Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Брагри ламын үнэ хайрлалгүй авсан хар азарганы учирУншсан55,993

...Ирээд багшдаа азаргыг авчирснаа дуулгав. Багш нь буюу Брагри лам тэрхүү азаргыг нэгэн хүнээр төхөөрүүлж нядлуулжээ...

Онгийн голын гурван хийдийг байгуулагч, Халхын тавдугаар богдын ёнзон багш, Дамдин янсан бурханы налжорваа Брагри лам Дамцагдорж гэж алдартай нэгэн лам байсан билээ. Тэрбээр нэгэн удаа хоёр шавиа холын нэгэн хошуу руу илгээж, тийм нэгэн хүнээс азаргыг нь худалдаж аваад ир, үнэ битгий хайрлаарай гэжээ. Хоёр шавь нь заасан айлд нь очвол наадамд олон түрүү авсан тэдний нэгэн азарга хөл нь доголоод уралдаж чадахаа больсон байжээ. Тэр азаргыг багш нь худалдаж аваад ирэхийг даалгасан учрыг хэлж үнэ хөлсийг төлөөд хөтлөн нутаг буцжээ. Буцах замдаа хоёр шавь нь “Багш энэ хөлгүй азаргаар яах гэсэн юм бол. Ийм их үнэ төлж авч байдаг” хэмээн ярьж явжээ.

 

Ирээд багшдаа азаргыг авчирснаа дуулгав. Багш нь буюу Брагри лам тэрхүү азаргыг нэгэн хүнээр төхөөрүүлж нядлуулжээ. Үүнд нь нөгөө хоёр шавь нь бүр гайхаж мэгдэн “Та өдий их үнэ төлж авчирсан азаргыг ингэж нядлуулах ямар хэрэг байсан юм бэ” гэхэд “Багшид нь эрт дээр цагт нэгэн хүн намайг төрлийг минь дээшлүүлж өгөөрэй гэж хэлж байсан юм. Тэр хүн дараа төрөлдөө энэ азарга болон төрж, олон жил уралдаж амьтныг баясган үйлээ арилгасан байна. Одоо дээш тэнгэр бурханы оронд төрүүлэх цаг нь болсон тул ингэж байгаа юм” гэжээ.      

(Гандантэгчэнлин хийдийн лам, гавж багш Д.Цэрмаагаас 2005 онд сонсож тэмдэглэв)


ЭРДЭНЭ МЭРГЭН ХАМБА БРАГРИ ЛАМ ДАМЦАГДОРЖ/1781-1848/

Монголын бурханы шашин соёлын болоод буддын гүн ухааны сэтгэлгээний түүхэнд нэр алдараа мөнхөлсөн хутагт нарын нэг нь "Уулын лам" хэмээн алдаршсан Брагри /Бари ч гэдэг) Дамцагдорж мөн болой. Тэрбээр хуучин Түшээт хан аймгийн Говь түшээ гүнийн хошуу одоогийн Дундговь аймгийн Сайхан -овоо сумын нутаг Онгиин голын «Улаан хошуу» хэмээх газар тайж Цэвээндашийн гэр бүлд 15-р жарны цагаагчин үхэр жилийн (1781 он) өвлийн эхэн сард мэндэлжээ. Эцэг эх нь хүүгээ монгол хүний сэтгэлгээгээр сайн эрдэм номтой нэгэн болгохыг хүсэж, Онгийн голын номч ноён хутагт Ишдонилхүндэв хэмээх ламд шавь оруулсан нь ирээдүйн сайн зам мөрийг нь гаргасан хэрэг байжээ. Багшийн заасан ёсоор түвэд хэл бичиг, уншлага ном заалган эргэлзэлгүй сурч, лам хуврагтны жаяг дэглэмийг нягт нямбай баримтлан дагаж хүмүүжсэн ажээ. Тийн учир тэрбээр 1781 онд гэнэн сахил, 1787 онд тойн хуврагын санваар, 1793 онд гэцэл санваарыг зооглож, урьд урьдаас илүү ламын ёсны чанд нарийн дэг ёсыг эрхэмлэн чухалчилдаг болсон байна.

