Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

"Ардын цэргийн ...дугаар ангийн байлдагч Долгорсүрэн нэг давлаа"Уншсан20,532

Бөх судлаач З.Жанжаадорж, Х.Пүрэвдагва нарын “Зааны хүү заан” номын хэсгээс уншигч танд толилуулья.

Бөх судлаач З.Жанжаадорж, Х.Пүрэвдагва нарын “Зааны хүү заан” номын хэсгээс уншигч танд толилуулья.

Аавын хүүгийн дөмөг нь төрийн наадамд зодоглоно

Аманд гарсан цэргийн учраа нь хатуухан таарна

Анхны жилийн оноолтоор заан, начинтай барилдана

Алдар цолтонгуудыг орхиж ирээдүйнхээ гарааг эхэлнэ

Долгорсүрэн заан

Цэргийн албанд татагдаж ирсэн залуучуудын олонхи нь хоорондоо ноцолдож улсын баяр наадамд зодоглох, аманд гарах, наадам үзэх мэт яриа шинэ цэргүүдийн дунд гол сэдэв болж байлаа. Улсын наадамд бүү хэл аймгийн наадамд ч гарч үзээгүй тэр олон залуучуудын дунд ирээдүйн нэрт бөх хичнээн байгааг таахын аргагүй. Харин шинэ цэрэг том цолтой бөхийн аманд гарах нь Монгол бөхийн түүхэнд бичигдсэн ба бичигдээгүй хууль олон жил тогтож хэвшсэн заншил юм. Аманд очсон цэрэг нэг давах нь тун ховор, сэтгэл зүйн хувьд ч том бөхийг давах нь бүү хэл барьж авах ч боломжгүй гэсэн ойлгоцоор гагцхүү хоцрохгүй аманд гарахаа л бодно. Анх зодоглож байгаа цэргүүдийн угтуул бөх нь гол төлөв улсын заанаас дээш цолтой томчууд байх нь бас л тогтсон эрэмбэ. Энэ нь нэг ёсны шалгарал болохоор тэр дамжлагыг тойрч гарах аргагүй. Энэ жилийн наадмын олон шинэ цэргүүдийн дотор Долгорсүрэн хэд хэдэн зүйлээр бусдаас ялгарч байлаа. Тэрээр урд нь зодоглож үзсэн төдийгүй 5 удаа сумын наадамд бас бус олон жижиг барилдаанд гарч нилээн удаа туг тойрч үзсэн, бас бие том чадалтай, хэнтэй ч таарсан барилдах сэтгэл зүйн бэлтгэлтэй байжээ. Түүний хувьд үе тэнгийн ч бай, ахмад цолтой ч бай адилхан хаяхаас өөр бодолгүйгээр гар зөрж унахад нь унаж, хаяхыг нь хаяж, сүүлийн үед унахаасаа хаях нь мэдэгдэхүйц давамгайлах болсон үе байв. Ер нь унана гэж сэтгэлээр унасан хүн чадал нь байсан ч өвдөг шорооддог. Хаяна гэсэн итгэл бол бага сага бартааг дайран өнгөрөх тэнхээ нэмдэг. Ийм сэтгэлийн тэнхээ түүнд анхны барилдаанаас өдгөөг хүртэл байсан нь бусад олонхи бөхөөс ялгарах онцлог юм. Тэрхүү хатамжит чанар нь олон барилдаанд, даваа нэмж, үзэгчдийн талархлыг хүлээж ирснийг зориуд дурдсу.

Нэгийн даваа эхлээд хэдэн хором болоход үеийнх нь цэргүүд аманд гарах үүргээ биелүүлж, барилдах ажлаа дуусган тахимаа өгөх ёс гүйцэтгэж, үзэгчдийн суудал уруу цувж байлаа. Хоёр дахь 16-ийн дүйцийн эхний хэсэгт 4 жилийн өмнө улсын заан цол хүртсэн Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын харъяат Доржсүрэнгийн Гүрбадамын аманд ардын цэргийн 107 дугаар ангийн байлдагч Д.Долгорсүрэн таарчээ. Гүрбадам заан Монгол бөхийн түүхийн зурвасхан үед нэр нь нэг удаа тод дуулдан бараг тэр дорхноо замхарсан, наадмын шөвгөрсөн бөхийн намтарт нэг удаа 6 давсан нэгэн. Гэвч улсын заан цолыг хүссэн бүхэн хүртдэггүй болохоор Монголын сайхан зааны нэг нь Гүрбадам мөнөөс мөн. Зааны хувьд амны цэрэг бүү хэл аймаг, улсын алдартнуудтай хүч үзэж ирсэн, залуу бөхтэй ноцолдохоосоо зааны даваанд барилдахаа л бодож байсан хэрэг.

