Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

"Манж сайд бөхгүй хат, малчин би цолгүй хатая"Уншсан9,163

Одоогоос 100 орчим жилийн өмнө, халхын Засагт хан аймгийн Лу жанжин гүний (Лувсандондовын) хошуу буюу одоогоор Увс аймгийн Өндөрхангай сумын нутаг, Ханхөхийн уулын орчимд, харлаг Цэвэгийн хэмээх айлд нэгэн хүү төржээ.

Одоогоос 100 орчим жилийн өмнө, Халхын Засагт хан аймгийн Лу жанжин гүний (Лувсандондовын) хошуу буюу одоогоор Увс аймгийн Өндөрхангай сумын нутаг, Ханхөхийн уулын орчимд, харлаг Цэвэгийн хэмээх айлд нэгэн хүү төржээ. Тэр хүү багаасаа сүрхий боргил өссөн бөгөөд ойр зуурын ажилд хүдэр бадир, гар чангатай хүүхэд байсныг цөөхөн хүн битүү ажиглаж байлаа. Бага байхад эцэг эх нь бие барж, Ламзав хүү эхтэйгээ хоёул үлдсэн бөгөөд элдэв ажилд махран зүтгэж аж төрсөөр эрийн цээнд хүрч ахуй үед эх нь наснаас нөгчжээ.

Ламзав хүү эхийнхээ цогцсыг үүрэн явж, тэр нутгийн «Хүрэн хошуу» гэдэг газар аваачин нутаглуулжээ. Энэ нь нарлаг онгон, атар зэлүүд аятайхан газар тул залуу эрийн сэтгэлд таалагдсан бололтой, хэн нэгнээс ч асуугаагүй юм санж. Дараа нь Ламзав гэнэт, эл газар эхийгээ нутаглуулсан маань сайн болов уу, саар болов уу гэж бодон, мэргэн гэж нэршсэн нутгийн нэгэн ламаас асуужээ.

Гэтэл цаад лам нь зальтай хүн байсан тул Ламзавын бие бялдар, царай байдлыг ажиж овоо хүчтэй хүн болж мэдэх юм, юу ч атугай туршаад үзье гэж бодоод "За дүү минь, чи ч эхийгээ их л сайн газар олж нутаглуулжээ! Харин түүнээс чинь урдхан нь нэгэн босоо чулуу байна. Түүнийг зайлуулбал бүр ч сайн даа. Тэр чулуу л нэг жаахан базаахгүй юм шиг байна" гэж айлджээ.

Үүнд итгэсэн Ламзав маргааш нь тэр чулуу руу очиход, юманд сониуч хэсэг хүмүүс даган очиж, алсаас харж байсан гэдэг. Энэ чулуу бол Ламзавын ээжийгээ нутаглуулсан Хүрэн хошуунаас урагш 2-3 саахалт газарт байсан бөгөөд газрын хөрсөнд гүн бөгөөд эгц босоо зоож орхисон, нэлээд өндөр, овоо бүдүүн боржин чулуун хөшөө байжээ. Үүнийг Ламзав очоод тэврэн авч ганхуулах гэж оролдсон боловч огт хөдлөхгүй байсанд гайхшаа барахдаа нэлээд зайтай очиж байгаад эрчээрээ гүйж очин, хар тэнхээгээр дайран түлхсэнд, тэр чулуу хуга үсрэн газар унажээ. Ламзав тэвэрч чирсээр өөр зүг рүү хоёр саахалт илүү газар аваачиж хаячихаад явчихыг хүмүүс харж машид гайхжээ.

Энэ үеэс эхлэн Ламзав ч өөрийнхөө тэнхээг ойлгосон бололтой, нутаг хошууныхаа найр наадамд очиж барилдаж эхэлсэн гэдэг. Ийнхүү залуу бөх Ламзав, ойр хавийнхаа наадамд гаргууд сайн барилдах тул Богдын Даншигт очиж барилдахаар явахыг таних хүмүүс нь түүнд зөвлөх болжээ. Тухайн үеийн харц ядуу гаралтай, бяр тэнхээ ихтэй хүмүүсийн хүнээс дор орохгүй аж зуух бас нэгэн найдвар бол Даншиг наадамд барилдаж ноёд дээдсийн бөх болох явдал байж.

