Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Их Монгол улсын бүрэлдэхүүн хэсэг, Чингис хааны хүү Зүчийн их улс. Бат хааны удирдлага дор Дунай мөрнөөс Балхаш нуур хүртэлхасар уудам нутагт оршин тогтносон монголчуудын төрт улс Европтой хаяа залган Оросыг дарангуйлж байлаа

Сергей Шойгу зүрхний шигдээст орсон уу, эсвэл...Уншсан2,635

Ямартай ч ОХУ-ын БХ-ын сайд Сергей Шойгуг тойрсон мэдээлэл ойрын өдрүүдийн гол сэдэв болж байна.

 Путин Украин дахь цэргийн тусгай ажиллагааныхаа үр дүнтэй холбогдуулан батлан хамгаалах, аюулгүй байдлынхаа салбарын удирдагчдад хариуцлага тооцож эхэлсэн үү, эсвэл энэ нь барууныхны талаас явуулж буй мэдээллийн дайны нэг хэсэг үү. Ямартай ч ОХУ-ын БХ-ын сайд Сергей Шойгуг тойрсон мэдээлэл ойрын өдрүүдийн гол сэдэв болж байна.

Оросын “Agentstvo” болон “Mediazona” агентлаг лхагва гаригт ОХУ-ын Батлан хамгаалахын яамны нэрээ нууцалсан эх сурвалжийг үндэслэн Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу зүрхний шигдээс болсон гэж мэдээлсэн. Мөн барууны хэвлэлүүд Украин дахь дайны ажиллагаа үр дүнд хүрэхгүй байгаагаас шалтгаалан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Сергей Шойгуд хариуцлага тооцож, гэрийн хорионд оруулсан байх магадлалтай гэх таамгийг дэвшүүлсэн.

Мөн ОХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, генерал Валерий Герасимовт хариуцлага тооцсон байж магадгүй гэх цуу яриа үүсээд байгаа билээ. Учир нь, Сергей Шойгу болон Валерий Герасимов нар хамгийн сүүлд хоёр долоо хоногийн өмнө Украин дахь дайны ажиллагаанд оролцох үедээ шархадсан цэргүүдийг эмнэлэгт эргэж, медаль гардуулснаас хойш олон нийтийн өмнө дахин гарч ирээгүй. Тиймээс дайны үед ОХУ-ын Батлан хамгаалахын сайд болон жанжин штабын дарга нар хоёр долоо хоногийн турш олон нийтийн үйл ажиллагаанд оролцоогүй нь олон улсын хэвлэлүүдийн анхаарлыг ихээр татаж байна.

Кремлийн албан ёсны вебсайт хамгийн сүүлд, ОХУ-ын Батлан хамгаалахын сайд гуравдугаар сарын 18-нд Аюулгүй байдлын зөвлөлийн хуралд оролцож, Украин дахь цэргийн тусгай ажиллагааны явцын талаар мэдээлэл өгсөн гэж мэдээлсэн. Гэвч Кремлийн албан ёсны вебсайт тухайн өдөр болсон Аюулгүй байдлын зөвлөлийн хурлын албан ёсны гэрэл зураг болон дүрс бичлэгийг огт нийтлээгүй юм.

Мөн Оросын төрийн мэдлийн “Россия-1” сувгийн мэдээний хөтөлбөр тухайн өдөр Сергей Шойгу цэргийн шагнал гардуулсан талаар мэдээлсэн. Гэхдээ уг мэдээнд гуравдугаар сарын 11-нд Батлан хамгаалахын яамны вебсайтад нийтлэгдэж байсан гэрэл зураг, дүрс бичлэгийг ашигласан аж. Түүнчлэн Оросын төрийн мэдлийн “РИА Новости” агентлаг гуравдугаар сарын 11-ны өдрөөс хойш Сергей Шойгугийн талаар огт мэдээлээгүй байна.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков элдэв таамаглалыг үгүйсгэсэн. "Шойгуд хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарах зав алга. Цэргийн тусгай ажиллагаа явуулж байна" гэж сэтгүүлчдэд хэлсэн ба “CNN” агентлагт ярилцлага өгөх үеэрээ Сергей Шойгугийн биеийн байдлын талаар хариулт өгөхөөс зайлсхийсэн юм. Тэрээр “Украин дахь цэргийн тусгай ажиллагаа ид үргэлжилж байна. Тиймээс Батлан хамгаалахын сайд хэвлэл, олон нийтийн өмнө байнга гарч ирэх завгүй байгаа. Батлан хамгаалахын сайд урдаа маш их ажилтай байгаа. Agentstvo агентлагийн мэдээлэлд итгэх шаардлагагүй. Энэ асуудлаар Батлан хамгаалах яаманд хандах нь зүйтэй” гэжээ.

Хамгийн гол нь, АНУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби пүрэв гаригт Пентагоны удирдлагууд ОХУ-ын Батлан хамгаалах, зэвсэгт хүчний удирдлагуудтай холбоо тогтоож чадалгүй маш удаж байгаа талаар мэдээлсэн байна. Тодруулбал, АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин хамгийн сүүлд хоёрдугаар сарын 18-нд Сергей Шойгутай утсаар ярьсан бол АНУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, генерал Марк Милли хамгийн сүүлд хоёрдугаар сарын 11-нд Валерий Герасимовтой холбоо барьсан. Украины нөхцөл байдал өдрөөс өдөрт хурцадсаар байгаа энэ үед Москва болон Вашингтоны Батлан хамгаалахын удирдлагуудын хамтын ажиллагаа, харилцаа нэн чухал, шаардлагатай байна гэжээ.

Үүнээс өмнө, ажиглагчид болон барууны хэвлэлүүд ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу төрийн эргэлт хийж болзошгүй талаар мэдээлж байв. Мөн түүний бага охин 31 настай Ксения нь Украины далбааны цэнхэр, шар өнгөөр ​​хувцаслаж зургаа авахуулсан нь сошиалд цацагдаж олон хүний анхаарлыг татаад байгаа аж. Эх сурвалжийн мэдээлснээр Путин ФСБ-ын аюулгүй байдлын албаны дарга Александр Бортниковын дотны хүн, жанжин штабын дарга Валерий Герасимовтой ганцаарчилсан уулзалт хийж эхэлсэн гэнэ. Путины уур хилэнгийн өөр нэг бай нь Зэвсэгт хүчний жанжин штабын орлогч дарга Игорь Костюков бөгөөд түүнийг өргөн хэмжээтэй цэвэрлэгээний хүрээнд удалгүй албан тушаалаас нь огцруулж магадгүй ч гэж Британийн Daily mail-д бичжээ. Өмнө нь Путин Гадаад тагнуулын дарга Сергей Нарышкиныг олон нийтийн өмнө зохисгүй үгээр хэлсэн ба Нарышкиныг мөн албан тушаалаас нь буулгаж гэрийн хорионд оруулсан тухай мэдээлэл Шойгугийн тухай дуулиан гарахаас өмнө ихээхэн цацагдсан юм. Үнэхээр Путин батлан хамгаалах, аюулгүй байдлынхаа салбарын удирдагчдад хариуцлага тооцож эхэлсэн үү, эсвэл энэ нь барууныхны талаас явуулж буй мэдээллийн дайны нэг хэсэг үү гэдгийг одоохондоо зөв хариулт өгөх боломжгйү байгаа бөгөөд үүнийг зөвхөн цаг хугацаа л тодорхой болгох буй за.

Эх сурвалж: The Guardian, Foxnews, Newsweek, Republicworld, CNN

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]