Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Наран мандах зүгт эх нутаг минь бий шүү...Уншсан18,779

Маранг авч явсан гурван эр дөрөв дэх өдөртөө Дайчин вангийн нутаг хүрч, Хөшөөтийн хөтлөөр даван Гулзгайд намаржиж буй Бөх Дорлигийнд буулаа.

Зохиолч, нийтлэлч Б.Номинчимэдийн "Цагаан бороо" хэмээх роман уншигчдын гар дээр очоод удаагүй авч хэдийнэ ховрын бараанд тооцогдох болж, номын хорхойтнууд чамгүй эрэл хайгуул болж байгаа юм. Өнөөдрийн байдлаар "Цагаан бороо" нь Азхур номын дэлгүүрт борлуулагдаж байгаа бөгөөд 86099011 дугаарт холбогдон хүргэлтээр авч болох аж.

Номын хэсгээс...

Маранг авч явсан гурван эр дөрөв дэх өдөртөө Дайчин вангийн нутаг хүрч, Хөшөөтийн хөтлөөр даван Гулзгайд намаржиж буй Бөх Дорлигийнд буулаа. Намрын сэрүү орж, уулсын зоог цагаан цас хөдрөөд, сая нэг улирч буй гантай зуны шороо татсан хувхай өнгийг далдалж байв.

Бөх Дорлиг Мухар Маранг хүний урамд хяламхийж ч харсангүй, харчуулаараа хотны хөл рүү алсхан байх үхэр чулуунаас мултрахааргүй гинжлээд, дор нь нэг адсага, бас нөмрөх ганц нэг хөдөс навтас хаяж өгүүлээд, нохой адил хоолложээ. Түүний зүг эрүүгээрээ дохиж “Би хэд хоногоос Баруун тийш жинд гарахаар зэхэж байсан юм. Ашгүй, амжаад аваад ирдэг нь” гэж ямар нэгэн наймаа арилжааны эд бараа авчирсан мэт өгүүлжээ.

Цоохор Ананд хийгээд бусад эрчүүлд тохиолдсон явдлыг дахин дахин яриулаад, гаансаа нэрэн хүрлийн удаан суув. Тэр угийн дуу цөөнтэй юм. Царай төрхөөр ч, бие хаагаар ч Хөрзгий Жанчивтай төстэй, нас харин ахимагдуу. Ид хавтай насандаа Ховдын амбантны наадамд зодоглож, их шөвөгт үлдчихээд байхдаа хэн нэгний санаандгүй мэт сарвайсан домбон ёотонгийн хэлтэрхий амандаа хийчихсэнээс баруун тахим нь татаж, оцон сойног болчихсон ажээ. Тэгээд барилдсангүй. Олон жилийн хойно Хөвчийн Ханангийн зоонд хадан дээр суугаад тамхилж байтал Хар авгай гэнэтхэн хад дамнан гарч ирээд шуугин дайрч тэврээд авчээ. Бага үдийн үед л юм гэдэг, тэгээд орой нар шингэх хүртэл өнөөхтэйгөө ноцолджээ. Унасан морь нь гөлмөө дэрвүүлээд ирсэнд гэрийнхэн нь сандралдан эрэл хайгуул болсоор очиход Агуйтын сайр дээр хүн алмас хоёр өөд өөдөөсөө хараад сөхрөөд суучихсан байсан гэдэг. Хэн нь ч хэнийгээ дийлсэнгүй. Бөх Дорлиг “Хавсарч цохихоороо тэр намайг унагачих юм, ачиж тонгорохоороо би унагачих юм. Хаа ч гэж хазаж хайрахгүй л юм даа. Хаздаг бол хэцүү том шүдтэй юм билээ, би хэрхэвч дийлэхгүй” хэмээн хожмоо ярьж суужээ.

Хүмүүс шуугилдаад очих бараанаар өнөөх Хар авгай муухаан босоод, цаашаа явж, харин Бөх Дорлигийн өнөөх олон жил гүйцэд тэнийгээгүй хөл нь бүтэн жийдэг болчихсон байв. Тэгэхэд нэгэнт торгон зодогны сэнжигнээс дугтрах нас нь хэвийгээд, 40 нэлээд дээр гарчихсан байжээ.

