Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Түүхэн уулзалтын 800 жилийн ойУншсан8,481

Энэ сүмийг Чингис хаан амьд сэрүүн байхдаа Хятадын бомбын шашны их арш Чанчуний хүсэлтээр түүнд соёрхон шагнасан бөгөөд 1226 онд Чанчунь бомбыг таалал төгсөхөд нь энд чандарлан оршуулсан юм.

ТҮҮХЭН УУЛЗАЛТЫН 800 ЖИЛИЙН ОЙ

Бээжин хотын баруун өмнөд дүүрэгт Бинхэлу өргөн чөлөөний Бай юньгуань гудамжинд Даос хэмээх Бомбын ёсны сүм оршдог. Сүмийн үүдэн дэх гэрэлт ханын дээр Юань улсын үеийн их бичгийн хүн Жао Мэнфугийн өөрийн мутраар бичсэн “Түмэн үед мөнхөрсөн Чанчунь арш” хэмээх үгс өнөө ч тодхон харагдана. Сүмийн үүдээр ормогц нэгэн чулуун гүүр угтана. Хуурай лайдсан хонхрын дээгүүр өмнөөс умарш хөндөлсөх энэ гүүрийг “Салхин агуулагч гүүр” хэмээх агаад түүнтэй холбоотой хэд хэдэн сонирхолтой өгүүлэмж байдаг ажээ. Эрт цагт Бомбын шашны Үнэн төгөлдөр ёсыг үндэслэгч их арш энэ гүүрээр гарч хутагт хувилгаадтай учран уулздаг байсан гэнэ.

Сүмийн нэрийг орчуулвал Цагаан үүлийн сүм гэнэ. Үүл бол салхинаас аюух агаад, учир нь салхинд сарнин үгүй болдог билээ. Иймд салхинаас үүлийг хамгаалах зорилгоор, салхийг энд хоргодон байх зориулалтаар уг гүүрийг барьжээ. Түүнчлэн Бомбын шашин нь зовлонгийн далайгаас хамаг амьтныг гэтэлгэхийг зорьдог агаад гүүр нь хамаг амьтныг нэг газраас нөгөөд эсэн мэнд хүргэх арга, зам болдог байна. Тэгвэл Бомбын ёсонд талийгсдын сүнсийг энхжин диваажингийн оронд хүргэхдээ аанай л үл үзэгдэгч гүүрээр  дамжуулан хүргэдэг гэж үздэг. Ер нь гүүрээр дамжин өнгөрөгч хэн бүхэн нэгээс нөгөөд дамжин хүрч, тэр хэрээр сэтгэл хангалуун, амгалан тайван, баяр баясгалантай байдаг авай. Гүүрийн голд дундаа хонхтой хоёр том хүрэл зоос өлгөөстэй байх агаад хүмүүс зэс зоос худалдан авч гүүрэн дээрээс хонхыг шидэн онож жингэнэсэн уянгалаг дууг нь сонсох гэж аз хийморь, бэлгэ дэмбэрлээ сорьдог заншил эртнээс тогтжээ. Эрт цагт хонхыг жинхэнэ мөнгөн зоосоор шидэж аз хийморио үздэг байснаас үүдэн “Алтан зоосны нүдийг мөнгөн зоосоор мялаана” гэсэн хэвшмэл хэллэг бий болсон гэдэг.

Энэ сүмийг Чингис хаан амьд сэрүүн байхдаа Хятадын бомбын шашны их арш Чанчуний хүсэлтээр түүнд соёрхон шагнасан бөгөөд 1226 онд Чанчунь бомбыг таалал төгсөхөд нь энд чандарлан оршуулсан юм. 1228 онд Чингис хааны отгон хүү Тулуй төр барьж байхдаа энэ сүмийн гол дуганыг бариулж, эцгийнхээ зарлигаар Чанчунь бомбын Тахилын сүм болгосон түүхтэй. Евразийн өргөн уудам газар нутгийн олон арван улс, түмнийг нэгтгэн захирсан Дэлхийн эзэнт гүрэн байгуулсныхаа дараа Чингис хаан тэр их улс гүрэн, ард түмнүүдийг хэрхэн захиран жолоодох тухай газар газрын эрдэмтэн мэргэдийг олж уулзан сургаал номлолыг нь анхааран сонсохыг хүсэх болсон билээ. Тэр ёсоор Хятад газарт Чанчунь бомбо гэж их номтой, ид шид, эрдэм төгс хүн байна гэж сонсоод түүнтэй уулзахыг хүсч заллагын захидал илгээжээ. 1219 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөр тэмдэглэгдсэн энэхүү түүхэн захидал бичиг өдгөө энэ сүмд хадгалагдаж байна. Түүнчлэн сүмийн архивт 1720-иод оны сүүлчээр хятад хэлнээс Монголчлон орчуулж, худам үсгээр бичсэн хувь хадгалагдаж байдаг.

