Найруулагч Бэгзийн Балжиннямын бүтээл Мандухай Сэцэн хатан киноны Алтжингийн дүрээр олонд танигдсан жүжигчин Н.Отгонтогосыг 80, 90-ээд оны үеийнхэн андахгүй сайн мэднэ. Одоо ч үзэгчдийг уйдаадаггүй сайхан киноны нэгд зүй ёсоор нэрлэгдсээр байгаа Мандухай хатан кинонд тэрээр 22 настайдаа тоглосон бөгөөд, кино шүүмжлэгчид алдарт Цогт тайж кинонд Цогзолмаа гуайн бүтээсэн төвд гүнжийн дүртэй адилтган харьцуулах нь бий. Н.Отгонтогос 1966 оны 4 сарын 6-нд төржээ. Түүнийг аавыг Намсрай гэдэг бөгөөд Дарханы худалдаа бэлтгэлийн нярав хүн байж. Харин түүний ээжийг Жамбаа гэдэг ба урлагт ороход нь хамгийн их дэмжсэн гэдэг.
Аав, ээж нь Дархан хот анх байгуулагдахад 1965 онд анхны оршин суугчдынх нь нэг болжээ. Унаган нутаг нь Төв аймгийн Мөнгөнморьт сумын хүмүүс. Дарханы уугуул оршин суугч гэр бүлд мэндэлсэн айлын отгон охин Н.Отгонтогос дээрээ 6 эгч, хоёр ахтай. Дарханы 3-р арван жилийг дүүргэсэн бөгөөд 1979-1981 онд Дарханы сагсан бөмбөгийн шигшээ багт тоглодог байжээ.
Сургуулиа төгсөөд кино урлагт зүрх сэтгэлээсээ дурлаж, энэ салбарт бүхнээ зориулахаар шийдсэн Отгонтогос кино драмын ангид суралцан төгсөж, улмаар Улсын драмын театрт, тухайн үед цэвэрлэгээ үйлчилгээний алба гэж байхад үеийн нөхдийн хамт үйлчлэгч хийдэг байжээ. Үүний дараагаар 1985 онд Улсын хүүхэлдэйн театрт дагалдан жүжигчнээр ажиллах болсноор урлагт ажиллах гараагаа эхэлжээ.
Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан тэрээр 30 жил урлагт ажиллаж, нийт 46 уран сайхны кинонд гол ба туслах дүрд тоглосон байна. Мөн хоёрдугаар найруулагчаар арваад кинонд ажиллажээ. Кино найруулах ажилд оролцож эхэлсэн нь 1993 онд И.Нямгаваа найруулагчтай “Бой” кино.
Гэхдээ л түүнийг хүмүүс Алтжингийн дүрээр л андахгүй сайн мэднэ. Үнэндээ ч түүний 22 насандаа бүтээсэн тус дүр, домог болсон АЖ Цогзолмаа гуайн бүтээсэн “Цогт тайж” киноны Төвдийн гүнжийн дүрийн дараа бичигддэг.
Н ү ц г э н ц э э ж ч харуулдаггүй байсан социализмын үед Батмөнх Даян хаантай э н г э р з ө р ү ү л э х гоо бүсгүйн дүр жинхэнэ шуугиан тарьж, бүр хөдөөгүүр яг энэ хэсгийг гаргахдаа киномеханикч нь камерынхаа өмнүүр гараараа хаачихдаг байсан гэдэг. Мэдээж энэ хэсэгт залуухан сайхан бүсгүйн гоо үзэсгэлэн илүүтэй анхаарал татсан. Тийм тулдаа ч 500 гаруй бүсгүйчүүдээс Н.Отгонтогосыг сонгож, “Н ү ц г э н з у р а г авахгүй, дараа нь монтажийн аргаар үзүүлнэ" гэж хуурч байгаад кинонд тоглуулчихсан гэдэг.
Түүний хамгийн сайн, насан багын найз бол нэвтрүүлэгч Д.Цовоо гэнэ. 1985 оноос Хүүхэлдэйн театрт дагалдан жүжигчнээр ажиллаад хоёр жил болж байхад нь Улсын багшийн дээд сургуулийн Кино драмын анги төгссөн нэг их ганган охин ирсэн нь Д.Цовоо байж. Тэнд ажиллаж байхдаа урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Нямдаваагийн найруулсан “Модон могой” кинонд Цовоо пионерын удирдагч, Отгонтогос зуслангийн эмчийн дүрд тоглож, тэднийг холбосноос хойш 30 жил өнгөрчээ.
Отгонтогос урлагаас л ижил ханиа сонгосон аж. Түүний нөхөр бол Монгол Улсын гавьяат жүжигчин Л.Батжаргал. “Нарны домог” бүжгэн жүжгийн анхны таван баатрын нэгийн дүрд бүжиглэж байжээ. Тэрээр нөхрийнхөө талаар “Манай нөхөр урлагийн хүн учраас намайг их ойлгодог. Мандухай цэцэн хатан киноны нээлт болоход миний хамгийн анхны шүүмжлэгч манай нөхөр байсан. Гэртээ ирэхэд надад их гоё ширээ засаад шампанск хоёр хундага тавиад “Үнэхээр сайхан кино болжээ, Цогт тайжийн дараа орох кино болсон байна. Сүххуяг та хоёр эхнэр, нөхөр байж н э г о р о н д орохдоо х ө н ж л ө ө булаацалддаг юм уу” гэж хамгийн анх шүүмжилж байсан хэмээжээ.
Түүнийг “Мандухай цэцэн хатан” кинонд тоглосны дараа захиа зөндөө ирдэг байжээ. Тэрээр “нөхрийнхөө сайхан биелэхэд эргэж дурладаг, миний нөхөр их хүн чанар сайтай” гэж ярьсан байдаг.
Тэд нэг хүүтэй, хүүг нь Б.Равжаа гэдэг. Залуу байхдаа хөдөөгүүр тоглолттой байх үедээ хүүгээ аваад явдаг байж. Учир нь нөхөр нь ч мөн гадаад руу тоглолтод томилогдож их явдаг байсан тухайгаа дурсан ярьсан байдаг.
Зааг.мн сайтын албан ёсны эрхтэйгээр нийтлэв