Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Чингис хааны гутгаар хүү, Их Монгол улсын хоёр дахь эзэн Өгөдэй нь эцэг их хааныхаа босгосон их улсаа улам хүчирхэгжүүлж, батжуулсан бөгөөд түүний удмынхан Монгол гүрний төрд асар их нөлөөтэй байв.

Их хаан Өгөөдэйн байлдан дагуулалУншсан56,291

Өгэдэй хаан суунгуутаа юуны түрүүн өрнө зүгт зогсоосон дайны ажиллагааг нэн даруй сэргээж Дундад Азийн үлдэгдэл хүчийг дайлан цохих тухай зарлиг гаргасан байна.

Өгэдэй хаан суунгуутаа юуны түрүүн өрнө зүгт зогсоосон дайны ажиллагааг нэн даруй сэргээж Дундад Азийн үлдэгдэл хүчийг дайлан цохих тухай зарлиг гаргасан байна. 1230 онд Өгэдэй хааны зарлигаар Чормаган ноён цэрэг авч мордов. Монгол цэрэг хоёр ч удаа Желал-ад-Динын цэрэгтэй таарч, бага сага тулалдаан хийж эхэлмэгц тэрээр цэргээ авч буруулсан аж. Чухам ингэж зоригт баатар Желал-ад-Дин хүчээ сэлбэн зугтаж эцэг Мухаммед Шахын гүрэнг дахин сэргээн тогтоох гэж санаархаж бололцоотой бүхнийг сүвэгчилсэн боловч нэг их амжилт олохгүй явсаар 1231 онд Монгол цэрэгт эцсийн удаа сүрхий цохигдож, хэдэн үнэнч нөхдийнхөө хамт зугтаж яваад нутгийнхаа хэдэн хүмүүст хорлогдож алагджээ.

Ингэж Хорезм улсын цэргийн эцсийн хүч цохигдож, Хорезмийн нутаг тэр аяараа Монгол гүрний эзэмшилд бүрэн оров. Энэ нь хожим түүхэнд Цагаадайн улс гэж нэрлэгдэв. Монгол гэдэг үг нь “могол” болж, Монголын эзэнт улс нь “моголистан” болон хувирчээ. Гэвч энэ үгийг Дундад Ази дахь Монголын хаант улс гэж нэрлэх нь илүү тохиромжтой мэт санагдана. Чингисийн хуучин үнэнч анд зөвлөх Махмуд Ялавач Дундад Азид Монголын амбан захирагчаар ажиллаж Ходжемт хотыг нийслэлээ болгосон юм. Тэрээр сүүлдээ Цагаадайн итгэлт зөвлөх түшмэл болжээ.

Өгэдэй хаан Тулуй тэргүүтнийг дагуулан Алтан улсыг эцэслэн дайлж сөнөөхөөр хүчирхэг их цэрэг авч морджээ. Энэ бол эцэг Чингисийн үлдээсэн хамгийн гол гэрээс мөн байжээ. Ингээд Өгэдэй хаан 1231 оны 5-р сард өнөөгийн Өвөр Монголын “Ерэн есөн булаг”-т Их хуралдай хуруулж Алтан улсыг хэрхэн яаж байлдахаа нухацтай авч хэлэлцжээ. Ингээд гурван замаар яаравчлан довтолж цохихоор шийд гаргажээ. Алтан улсын эзэн хаан Айцзун (1223-1233) умард нийслэл Чжунду (Бээжин) хотоо орхин Бяньцзинь зэрэг хэдэн хотод хэсүүчлэн сууж цэргийнхээ хүчийг бөөгнүүлж эцсийн тулалдаан хийхэд бэлдэж байжээ. Бяньцзинь хотыг ихэд анхааран бэхлэлт хамгаалалт тун сайн хийжээ. Ер нь тэр үед Алтан улсын мөхөх эсэхийг шийдэх эцсийн найдвар болсон хэд хэдэн бэхлэлт хот байсны дотроос Бяньцзинь, Цзюньчжоу, Гүйдэ, Цайчжоу хот чухал байрыг эзэлж байжээ. Эдгээр хотын оршин суугчид ялангуяа, Цайчжоу хотын иргэд Монголын цэргийн өөдөөс төрөлх хотоо хамгаалан нэн баатарлаг тулалдан бууж өгөхгүй байжээ. Айцзун хааны цэргийн гол хүч ч эдгээр хотуудыг байрьж тогтооход чиглэгдэж байсан байна. Монгол цэрэг Бяньцзинь, Цзюньчжоу хотыг бүслэн байдлах үед Алтан улсын цэрэг хоол хүнсээр дутагдан бүтэн гурван өдөр хоол идээгүй гэж хятадын түүхэнд бичжээ.