Залуу бөхийн хувьд өөртэй нь барилдах хүнээс бэргэх нь байтугай таних ч үгүй болохоор тэнцүүхэн хоёр бөх ноцолдох адилаар сэтгэж урьтаж хийхийг бодож байжээ. Тийнхүү барилдаан эхлэн заан оноолт таарсан бөхийгөө харангуут халшрангуй байдлаар өрөв. Улсын заан аргагүй л өөр юм. Өрж хэдэнтээ барьж, халж байснаа өмсөх, гуд татах мэхийг угсруулахад нь Долгорсүрэн тэнцвэр алдах шахаад тогтов. Заан бас анхны мэхийг хэд хэд хийж баруун талаараа угсрах мэх олон удаа давтаж барилдаанд анхнаасаа давамгайлж залуу бөхөд ёстой л хаз.ахаас бусдыг хийж байлаа. Гэвч барилдаан сунжирч нэгийн даваа тулдаа л нэг их шамдуулахгүй шиг үргэлжилж байв. Залуу бөх олон удаагийн мэхэнд үлдэж, өөрөө ч бас ойр зуурын мэх хийж барилдаан үргэлжилж байтал засуулууд мэдэгдэхүйц шавдуулж эхлэв. Удаан ноцолдооноос заан нилээд ядарч, залуу бөх арай гайгүй байлаа. Залуу бөх засуулын шаардлагаар хэд хэдэн удаа суйлах, дайрах мэх хийж байгаад зааны хариу дайралтад санаандгүй мушгиж цохи.ход заан өвдөг шорооджээ. Энэ нь залуу заан дангийн даваанд унасан ховорхон тохиолын нэг байлаа. Бас улсын наадмын дэвжээнээс заанаар анхны даваа, бөхийн түүх, наадмын алтан хуудсаа эхэлсэн нь залуу байлдагчийн хувьд бэлгэшээлтэй, давтагдашгүй олон баримтын эхний мөр нь болжээ.

Нэгийн даваанд учраагаа давсан улсын цолтонгууд ёс дэг эрэмбийн дагуу төрийн соёмбот тугаа тойрч байхад тэдний дотор 20 настай өндөр цагаан залуу анх удаагаа туг тойрох энэ хүндэтгэлийн ёсыг гүйцэтгэж байгаа хэдий ч сандарч бэргэлгүй олон жил барилдсан хашир бөх шиг аажуу тайван дэвж явахыг нь харсан бүхэн энэ хүү мөн ч олон жил сайн барилдана даа хэмээн ам амандаа шуугилдсан нь талаар болсонгүй.

Бөх тайлбарлагч улсын хурц арслан Бадамсэрээжид Өвөрхангай аймгийн Хужирт сумын харъяат залуу бөх ардын цэргийн ...дугаар ангийн байлдагч Донровын Долгорсүрэн улсын заан Гүрбадамаар нэг давлаа гэж зарласан дуу орон даяар сонсогдож сүүнийхээ дээжээр хүүгээ үдсэн ээж Должинсүрэн нь баярын нулимс унаган саалийн зэл рүү алхаж байжээ. Наадмын хоёрын даваа хамгийн хатуу даваа. Давсан бүх бөхийг цолны эрэмбээр оноож хамгийн их цолтой хүнтэй хамгийн бага нь барилдах хатуу дэгтэй болохоор энэ даваанд аав хүү, ах дүү ч хоорондоо таарах явдал гарч болно. Улсын наадамд дээгүүр барилдах хүмүүс хоёрын даваанд таарсан олон тохиолдлыг бид мэднэ. Далан жилийн ойгоор эдүгээгийн улсын хүчтэн Ц.Баярсайхан, Д.Мөнх-Эрдэнэ нар хоёрын даваанд оноо таарч байсан.