Ламзав Богдын даншиг наадамд очих зуур хүчээ сорьж, ямар нэгэн содон зүйл өргөж тавьж үлдээдэг зуршил болсон «Хан хөхийн арын Хуурай» хэмээх газарт баруун тийш дөрвөн саахалт зайтай Боржин хэмээх жижиг цагаан толгойн цагаан чулуунаас хониноос арай том цагаан чулууг авчирч, замын хоёр хажууд байдаг ижилхэн хоёр товцгийн нэгэн дээр тавьсан гэдэг. Чухам тэр чулууг, яаж авчирч тавьсныг бүү мэд. Ламзав үүнээс хойш тэр замаар явах болгондоо нэг товцгоос нөгөө рүү 20 орчим метрт аваачиж тавьчихаад байдаг тул тэр чулуу нэгэн удаа замын баруунтай, нэгэн удаа зүүнтэй гарчихсан байдаг байжээ.

Ламзав хэсэг наадамчдын хамт Даншиг наадамд явж байх зуураа «Хорин бугатын даваа» гэгчийн өвөр хормойд буугаад байхад нь хэсэг жудаггүй залуус "Ламзав гуай та, Сандаг˗Очир (Намхай) аваргыг дийлнэ гэж бодож байгаа бол тэр харагдаж байгаа чулууг дийлнэ л гэсэн үг" хэмээсэнд Ламзав хор нь буцлан "Үзээд алдана даа" гээд том авдрын дайтай тэр чулууг дайрч тэврэн өргөөд давааны өөд өргөн явчихад нь харж байсан хүмүүс машид сандран гайхсан гэдэг.

Ламзав тэр чулууг өргөн өгссөөр «Хорин бугатын давааны» энгэр дээр аваачиж тавиад буцаж ирэхдээ "Би энэ чулууг даваан дээр гаргачих байх гэж бодсон юм. Арай л барсангүй дээ. Намхай ч энэ чулуутай зүйрлэхгүй хэцүү л дээ. Тэгэхээр би Намхайг үнэхээр дийлэхгүй юм байна" гэж байсан гэлцдэг. Харин, нөгөө залуус их л гэмшиж настнуудад бас зэмлүүлж суусан гэнэ. Бас нэг ам дамжсан яриа нь одоогийн Увс аймаг, Өндөрхангай  (Хан хөхий уул) сумын нутагт буй Сонгараг хэмээх бууцанд Ламзавын сайн нөхөр Батдэлгэр зааных өвөлжиж байжээ.

Нэгэн өдөр тэднийд Ламзав арслан ирээд, гадаа нь морь уях уяа байхгүй тул,

- Гаднаа уяагүй айл байдаг юм уу! гэж Батдэлгэртээ хэлжээ. Батдэлгэр нь,

- Тэр уяа босгодог мод, чулуу чинь хаа байгаа юм бэ, чи аваад ир л дээ! гэсэнд Ламзав угаас жаахан хөөрүү хүн тул хойд уул өөд нь явчихснаа нэлээд байзнаад хоёр урт том чулуу сугавчлан иржээ. Тэгээд хөлдүү газар нэлээд хонхойлгоод хоёр чулуугаа босгож, бие биеийг нь мөргүүлэн тогтоож, ёроолыг нь үхрийн баас, бөөн чулуунуудаар чигжиж шавж «уяатай болгож» өгсөн гэдэг. Тэр хоёр чулуу хожим нь зөрөөд унасан бөгөөд одоо ч тэр бууц дээр ил хэвтээ тул сонирхсон хүн очиж үзэхэд хоёулаа уртаараа тус бүр 2 метр илүү, бүдүүн нь хүний биеийн хэр ажээ.