Чингис хаан өрнө зүгт хийсэн их аян дайнаасаа буцаж ирэх зам зуураа өнөөгийн Афганистаны нутагт 1222-1223 онд өвөлжиж байхад нь Чанчунь бомбо их хааны зарлигаар угтан очиж уулзан, ертөнцийн жам ёс хийгээд төрийн хэргийг номын ёсоор залах арга ухааныг ухуулан таниулж, улмаар хан хөвгүүд, ач нарт нь ном сургаал айлдсан билээ. Сүмийн гол тахилын дуганы дотор гурван талын ханаар дүүргэн энэ алс холын аяны үйл явдлыг дүрслэн үзүүлсэн дэлгэмэл үзүүлэн/панорам/ буйн дээр голд нь Чанчунь бомбыг чандарлан оршоосон том хүрэл бумба, гадна талын арын хананд байх аяллын маршрут бүхий том газрын зураг зэрэг нь сонирхолтой үзмэрүүд юм. Сүмийн хашаан дотор “Сыбусян” хэмээх үлгэр домгийн амьтны хүрэл цутгамал баримал байх агаад түүнийг Монголчууд Чанчунь бомбын эрдэнийн хүлэг гэх нь бий. Сүмийг үзэн, мөргөл тахилга үйлдэж яваа хүн хөл гар, бие эрхтний хаана өвчин хуучтай бол, энэ эрдэнийн хүлгийн мөн тэр газарт хүрч хүслээ шивэгнэн хэлэхэд өвчин хууч нь эдгэн илааршдаг гэсэн домнох сэтгэлийн бэлгэдэл заншил бий.

Энэ түүхэн үйл явдлыг товчоор үнэлэн дүгнэхэд: Нэгдүгээрт, Чингис хаантай уулзахаар Монгол хийгээд Дундад Азийн орнуудаар аялан жуулчилсан Чанчунь бомбын эл хэрэг явдал бол өрнөдийн Марко Поло, Плано Карпини, Гильом де Рубрук, хятадын Пэн Даяа, Сюй Тин зэрэг олон нэрд гарсан аялагч жуулчид, элч төлөөлөгчдийн хэрэг явдлаас өмнө, хамгийн түрүүнд болсноороо түүхэн үнэ цэн, ач холбогдлоороо зүйрлэшгүй юм. Хоёрдугаарт, Чанчунь бомбо нь Монголын хэмээх тодотголтой дэлхийн эзэнт гүрнийг үндэслэгч агуу их Чингис хаантай биечлэн уулзаж, дэлхийн хэрэг явдал, төрийн бодлого үйлийг хэлэлцэн зөвлөж явснаараа түүхэн их хувь заяаны эзэн болсон онцгой үйл явдал байсан. Гуравдугаарт, Чингис хаанаас Чанчунь бомбыг урьж залсан заллагын захидал бол бодит баримт бичиг мөн бөгөөд Чингис хааны үзэл бодол, үйл хэргийг тусган үлдээсэн чухал ач холбогдол бүхий түүхэн үнэт өв дурсгал мөн. Өнөөдөр уг захидлын эх бичиг байхгүй ч түүнээс хуулбарлан чулуун дээр сийлэн бичсэн хувь хадгалагдан өнөөг хүрч ирсний дээр Бээжин хотын Чанчунь бомбын сүм дэх түүний  хувь хуулбар, мөн уг захидлын дундад зууны үеийн худам Монгол орчуулга зэрэг баримт бичиг судалгааны чухал эх сурвалж, судлагдахуун болж байна.

Чанчунь бомбо бол бомбын ёсны их арш хутагт төдийгүй ихэд гэгээрсэн номч мэргэн хүн байсан агаад аяллынхаа явцад үзэж харснаа шүлэглэн тэмдэглэж үлдээсэн нь өнөөдөр тухайн цаг үеийн түүхэн үйл явдлыг судлан тодотгоход төдийгүй утга зохиол, яруу найргийн талаас нь ч анхааран судлууштай чухал судлагдахуун болж байна. Түүний бичсэн зарим сэтгэгдэл шүлгээс одоо үзье:

                        Эрт дээрээс умард газрыг хүйтэн хэмээх нь үнэн,

                        Элсэн говьд гуравдугаар сард мөс үл хайлна.

