Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хүннү гүрнээс Монголын эзэнт гүрнийг хүртэлх цаг хугацааг хамруулан ойлгоно.

Хүннү хэмээх нэр анх тэмдэглэгдсэн ньУншсан16,610

Хүннү буюу хятадаар Сюнну гэдэг энэ нэр түүхэнд хамгийн анх тэмдэглэгдсэн нь нангиадын “Жоу улсын бичиг”, “Уул усны судар” гэдэг эртний хоёр хөлгөн туурвил болой.

МУСГЗ, доктор Я.Ганбаатар бичиж байна.


Хүннү буюу хятадаар Сюнну гэдэг энэ нэр түүхэнд хамгийн анх тэмдэглэгдсэн нь нангиадын “Жоу улсын бичиг”, “Уул усны судар” гэдэг эртний хоёр хөлгөн туурвил болой. “Жоу улсын бичиг”-т өгүүлснийг үзвэл: “Чанх умар этгээдэд Кунтун, Дася, Шачэ, Гута, Даньлюэ, Баоху, Дайхүө, Сюнну, Лоуфань, Юэжи, Тили, Дунху, Динлин нар байх ба тэмээ, тахь, куайти, кэти зэрэг адгуус тэжээдэг. Тэд сайн нум сумтай бөлгөө” гэж гарч байна. Бас “Сюнну нар айхтар нохойтой. Бие нь том, дөрвөн хөл нь бахим” гэж бий. Бас “Хүннүд айхтар анч ноход бий. Бие нь дөрвөн тохой хүрнэ” гэжээ. Түүнчлэн “Сюнрун, Бэйрун нар бол умрын тал нутагт амьдардаг Хүннү нар болой” гэж буй. Тэгвэл “Уул усны судар”-т “Хүннү бол улс бөгөөд баруун хойд зүгт амуй” гэж гарч байна. Хүннү хэмээх нэрийг хятад хэлээр Сюнну гэдэг, тийм ч учраас их зохиолч Д.Нацагдорж “Миний нутаг” шүлэгтээ:

Хүннү, Сүннүгийн үеэс хөгшид өвгөдийн нутаг                                 

Хөх Монголын цагт хүчирхэг болсон орон...

гэж шүлэглэсэн байдаг. Урьд цагийн Монголчууд эх түүхээ биднээс илүү мэддэг байжээ.

МТӨ III зууны үед зохиогдсон гэдэг энэ хоёр судар бол үндсэндээ МТӨ V-III зууны үеийн Нангиадын Байлдаант улсуудын цаг үед холбогдох түүхэн үйл явдлуудыг өгүүлдэг тул энэ цаг үед Хүннү гэдэг нэр хэдийн олны танил болсон байсныг харуулж байна. Тухайн үеийн Хятадын олон ханлиг улсуудаас Жао улс Хүннүтэй хамгийн ойр байж, ихэд харилцан холбогдож, сайдаж муудан, дайтаж найрамдаж явсан ажээ. Үнэхээр ч МТӨ 307 (зарим судалгаагаар МТӨ 324 оны үеэс эхэлсэн гэдэг) онд Жао улсын Үлин ван цэрэг иргэддээ “Хуфу цишө” буюу “Хүннүгийн хувцас өмсч, морь унан, нум сумаар харвалдаж сурагтун!” хэмээсэн түүхт бошго зарлиг гаргахад хүргэсэн учир шалтгаан бол тэд яах аргагүй Хүннүгийн хөлд хамгийн ихээр өртөн нэрвэгдэж байсны гэрч баримт мөн.