Өгэдэй хаан Чингисийн захиас ёсоор Алтан улсыг сүүлчийн удаа байлдан эзлэхэд ямар ч гэсэн Өмнөд Сүн улсын хүчийг олох хэрэгтэй байжээ. Ингээд Хятадын Өмнөд Сүн улстай Алтан улсыг хамтран эзлэх хэлэлцээр байгуулж уг хэлэлцээрийн урьдчилсан болзол болгон Алтан улсыг мөхөөсний дараа түүний эзэмшил агсан гол муж Хэнанийг Сүн улсын мэдэлд эргүүлэн өгөхөөр тогтжээ. Хятадын Өмнөд Сүн улс ч хэзээнээс санаархсан тэр мужийг авахаас татгалзсангүй, хэлэлцээр байгуулж Монгол цэрэгтэй хамтран Алтан улсыг байлдпахаар болов. Ингээд Сүбэдэй жанжны удирдсан Монгол цэрэг Бяньцзинь хотыг бүслэн 17 өдөр байлдсан боловч амархан эзэлсэнгүй.

Тулуй цэргээ түр ухрааж хаан ахынхаа зөвлөгөөнийг сонсож, түргэн байлдан эзлэх тушаал авсаар Сүн улсын цэрэг хүрэлцэн ирэхээр нь хамтран хотын хойно, өмнөөс нь давшин байлдаж 1233 оны эцсээр тус хотыг эзлэв. Тэр үед Бяньцзинь хотод хижиг өвчин гарч таван хоногийн дотор 50 000 хүн үхсэн гэж бас хятад сурвалжид бичсэн байна. Айцзун хаан найрамдах хэлэлцээр хийх гэсэн боловч Монголчууд хүлээж аваагүй байна.

Учир нь Бяньцзинд очсон Монголын 30 элчийг алсан байна. Улмаар 1233 оны зун Цайчжоу бэхлэлтэнд зугтан очиж тэрхүү сайтар бэхлэгдсэн хотыг 100 000 цэргээр хамгаалав. Сүбээдэй жанжин цэргээ авч Айцзун хааныг нэхэн хөөж Цайчжоу хотод очоод Тачар жанжин цэргийн хамт уул хотыг бүслэн байлдав. Цайчжоу хотыг хамгаалах цэрэг, хотын ард иргэдийн хамт хэдэн сар Монголын цэрэгтэй баатарлаг тулалджээ.

Хотыг бүслэн байлдахад Ши Тяньцзэгийн удирдсан хятад цэрэг оролцжээ. Мөн Хуны удирдсан Өмнөд Сүн улсын 200 000 цэрэг бас ирж хотыг бүслэн байлджээ. Алтан улсыг байлдан эзэлэх явцад тийм ширүүн, хүчтэй эсэргүүцэлтэй Монгол цэрэг бараг тулгарсангүй шахам ажээ. 1234 оны хавар Сүн улсын цэрэг хотын өмнө дүүргийг, Монгол цэрэг хотын баруун дүүргийг эзэлж авсанаар Цайчжоу хот бүр мөсөн эзлэгдэв. 1234 онд Алтан улс бүрмөсөн мөхөж Айцзун хаан амиа хорложээ.

