Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Шидэт тарни мэт гайхамшигт шүлэгУншсан9,007

Энэ өгүүллээ би одоогоос 6 жилийн өмнө 2012 онд бичиж уншигчдад хүргэж байжээ. Д.Нямсүрэнгийн яруу найргийн оргил бүтээлүүдийн нэг бол энэ шүлэг мөн.

Энэ өгүүллээ би одоогоос 6 жилийн өмнө 2012 онд бичиж уншигчдад хүргэж байжээ. Д.Нямсүрэнгийн яруу найргийн оргил бүтээлүүдийн нэг бол энэ шүлэг мөн. Түүнийг унших бүрт бие сэтгэл амарлин тайвширч, тархи оюун саруулсан гэгээрэх шиг болдог. Тийм ч учраас энэ шүлгийг байн байн уншиж сэтгэлийн таашаал хүртэж байдаг юм.

Манай сүм хийдүүдэд өдөр бүр утга нь ойлгогдохгүй түвд хэлээр уншиж айлдаж байдаг шашны олон тарни уншлага, ном судар нь угтаа яг түүн шиг яруу найраг, шүлэг магтуу байдаг агаад үг энергитэй, эрчим хүчтэй гэдэг утгаар нь авч үзэхүл тухайн хэлний хамгийн сайн сайхан утга, эрчим хүч шингэсэн яруу үгсийн цуглуулга байдгийг өдгөө та бид мэддэг болжээ.

 

Тийм учраас шидэт үгсийн эрчим шингэсэн энэ мэт гайхамшигт шүлэг найргийг уншигч та эх хэлээрээ үе үе уншиж байвал сэтгэлийн их цэнгэл таашаал эдэлж, гэгээрэхүй, нигүүлсэхүйн зүгт алхам алхмаар дөтлөн ойртох болно оо. Улмаар энэ хорвоо гэгч чухам ямархан болохыг ухаарч, хорвоогийн явдал, хүмүний аж төрөл, заяа тавиланг улам бүр ухаж ойлгон, бие болоод сэтгэлээрээ ариусч гэгээрэн, бие болоод сэтгэлийн хар хор, атгаг санаа, балмад муу зан үйлээс тэр чинээгээр холдон дөлж, шашны үзэл ойлголт болох арван хар нүглийг тэвчин, ариун цагаан буяны зам мөр рүү дөтлөн зүтгэх нь магадтай.

Зүйрлэн хэлэхэд, “Үлэмжийн чанар” хэмээх сайхан дууг дуулахад Цагаан дар эхийн тарнийг мянгантаа уншсантай дүйнэ гэж ярьдагчлан, энэ шүлгийг уншихад бурхан багшийн сургаал, маань мэгзэмийг төчнөөн удаа уншсантай тэнцэнэ гээд хэлчихэд хэтрүүлсэн болохгүй ээ. Одоо ингээд шүлгийг уншицгаая: Дорнын их шүлэгч Д.Нямсүрэнгийн сүүлд гарсан гурван ном надад байна. Энэ гурван номонд орсон шүлэг бүрийн талаар тогтон өгүүлж, түүний найргийн ертөнцийн тухай хүүрнэж болох ч, энэ удаа би “Амитаба” хэмээх нэгэн шүлгийнх нь тухай өгүүлэхийг хүссэн юм.

“Амитаба” бол найрагчийн шилдэг шүлгүүдийн нэг төдийгүй, Монголын яруу найргийн хүрээлэн дэх сонгодог бүтээлүүдийн зиндаанд хүрсэн гайхамшигт шүлэг гэж би боддог. Шүлэгтэй танилцахаас өмнө эхлээд Амитаба гэж ямар бурхан байдгийг үзэцгээе. Монголчлон орчуулваас Амита гэдэг нь Цаглашгүй, Хязгааргүй гэсэн утгатай самгарди үг агаад энэ нэрээр нэрлэгдсэн бурхан нь Буддын шашны номлол сургаалаар бол Цаглашгүй гэрэлт, Цаглашгүй наст бурхан ажгуу. Амитаба бурхны бие лагшнаас цаглашгүй их гэрэл гэгээ цацарч, ариун Сугаавадийн орон буюу диваажингийн орныг ашид гийгүүлэн гэрэлтүүлж байдаг гэнэм. Тэрээр бас эгэл хүмүн бээр бясалгал номын хүчээр бие болоод сэтгэлээрээ ариусан хоосон чанарын туйлд хүрч, туйлын их гэгээрэлд хүрэхийн бэлгэдэл аж.