                        Эгэл цэргийг эрсүгэй хэмээвээс гагц шар тогоруу л чадна.

                        Энэ нь таюунга загасаар хангарьд хийхтэй адил аа.

                        Умарш цөлөгдсөн Сү Ү жанжин гансрахдаа үхлийг хүсч,

                        Өмнөш зүтгэсэн Ли Лин жанжин энд шингэсэн билээ.

                        Өдгөө Лу Ао-гийн зоригийг үлгэр дууриал болгомуй,

                        Эсгий туургат хоосон сүмийн эрхэмсэг нь хосгүй.

 

                                    х                      х                      х

 

                        Саруул уудам тал зах хязгааргүй үргэлжлэн,

                        Салхи үлээн, униар суунаглаж, гол мөрөн мяралзана.

                        Эд үүдэж орчлон бүтсэн нь юутай уран гайхамшиг,

                        Энэ газар амьдрал эгэл, адуу мал малламуй.

 

                        Мах идэж, ноос өмсөх нь эртний заншил хэвээр,

                        Малгай гөхөл, гэзэг үс нь дотор газраас өөр.

                        Эрдэмтэн мэргэд утга соёлыг хүргэж эс чадсан,

                        Эртнээс Монголчууд эрх чөлөөг л эрхэмлэмүй.

 

                                                х                      х                                  х

 

                        Алтайн уулс сүмбэрлэн сэхүйж номин үүлнээ шургаруун,

                        Амсхийн зугаацахуйяа тэнгэрийн тахилыг амтархах мэт.

                        Шөнийн гүнд эсгий гэрт дэр налан хэвтэхүйеэ

                        Шүхэрлэх үүлт өндөр уулсаас чонын дуун сонсдоно.

 

                        Алтайн уулсын өмнө хормойгоор ус баруунш урсаад

                        Аглаг уулсад айлчилсан түмэн газрын намар.

                        Үзмэн сарны тунамал гэрэл зүүн уулнаас мандахуйяа

                        Охьюу өнгөт шүхэр, усан болрыг хүлхэх мэт ээ.

 

                        Алтайн уулсын түмэн завьяа хүнгэнэх дуун тод,

                        Уулын агаар цэвэр ариун, шөнийн тэнгэр цэлмэг.

                        Төө биеийг илбэн гийгүүлэх тэргэл гэрэл илгээгч

                        Тэнгэрийн заадал, тунгалаг саранг нэн ч хайрламуй.

 Чингис хаан Чанчунь бомбыг буцахад нь санал хүсэл байвал хэлэгтүн! хэмээхэд Бээжин хотын Теньчан сүм хэмээн нэрлэж асан энэ сүмийг өөрт нь соёрхон өгөхийг хүсч, үлэх насаа тэнд бясалган сууж өнгөрөөх хүсэлтэй байгаагаа хэлжээ. 1224 оны 5 дугаар сард Чингис хаанаас Чанчунь бомбод соёрхон илгээсэн зарлигийн захидалд хаан бээр бомбын хүсэлтийг гүйцэлдүүлж, “Хойд тэнгисийн Цюнхуадао арлыг Түмэн-амгалант арал хэмээн нэрийдэж, Теньчансы буюу Мөнх тэнгэрийн сүмийг хутагт аршид соёрхон өргөөд урьдын нэрийг нь халж, Чанчунь аршийн ордон сүм хэмээн нэрлэж, гүр улс даяар эл зарлигийг тунхаглан мэдүүлсүгэй!“ гэсэн байдаг. Улмаар тэндээ Тэнгэрийн доорхи орны(Хятад орон гэсэн үг) бүх бомбын шашны үйл хэргийг эрхлэн суухыг соёрхож, энэ зарлиг тушаалыг батламжлан гэрчилсэн барсын толгойт алтан гэрэгэ олгосон түүхтэй. Хойд тэнгисийн Цюнхуадао хэмээх нь хожим Хубилай хаан ордлон суусан тэр арал болой.