Өгэдэй хаан 1235 онд Хархорум хотод ноёдын Их Хуралдай хуралдуулжээ. Их хуралдайгаар Алтан улсыг байлдан эзэлж эцэг Чингисийн гэрээсийн биелүүлсэн ба Өрнө зүгт дайны ажиллагааг ерөнхийлөн удирдахыг Зүчийн хүү Батад бүрмөсөн хариуцуулж, Сүбээдэйг цэргийг биеэр удирдах ерөнхий жанжнаар томилжээ. Өгэдэй ахмад хүү Гүюүг, Цагаадайн ач хүү Бури, Байдар, Тулуйн хүү Мөнх нарыг бас цэрэг удирдах гол ажилд оролцуулан томилжээ. Монгол цэрэг 1236 онд Болгаруудыг бут цохиод 1237 оны өвөл Оросын Рязаны вант улсын нутагт цөмрөн оров. Бат хаан өөрийн цэргээ тэр нутгаас олзолсон харь эрчүүдээр сэлбэн томруулдаг байжээ. 1256 онд маш том сэлбэлт хийсэн гэж түүх сударт бичжээ. Рязань хотын иргэд Монгол цэрэгтэй 7 өдөр тулалдаж эцэст нь хүчин мөхөсдөж хотоо алдав. Монгол цэрэг 1238 онд Москваг эзэлж дараа нь Ростов, Ярослав, Димитрын вант улсын 14 хотыг саадгүй эзлэв. Хүчтэй эсэргүүцэл үзүүлсэн Владимир хотыг ч эзлэн авчээ.

1238 оны 3-р сард Батын цэрэг Новогородыг эзлэхээр дөхөж очоод намаг устай замын бэрхшээлээс болж буцаж замдаа Смоленск, Черниговын вант улсуудыг эзлэн авчээ. Тэдгээрээс хотоо хамгаалж Монгол цэрэгтэй баатарлаг тулалдсан нь Калуга мужийн Козельск хотын ард иргэд бөгөөд тэд хотоо хамгаалан 49 хоног эрэлхэг тулалджээ. Монголчууд уул хотыг үнсэн товрог болгож түүнийг “түрэмгий хот” гэж нэрлэжээ. 1239 оны эцсээр Монгол цэрэг Переяславь, Черников хотыг эзэлж улмаар Крым, Кавказын чанадыг эзлэн авчээ. Ингэж Монголчууд Кавказын чанадыг 100 орчим жил захирсан билээ. 1240 онд Переяславль, Черников хотыг байлдан эзэлж мөн оны эцсээр баатарлаг тулалдсан Кмевийг эзэлжээ. Ер нь Оросын вант улс хүчээ нэгтгэж чадаагүйгээс амархан эзлэгдэж байжээ. Батын Монгол цэрэг 1241 оны эхээр Оросын баруун зүгт давшин Галиц, Владимир, Болынскийн газар нутгийг тус тус эзлэн авчээ.

Чухам ингэж Монгол цэрэг өмнө, Баруун Европд цөмрөн орох зам нээгджээ. Цаашлан Польш, Молдав, Силезийг довтолж улмаар Унгарын нутагт нэвтрэн оржээ. Бат хаан юуны түрүүнд Унгарыг эзлэн авахаар төлөвлөжээ. Унгарын нутаг бол Баруун Европд нэвтрэн орох гол уулзвар зангилаа мөн байжээ. Бас Унгар нутагт мал адуулахад тохиромжтой гэж үзжээ. Түүнчлэн унгарчууд Монголоос гаралтай мөртлөө элэнц, хуланцынхаа эсрэг ажил хийх ёс суртхууны эрхгүй гэж Бат үзсэн гэдэг. Орос болон бусад нутагт Батын цэрэгт цохигдож зугтсан бүхэн Унгарт зугтан очиж орогнодог байжээ. Тэр ч байтугай Батад цохигдсон Команы хаан Котияныг хүртэл цэрэг албаты нь хамт Унгарын IV Бела хаан хүлээн авч орогнуулжээ. Энэ бүхэн нь Батын Унгарт довтлох шалтгаан болжээ. Ингээд Монгол цэрэг Тисса гол дээр Унгарын цэргийн гол хүчтэй тулалдаж бут цохижээ. Бат, Сүбээдэйн цэрэг Унгарын хаан IV Белаг хөөсөөр Австрийн Вена хотод хүрч очжээ. Монгол цэргийн сүр хүчнээс Франц, Англи, Испани хүртэл айж болгоомжилж эхэлсэн байна. Ромын их хамба лам хүртэл Монгол цэргээс айн сүрдэж өдөр бүр мөргөд залбирал үйлдэж байсан гэдэг. Данийн ван Галиций Монголчуудаас өршөөл гуйхаар шийдэж байжээ.