Нэгэн удаа, Богдын Даншигт очих гэж жанжин гүн Лувсандэндэв түүний 2˗р хөвүүн Шагдаржав нар хошууныхаа бөхчүүлийг аваад, олон тэмээ ачаатай, Богдын хүрээ чиглэн уртын замд гарчээ.

Гэтэл тэр замд олон голын бэлчир (Идэр, Чулуут) газарт, хүнд ачаатай атан тэмээ нь гэрийн буурины хэр бамбалзуурт шигдэж орхиод гарч эс чадсанд Ламзав хэзээний зангаараа айл хэсээд явчихсан тул бусад бөхчүүд цөмөөр элбээд тэр тэмээг гаргаж чадсангүй. Бүр ядаад ноёнтойгоо, агьтайгаа цөмөөр элбэж ноцолдоод тун дийлдэхгүй ядаж цөхөөд, энэ чигт нь орхидог ч юм бил үү хэмээн сууцгааж байхад нь Ламзав арайхийж сая иржээ.

- Ээ Ламзав минь чи чинь яачихдаг хүн бэ? Тэмээ шаварт ойчоод бид бүр гайхшаа бараад байхад! гэж ноён нь үглэж угтсанд Ламзав,

- Цаадуул чинь яагаа вэ гэжээ.

- Эд нар, бид цөмөөрөө үзээд ер чадсангүй, за чи юунд удаад зогсоод байгаа юм бэ? Чадмаар бол бушуухан буугаад нэг оролдооч! гэсэнд Ламзав мориноос буумагц дээлээ тайлж цамцныхаа ханцуйг шамлан, гутлаа тайлаад тэмээний дэргэд очжээ. Гэтэл бусад нь туслалцах гэж ойртсонд,

- Та нар битгий шаваад бай! Алив, хавтгай модны юм байвал бушуу аваад ир! Хөл шигдээд болохгүй байна! гэж Ламзав уцаарлан хэлсэн гэдэг.

Тэд авч явсан зүйлсээ уудалж, ачаан дотроосоо гурилын хавтгай мод, ноёны ширээ зэрэг элдэв банз хэдийг гарган дэвсэж өгвөөс Ламзав түүн дээр нь гишгэж байгаад тэмээний гэдэс доогуур хоёр гараа оруулан,

- Чү! гээд өргөсөнд тэмээ шавраас их л дуу шуутай сугаран гарч байсан гэдэг.

 Нэгэн удаа Ламзав Улиастайд очиж барилдан Манж сайдын аваргатай үзүүр түрүү булаалдахаар үлджээ. Манж сайд, заан Ламжавтай уулзаж энэ наадамд хэн түрүүлэх вэ, арай чи өөрийгөө гэж бодоо юм биш биз? гэхэд "Бяр, мэхтэй нь түрүүлдэг юм бол би түрүүлнэ дээ, ардаа ноёнтой нь түрүүлэх бол танай бөх түрүүлнэ биз" гэж ам бардам хариулжээ. Манж сайд хуурмаг инээмсэглэн,

- Миний бөхөд бууж өгвөл чамайг өөрийнхөө бөх болгоё гэж ятгахад, дургүй нь хүрсэн заан,

- Дөнгөтэй барилдсан ч танай бөхийг би хаяна гэж уурлан эсэргүүцэв.

Манж сайд ам хэлээр шордсоор байж Ламзавын хөөрүү занг хөдөлгөн дөнгөтэй барилдуулахад мөнөөх нь Манж сайдын аваргыг шуудагдан барьж авч толгой дээрээ гартал өргөн, дөнгөтэй хөлөө зөөж тавьсаар сайдын сууж байсан том асрын гол баганыг дайруулан бөхийг нь ширвэхэд Манж сайд баахан ноёдын хамт асартаа дарагдан унажээ.

Манж сайд шороогоо гөвөн асар дороос босож ирээд дөнгөтэй түрүүлсэн Ламзав заанд "Хар хул" хэмээх цол шагная гэхэд уур хилэн нь бадарсан Ламзав "Манж сайд бөхгүй хат, малчин би цолгүй хатъя" гэсэн гэдэг.