Эртний түүхийн талаарх бидний мэдлэг МТӨ III зуунаас цааш Хүннү нарын тухай энэ мэтээр баримттай, ноттой, тодорхой ойлголтод хүрч болохоор байгаа бөгөөд тэдэнтэй холбоотой аливаа мэдээ зангийг Хятадын түүхэнд тэмдэглэн үлдээсэн “Ху” хэмээх ерөнхий нэг нэртэй холбоо бүхий эх сурвалжуудаас хайхад хүрч байна. Эртний Хятадын түүхэнд умрын олон нүүдэлчин угсаатан аймгуудыг дээр дурдсан олон янзын нэрээр нэрлэхээс гадна бас “Ху” буюу “бүдүүлгүүд” гэсэн үгээр нийтэд нь нэрлэдэг байв. Ху хэмээх энэ нэрийн дор алс дорно зүгийн зах хязгаараас эхлээд өрнө зүгт Дундад Азид орших Түрэг гаралт олон угсаатан ч хэлэгдэж байсан юм. Үүнд Дунху буюу Зүүн Ху, Сиху буюу Баруун Ху, Линху буюу Ойн Ху, Лянху буюу Хязгаарын Ху гэх мэт тодотголтойгоор нэрлэсэн нь нүүдэлчин ард түмнүүдийн доторх олон аймаг угсаатныг, харин Ху гэдэг нэрийг дангаар нь хэрэглэсэн бол зөвхөн Хүннүг ялган заасан байдаг нь тодорхой болсон зүйл юм.

Японы эрдэмтэн К.Ширатори “Дунху аймгийн судалгаа” гэдэг зохиолдоо: “Түүхийн тэмдэглэл”, “Хан улсын бичиг” зэрэг эртний түүхийн судрууд дотор дангаар нь “Ху” хэмээн нэрлэж байгаа нь цөм Хүннү нарыг тусгайлан зааж буй хэрэг, бусад аймгийг заасныг үзээгүй” гэсэн байдаг нь ийм учиртай. XVII зууны Мин улсын үеийн “Зилу хуйбянь” хэмээх шасдирын 161 дүгээр бүлэгт энэ үгийг тайлбарлахдаа: “Энэ Ху аймгийг Цин, Хан улсын үед Хүннү, Тан улсын үед Түрэг, Сүн улсын үед Хитан, өдгөө Татаар/Монгол/ хэмээмой” гэжээ. Энэ бол ихээхэн ерөнхий тайлбар болох нь өмнө олон нэрсийг ялган тайлбарласан ангиллаас үзэж болох боловч нэр гарч буй үе үеийн олон ард түмэн нэг угсаа гаралтай болохыг нөгөө талаар сануулж байгаа юм.

Худаглах ёст тариан талбайгаа тойрон хүлцэнгүй номхон суугаад хүрз зээтүү барин Хүннүг торгооно гэдэг байж болшгүйг ухаарсан Жао Үлин ван удтал толгойгоо гашилган сэтгэсний эцэст тэрхүү зарлиг тушаалаа буулгасан ажээ. Энэ үеэс эхлэн нангиадын цэргүүд Хүннү нартай адил хувцаслан, морь унаж, нум сумаар харваж сурцгаах болсноор Хүннүд амар дийлдэхгүй болсон гэдэг. Ихээхэн шинэчлэл өөрчлөлт авчирсан энэ том үйл явдлын талаар эртний түүх бичлэгүүдэд ч их бий, хожмын эрдэмтэн мэргэд ч олон үеийн туршид түүх бичлэг, судалгааны бие даасан сэдэв болгон тусгайлан судалсаар ирсэн байна.