Д.Нямсүрэн энэ шүлгээ Амитаба бурхны нэрээр нэрлэсэн нь учиртай. Тэгээд ч түүний уран бүтээлд “Цаглашгүй, Цаглашгүй гэрэлт” хэмээсэн үгс нэг бус удаа тохиолддог. Найрагчийн дотны анд, Монголын яруу найргийн ертөнц дахь “Дарьгангын гурвал” хэмээгдэгсдийн нэгэн Г.Мэнд-Ооёогийн дурссанаар, Нямсүрэн насныхаа сүүлийн жилүүдэд илүү их гэгээрч бясалгах болж, жирийн биднээс нэг л өөрөөр аж төрөх болсон гэнэм. Шүлгийг үндсэн гурван хэсэгт хуваан авч үзмээр. Нэгдүгээр хэсэгт эхнийх нь долоон мөр багтана. Энэ долоон мөрөнд найрагчийн гоо сайхныг үзэх үзэл санаа шингэжээ. Энэ мөрүүдийг уншихад алт мөнгөний уран дархны урлал сийлбэрт нь “дархан хүний бурхан ухаан” шингэж, гайхалтай уран нарийн сийлбэр цоолбор төрсөн байдаг шиг энэ мөрүүдэд Нямсүрэнгийн сэтгэлийн их ур хийц, нарийн гярхай ажиглалт, часхийсэн яруу дүр дүрслэл шингэсэн байх ажээ. Одоо тэр мөрүүдийг үзье:

Яаж би Амитаба шиг, хөлөө цэцгэн өлзий завилах вэ?

Яаж би Амитаба шиг, чамайгаа бурхны тигд бүтээх вэ?

Яаж би Амитаба шиг, хүйсний нууцыг хуруугаараа томьёолох вэ?

Яаж би Амитаба шиг, хүүхний бэлхүүсийг алтан харганаар үйслэх вэ?

Яаж би Амитаба шиг, газрын гүн дэх үндэсний үзүүр рүү залбирах вэ?

Яаж би Амитаба шиг, есөн эрдэнийн чулуугаар чамайгаа чимэх вэ?

Яаж би Амитаба шиг, уснаас гарсан бүсгүй эрэг дээр суугаагаар бодох вэ?... гэсэн энэ долоон мөр уран бүтээлч хүний нөр их эрмэлзэл тэмүүлэл, уйгагүй их эрэл хайгуул, хэтийдсэн ур чадварыг бишрэн бахадсан бүтээлч эрч хүчний тухай өгүүлж байна. Үүгээрээ найрагч маань сэтгэл болоод мутрын гайхамшигт ур чадвараараа мөнхий бүтээлүүд туурвисан анхдугаар богд, уран барималч Г.Занабазартай агаар нэгэн төсөөлөгднөм. Тийм ээ, нэг нь мутрын уран авьяасаараа, нөгөө нь оюуны их сэтгэлгээгээрээ агуу гайхамшгийг бүтээсэн байнам. Шүлгийн удаахь хэсэг буюу дараачийн долоон мөр нь найрагчийн гүн ухааны үзэл ойлголтыг илэрхийлж байна. Эдгээр мөрүүд нь уг шүлгийн оргил утга бүхий шадуудыг агуулжээ. Одоо тэдгээрийг уншиж үзье:

Яаж би Амитаба шиг, шувуу исгэрэх, нохой хуцах мөн чанар нэгийг ойлгох вэ?

Яаж би Амитаба шиг, модны навчис унахыг зүүдээ гэж бодох вэ?

Яаж би Амитаба шиг, морь зогсоогоороо унтахыг далайн татралт гэх вэ?

Яаж би Амитаба шиг, эхийн умайд хөврөл явагдахыг далайн түлхэлт гэх вэ?

Яаж би Амитаба шиг, энэ биеэрээ нэгэн сайхан аялгуу болох вэ?

Яаж би Амитаба шиг, үүдний цоорхойгоор тусах наран лугаа цацрах вэ? Яаж би Амитаба шиг, үүлний сиймхийгээр шагайх саран мэт бултайх вэ?...

Үнэхээр гайхамшигтай шад мөрүүд ийн үргэлжилнэ.