1794 онд анх удаа багшийн хамт Их Хүрээнд ирж, Амдо нарын аймагт сууж, арвангуравхан сүүдэртэй цанид чойрын гүн ухааны хэцүү бэрх номыг хөтлүүпэн суралцсан нь түүний сэцэн билиг авъяас чадварыг илтгэж буй хэрэг ээ. Тийн суралцаж байгаад онгийн голын хийдэд Алашаагийн лхаарамба Агваандандарыг залагдан ирэхэд биеэр бараалхан шавь орж, Дандар лхаарамбын Онгийн хийдэд тогтоосон гүн ухааны чойр дацанд учир шалтгааны ухааны дүйраг сайтар заалгасан нь түүнд буддын логик сэтгэлгээнийхээ цар хүрээг тэлэхэд нь их ач тусаа өгсөн ажээ.

Алашаагийн Дандар лхаарамбатай тогтоосон багш шавийн барилдлагаар, тэрбээр 1709 онд өөрийн багш Ишдонилхундэвийн хамт Амдогийн шашин номын гол орны нэг Гонлун хийдэд морилон нэрт эрдэмтэн Туган гэгээн Дармабазар лугаа бараалхан, айлдал зарлигийг нь сонсож, улмаар 1801 онд Богд Зонховын мэндэлсэн орон Гүнбүм хийдэд мөргөл үйлдэн, Хошуудын Цагаанданзан хун тайжийн байгуулсан алдарт Лавран хийдэд хоёр жил цанид чойрын их хөлгөн номыг үзэж судалжээ. Тийн эрдэм мэдлэгээ зузаатган билиг оюунаа гэгээрүүлээд, Цастын мэргэдийн оюуны тааллыг болгоохоор морилон хүрсэн байна.

Дамцагдорж 1804 оноос Лхасын шарын гурван хийдийн нэг Сэра хийдэд шавьлан сууж, их хөлгөний ёс, тэр дундаа нууц тарнийн гүн ухааныг шимтэн судлаж, нэлээд зохиол бичсэний дотор Янсан чойгорын доторхи Янсан бурханыг уриж бясалгах зан үйлийн судар "Дамчогшадви даян" зэрэг бүтээл туурвисан нь сэтгэлгээний гүн нарийн түвшинд хүрсэн гэж Ганданширээт лам Агваанняндаг, Хардо ринбочи нарын том мэргэд бээр үнэлж, хожим түвэдийн зарим хийдэд энэ номоор уншлагын зан үйлд оруулан уламжлал болгон тогтоон дэглэж дадуулжээ. Бари ламын зохиосон "Дамчогшадви даян" бол Янсан ядамын гол гарын авлага болох V Далай ламын зохиосон "Жигмэддорж даян" хэмээх алдарт номын утга санааг хялбаршуулан шинэ тутам бясалгал үйлдэхэд амар болгосон зохиол юм. Үүний учир түүнд "равжамба" буюу "Машид уужим" хэмээх эрдмийн цолыг хүртээсэн байна.Гэлүгвагийн ёсонд нэлээдховор бөгөөд Сэра хийдийн Жэ дацанд Янсан Ядамын бясалгал бүтээлийн зан үйлдээ Бари ламын Янсангийн аймгийн номуудыг эрхэмлэн үзэж судалж ирсний дээр Өмнөд Энэтхэгийн Сэра хийдэд Бари ламын Янсан Ядамын аймгийг 3 боть болгон хэвлэн зан үйлдээ харэглэж байгаа нь Монгол ламын нэр хүнд эрдэм ухааныг хүндэтгэн үзэж байгаа хэрэг гэж гавж ламтан Ш.Сонинбаяр үнэлэн цэгнэсэн байна.