Дараачийн нэг мэдээ бол Сыма Цяний “Түүхийн тэмдэглэл”-д гарч байгаа МТӨ 318 оны хэрэг явдал юм. Өвөр Монголын түүхч др.Мансан 2005 онд хэвлүүлсэн “Монгол үндэстний бүрэн түүх” хэмээх зургаан боть бүтээлдээ Хүннү гүрний түүхийг МТӨ 318 оноос эхлэн авч үзсэн нь энэ мэдээтэй холбоотой үндэслэл юм. “Байлдаант улсуудын бодлого” хэмээх Хятадын эртний түүхийн сударт: “Тэр цагт Хятадад Байлдаант улсууд хэмээх долоон ханлиг улс байсны гурав нь Хүннүтэй хил залгамуй” гэж гарч байгаа нь МТӨ 311-279 оны хоорондох цаг хугацаанд хамаарч байна. “Түүхийн тэмдэглэл”-д дурдсанаар бол МТӨ 265 онд Жао улсын Ли Му жанжин умар, баруун умар зүгийн Дайсе, Яамэн боомтуудаар цэрэглэн довтолж Хүннүг ихэд дарж арван түм илүү цэрэг дайчдыг нь алж устгасан байна. Үүнээс хойш арав гаруй жилийн туршид Хүннү нар Хятадыг довтолж чадаагүй аж. Ер нь энэ үед Хүннүтэй харилцаж байсан Жао улс, Үлин вангийн үед Хүннүг ихэд дарж, умарш хөөн холтгоод хоёр их үйлийг эхлүүлсний нэг нь дээр дурдсан “Хүннүгийн хувцад өмсч, морь унан, нум сумаар харваж сурах” зарлиг, нөгөө нь Хүннүг дахин өмнөш цөмрөн ирэхээс нь сэргийлэн умард хил хязгаараараа их хана хэрэм байгуулах ажлыг улам шуурхайлсан явдал байсан бөлгөө.

Хүннү нарыг дарж доройтуулан умар зүгт Их говийн ар биед гартал нь хөөн холтгосон өөр нэг хэрэг явдал бол Цин улсын үед буюу МТӨ 215 онд хамаарах бөгөөд түүхэнд анх удаагаа Нангиадын олон ханлиг улсуудыг нэгтгэсэн Цин улсын анхдугаар эзэн хаан Цинши хуанди зурхайн мэрэг төлөг үзэж, “Цин улсыг Ху нар мөхөөмүй” хэмээн буусан төлгийг буруу тайлсан ордны зурхайч нарын үгэнд автан, жанжин Мэн Тяньд арван түмэн цэрэг өгч Хүннүгийн Түмэн шаньюйг довтлон цохисон тэр түүхт үйл явдал юм. Түмэн шаньюй тийн дутааж, эхлээд Их говийн өмнө этгээдэд агч Иншань (одоогийн Өвөр Монголын Хөх хот, Бугат хотын араар оршдог Мони уул)-нд хэсэг нутаглаж байгаад улам шахагдан хойшилж Их говийн ард гарч, Хангайн нурууны дунд, тэр үеийн түүх бичлэгт Аньхуй гол хэмээн тэмдэглэгдсэн Орхон голын хөндийд хүрч тогтсон түүхтэй. Иншань уулын ар хормойд байгуулан суусан хотыг нь Түмэн хот гэдэг бол Хөшөө цайдам орчимд төвлөрөн Цайдам нуурын баруун, Тамирын голын зүүн талд хот байгуулан суусныг нь түүхэнд Лунчөн буюу Луун хот гэж тэмдэглэсэн байдаг.

X-XII зууны үеийн морьтон үндэстэн асан Хитан улсын түүх болох “Ляо улсын түүх, Тайзу хааны цадиг”-т “Наймдугаар сарын шинийн нэгэнд эртний Шаньюйн улсын Алтан чиндэс ууланд гарав. Шинийн хоёронд эртний Уйгур улсын хотод хүрэв. Энэ нь Тамирын голын зүүн этгээдэд амуй” гэж бий. Энд гарч буй “эртний Шаньюйн улс” гэдэг нь Хүннүгийн Луун хотыг хэлсэн хэрэг мөн. Түүгээр ч барахгүй Хитан нар энд хот байгуулж “Орд хот” гэж нэрийдэж байсан тэр үеийн хүмүүс энэ тэмдэглэлийг бичжээ. Эртний Уйгурын хот гэсэн нь Тамирын голын хөндийд байх Хар балгас мөн. Юань гүрний үед Елүй Шоу хэмээх хитан хүний бичсэн зохиолд буй “Луун хотод саатахуй” гэдэг шүлэгт дурдсанаар бол энэ хот Хархорумаас баруун хойд зүгт байсан ажээ. Хүннүгийн нийслэл Луун хот хийгээд хожим хойдын болон өнөөгийн Лүн хэмээх нэртэй газруудын тухай жич өгүүлнэ. Дээрх бүхнээс үзэхэд МТӨ IV зууны үеэс тэмдэглэгдэх болсон Хүннү гэдэг нэр МТӨ III зууны үед тогтмол хэрэглэгдэх болж, умрын олон нүүдэлчин аймгуудын дотроос товойн гарсан Хүннү угсаатны нэрийтгэл нэр болон тогтсон байна.