Морь зогсоогоороо унтах нь түүнд яаж далайн татралттай адил бодогдоно вэ, эхийн умайд хөврөл явагдах нь түүнд хэрхэн далайн түлхэлт мэт төсөөлөгдөнө вэ? Энэ бол үнэнхүү агуу их сэтгэлгээ, уйгагүй их ажиглалт бясалгал, үнэхээр гайхалтай гүн бодрол буюу. Адуу үүрэглэн унтаж байгаа нь дэлхийн дөрвөн их далайн амсхийх тэрхэн агшин, шөнө болж саран ургахад Бүх ертөнцийн таталцлын хуулийн ёсоор, сар дэлхийтэй таталцлын үйлчлэлд орж, тэр хэрээр далайн ус татран амсхийх тэр үзэгдэлтэй адилгүй байна гэж үү? Эхийн умайд хөврөл явагдаж, эрдэнэт хүмүний бие үүдэн буй болж байгаа нь эгээ л агуу их далайн түлхэлт мэт асар их эрч хүч, аварга их энерги урвалын хүчээр л бий болох гайхамшигт үйл явц билээ. Чухам тиймийн учир энэ хоёрыг адилтган харах билгийн мэлмийтэй төрсөн их найрагчдаа баярлаж, хамгийн түрүүнд түүнийг олж хараад эгэл бидэнд хэлж өгсөнд нь талархал илэрхийлэхийг хүснэм.

Энэ хэсэгт бас найрагчийн өнө мөнхийн хүсэл мөрөөдөл шингэсэн байгааг “энэ биеэрээ нэгэн сайхан аялгуу болох” гэсэн үгнээс нь харж болно. Яруу найрагч хүн бүхэн түмэнд түгсэн саяхан дуу зохиохыг хүсдэг, бас тэр чинээгээрээ хожим өөрөө мөнхөрч, нэгэн сайхан аялгуу болохыг хүсч явдаг буй заа. Гэвч ийм хувь заяа найрагч болгонд тэр бүр тохиодоггүй, харин “Цаглашгүй гэрэлт бурхан”-ыг магтан дуулсан энэ найрагчид л тохиосныг та бид өнөөдөр харж байнам. Гуравдахь хэсэг буюу дараачийн зургаан мөр нь найрагчийн шашны тухай ойлголт мэдлэгийн илэрхийлэл агаад, энэ мөрүүдээс Д.Нямсүрэн шашны ямар гүн гүнзгий мэдлэгтэй болох нь харагдана. Ялангуяа тэрбээр Буддын шашны гүн бясалгалыг хэчнээн чадамгай сайн хийж чаддаг, ямар их бясалган суудаг, сайн сайхны тухай ямар гүнзгий сэтгэн, сэтгэлээ чилээн байдаг нь бүрнээ харагдана. Үүнээс нь үүдэн түүнийг “Даяанч нэгэн”, “Гүн бясалгагч”, Нирваан дүрд хувилагч”, “Хувилсан гэгээн” хэмээн янз бүрээр нэрлэж болох мэт.

Яаж би Амитаба шиг, нисээд явчихсан шувуу адил анир алдрах вэ?

Яаж би Амитаба шиг, өөрийнхөө үсний ойчих чимээг сонсох вэ?

Яаж би Амитаба шиг, үүлс бүрхэж, мөс хучсан ч сая сая жилд үлдэх вэ?

Яаж би Амитаба шиг, үхэл гэгч амьдаас агуулгатайг мэдэх вэ?

Яаж би Амитаба шиг, дэнгийн гал руу эрвээхэй үйхэд жишимгүй суух вэ, Яаж би Амитаба шиг, дэргэдээ ээжгүй болоход уйлахгүй байх вэ?...

Эдгээр мөр шадуудаас Буддын шашны гүн ухааны илэрхийллүүд, түүний үндсэн үзэл онол болсон хоосон чанар, ертөнцийн буй бүх юмс, үзэгдлийн мөн чанар, утга учир бүхнийг та олж уншин, ойлгож сэтгэж болно. Тэгээд энэ эгэл даруухан шүлэгч яаж ингэж агуу ихээр, яаж ингэж хязгааргүй чөлөөтэй сэтгэн бясалгаж чадав аа? Хэрхэн тэгж сэтгэж сурах вэ? хэмээн бахдан бодох буй заа.

Бурхны сургаалын англи орчуулгын номонд “sound of silence” буюу “аниргүйн чимээ” гэсэн ойлголт, ухагдахуун гардаг.