Залуу бөх Долгорсүрэн том бөхөөр нэг давсандаа сэтгэл ханасангүй. Цэргийн ангийн удирдлага, хуучин цэргүүдийн яриагаар бол хоёрын давааны оноолт хатуу болохоор улсын арслан, аврагуудын аль нэгэнтэй нь л таарна гэцгээхэд Долгорсүрэн айж сүрдсэн янзгүй хэн нь ч таарсан яахав гэсэн шиг тайван инээмсэглэж сууна. Тэр жилийн улс, аймгийн цолтой бөхөөр нэг давсан цолгүй бөх олон байсан учир Долгорсүрэнгийн хоёрын давааны оноо аварга, арслан, зааныг өнгөрч ахмад начинтай таарчээ.

Баянхонгор аймгийн харъяат 46 настай Гомбожавын Наваан начинтай хоёрын даваанд барилдах бөхийг засах дунд хэрийн насны боргил дуутай эр зүүн талын 4 дээр залуу бөх Долгорсүрэн гараарай гэж ойрхон ойрхон 3 удаа дуудав. Наваан начин хэдийгээр нас ахисан боловч олон жил баяр наадамдаа зодоглож байсан жигд сайхан барилдаантай бөх байжээ. Тэрээр 1940-өөд оны дунд, 60-аад оны эхээр гол төлөв дөрөв, тавын даваанд гарч олон удаа тунаж байсан. 1948 онд улсын начин цол хүртсэн олны танил бөх юм. Залуу бөх начингаас айж эмээсэнгүй, ахимаг хүн гэж басаж голсонгүй түрүүчийн даваанд барилдсан шигээ л гарч начинтай хянуур өрлөө.

Харин начин том биетэй, золбоолог цагаан залууг хараад барилдах арга барилаа бодох цаг зав гаргах янзтай анх өрсөн газраасаа нилээн зайд очиж барилдахаар алхав. Хашир начин учраагаа дахин сайн ажиглаад өрөх зуураа бодолхийлэн за энэ хүүгээр барилдаанаа заалгавал тэнгэр харна. Урьтаж амжихгүй бол хөгшин хүнд ээлж олдохгүй гэж бодсоор санаа шулуудав бололтой хэсэг хугацаа өнгөрсний дараа шийдсэн мэхээ хийхээр барьж авангуут дайрах явдал дундаа уурган дэгээ хийхэд нь Долгорсүрэн явчих шахав. Нэг тогтож авсны дараа залуу бөх зориг орж мөчөөгөө өгөхгүй хийсэн мэхэнд нь хариулттай, бас барьцан дундаа мэх хийж зарим үед санаачилга авсаар байв. Наваан начин хий нь бүрэн гарсан хүн тул барагтай ойр зуурын мэхэнд унах янзгүй. Харин барьц тавилцаад дахин барилцаж авах зуур заавал нэг осолтой юм бодсон, тэр нь нилээн даацтай учир үе үе дөрвөн хөллөж, тэнцвэр алдаж байлаа. Цаг орчим барилдсаны дараагаар хашир начин дайрч барьцгүй хавсрах, барьж авангуут бусгах зэрэг хэд хэдэн мэх хийхэд нь тогтов. Гэвч залуу бөх ядраагүй начингийн барилдааны аясаар барилдаанаа эрчимжүүлсээр. Хоёрын давааны эхний хэсэгт гарсан энэ хоёр бөхийн барилдаан энэ давааны сүүлчийн бөхчүүд гарч барилдаж байхад дуусаагүй байв. Энэ хоёр бөхийг засаж буй хоёр засуул хэн хэн нь бөхдөө барилдааны арга мэх хэлж өгсөөр байв. Засуулууд нилээд ядарсан янзтай. Аргагүй шүү дээ. Цаг гаруй барилдаж буй бөх дагаж, бас чанга зөөлөн дуугаар бөхчүүддээ мэх хэлж хоолой нь сөөх тийшээ болжээ. Ер нь засуул барилдаж буй бөхөөсөө илүү ядардаг зовлонг засуулаас өөр хүн мэддэггүй ч болов уу.

Начин хэд хэдэн удаа шийдсэн мэх хийсэн боловч сүүлчийн хэдэн мэх анхныхтайгаа харьцуулахад даац муутай, нилээд ядарсан янзтай хөдөлгөөн нь удааширч байв. Энэ үед үзэгчдийн дундаас наад начингаас чинь гарах юм нь дууссан байна. Залуу бөх зоримогхон барилд гэж хашгирцгааж байх нь сонсогдоно, Долгорсүрэн харьцангуй бага ядарсныг засуул нь ажиглаж зоримогхон барилданаа хөө гэж хэд алга.дан хөдөлгөөн бүрт нь хүч зориг нэмсээр барилдааны санаачилгыг авахуулав. Начин залуу бөхийн мэхэнд хариулт хийх нь байтугай заримдаа дөнгөн данган үлдэж барьц халж суйлах мэхэнд тэнцвэр алдан алдсаар унав.