Монгол цэрэг Словакийг туулж, Дорнод Чехийг эзэлж Адриатын тэнгис хүрээд байтал Өгэдэй хаан нас барсан мэдээг Бат сонсов. Бат хаан Их Монгол улсын далай хаан таалал төгссөн тэрхүү гунигт мэдээ сонсмогц Төв Европоор хийх дайнаа цааш үргэлжлүүлэхээ зогсоож 1241 оны 12 дугаар сарын эцсээр цэргээ авч гэрдэг буцжээ. Европын улс орон хүчээ хамтран нэгтгэж Монгол цэрэгтэй байлдахаар зэхсэн бөгөөд Польш, Чех, Унгарын зэрэг орны ард түмэн эх орноо хамгаалан Монголын байлдан дагуулагчдын эсрэг баатарлаг тулалдаж байжээ. Бас Орос нутагт оросын ард түмний эсэргүүцэл хөдөлгөөн ч хүчтэй байжээ. Монгол цэрэг ч удаан дайнд ядран сульдаж дайнаа зогсоож амрах шаардлагатай болжээ. Батын Европоос цэргээ авч буцсаны гол шалтгаан гэвэл Өгэдэй хаан нас барж, хаан ширээний төлөө тэмцэл Их Монгол улсад хурцдах төлөвтэй болсонд оршино. Их хааны орыг зөв олж сонгоход алтан ургийн дотроос Бат гол санаачлага гаргах үүрэгтэй хүн мөн байв. Бат хаан Орос дахь өөрийн харъяаны эзэмшил улсыг Өгэдэйн үед Хархорум төвтэй Их Монгол улстай зузаан холбоо тогтоожээ. Бат хаан Орос голдуу эзэлсэн нутгаа ах дүүдээ хуваан өгчээ. Бат хаан “Алтан ордон”, Ичен “Цагаан ордон”, бага дүү нь “Хөх ордон”-ы улсыг тус тус авсан гэдэг. Оросын төрийн бүтцийг өөрчилсөнгүй, татвар гувчуурыг орос хүнээр тухайлбал, оросын вангуудаар дамжуулан авч байжээ.

Батын гэр орд нь нэг хэсэгтээ Ижил мөрний дагууд нүүдлийн явуул өргөө байжээ. «Алтан орны улс ба түүний мөхөл» гэдэг номонд бичсэн нь: “Бат хаан хотын амьдарлыг бий болгож түүнтэй холбоотойгоор худалдаа наймаа хийх нь улсын санд арвин их ашиг оруулна гэдгийг ойлгож байсан” гэжээ. В.Г.Тизенгаузен бичсэн нь: “Тэрбээр (Бат хаан) маш шудрага, лалын шашинтны нөхөр байлаа. Түүний ивээл дор лалын шашинтнууд чөлөөтэй амьдарч байв” гэжээ. Ираны түүхч Жувейни «Дэлхийг байлдан дагуулагчдын түүх» номондоо: “... Өргөө барих газраа Бат хаан сонгон авч хот байгуулан Сарай Бат гэж нэрлэв... Ром, Сири бусад орны Султан нарт хөнглөлтийн бичиг пайз өгч, хүчин зүтгэсэн хүн бүрт шан харамж хүртээж байв” гэж бичжээ. Армений түүхч Кирокос Гандзаский бичихдээ: “Хан, тайж, ван, худалдаачин болон хохирон гомдож эх нутгаа алдсан хэн бүхэн Батад очиход тэрээр шударгаар тунгаан орон нутаг, ванлигийг буцаан өгч бичиг, пайз олгож байв. Түүний тушаал зарлигийг хэн ч эсэргүүцэж үл зүрхэлнэ” гэжээ. Дээрхи баримтаас үзэхэд Бат хаан 20 орчим жил хаанчлахдаа Их Монгол улсын дотоод гадаад бодлогод их нөлөө үзүүлсэн төрийн томоохон зүтгэлтэн аж. Түүгээр ч барахгүй Бат нь Монголчуудын нэрийг Европ дахинаа гаргаж, Орос улсыг нэгтгэсэн гэдгийг хэн ч үгүйсгэхгүй биз ээ.