Ламзавын үр хүүхэд бөх болсон хүнгүй боловч түүний зээ нар нь болох Гэндэн заан гэж нэлээд сайн бөх байсан гэх бөгөөд мөн өөр эхээс гарсан зээ Торгууд гэгч бөх байсан ажээ. Торгууд бяр тэнхээгээр Гэндэн заанд хүрээгүй боловч үргэлж Ламзавыг дагаж, өвгөн болсон үед нь өргөж, түшиж явах тул Ламзав нь ч зээ дүүдээ их л сайн байжээ.

Нэгэн удаа Ламзав арслан, Дүүрэгч вангийн нэгэн хүнээс өр нэхэхээр зээ дүү Торгуудыгаа дагуулан яваад буцах замдаа хүндээр өвджээ. Барагтай л бол өвчин эмгэг гэж цухуйлгаж байгаагүй Ламзав сүүл сүүлдээ бие нь улам шаналан байгаа бололтой байн байн мориноосоо бууж хээр хэвтэх бөгөөд удалгүй "За би ингэж хэвтэж чамайг зовоогоод ч яах вэ, чи түрүүлээд яв. Ер нь миний бие тун муу байна шүү!" гээд мориндоо мордон, бүүргээ түшээд сажлах ажээ.

Торгууд нь түрүүлэн сажлах ба ард нь сүүл сүүлдээ Ламзавын ёолон эвэршээх дуу сонсогдсоор явах болжээ. Тэгж нэлээд удаан сажилсаар нэг мэдэхэд ёолох дуу сонстохгүй болсон тул эргэн харвал Ламзав ах нь морин дээрээ нэг л хачин муухай болчихсон, хоёр гараараа бүүргээ атгачихсан бөхийгөөд явж байна гэнэ.

Царайг нь харвал жигтэйхэн цайчихсан, хамар нь хавчиж, нүд нь аниастай байх тул мориноосоо буун харайж очоод үзвэл алдарт арслан Ламзав мориныхоо нуруун дээр нэгэнт өнгөрсөн байжээ. Торгууд гайхах, айх зэрэгцэж мориноос нь буулгаж авах гэж үзсэн боловч ер хөдлөх шинжгүй, гайхшаа барахдаа цулбуураас нь хөтлөн мордоод цааш аяархан сажлуулжээ. Бас ч амьд байх юу магад гэсэн горьдол үе үе төрөх тул "Ах аа" гэж хааяа дуудсаар, эргэж царайг нь харсаар явжээ. Ахыгаа амьсгаа хураасныг Цэвэж гэдэг газар анх мэдсэн бөгөөд тэндээс гэрээ хүртэл өртөө гаран газар айх сандрах зэрэгцэн сажлуулж харьсан гэдэг.

Гаднаа очоод сандран дуудваас, гэрийнхэн нь бүгд гарч ирж, учир явдлыг дороо сонсмогц уйлаан сандраан болж, олуулан элбээд Ламзав арслангийн цогц биеийг мориноос буулгах гэж оролдож их л яджээ. Урьд нь хол газар ер эцэж цуцдаггүй байсан морь нь маш их ядарч, хөлөрч амьсгаадан зогсох бөгөөд талийгаачийн хөл тэр морийг бараг багтартал хавчаад хөшсөн байжээ. Тэд удтал ноцолдон байж арай гэж хоёр хөлийг нь салгаад дөнгөн ядан гэртээ оруулж, ёс төр гүйцэтгэн нутаглуулсан гэдэг. Халхын их наадмын дэвжээн дээр хамгийн шилдэг аваргуудыг айлгаж байсан энэ алдар цуут арслан ийнхүү, хүлэг мориныхоо нуруун дээр хөдөө хээрийн замд насан эцэс болсон түүхтэй гэж тэр нутгийнхан одоо ч гайхан өгүүлэх ажээ!

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]