Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Юкио Мишима: Үхэлд ховсдуулсан зэтгэрУншсан6,787

Өөртөө Мишима буюу "Үхэлд ховсдуулсан зэтгэр" гэсэн бичгийн нэр өгсөн Кимитакэ Хираока доорхи яриаг NНК телевизэд 1966 онд өгчээ.

Г.Лхагвадуламын "Амьдрал нэрт кафед: Алдартнуудын ховор ярилцлага - 2" номын хэсгээс албан ёсны зөвшөөрөлтэйгөөр хүргэж байна.


Юкио Мишима

(1925-1970)

ҮХЭЛД ХОВСДУУЛСАН ЗЭТГЭР

Өөртөө Мишима буюу "Үхэлд ховсдуулсан зэтгэр" гэсэн бичгийн нэр өгсөн Кимитакэ Хираока доорхи яриаг NНК телевизэд 1966 онд өгчээ. Дэлхийн II дайны дараахь Япон орноос төрсөн сод зохиолчдын нэг тэрбээр насан туршдаа эзэмдүүлсэн "Үхэл" гэгч зүйлдээ 1970 оны арваннэгдүгээр сарын 25-нд сайн дураараа “бууж өгөн”, самурайн ёсоор гэдсээ хүүлж амиа егүүтгэсэн билээ.

Дайн дууссан үеийн тухайд

Дайн дууссаныг зарласан эзэн хааны мэдэгдлийг би нэг хамаатныхаа гэрт сонссон юм. Нүүлгэн шилжүүлэлтээс болж тэр үед манай гэрийнхэн хотоос нүүгээд байлаа. Эзэн хааны үгийг сонсоод надад ер бусын хоосон мэдрэмж төрж билээ. Тэр хүртэл амьдарч ирсэн, мэддэг байсан хорвоо ертөнц маань өөр болох нь гэдгийг ойлгож ухаарах хүнд байсан. Гэхдээ дайнд ялагдсан тал нь бид байсан ч, эргэн тойрны бүх зүйл нуран унах гэж байгаа юм шиг сэтгэгдэл төрж байвч юм бүхэн ногоон өнгөөр тунарч, модод зуны хурц наран дор нялх ногоон өнгөөр гэрэлтэж байсан даа. Гэрийнхэн маань бүх зүйл жам ёсоороо болж байна гэх шиг тайван байсан. Ганцхан надад л тогтож суухын аргагүй хачирхалтай хоосон мэдрэмж төрж байлаа.

 

Удапгүй залуу сэхээтнүүд “Бидний цаг ирлээ. Оюуны салбарт шинэчлэл хийе” гэцгээх болсон. Энэ нь хэт хэнхэглэсэн, туйлширсан үг шиг санагдаж магадгүй. Гэхдээ хүмүүс баярлаж хөөрсөндөө үнэхээр тэгж бодож байсан юм шүү. Хязгааргүй эрх мэдэлтэй байсан цэргийн эрхтэн дархтнуудын үе намайг 20 настай байхад гутамшигтай ялагдлаар шувтарсан. Тэд байхгүй болсноор л Япон орон энхтайван, амар амгалантай золгосон гэвэл харин өрөөсгөл. Япончууд аж үйлдвэржилтийн буянаар л хөл дээрээ боссон юм. Гэхдээ дайн дууссаны дараа хүмүүсийн яриад байсан өнөөх оюун санааны их хувьсгал болоогүй. Тэр үед ид залуу байсан бусад 20-иод настнуудын адил би амьдралаа цаашид хэрхэх бол гэж их эргэцүүлдэг байлаа. Дайн дууссаныг зарласан тэр нэгэн зуны нар одоо ч над дээр тусаж байх шиг санагддаг.