Энэ бол “нисээд явчихсан шувуу адил анир алдрах, тэр аниргүйн думдаас “өөрийнхөө үсний очих чимээг сонсох” лугаа агаар нэгэн ойлголт, тийм зөн билгийн торгон мэдрэмж юм. Аниргүйн думдаас чимээ сонордоно гэдэг бол цаад утгаараа бас өөрийгөө сонсох, дотоод сэтгэлээ олж сонордох, улмаар ертөнцийн мөн чанар хийгээд туйлын үнэнийг анирлан ухаарч буй хэрэг мөн. Бурхан Будда Гаутама Сидхарта наян хоёр насны сүүдэр зооглоод жанч халж ариун Сугаавадийн оронд залрахдаа хэлсэн сүүлчийнх нь үгийг би Бурхан багшийн сургаалийн герман орчуулгын судраас нь ишлэе: “-Alles ist verganglisch, was das geborden ist. Strebt nach eurem heil!” гэсэн энэ үгийг Монголчилвол: “Орчлон дээр үүдсэн бүхэн үгүй болно. Тиймээс аль болох их буян үйлдэж, гэгээрцгээ!” гэсэн сургаал болой. Энэ бол “үүлс бүрхэж мөс хучсан ч сая сая жилд үлдэх”, “үхэл гэгч амьдаас агуулгатайг мэдэх”, “дэнгийн гал руу эрвээхэй үйхэд жишимгүй суух”, “дэргэдээн ээжгүй болоход уйлахгүй байх” Нямсүрэнгийн олж харсан тэр гашуун боловч амьдралын жинхэнэ үнэнтэй агаар нэгэн агуу их ойлголт билээ. Хүмүн бидэн энэ бүхнийг олж харах чадалтай, боломжтой ч, эгэл аж төрлийн буулганд дарагдаад, чингэж олж харж чаддаг нь Нямсүрэн мэт цөөхөн байдаг бус уу.

Эцэст нь хэдэн мөр үлдэж байна.

Тэр дөрвөн мөр бол дээрх гурван хэсгийг нэгтгэн дүгнэж, өөрийн шүлэг найраг, өөрийн мэдлэг чадал, өөрийн үзэл бодлыг шингээж өгсөн, нэг үгээр хэлэхэд найрагч өөрийгөө хэн бэ? гэдгийг бүрэн дүүрэн илэрхийлсэн дүгнэлтийн хэсэг мөн. Д.Нямсүрэн гэж хэн бэ? гэдгийг энэ шүлгээс, энэ мөрүүдээс үзэж болно. Өөрөөр хэлвэл энэ мөрүүд Д.Нямсүрэн гэж хэн бэ? гэхээсээ илүүтэйгээр хэр зэрэг юм мэддэг хүн бэ? гэдгийг харуулж байна. Зарим хүн түүнийг мэдлэг боловсролгүй, хөдөөний бүдүүн бараг эр байсан гэж хэлсэн байдаг. Тэгвэл энэ хүн энэ шүлгээрээ хэрэг дээрээ яг хэн байв аа? гэдгээ харуулж чаджээ.

Энэ шүлэг, гаднаас нь харахад дуу багатай, туниа муутай (олон хүн дуу цөөтэй хүнийг ингэж л ойлгож, ингэснээрээ том алддаг), дэрчгэр шар эрийг дотроос нь, дотоод сэтгэлээс нь, далд ертөнцөөс нь, өөрийнх нь нэгэнтаа номоо нэрлэсэнчлэн “Сэтгэлийн байгаль” руу нь өнгийн илэрхийлсэн илэрхийлэл юм. Үнэнийг хэлэхэд Д.Нямсүрэн бол ганцхан энэ шүлгээрээ л гэхэд бурхдын энд дөхөж очсон, хувилгаан зиндаанд хүрч гэгээрсэн нэгэн байсан агаад, сүрхий ухаантай гэж өөрсдийгөө дөвийлгөн мунхарсан дорд бидний мэддэггүйг хэдийн олж таньсан, бидний хүрээгүй өндөрт гарчихсан эгэлгүй нэгэн байжээ.

Тэр дөрвөн шад нь ийм буюу: Яаж би Амитаба шиг, нэг дуу нэг зөгийг хөнөөдгийг мэдэх,

Яаж би Амитаба шиг, нэг шүлэг нэг цэцгийг үрдэгийг мэдэх,

Яаж би Амитаба шиг, оргүй хоосон - алсад буй ертөнц гэдгийг таних,

Яаж би Амитаба шиг, орон цаг, амьдрал хоёр үгүйг мэдэх...