Чанчунь бомбыг дагалдан түний 18 шавь нь хамт бараа болон явсан агаад шавь Ли Жичан нь замын туршид аяллын тэмдэглэл хөтөлж, үзсэн харсан, дуулсан сонссон, дайрч өнгөрсөн газар орон, уулзаж учирсан хүн зоны тухай бичиж тэмдэглэснээ хожим хэвлүүлснээр “Чанчунь бомбын өрнө этгээдэд зорчсон тэмдэглэл” хэмээх үнэ цэнэтэй судар мэндэлсэн түүхтэй. Энэ 2019 онд энэ түүхт уулзалтын 800 жилийн ой тохиож байна. Энэ бол Монгол түүхийн нэгэн том тэмдэглэлт үйл явдал яах аргагүй мөн. Зөвхөн уулзалтыг нь хэлж байгаа юм биш, энэ түүхт уулзалт хийгдсэн 4 жилийн хугацаанд болж өнгөрсөн аялалын үйл явдлууд, тэдгээрийн үр дүн, тэдгээрийг бичиж тэмдэглэсэн аян замын тэмдэглэл, хожмын хэрэг явдлууд, тухайлбал Чингис хаанаас Чанчунь бомбод хүсэлтээр нь соёрхсон Бээжингийн Цагаан үүлийн сүм зэрэг өнөөдөр бидний гарт хүрч ирсэн бүхэн нь түүхийн чухал эд баримт, биет болоод биет бус түүх, соёлын үнэт өв дурсгалууд мөн.

Өнөөдөр бид энэ түүхт ойг эрдэм судалгаа, түүх, соёлын хүрээнд тэмдэглэх ёстой. Энэ түүхт уулзалтыг улам нарийвчлан судалж, бүдэг бүрхэг зүйлүүдийг нь тодотгох, дотоодын болоод хоёр талын, эсвэл олон улсын эрдэм шинжилгээний хурал, уулзалт хийж, баримтат кино хийх, их хааны захидлаас хувь хуулбар авчран Монголд залж, аяллын маршрутаар нь судалгааны экспедици зохион байгуулах ёстой. Энэ түүхт уулзалтын үйл явдал нь хэдэн жил дамнан үргэлжилсэн, тэгэхлээр дээрх ажлуудыг төлөвлөн дэс дараатайгаар хийх боломжтой юм.

Миний бие энэ аяллын тэмдэглэлийг 2010 онд өөрийн шавь Ц.Ганбаатарын орчуулж хэвлүүлсэн. Энэ номыг дахиж хэвлүүлэх бодолтой байна. Чанчунь бомбын төрсөн нутаг Хятадын Шаньдун мужийн Вэйхай хотод түүний гэр музей байдгийг саяхан бидний хэдэн нөхөд ажлын далимаар очиж үзэх завшаан тохиосон агаад энэ ойн хүрээнд Вэйхай хоттой хамтран ажиллахаар тохиролцсон юм. Хоёр талын киноны уран бүтээлчид болон хятад судлалын зарим эрдэмтэд хамтран олон ангит кино бүтээхээр кино зохиолыг бэлэн болгож, зардал мөнгийг босгох, хоёр талын төр засгаар зөвшөөрүүлэн дэмжүүлэхээр ажиллаж байгааг энэ дашрамд уншигчдад дуулгахыг хүслээ.

Хүмүүс “Тансан ламын баруунш зорчсон үлгэр”, “Чанчунь бомбын өрнө этгээдэд зорчсон тэмдэглэл” хэмээх түүхэн хоёр үйл явдал, хоёр өөр судрыг хольж ойлгоод байдаг. Эхнийх нь 7 дугаар зууны үед Хятадын Тансан лам Энэтхэг оронд одож 17 жил Буддизмд суралцаад Бурхны шашны олон тооны судар шасдируудыг Хятад оронд авчран орчуулж, тайлбарлаж туурвиснаар Хятад оронд Бурхны шашны их идэвхжил дэлгэрэлтийг авчирсан түүхийг өгүүлдэг. Удаахь нь бидний өгүүлэн буй түүхт уулзалтыг тэрлэн тэмдэглэсэн аян замын тэмдэглэл болой.

 

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Хэл бичгийн ухааны доктор Я.Ганбаатар

 Энэ сүмийг Чингис хаан 1223 онд Чанчунь бомбын хүсэлтээр өөрт нь эрхлэн суух соёрхол хайрлажээ.

1228 онд Чингис хааны отгон хүү Тулуй хаан энэхүү тахилын дуганг бариулжээ.

Чанчунь бомбын сэрэг дүр

Чанчунь бомбын шуумал баримал

Хоёр их хүний түүхэн уулзалтыг үзүүлсэн ханын үзмэрүүдийн нэг хэсэг

Чанчунь бомбын аяллын маршрут

Аялагчдыг Орхоны Улаан цутгаланд ирэх үед угтан тосч буй Монголчууд

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2021, 2 сар 1. 17:40
Зочин 1

нийтлэл бичсэн он сар өдөр тавьбал их сайн байна

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]