Энэ цаг үед үхэл хэрхэн өөрчлөгдсөн тухайд

Рильке орчин цагийн хүмүүсийг “яруу сайхнаар үхэж ч чадахаа больсон” гэж бичсэн байдаг. “Хүмүүс эмнэлгийн өрөөнд яг л бээрсэн ялаа шиг үхэцгээж байна” гэж тэр хэлсэн. Өвчнөөр ч бай,' машины ослоор ч бай, ер яаж ч үхсэн өнөө цагт үнэхээр ч нэр төртэйхөн, дуулиан шуугиантайхан хорвоогоос буцах хэцүү болжээ. Баатарлагаар үхнэ ч гэж одоо байхгүй болсон байна. XVIII зууны үеийн “Хагакүрэ” гэдэг ном уншиж байснаа санаж байна. Тэр номонд утга учиртай амьдарна гэдэг гагцхүү үхэлд бэлтгэхийн нэр байдаг тухай өгүүлдэг юм. “Хагакүрэ”-гийн зохиолч юм бүхнээс илүү гагц үхлийг сонгох ёстой гэж сургасан атлаа өөрөө тун урт насалж, сумогийн дэвжээн дээр амьсгал хураасан байдаг. Дайчин эр байсан хэрнээ үхэх өдрөө дотроо төсөөлөн бодохоос хэтрээгүй, яаж үхэхээ өөрөө шийдэх боломж түүнд олдоогүй юм.

Үхлийн талаар боддог хүмүүс юунаас ч айдаггүй, эрэлхэг зоригтой байдаг юм биш. Амьдрал гэдэг тун ч хоржоонтой эд. Зөвхөн өөрийнхөө төлөө амьдарч, өөрийнхөө төлөө үхэхэд хүний зориг хүрдэггүй. Үхэл, амьдралын талаар эргэцүүлэхдээ хүн үргэлж ямар нэг учир шалтгаан олох гэж зүдэрдэг. Харин зарим хүн зөвхөн өөрийгөө бодож амьдрахаас залхдаг. Тэгээд ердийн нэг шалтаг бус илүү нэр төртэй зүйл эрэлхийлдэг байх. Гэтэл ардчилсан тогтолцоо тийм хүндтэй шалтгаап, үнэт зүйлсийг нь хүмүүст зэхэж өгөхгүй байна. Тийм болохоор л одоо цагт баатарлагаар амиа алдах боломжгүй болсон. Уг нь амь наснаасап илүү эрхэмлэх зүйлтэй байсан цагт л хүний сэтгэл зүрх хоосрохгүй, амьдрал нь ч илүү утга учиртай байх сан.

Өөрийнхөө үхлийн тухайд

Дайны үед үхэл бидэнд их ойр байжээ. Амьд явснаас үхэх нь илүү дээр санагдах үе ч байж. Харин тэр тухай одоо бодоход надад гэгээн сайхан дурсамж шиг санагддаг. Хүн бүр л аз жаргалтай байхыг, сэтгэл хангалуун амьдрахыг хүсдэг. Гэр бүлтэй байхын, эрүүл саруул байхын, баясаж цэнгэхийн жаргал гэж бий. Гэхдээ тэр олон янзын жаргалаас илүү “Нэг л өдөр үхнэ” гэдгээ ухаарах шиг жаргал байхгүй. Тиймээс нэгэн цагт ирэх нь тодорхой үхлээс биш, харин яаж үхэх бол гэдэг илүү санаа зовдог. Би ямар нэгэн үнэ хүндтэй, нэр төртэй зүйлийн төлөө үхэхийг хүснэ. Гэвч буруу цаг үед төрчихөж. Эцэст нь “Хагакү"-гийн зохиолч шиг, өөрийнхөөрөө үхэхсэн гэж мөрөөдөхөөс хэтрэхээ байж байгаад л дэвжээн дээрээ амьсгал хураах байх даа.

Орчуулагч Г.Лхагвадуламын "Оршихгүйгээр оршихуй: Алдартнуудын ховор ярилцлага - 1", "Амьдрал нэрт кафед: Алдартнуудын ховор ярилцлага - 2" болон Э.Гомбрихийн "Дэлхийн бяцхан түүх" номуудыг уншигч та бүхэн номын дэлгүүрүүдээс худалдаж аваарай.

Зохиогчтой холбогдох хаяг: https://www.facebook.com/lkhagvaameop

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]