Үүнийг өгүүлэгч бээр одоо хэр нь “нэг дуу нэг зөгийг хөнөөдгийг”, “нэг шүлэг нэг цэцгийг үрдэгийг” ухаараагүй л байна. Харин энэ хэсгийн сүүлчийн хоёр шад нь бүр гайхамшигтай. Хоосон чанарын туйлд хүрч бясалгасан түүнийхээр бол “Оргүй хоосон-алсад буй ертөнц” ажгуу. Тийм ээ, сансар огторгуйн гүн рүү хараа талбин халиахад нүдэнд торох бараагүй цэнхэртэн цэлсхийж, хязгааргүйн гүн рүү алдран шингэх авч чухамдаа тэр оргүй хоосны үзүүрт ертөнц буй нь үнэн билээ. Тэр оргүй хоосон ч өөрөө Ертөнц авай. “Орон цаг”-ийг задалвал орон зай, цаг хугацаа хоёр. Орон зай нь бодит, цаг хугацаа нь бодигүй мэт санагдавч үнэндээ туйлын бодит зүйл юм. Энэ хоёр салшгүй, энэ хоёр нэг юм, нэг юмны хоёр тал, арга билиг хоёр мөн. Бүр тодотгож хэлвэл орон зайтай бүх юманд цаг хугацаа үйлчилдэг. Орон зайг эзлэн оршиж буй тэр бодитой юмс цаг хугацаагаар хэмжигдэн, цаг хугацааны эрхшээлд оршино. Тиймээс “Арга билиг” болсон орон цаг, түүнийг мэдрэгч, түүнийг тодорхойлогч, түүний оршин буйг үзүүлэгч цорын ганц бодгаль болох хүмүний амьдрал эгэл ухаанаар бодоход туйлын бодитой боловч, эгэл амьдралаас тасарч, хоосон чанарын туйлд хүрч гэгээрсэн “бурхан” хүний хувьд хоосон агаад үүгээрээ “үгүй”-н илрэл авай. Тийм ээ, “орон цаг”, амьдрал хоёр адилхан “үгүй” болой. Та үүнийг тунгаагтун!

Утга зохиол судлаач, доктор профессор Ч.Билигсайхан 2010 оны 11 дүгээр сарын 4-ний “Өдрийн сонин”-д нийтлүүлсэн “Шинэ зуунд Монгол яруу найраг хаашаа ширтэнэ вэ?” гэдэг өгүүлэлдээ: “Д.Нямсүрэн бол хамгийн ерийн зүйлээс түүний гүнд байгаа ер бишийн язгуур онцлогийг нь олж харж чаддаг, ёстой нөгөө билгийн хараатай нэгэн байв. Ахуй амьдралын хамгийн жирийн юмсаас цаг улирлын онцлогоор сэтгэлд торж үлдэх ерийн мөртөө ер бишийн гэмээр тэр хөдөлгөөнт гоо сайхны үнэтэй чанарыг аргагүй л нээн үзүүлж чаддаг нь түүний уран чадварын увьдас байж дээ. Д.Нямсүрэнгийн тухай дурсах энэ ярианаас тэр маш энгийн мөртөө ер бишийн сэтгэлгээтэй нэгэн байсан гэдгийг л хэлэх гэсэн юм” гэж түүний энд өгүүлэн буй авьяас чадлыг үнэлсэн байдаг.

Доктор Ч.Билигсайхан цааш нь: “Байгаа юмыг хараад байхгүй юмыг олж сэтгэхийг л чухамдаа яруу найраг гэж товчхон тодорхойлж болмоор. Юмыг нүдээрээ бус, ухаан сэтгэлээрээ харж сэтгэдэг хүнийг л яруу найрагч гэдэг...” гэж дүгнэсэн нь “Амитаба” шүлэгт, Нямсүрэнгийн уран бүтээлд, Д.Нямсүрэн гэдэг хүнд өөрт нь өгсөн жинтэй үнэлгээ мөн. Яруу найрагч Ц.Хулан хэдхэн хоногийн өмнө 2010 оны яруу найргийн “Болор цом” шагналыг хүртсэн “Цагаан дар эх” шүлэгтээ:

Нямсүрэн Цагаан шүхэрт болсон,

Наранцацралт Сандуйн жүд болсон.