Хүн нар товойн хүчирхэгжих үеийн Төв Азийн нүүдэлчин угсаатнуудын ерөнхий төлөв байдлыг ажиглавал дараах байдал тодорч байна. Үүнд үндсэндээ гурван том аймгийн холбоо бий болоод байжээ. Төв Азийн зүүн хэсэгт буюу Хянганы уулс, Манжуурын толгодоор төвлөн Монголын дорнод хэсэг, Зүүн хойд Хятад, Солонгосын хойгийн хойд хэсгийг багтаасан Дунху хэмээх Зүүн Ху аймгийн холбоо, одоогийн Монгол Улсын нутгийг бүхэлд нь хамран Өвөр Монголын төв хэсэг буюу Их говийн ар, өвөр биеэр төвлөн Шинжаан, Ганьсу, Хөх нуурыг багтаасан Хүннү аймгийн холбоо, Өвөр Байгаль, Буриад, Тувагаар төвлөн Алтайн уулс, Енисей хэмээх Зүлэг мөрний эх хөндийг багтаасан Динлин аймгийн холбоо тус тус байгуулагдсан байна. Энэ бол Хүннүгийн төдийгүй Төв Азийн нийт нүүдэлчин угсаат овог аймгуудын түүхэнд эргэлтийн гэж хэлж болохоор түүхэн хөгжлийн шинэ үе шатанд хүрч ирээд байсан нэн сонирхолтой цаг үе болой.

Л.Н.Гумилевын “Эрчимт хүчний онол”-ын зарчмаар авч үзвэл энэ бол Хүннү угсаатан сэргэн мандлын их эрч хүчийг хуримтлуулаад их тэсрэлтийн босгон дээр тулж ирээд байсан хэрэг билээ. Одоо нэгэн шинэ угсаатан үүснэ, тэр угсаатан улмаар нэгэн шинэ супер этнос буюу шинэ хэт-угсаатан болно. Тийм ээ, миний бие 2011 онд хэвлүүлсэн “Хүннүгийн түүх, соёл” хэмээх номдоо “Супер этнос” гэдэг нэр томьёог “Хэт угсаатан” гэж оноон орчуулсан. Түүнчлэн “суб-этнос” гэсэн нэр томьёо бий. Түүнийг “Дэд угсаатан” гэж орчуулж болно. Ер нь Л.Н.Гумилев болон Евразийн онолч түүхчдийн онолын бүтээлүүдэд байнга гардаг олон нэр томьёог Монголоор оновчтой оноон орчуулах асуудал нэлээд тулгам байгаа бөгөөд тэдгээрийн заримд өөрийн оноосон орчуулгаа дурдвал этнос-угсаатан, этногенез-угсаатны гарваль, пассионарность-эрс тэсрэлт, химер-холимог угсаатан гэх мэтийн санал дэвшүүлсэн. Энэ онолын ёсоор бол Хүннү нар хэдийн төрж мэндлээд нялх балчир насаа өнгөрөөж, эрийн цээнд хүрч бие даах насандаа ороод байгаа нь энэ. Бие даасан нэг угсаатан болж чадаад, хөрш зэргэлдээх дээр дурдсан бусад хэдэн нүүдэлчин овог аймгуудыг өөртөө нэгтгэн авах тэр цагт хэт угсаатан болно. Хэт угсаатан болж чадвал Хүннүгийн нийгэм улам батжин бэхжиж, нэгэн үндэстэн болох түүхэн боломж бүрдэх болно.