Ер нь Монголчууд Европыг дан ганц дайлсан бус тэднийг өөр хооронд нь холбож, хөгжлийг нь урагшлуулахад ихээхэн хувь нэмэр оруулсан болохыг Б.Г.Гафусов, Л.Н.Гумилев нарын олон эрдэмтэн нэгэнт зохих ёсоор үнэлэн дүгнэж бичсэнийг энэ дашрамд өгүүлэх нь зүйтэй болов уу.

Өгэдэй хааны байлдан дагууллаар Умард Хятад нутгийг Монголчууд бүрмөсөн эзэлж захиргаагаа тогтоов. Дундад Азид Цагаадайн улс, Орост Батын улс тус тус байгуулагдав. Эдгээр улсуудын улс төрийн гол төв нь Хархорум төвтэй Их Монгол улс мөн байлаа. Өгэдэй хааны биеэр дайлсан дайн богино хугацаанд амжилт олсон шалтгаан бол түүний зохион байгуулах их авъяастай шууд холбоотой байжээ.

Өгэдэй хаан амьд сэрүүн байхдаа Есүй хатнаас төрсөн Хашид их хайртай байсан бөгөөд тэрээр ном эрдэмтэй, Монгол, хятад бичиг сайн сурсан авъяаслаг залуу байж. Өгэдэй хаан ч түүнийг ном эрдэмтэй хүн болгох гэж чармайлт гаргажээ. Гагцхүү хаан ширээ залгамжлуулах гэсэн эцгийн итгэлийг огоорч, архинд хэт шунаж жаргалдаа хэт ташаарч явсаар залуу зандан насандаа төрөл арилжжээ. Хашийн нас барсан нь Өгэдэйн ургийнхны дотор тохиолдсон хамгийн эмгэнэлт явдал болсон ажээ. Өөрөөр хэлбэл хаан ширээ яваандаа Тулуйн удамд шилжих нөхцөл бүрджээ. Бусад хүүхэд Хүдэн, Хүчү, Харцар, Хадантөмөр цөмөөр цэрэг захирч байлдаан хийж яваад нас баржээ. Харин Рашид-ад-Дины зохиолд бичсэнээр бол Туракина хатнаас гарсан Хүчүгийг хаан сууриа залгамжлуулахаар захиж байсан боловч эрт нас барсан гэжээ. Туракина хатан Чингисийн хайртай ач Годанд дургүй хүрч Хүчүгийг хаан ширээ залгамжлуулахаар бэлтгэж байсан байна. Гэтэл Хүчү нэгэнт нас барсан тул Туракина хатан ач хүү Ширэмүнээр хаан ширээ залгамжлуулахыг бодсон боловч тэрээр нас балчир, эрийн цээнд хараахан хүрээгүй байжээ.

Өгэдэй хаан ийнхүү эцэг Чингисийн гэрээсийг бүрэн биелүүлж Их Монгол улсыг Монгол гүрний улс төрийн төв баттай болгож түүний эдийн засгийг хөгжүүлж, хот суурин байгуулж, өртөө улаа хүрэлцэхүйц суурилуулж, бичиг соёлыг дээдлэн хөгжүүлэв. «Монголын нууц товчоо»-г бичүүлж дуусгаад 1240 онд гардан хүлээж авав. Өгэдэй хаан суусан 13 жилд Их Монгол улс дэг журамтай, хөгжилтэй, хүчтэй, нэгдэл нягтралтай, гадаад харилцаа ихэд хөгжсөн байна. Энэ бол Өгэдэй хааны түүхэн гавьяа мөн. Ер нь хүссэн хэн бүхэн хаан болж үл чадах бөгөөд хэрэв хаан байвал жинхэнэ хаан төрхтэй хаан байх учиртай хэмээн Чингисийн айлдсан сургаалийг Өгэдэй хаан үнэнхүү хэрэгжүүлж чаджээ. Өгэдэй хаан угаас уур уцааргүй, налгар тайван, алсын хараатай, илүү дутуу үггүй, бусдын үгийг тоож сонсоож эрэгцүүлэн боддог, эрдэмтэн хүнийг дээдэлдэг, түүх намтар их мэддэг, үлгэр сонсох дуртай, ядуу доодсыг өрөвдөн хайралдаг, хувийн аминцар үзэл байхгүй, юмны арга эвийг аятайхан олдог, цэргийн хэргийн өндөр мэдлэгтэй, улсыг удирдах их увидастай хүн байжээ. Нэг гэм нь архи балгах дуртай, энэ талаар эцэг Чингис, ах Цагаадай нараасаа удаа дараа хатуу үг сонсож явсан удаатай. Гэхдээ архи уулаа гээд төрийн хэрэг цалгардуулсан явдал огт байсангүй. Өөрийгөө “махнаас өөр хоолгүй, малаас өөр хайргүй” гэж үздэг байжээ. Үүнээс ургуулж бодохул, Өгэдэй маханд дуртай Монгол эр байж. Мал, малчин хоёрыг хайрладаг Монгол хаан байжээ. Малгүй бол Монгол байхгүй, малыг хайрлагтун, малыг зовоож алж болохгүй гэж олон дахин сурган хэлдэг байсан нь тийм л гүн утга учиртай байсан аж. Их хаан мөртлөө энгийн даруу, хэн ч байсан хүлээн авч уулздаг, уулзсан учирсантайгаа тэгш харьцдаг бас тэгээд өрөвчхөн сэтгэлтэй хүн байжээ. Нэгэн удаа ядуу хүнийг өрөвдөөд хатныхаа эрднын шигтгээт алтан ээмгийг мултлан өгч байсан гэдэг. Бас ядуу ардын хийсэн гар урлалын зүйлийг өндөр үнээр авах захирамж гаргаж байсан зэрэг жишээ баримт түүх сударт тэмдэглэгдэж хоцорчээ.