Намуухнаар хожмоо би Цагаан дар эх болно оо! гэж шүлэглэсэн байсан. Яг тийм үгүйг би мэдэхгүй. Энэ бол шүлэгч хүний дэврүүн гэгээн бодол тэмүүлэл биз. Харин Нямсүрэн найрагч насныхаа сүүлчийн он жилүүдэд улам ариусан гэгээрч, улам дотоод чанад алсаа чагнан суух болж, гүн сэтгэлэг, гүн бясалгалд умбан, эгэл хүмүний эгэл энэхэн орчлонгоос тасран салж, бурхад хувилгаадын ертөнц-ариун Сугаавадийн оронд залран саатдаг байсан бол уу гэж төсөөлөгддөг юм аа. Яг тэр агшинд нь хэрэв та бидэн, түүнийг билгийн нүдээр харсан ахул яах аргагүй гэрэл сацарч байдаг асан буй заа...

Danzangyn NYAMSUREN

AMITABHA*

How should I, like Amitabha, cross my legs like a colorful flower?

How should I, like Amitabha, visualize you as the Buddha’s essence, my love?

How should I, like Amitabha, develop the secret at the center with my fingers?

How should I, like Amitabha, adorn a woman’s waist with caragana peel?

How should I, like Amitabha, send my prayer to the root hidden deep within the earth?

How should I, like Amitabha, ornament you with the nine precious stones?

How should I, like Amitabha, consider a girl sitting on a river bank after bathing?

How should I, like Amitabha, see birdsong and a dog’s bark and a girl’s love as the same?

How should I, like Amitabha, think the fading of leaves as my dream?

How should I, like Amitabha, say a horse standing up asleep is an ebbing sea?

How should I, like Amitabha, say a growing embryo in a mother’s womb is the sea’s tide?

How should I, like Amitabha, become a beautiful melody with my entire body?

How should I, like Amitabha, shine like the sun through a crack in the door?

How should, like Amitabha, show like the moon peering through holes in the clouds?

How should I, like Amitabha, dissipate in silence like a bird in flight?

How should I, like Amitabha, catch the sound as my falling hair hits the earth?

How should I like Amitabha, stay on this earth for aeons, though it’s covered with clouds and ice?

How should I, like Amitabha, feel death to be more meaningful than life?

How should I, like Amitabha, remain indifferent when a butterfly burns itself on a candle?

How should I, like Amitabha, not cry when my mother’s passes away?

How should I, like Amitabha, understand that a flower can destroy a bee?

How should I, like Amitabha understand that one verse can destroy another?

How should I, like Amitabha, know that worlds exist in distant emptiness…?

How should, like Amitabha, realize space and time and my own non-existence…?

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Хэлбичгийн ухааны доктор Я.Ганбаатар

Сэтгэгдэл 5ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2021, 4 сар 9. 13:41
ватуаж

Танд баяр хүргэе. Таны үгүүлэл хүмүүст ихийг бодуулна. Агуу их ойлголтыг өгчээ. Хүн бүрд гэгээрэх юм шиг хандлага бий болоод байгаа үед та хүнд их зүйлийг бодуулнаа. Танд ийм сайхан бодрол дүүрэн байхыг ерөөе.

2018, 9 сар 4. 15:32
Зочин

nairagch ooroo bol yag yu bodsoniig hen medeh . ene bol zovhon ene hunii l oilgoson baidal . dajgui l yum . gehdee burhanii surgaaliig german helees orchuulaad baihdaa ch yah v dee ..
\

2020, 2 сар 27. 22:34
Зочинара

Энэ хүний шүлгийг сүүлд л олж сонслоо.Өмнө нь онссод ч ойлгодоггүй байсан байхаа. Цайрах борооны наагуур цавьдар моьтой хүн давхих нь сайхан ....гээд л энгийн л байдаг хэдэн үг юм шиг байтлаа дотор огшоох .

2018, 4 сар 30. 18:06
Зочин

hun ta uhaarch amidarah heregtei gedgiig uhaaral ugtul bichjee. Muhus bi hichiie. bayarlalaa. Tanii ene shulgiig olj unshsandaa mash ih bayarlalaa. Tumen olond tugeeh talaar anhaaraasai gej bodoj bn

2020, 2 сар 27. 22:37
Зочинара

Бярлалаа. та ч бас эгэлгүй мэргэдийн нэгэн бололтой.Харин дээрхи нэгэн сэтгэгдэл энгийн нэгэн их мэдэгч.шүүгч байхаа.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]