Гэвч энэ нь хожим хойчийн хэрэг явдал байлаа. Үүнийг цаг хугацаа харуулах болно. Ийнхүү хүрэл зэвсгийн сүүл үе, төмөр зэвсгийн эхэн үеэс Төв Азийн нүүдэлчин аймгууд улам бүр хүчирхэгжин, хятадын тархай бутархай олон ханлиг улсуудыг довтлон түйвээх нь ихэссээр байсан тул тэд газар нутаг, хил хязгаараа хамгаалан батлан сахих зорилгоор тус тусдаа хана хэрэм барьж эхэлсэн юм. Хятадын олон ханлигууд хана хэрэм барих ажил бараг мянган жилийн турш үргэлжилж, Хятадын анхны эзэн хаан Цинши хуандий Хятад орныг анхлан нэгтгэсний дараахан буюу МТӨ 215 оны үед өнөөх олон хэсэг бусаг хана хэрмийг хооронд нь холбож нэгтгэн Түмэн газрын Их цагаан хэрэм гэгчийг байгуулах түүхэн их бүтээн байгуулалт улам идэвхжсэн түүхтэй. Энэ бүтээн байгуулалт дахин хэдэн зуун жил үргэлжилсээр Манж Чин улсын үед сая дууссан юм. Энэ хэрэм бол тухайн цаг үедээ Хятад болоод Төв Азийн нүүдэлчин ард түмнүүдийн газар нутгийг ялган заагласан хилийн шугам болж байлаа.

Яг энэ үед Хүннү хэмээн хэдийн тогтсон нэрийн дор нүүдэлчин аймгууд бас нэгдэж төр байгуулан нэгдсэн улс болсноо зарлан тунхагласан юм. Энэ бол Түмэн шаньюйн хүү Моодунгийн төр барьсан цаг үетэй холбогдох хэрэг явдал болой. Нэрт эрдэмтэн Г.Сүхбаатар Хүннүгийн түүхийг үндсэнд нь 3 хуваасан байдаг. Ингэхдээ нэн эрт үеэс МТӨ III зууны эцэс хүртэлх мянга гаруй жилийг нэгдүгээр үед хамруулж, МТӨ III зууны сүүлчээс МТ 49 онд Хүннү гүрэн умард, өмнөдөд хуваагдан салсан үе хүртэлх гурван зуу шахам жилийн хугацааг хоёрдугаар үед, МТ II-V зуун хүртэлх үеийг гуравдугаар үе шатанд хамруулан ангилсан юм. Энэ бол Хүннү хэмээх угсаатны хувьд үүсч бүрэлдэн бий болсон, төр улс байгуулж хүчирхэн мандсан, бууран доройтож задран, бусдад уусч үгүй болсон бүхий л түүхийнх нь цаг үеийг хамран багтаасан бодитой бөгөөд оновчтой ангилал мөн.

Эхний үе шатанд Хүннү угсаатны гарал үүсэл болоод аймгийн холбоо тогтоох хүртэл хөгжсөн мянга гаруй жилийн урт хугацааны түүх багтдаг бол хоёрдахь үе шатанд угсаатны хувьд хөгжин цэцэглэж, Хүннү улс байгуулагдан, Төв Азид анхны нүүдэлчний төр байгуулан, өргөн уудам газар нутагтай, олон угсаатны их гэр бүл болоод аажмаар бууран доройтож хуваагдан, нэг хэсэг нь Хятадад дагаар орж, нөгөө хэсэг нь Сяньбид дагаар орж, гуравдах хэсэг нь алс өрнө зүгт нүүдэллэсэн түүхэн үйл явдлууд багтана. Гуравдахь үе шатанд үндсэндээ Хятадад дагаар орсон Хүннүгийн олон аймаг ээлж дараалан Хятадын хил хязгаарт төр улс байгуулан бие биенээ халж сольсоор ирэхдээ хятаджин уусч, угсаатны нийтлэг онцлог шинжээ улам бүр алдан гээсээр уусч үгүй болсон түүх багтдаг юм. Энэ дашрамд дурдахад Умард Хятад дахь Хүннү нар гэсэн нэр томьёо байнга хэрэглэгддэг агаад зарим хүн асуудлын мөн чанарыг гүйцэд ойлголгүйгээр хольж хутгах явдал гардаг.