Өгэдэй хаан их гүрнийг удирдахдаа эцэг Чингисийн үзэл санаа, захиа гэрээсийг хатуу баримтлан хаан суусан өдрөөсөө “Чингис хаан эцгийнхээ зүдэрч байгуулсан улсыг бүү зовооё, хөлий нь хөсөр, гарыг нь газар тавиулж жаргаая” хэмээн тангараглаад үйл ажиллагааныхаа гарааг эхэлсэн билээ. Мөн тэрээр “эцэг Чингис хааны гарагасн бүх зарлигийн нэр агуулга өөрчлөгдөхгүй хуучин хэвээр байх болно” гэж зарлиг болгожээ. Өгэдэй хаан суусны дараа “ард олноо амаржуулан жаргааж ард иргэддээ төвөг тээргүй дэг журам тогтооно” гэж андгайлж байв. Түүнийг андгайлан хэлсэн энэ үг яг л биелэгдсэн билээ. Тэрчлэн Өгэдэй хаан “Зуун хонь тутмаас нэгэн хонь гаргаж улсын доторхи үгээгүй ядуучуудад тусламж болгон өгтүгэй” хэмээн зарлиг гаргаж ядуу ард түмний амьдрал ахуйг харж, тэтгэн дэмжиж байжээ.

Өгэдэй хаан нэг удаа хятад хүн мусульман хүнийг доромжилсон жүжиг үзээд тэр жүжгийг үргэлжлүүлэн тоглохыг зогсоож хэлсэн нь: “мусульманчуудын хамгийн ядуу айл гэхэд л хэдэн хятад зарцтай юм. Гэтэл ямар ч баян хятад айлд нэг ч мусульман зарц үгүй. Эцэг Чингис хааны тогтоосон хуулинд нэг мусульман хүн албал дөчин хэлхээ шижир алтаар төлөх. Нэг хятад хүн албал илжгээр төлнө гэж заасан нь ийм л учиртай юм” гэжээ. Өгэдэй хаан өөрөө бөө мөргөлийг голдуу итгэн шүтдэг байсан мөртлөө бас бурхны шашин болон бусад шашныг хүндлэн тэгш үздэг байжээ. Ялангуяа лалын шашинтай хүмүүстэй эвгүй харьцаж хэзээ ч болохгүй гэж сургадаг байжээ. Энэ бол их хааны нэгэн өвөрмөц шинж байсан биз. Өгэдэй хаан 1241 оны 12-р сарын 9-нд олон хүн дагуулан их ав хомрого зохиож 10-ний өдөр ордондоо бүх хатад, хөвгүүд, ноёд, түшмэд, эрдэмтэн мэргэд, жанжинуудаа ирүүлж хэлсэн нь: “Эцгийнхээ их сууринд сууж хаан эцгээс хойш үйлдсэн хэрэг минь: Нэгдүгээрт, Зүрчид иргэнд аялж зүрчид иргэнийг мохоов би. Хоёрдугаарт, бидний хооронд элч хурдан явуулж харилцах ба элдэв хэргийг зөөлгөх өртөө замыг тавиулав. Гуравдугаарт, усгүй газар худаг малтуулж гаргуулаад улс иргэдийг ус өвсөнд хүргүүлэв. Дөрөвдүгээрт, зүг зүгийн суурин иргэдэд ахлагч, тамгачийг тавьж улс иргэний хөл хөсөр гар газар тавиулж амар түвшин болгов. Хаан эцгээс хойш ийм дөрвөн үйлийг нэмэв би. Бас хаан эцгийнхээ сууринд сууж олон улс иргэнийг тээж захирах их үүргийг