Гурвын даваанд гарах нь өмнөх хоёр даваанаас нэн сүртэй мэт Долгорсүрэнд санагдав. Тэр нь нэг талаас бөхийн цол дуудаж Монгол бөхийн од болсон томчууд дэргэд нь сүр намбатай дэвж, нөгөө талаас арай чансаатай нь хоёр давдаг болохоор аргагүй биз. Хоёр давсан залуу бөх анх удаагаа төв цэнгэлдэхэд зодоглож нэг, хоёрын даваанд бөхчүүдийг олигтой харж чадаагүй болохоор өчигдөр орж ирснээс юм болгон сүртэй мэт санагдана. Дэргэд нь дэвж буй бөхчүүдийн дотор Долгорсүрэнд хаях хүн ганц ч байхгүй мэт. Үнэхээр ч энэ улсын наадмын дэвжээнд анх удаагаа зодоглоод гурвын даваанд гарч буй бөх түүнээс өөр байхгүй. Тэгээд ч улсын цолтой бөхчүүдийг урд өмнө олныг үзээгүй болохоор нэг дор тийм олон том бөх эгнэн засуул дээрээ тэсч ядан дэвцгээж, тэдний тэг дунд зогсч байгаа болохоор улам ч сүрдмээр байсан ажээ. Өөрийн нь халз өмнө уран дэвээгээрээ олны анхаарал татаж буй бөх бол улсын арслан Бээжин. Тэрээр аль нэг юм нь илүү, эсвэл дутуу гэх юмгүй, тарган ч биш, туранхай ч биш, хотгор нуруутай, нэн тэгш сайхан бөх. Мөн уран гоё барилдаантай, гар хөлийн давхар олон мэхтэй. Нэн ялангуяа хөл суулиа буюу гоё хутгалтыг түун шиг хийдэг хүн байхгүй. Амлуулсан залуу бөх арсланг хаях тухай бодох нь бүү хэл яах учраа олоогүй байтал барилдаан эхлэв.

Долгорсүрэнгийн энэ удаагийн унаа нь түүний түүхэнд хамгийн хурдан барилдсан, гурвын даваанд анхны ба сүүлчийн удаа амлуулсан зэрэг хэд хэдэн онцлогтой.

Залуу бөхийг гарахын нь өмнө Мижиддорж арслан дуудаж за хүү минь Бээжин арслан чамайг авсан байна. Элэг бүсний нь барьцанд хүрч барилдаарай гэж захисныг олигтой анзаарч амжаагүй учир барилдааны үед санах зав гарсангүй. Арслан өрөнгүүт хий хавсрах мэх хийснээ барьж аваад хагас зайлуутаа хутгах гэснээ дахин халаад суйлжээ. Энэ хооронд залуу бөх сэхээ авалгүй өвдөг шороодож нэг л мэдэхэд тахимаа өгч байв. Долгорсүрэн маш тогтуун барилддаг учир энэ удаагийнх түүний түүхэнд хамгийн бага хугацаа зарсан барилдаан аж. Ийм зай завгүй хурц мэхэнд орж чанга унасан нь залуу бөхөд олныг бодогдууллаа. Эхэндээ энэ арсланд ингэж унаж байгаа юм чинь миний барилдах газар биш байна хэмээн зүрх алдсан шинжтэйгээр найз нөхөдтэйгээ хөөрөлдөж суув. Хоёр давсан том биетэй хүн ингэж ярихаар бодоход арслантай анхны даваануудад учирсан бөхчүүд дараагийн удаа зодоглохоосоо халширч мэдмээр.