Хятад дахь Хүннү нар, Умард Хятадын Хүннү нар гэдэг ойлголт бол чухам энэ үед хамаарах, Хятадын харьяанд дагаар орсон Хүннү нарыг тодотгон заах ёстой атал тэд энэ ойлголтыг зөвхөн газар зүйн утгаар авч хэрэглэн Хүннүгийн түүхийн бүхий л цаг үед хамаатуулаад байгаа хэрэг юм. Хүннүгийн түүхийн үечлэлийн эхний хоёр ангиллын тухай авч үзэхдээ бид хэрэв Хятад дахь Хүннү, Умард Хятадын Хүннү гэсэн нэр томьёо хэрэглэх юм бол асуудлыг ойлгомжгүй болгоход хүргэнэ. Түүхийн тодорхой цаг хугацааны туршид Умард Хятадын нэлээд газар нутаг, тухайлбал Цагаан хэрэмээс хойших газар нутаг угаасаа нүүдэлчин угсаатнуудын уугуул нутаг байсан бөгөөд Хүннүгийн нутаглаж байсан Ордос зэрэг төв болон баруун зүгийн бүс нутаг нь МТӨ 215 оны үед Цин улсын Мэн Тянь жанжин Түмэн шаньюйг умарш хөөн холтгож Их говийн ард гаргасан тэр цаг үеэс эхлэн нэг үе Хятадын харьяанд орж, нэг үе Хүннүд буцаж ирсээр манай тоолын заагаар сая бүрмөсөн Хятадын харьяанд орсон түүхтэй.

 Харин өнөөгийн Зүүн хойд Хятадын нутаг буюу Ляодунгийн хойг, Манжуур, Хянганы уулсын бүс нутаг нь бүр хожуу болтол нүүдэлчдийн нутаг, Дунху, Сяньби, Хитан, Зүрчид, Монгол, Манж угсаатнуудын уугуул нутаг орон байсаар байжээ. Иймд Умард Хятад дахь Хүннү гэдэг нэр томьёог аль үед хамаатуулан хэрэглэвэл зохих вэ? гэвэл Хүннүгийн түүхийг үечлэн хуваасан гуравдахь ангиллын цаг үед хамаарах Хүннү нарт холбогдуулан хэрэглэх ёстой болж байна. Хятадын эртний түүхийн эх сурвалжуудад Хүннүгийн уг гарваль цаг хугацааны хувьд тодорхойгүй нэн эрт цаг үе рүү шурган орж, тэр цагт Хүн нар Хүннү, Сян-юнь, Гунь-и, Гуйфан, Рун, Ди… зэрэг олон янзын нэрээр нэрлүүлж явсан тухай тэмдэглэгдсэн байдгийг ийнхүү авч үзлээ. Түүхийн шинжлэх ухааны чанд байр сууринаас үзвэл эдгээр нэрс өнөө хэр нь бүрэн гүйцэд судлагдаагүй байна.

Үргэлжлэл бий

Сэтгэгдэл 5ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2021, 1 сар 14. 14:11
Зочин

Гоё байна аа, өдөр нэг түүх уншиж байхаар шийдлээ.

2020, 12 сар 13. 19:38
Зочин

Ийм их оюуны хөрөнгө оруулалт хийж байгаа танай сайтны хамт олонд ажилын өндөр амжилт хүсье

2021, 1 сар 11. 22:59
Зочин

түүхээ сурталчилж байгаа танай хамт олонд амжилт хүсьe.

2020, 10 сар 18. 13:12
Зочин

гоё болжэ
э

2021, 2 сар 18. 18:22
Зочин

үүх түүхээ уншихч бас л гоё бна шүү өвөг дээдэсрүүгээ эргэн харахшиг л болох юм

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]