Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

"Одоо би яана аа, орхисон алт мөнгийг минь олоод авчихаагүй байгаа"Уншсан40,181

Явган хятадын үүрсэн авдар хэдий хөнгөн боловч байнга үүрээд явахаар бас л хүнддэж байн байн амарсаар бараг жил болж байж нутгийн бараа харж гэнээ.

НОЁН, СЭВРЭЙ УУЛЫН ДОМОГ

Урьд цагт говийн нэгэн хошууг захирсан залуу ноён Сэврэй хэмээх ганган сайхан хүүхэнд сэтгэлээ илчилж ханилан сууснаас хойш төдий л удалгүй хиртэй гараар баримгүй хив хадгаар ороомгүй бөндийсөн цагаан хүүтэй болжээ. Хөөрхөн цагаан хүүгээ хөвөнд хадгалсан сувд шиг хайрлан энхрийлж “Хөвгүүн” гэж нэрлэжээ. Эцэг эхийн өвөр дээрээс бууж үзээгүй Хөвгүүн эрх дураараа өсч амьдралын аар саар гачигдлыг мэддэггүй, аавын хайртай морьдыг унаж ар өврийн айл хэссэн, ээжийн хайртай эрдэнэс юмсыг зарж үрсэн задарсан дүрсгүй амьтан болжээ. Аавын хатуухан үгийг ээждээ очиж тунирхан, ээжийн ширүүхэн үгийг аавдаа очиж гоморхсоор ноён хатан хоёрын хооронд хоног хоногоор ан цав үүсгэсээр байв. Эцэг эхийн хооронд эв эвдэрснийг эрх хөвгүүн элдвээр ашиглаж дэвэргэсээр эцэстээ эд хөрөнгөө булаалдаж, эрх хөвгүүнээ өмөөрцгөөж энэ хоёр салж сарних болж орон гэрээ тусаар барьцгааж, олон цэргээр хамгаалуулж сууцгаадаг болжээ.

  Ноён арван давхар цэргээр ар талаасаа мануулан жагсаагаад албаны гурван түшмэлээ дуудан ирүүлж адайр зөрүүд Хөвгүүнийг анхааран харгалзаж байхыг тушааж гэнээ.

   Ааштай төрсөн зөрүүд Хөвгүүн нь түшмэдийн үгэнд орохгүй алсхан очоод суучихаж гэнээ. Тэр цагаас хойш хатны зүгээс ирэх аюулыг хамгаалсан цэргүүд Хар, Шар, Хүрэн хана хэмээх хачин сонин хэлбэртэй хад цохио бүхий уул болж гэнээ.

   Эрх танхил Хөвгүүнийг нь эргэж тойрч байх үүрэг хүлээсэн гурван түшмэл ихэмсэг байдлаар эзэн өөдөө мэхийж байгаа мэт тогтсон ижилхэн гурван хүрэн уул болж гэнэ. Эцэг эхийнхээ амьдралыг сарниулсан эрх танхил Хөвгүүн этгээд зөрүүд байдлыг илчилсэн хад асга багатай хар толгой болоод тогтчихжээ. Төрүүлсэн үрээ санан мөрөөддөг төрөлхийн эх хүний сэтгэлээр хайрт хүү минь ээждээ ирж уулзаач гэж хэл явуулсанд харин аав ээжийн халамж хайрыг мэддэггүй хүү нь хариу ганц ч үг хэлсэнгүйд, хатан ээжийн нь ямаан омог хөдөлж аяганы ширээн дээр байсан толио аваад шидчихжээ. Ээжийн нь шидсэн толь этгээд Хөвгүүний хажууханд ойчсон нь толигор гадаргуу нь шил мэт гялалзсан толь хад болчихож гэнээ. Тэгээд одоо хүртэл Хөвгүүн тэрхүү толинд ээжээ харсаар байдаг болжээ. Хатан Сэврэйн энгэрт хаанаас нь ч харсан тэгшхэн оройтой хар уул байх нь адгуу Хөвгүүндээ гомдож толио авч шидсэн аяганы ширээ нь тэр гэнээ. Эрхийг сурахаас бэрхийг сур! Буруу хүмүүжсэн хүүхэд бухын хүзүүнээс хатуу гэж буурал дээдсийн маань цэцэн үг чухам үнэн гэж домог төгсдөг.

 

ДӨРВӨЛЖ ХАР БҮЙЛСНИЙ ТУХАЙ ДОМОГ

Баян-овоо сумын нутаг «Гэдрэг» хэмээх уулын ард хэсэгхэн газрыг эзлэн дан бүйлсний төгөл бут ургасан байдгийг «Дөрвөлж хар бүйлс» гэж нутгийнхан нь нэрлэдэг. Монгол сайхан орныг маань хятадын шунахай худалдаачид, доншуур наймаачид говь хангайгүй хэсэн бэдэрч ард түмний аль өнгөтэй өөдтэй эд юмсыг арга залиар цуглуулан цөлмөж байсан үед ар Монголд ирж амь зуух, арга эв нь олдвол арав таван мал цуглуулж, арилжаа наймаагаар амьдрал залгах бодолтой нэгэн хятад худалдаачдыг дагалдан дотор газраас иржээ.

Хос шаахайнаас өөр илүүчлэх хувцасгүй, хоёр гурван боодол хамрын тамхинаас өөр хогшилгүй тэр хятад авчирсан хэдэн тамхиа үнэд хүргэж ноос үс, арьс шир зэрэг харь нутагт алтаар үнэлэгдэх зүйлээр арилжаад нутгийн зүг яаран эргэжээ.