Залуу бөхийн анхны жилийн наадам чамлахааргүй болов. Анхны жилдээ хоёр давах, тэгэхдээ улсын заан, начинг угсруулах нь тохиолдлын хэрэг огт биш. Түүнтэй хамт барилдсан бусад цэргүүд бөхийн талаар олигтой бодсон янзгүй, олонхи нь дангийн даваанаас хойш үзэгчдийн суудлыг орхисон байв. Харин Долгорсүрэн гурвын давааны эхэн хэсэгт гараад богино хугацаанд барилдаанаа дуусгаж үзэгчдийн суудалд шилжсэн нь наадмын хамгийн сонирхолтой хэсгийг шимтэн үзэх боломжтой болов. Тэр өдрийн наадмын гурав, дөрвийн давааг тавтай сайхан үзэж дараа дараачийн даваанууд улам сонирхолтой болох төлөвтэй болж байтал тэнгэр битүүрч яах ийхийн завгүй их устай аадар бороог үл анзааран наадмаа үргэлжлүүлж байв. Гэтэл цаг хүрэхгүй хугацаанд наадмын талбай усаар дүүрч, ус гутлын түрийн дунд хүрч бөхчүүд барилдах нь байтугай зүгээр хүн явах аргагүй болов. Үзэгчид тав тух алдаж үнэн хэрэгтээ усан дотор сууцгааж байснаа босч хэсэг хэсгээрээ бөөгнөн нөмөр бараадаж зарим нь цэнгэлдэхээс гарцгааж байв. Удалгүй дээрээс орсон бороо төдийгүй, уулнаас ус үерлэж цэнгэлдэхийн эргэн тойронд явган хүн явах боломжгүй, цаашид наадам үргэлжлэх аргагүй болсон тухай зарлаж хэдхэн цагийн өмнө түм түчигнэж байсан цэнгэлдэхийн талбай усаар дүүрч үзэгчдийн суудал хоосров.

Наадмын ажиллагааны төгсгөлийн хэсэг Спортын төв ордонд болж Долгорсүрэнгийн биширч түүнээс илүү бөх цөөхөн болов уу хэмээн бодож дараачийн нь барилдаануудыг шимтэн харж байсан Бээжин арслан залуу бөх Өвгөнхүүг амлан дэвжээний баруун хэсэгт өрөв. Үзэгчдийн ярих нь арслан олон мэхтэй, энэ залуу бас олон мэхтэй хэн нь ч хаяж мэднэ гэцгээж байхад нь Долгорсүрэн ийм мундаг арсланг энэ залуу яаж хаяхав, энэ улс бас санаагаараа бурж байна гэж бодож суутал Өвгөнхүү барьцгүй хавсраад тэнцвэр алдуут тал барьцнаас татаж хавсран давжээ. Залуу цэрэг арсланд унасандаа нилээд зүрхшээж, энэ мэт томчуудтай барилдах ч өдий байна даа хэмээн бодож суусан дундуурхан сэтгэлд нь Өвгөнхүүгийн барилдаан гэгээ оруулав. Нээрээ ч өөрөөс нь бие, хүч аль алинаараа илүү юмгүй адилхан цэрэг 5 давж байхад би юугаараа дутах юм гэж бодоод түүний хүсэл сэтгэлийг эзэмдэх гол зүйл нь барилдах ноцолдох явдал болжээ.

1960-аад оны дунд үеийн наадмын нэг онцлог бол тавын даваанд цолгүй хүн үлдэх нь тун ховор, үлдсэн нь цол авах баталгаа бага байлаа. 1966 оны наадамд цолгүй хүн үлдсэнээс Дорнодын Данзан, Увсын Лхамаа нар арслан Мижиддорж, начин Гомбосүрэн нарт унаж, нэг голын хоёр сайн арслан Бадамсэрээжид, Бээжин нарыг ид сайн барилдаж буй үед нь өвдөг шороодуулж хоёр залуу бөх цол хүртсэн нь Завханы Товуугийн Намсан, Сүхбаатарын Чойдорын Өвгөнхүү нар юм. Мөн тэр жил бараг цол бүрийг хэн нэг нь хүртсэн наадам байлаа.

Түрүүлсэн Ж.Мөнхбатад дархан аварга, шөвгөрсөн Х.Баянмөнхөд арслан цол олгожээ. Мөн Дорнод аймгийн Гурванзагал сумын харъяат залуу бөх Дашбалбарын Түвшин улсын хүчтэй заан Г.Дэмүүл, арслан У.Мижиддорж, аврага С.Цэрэн нарыг угсруулан орхиж улсын заан цолыг шууд хүртжээ.