хүлээсэн бөгөөтөл бор дарсанд дийлэгдсэн минь нэгдүгээр буруу минь болов. Хоёрдугаарт, ёсгүй эм хүний үгэнд орж Отчигин авгын харъяат нарын дотроос охид авчруулж, улсын эзэн хаан байтлаа ёсгүй муу ажлаас үйлэнд хазайсан минь бас нэг буруу болов. Гуравдугаарт, Доголоху-г далдаас хардсан бас нэгэн буруу бас бий. Ямар буруу вэ гэвээс хаан эцгийн минь харах нүдний өмнө хамгаас түрүүн хатгалдаж явсан Доголоху-г муу үгэнд автаж хороожээ. Одоо миний өмнө хэн тэгэж тэргүүлэн давшиж өгөх вэ? Хаан эцгийн өмнө зүтгэсэн журамт хүнийг үл ухааран өшөөлдсөнийгөө өөрөө буруушаана би. Дөрөвдүгээрт, тэнгэр газраас заяат төрсөн гөрөөсийг ах дүүгийн зүг оруузай хэмээн харамлаж одоо хэрэм нүдүүлж хориг саад болгосны учир ах дүүгээс гомдох үг сонсов би. Энэ бас нэг буруу болов. Харин эцгээс хойш дөрвөн үйл нэмэв би. Бас дөрвөн үйлс буруу үйлдэв” хэмээжээ.

Өгэдэй хаан бол амьдралынхаа турш Монгол түмний нэгдлийн төлөө, хаанчлалынхаа турш Монголын эзэнт улсыг бататган бэхжүүлэх, Их Монгол улсын төр, аж ахуйг өөд татахын төлөө амь бие хайрлахгүй зүтгэсээр ийнхүү насан өөд болжээ. Түүхээс заяагдсан ийм л хүн эзэн хаан буюу Монгол төрийн тэргүүн байх учиртай ажгуу.

Эх сурвалж: Монгол улсын шинжлэх ухааны академи, Түүхийн хүрээлэн
“Монгол улсын түүх” дэд боть

Сэтгэгдэл 5ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2019, 12 сар 6. 10:03
ЗАЯА

МАШ ГОЁБАЙЛАА

2017, 10 сар 12. 22:02
Зочин

Bid manjid 220 jil darlagdahdaa oligtoi gesen buhnee manjid aldaj ahui soeol huwtsas hunaraa iheehen segluulsen gaitai shariin shashind orood etseg owgodiin tsugluulsan hamag bdag alt erdenese tuwdruu zoogood duusgasan odoo ch gsn manj tuwd hyatadin soeliig teeseer l bn gehdee olon zaluus maan eh tuuhee sonirhoh bolson mongolin yag oorin undesni soeol dahin sergeh bolnoo.

2016, 5 сар 23. 21:40
zzz

Tyyhee bichij baih ni zov, yalangya zaluuchuud sain medej baihgui bol ireeduid yuch bolj medne,
Orosiin tv-iin uls toriin yarianuud hiideg nevtryylgyyd deer odoo syyliin yed ih altan ord gej yarj baigaa shyy, gehdee sainaar… Olon ulsiin baidal evguitej gazar nutgiin asuudal ih yardag bolson zagt…!!!

2016, 5 сар 23. 18:40
Зочин

aay lag

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]