас арай хөндий байх боломжийг энэ нь олгож байсан юм.

Үргэлжлэл бий.

Монсудар

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]