Долгорсүрэн наадмаас хойш олон удаагийн том жижиг барилдаанд зодоглож гол төлөв гурав, дөрөв давж хэд хэдэн удаа үзүүр түрүүнд үлдэж цолтой бөхийг өвдөг шороодуулах нь жирийн үзэгдэл болов. Тийнхүү "Алдар”-ын Долгорсүрэн гэж анхаарал татсан бөхийн нэр хэдхэн сарын дотор Монголын ард түмний чихнээ танил болов. Олон газрын янз янзын ястан, насаараа барилдсан хашир ахмадууд, ид өсч яваа залуу бөхчүүд, алдар цолтой тэр үеийн одод гээд ёстой л өөрөөсөө бусдын далбаанаас барьж үзжээ. Анх цэрэгт ирж байсан үеэсээ өсч бие бялдар, бяр чадал, барилдааны арга барил нь мэдэгдэхүйц сайжран хэнтэй ч барилдсан өгөө аваатай армийнхаа нэр, “Алдар" нийгэмлэгийн өмнөөс олон чухал барилдаанд оролцож чамлахааргүй амжилтанд хүрсээр байв.

1967 оны хавар армийн аварга шалгаруулах барилдаан уламжлал ёсоор болж цэргийн цолтонгууд, залуу цэргүүд оролцсон 128 бөх зодоглов. Тэдний дотор тэр өдрийн барилдааны тэргүүн болох олон бөхийн дотор залуу цэрэг Долгорсүрэнгийн нэрийг хэлэх хүн цөөнгүй байлаа. Цэргийн наадам ч ёс жудгийнхаа дагуу явагдаж зарим хүний түрүүлнэ гэсэн нь хоёрын даваанд унаж, олонхи улсын таавар зөрж, харин Долгорсүрэнг түрүүлнэ гэсэн хүмүүсийн таавар онов. Ингэж 21 насандаа цэргийн арслан гэсэн алдар цол хүртсэн нь түүний цаашдын нь бөхийн алтан шар замыг улам шулуун дардан болгов. Учир нь огт цолгүй бөх хичнээн ч хүчтэй байсан хоёрын даваанд заавал аль нэг хүчтэнтэй таардаг болохоор цолгүй хүнд хоёрын даваа баталгаагүй. Харин Долгорсүрэнгийн хувьд хоёрын давааны тэрхүү баталгаагүй цайзыг хүчээр эвдэж гурав, түүнээс цаашхи давааны тунаанд нэр нь бараг баталгаатай бичигддэг болсон үе байжээ. Тэгтэл цэргийн арслан хүний хувьд байдал бас өөр. Ямар ч барилдаанд аманд очихгүй болохоор барилдааны нь оноолт ихээхэн хөнгөрч давах боломж нэмэгдэнэ. Цэргийн арслан Долгорсүрэн тэр хаврын олон удаагийн барилдаанд гол төлөв шөвгөрч улсын цолтой тэр үеийн сайчууд болох хүчтэнгүүдтэй барилдаж ирэв.

1967 оны хавар заалны барилдаанд олон зодоглосны нэг нь начин Баасанхүү, Одсүрэн, аймгийн арслан Равдан-Очир нарыг орхин түрүүлж байнд нь 60 ширхэг нэгтийн дэвсгэрт авсан нь цэргийн хүнд их мөнгө. Долгорсүрэн барилдаан бүрээс нэгийг сурч, даваа бүрээс урам, унаа болгоноос хашир сууж барилдаан нь хурдтай шуурхай биш ч гэсэн мэх хийлгүй удаан зогсож үзэгчдийг чилээдэггүй, аажуухан угсраа мэх үргэлжилж барилдааны явцад олон сонин хувилбар гарч үзэгчдийг баярлуулдаг, уналаа гэж гутрахгүй, бас хаялаа гэж онгирохгүй, даруухан зан, хүлээцтэй дөлгөөн харилцаа, барилдаж буй бөхөө хүндэлдэг олон сайхан чанар нь бөх сонирхогчдын сэтгэлийг эзэмдэж түүний даваа болгоныг нижигнэсэн алга ташилтаар мялаадаг байлаа. Долгорсүрэнг Хужирт сумын баруун хойт талын цөөхөн хүн таньдаг байсан бол ганцхан жилийн дотор нийслэлд амьдардаг бөх сонирхогчдын дотны танил, радио сонсч ам дамжсан яриагаар бөхийнхөө хорхой дардаг хөдөөнийхөнтэйгээ эчнээ танил болов.

1995 он.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]