Явсан нохой яс зууна гэгчээр аваачсан юмсаа эд бараагаар сольж, амташсан хэрээ арван гурав эргэдэг шиг бас буцаад ирж гэнэ. Төрөлхийн шунаг сувдаг тэр хятад авчирсан зүйлсээ арилжиж олсон алт мөнгө, үнэт чулуу, ангийн үс, арц, гангын анхилам сайхан цэцэг навчсыг хоёр авдранд хийж аваад явахдаа ямарч хөлс зардал гаргалгүй дотор газар оруулбал улам их олз олж чадна гэж бодоод ажлын хүн ч хөлсөлсөнгүй, ачлага хөсөгч хэрэглэсэнгүй гэнэ. Хэрэв ачаа хөсөгтэй явбал баян данжаад явж байна гэж замын тонуулчид дайрч хамаг юмаа алдаж мэдэхээс ихэд болгоомжилж ганцаараа хоёр авдартай юмаа зөөж тавиад явж байжээ.

 

Тэгтэл нутгийн нэгэн баяны зарц замд нь дайралдаж «Данжаад гуай! авдартай юмаа тэмээнд тэгнээд ч юмуу, тэргэнд ачаад ч болсон явахгүй яасан юм бэ?» гэж асуусанд хятад уурлаж «Хай чи юу мэднээ. Би явж байна, Бээжин сууж байгаа шүү, чамд хамаагүй» гэчихээд нөгөөх хүнд авдруудаа хурдан хурдан зөөж тависаар эргэн эргэн харсаар яваад өгчээ.

  Шунахай хятад ингэж явсаар сүүлдээ бүр ядарч шургаж унамаар сульдаж авдраа өргөж даахаа ч байж гэнэ. Тэгээд авдрынхаа сүүдэрт суугаагаар амарч хэсэгхэн зуур зүүрмэглэх хооронд зүүн урдаас аймаар муухай зүс царайтай хэдэн хүн ирж авдартай юмыг нь авлаа гэж зүүдлээд учиргүй айж хашгиран сэрсэн чинь хавь ойр юу ч байсангүй харин хажууханд нь өнчин хар бүйлс харагдаж гэнэ.

    «Ай энэ яасан тэмдэгтэй мод байнаа, алт мөнгө, эрднэсийн чулууныхаа аль хүндээс энэ бутны дэргэд булчихаад хөнгөн эд юмаа үүрээд явна ваа! Сүүлд эргэж булсан юмаа авахад амархан» гэж сүрхий мэргэн арга олсондоо ганцаараа маасайтал инээж, «одоохон газар ухъя» гэж бодсоноо бас л хартай санаа нь дийлж «Хай, гэгээн цагаан өдрөөр газар ухаж байгааг хүн харвал яанаа, шөнө ухвал дээр». гэж боджээ.

   Шөнө болсон хойно авдраа багтах нүх малтаж, гарсан шороог нь оготны үлийд аваачиж хийгээд, авдраа булсан шороог хэнд ч мэдэгдэхээргүй тэгшилж хавь ойрын хайрга чулуу цуглуулж тарааж орхиод нар гарахаас өмнө яваад өгчээ.

   Явган хятадын үүрсэн авдар хэдий хөнгөн боловч байнга үүрээд явахаар бас л хүнддэж байн байн амарсаар бараг жил болж байж нутгийн бараа харж гэнээ. Очсон хойно олзныхоо юмыг ч наймаалж хоолтой ундтай хоёр гурван сар болжээ.

   Тэгээд харь газар орхисон юмандаа харуусан буцах гэтэл ар Монголд айхтар сүрхий бослого гарч хятад толгойтой бүрийг хиар цохиж байгаа сураг дуулдахад «одоо би яанаа, орхисон алт мөнгийг минь олоод авчихаагүй байгаа» гэж гэрт орвол гэдэргээ харан гэюүрч хэвтсээр, гадаа гарвал газар тэнгэрийн савслага тийш гансран харсаар хэдэн жил болчихжээ.

   Тэгтэл ар Монголд гарсан үймээн намдаж байгаа тухай чимээ дуулаад тэргэнд илжиг хөллөж аваад тэмдэглэж орхисон ганц хар бүйлстэй газраа хүрээд ирсэн чинь ганц хар бүйлс нь мянган хар бүйлс болоод үржчихсэн аль бутны дэргэд алт мөнгө нь байгааг олох ямар ч аргагүй болсон байна гэнээ. Түүгээр ч барахгүй мянган хар бүйлс яг ижил зайтай, том жижгээрээ ялгахын аргагүй адилхан зориуд тарьсан юм шиг ургачихсан байжээ.

   Хятадын гол нь харлаж «Хай яасан муу ёрын хад мод вэ? Хайран алт мөнгий минь чи хаана нуусан бэ?» гэж хар бүйлснээс хэдийг булга татаад авсан чинь бутны тоогоор нэмж ургаад байхаар нь шатаах санаатай нэг бутанд гал оруулж үзсэн чинь нойтон бүйлс бие биеэ үлээж унтраагаад байж гэнээ. Тэгээд хятад яаж ч чадалгүй буцаад явчихсан гэнэ.

Түүнээс хойш Дөрвөлж хар бүйлс гэдэг нэртэй хэсэг бүйлс бий болж, их санасан газар есөн шөнө хоосон гэдэг энэдээ гэж домог төгсдөг.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]