Брагри ёнзон Дамцагдорж бол Түвэдийн шарын ба улааны шашны олон мэргэдээс буддын гүн ухааны судар тарнийн номуудыг сайтар судлан гэгээрч, ялангуяа Зая бандид Лувсанпринлэйгээс хойш бараг тасрахад хүрээд байсан нууц тарниин үндэс жүдийг танин барьж уг тарний ёсны Янсан Ядам бурханы үндэс авшгийг түвэд монгол оронд дахин залгуулсан нэрт хутагт мөн болохыг доктор Ш.Сонинбаяр өндрөөр үнэлэн судалгаандаа цохон тэмдэглэсэн1 байна. Түүний эрдэм боловсрол нэр хүнд үлэмж байсны тод жишээ бол IV Банчин-Эрдэнийн ёнзон багш Гүгэ Данзанжалцан хэмээх хутагт Бари ламд шавь орж, Янсан ядамын авшиг авч, түүнээ Банчин-Эрдэнэд дамжуулан барьж байсан, үүний улмаас улам алдаршиж, олон мэргэд бишрэн хүндэтгэж шавь орж байсан2 тухай профессор Л Хүрэлбаатар мэндэлснийх нь 200 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хуралд тавьж хэлэлцүүлсэн илтгэлдээ тэмдэглэсэн нь бий.

Тэрбээр Түвэдэд эрдэм номын далай их сангаас эрдэнэсийг тунгаан Түвэдэд бүтэн арванзургаан жил залраад40 нас сүүдэртэйдээ Монгол нутагтаа ирээд төрөлх Онгийн гол нутагтаа томоохон гурван хийдийн олон сүм дуганыг удирдан байгуулж, бурхан шүтээнийг бүтээн залж, хурал ном,түүний дэг жаягийг тогтоон цогцлоосон бөлгөө. Онгийн гурван хиидээс гадна Ламын гэгээний хүрээ, Их хүрээ зэрэг томоохон хийдүүдэд уригдан очиж, дацан сургууль байгуулж, лам шавь нарт ном эрдэм зажж байжээ. Брагри Дамцагдорж 5,6-р Богд Жавзүндамба хутагтуудын номын багш нь байв. Түүний Монголын шашны ёсонд "Бари дэг" гэж нэрээр нь уламжлагдан ирсэн уншлагын бясалгалын зан үйлийн дэгийг бий болгосон бөгөөд энэ нь Хүрээ дэг, Ханчин дэг, Заяын дэг, Түвэд дэг хэмээн алдаршсан зан үйлийн олон дэгүүдтэй зэрэгцэн хөгжиж, сургалтын өвөрмөц хэлбэр чанарыг хадгалсан шашны шинэчлэлийн нэгэн сонгодог сургууль байсныг эрдэмтэд нотлосон юм.

Брагри ёнзон Дамцагдорж түвэд хэлээр 500 орчим нэр төрлийн 21 боть ном зохиол туурвисан нь Монголчуудын мэдлэг ухааны сан хөмрөгт түүний оруулсан оюуны дээж юм. Судлаачдын бодитой үнэлснээр монгол лам нарын дотроос түвэд хэлээр хамгийн олон ном зохиол туурвисан их бичгийн хүн бол даруй Брагри ёнзон хамба Дамцагдорж мөн. Түвэд орноос буцаж ирсэн 1821 оноос хойш 35 жилийн турш шашин номын уйлсийг тэтгэсээр 75 сүүдэртэйдээ өөрийн байгуулсан Гүндүжамбаалин хийддээ таалал төгсчээ. Брагри ёнзон хамба Дамцагдоржийн мэндэлсэний 200 жилийн ойг 2001 онд ёслон тэмдэглэж, түүний намтар, үйл ажиллагаа, бүтээл туурвилыг нь олон талаас нь анх шинжлэн судалсан эрдэм шинжилгээний хурал зохиож, илтгэлүүдийг ном болгон хэвлэсэн нь судалгааны цаашдын чиглэлд чухал алхам болсныг тэмдэглэсүгэй.

Монголын хутагтууд номноос / Зохиогч Д.Дашбадрах/

Сэтгэгдэл 2ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2018, 9 сар 14. 19:14
Зочин

Одоо ийм балай асман лам нарын үнэн худал нь мэдэгдэхгүй ам дамжсан цуу сонсож мухардал ороод яахав дээ үхэр монголчууд минь. Шинжлэх ухаан боловсрол мэдлэг ур чадвараа дээшлүүлж өөртөй итгэх хэрэгтэй Хөх толбот Монголчууд минь Сэрж сэргэж мандан бадрахын төлөө.

2020, 12 сар 12. 0:54
Зочин

хуцна биз чи

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]