Гоорин Даш нар тэнд нэг хоёр хоноод Бөх Дорлигийнхоос мордохдоо хадны оёорт хар ямааны адсаган дээр эвхэрч хэвтэх Мухар Марангийн дэргэдүүр дэргүүлэн гарчээ. Тэдний чимээнээр Маран өндийж, “Хэлэх зүйл байна” гэж хашхирч амжсанд тэд жолоогоо татаад эргэж ойртов. Хадны оёороос өндийх навтас хөдөс нөмөрсөн, гинж харжигнуулж, царай дарсан Марангаас морьд нь үргэж, хуухардана.

- Хувь заяагаа хэрхэхийг би таамаглаж байна аа. Харин та гурваас хүсэх нэг л зүйл байна. Намайг ийм байдалтай өнгөрснийг нутаг нугын амьтан ах дүүст маань л бүү дуулгаж үзээрэй. Би тэдний юу гэж хэлж, харааж зүхэхээс огтхон ч эмээхгүй байна. Гагцхүү ганц муу хүүд минь л энэ чимээ бүү дуулдаасай гэж залбирч байна даа гээд нойр муутай даарч хоноод бүлцийн улайсан нүдэнд нь нулимс мэлтрээд иржээ.

Хялуу Сүх “Есөн шад”-ын мэгзмийг гүвтнээд, түүний зүг инчдэн үлээж,

- Бүх үйлийг зөвд сэтгэ. Тэгвээс зовлон чинь нимгэрнэ гэв. Түүний үгэнд ер сэтгэл хөдөлсөн шинжгүй, магад сайн анзаарвал даажигнаж тохуурхсан аяс байв.

Харин Гоорин Даш баас үнэртсэн мэт хамраа сарталзуулан ярвайснаа үг дуугүй жолоогоо эргүүлсэн бол Халзан Дамба эрхбиш нас залуу учир Марангийн царайг эгцэлж харж чадахгүй халирч, царай барайн шүүрс алдсаар Гооринг дагажээ.

***

Мухар Маран гинжнийхээ үзүүрт нэг л газарт хүндэрнэ. Тэр нь жаахан овойгоод, ойрын хэдэн хоногийн хүйтэнд хөлдчихжээ. Мухар Маран түүнээ харан Жа ламын жавшигтай адилтган элдэв дээдийг эргэцүүлэн, адсган дээрээ эвхрэн хэвтэнэ.

Жа ламын жавшиг гэдэг нэн нандин эрдэнийн төлөө хүмүүс хэрхэн үхэн хатан тэмцэлддэгийг тэр нүдээрээ харсан юм. Баруун лам буусан газраа чулууг нь цэмбийтэл түүлгэн цэвэрлүүлж, түүсэн чулуугаараа алсуур дөрвөлжин зээг татуулдаг байжээ. Алсаас харахад тэр хэсэг газар дөрвөлжлөн цайрч харагдана. Тэр зээг дээгүүр хэн ч дураар хөл давуулах эрх үгүй билээ. Гагцхүү ганцхан газарт л тэрийг давж болно. Тэр нь баруун хойт булан юм. Тэнд Баруун лам хар майхан татаад, өглөө бүр тийш очин хүндэрнэ. Сүсэгтэн олон үүр шөнөөр, зарим нь бүр шөнө дунд ирээд тэр хар майхан байх буланд шавчихна. Баруун ламыг хүндэрчхээд гарч, үүд хоймрын зайд хүрэхэд өнөөх сүсэгтнүүд нэгнээсээ уралдан майхныг нь татаж унагах нь холгүй дайрчихна. Өнөөх өтгөнийг нь шороотой юутай нь хамж авахаар булаалдан бас хөөрхөн зодоон болоод авах нь ч бий. За тэрийг л “Жа ламын жавшиг” гээд буй хэрэг. Түүнээ хатаагаад зарим нь сахиусандаа хийнэ, зарим нь өвчтэй хуучтай хүмүүстээ долоолгоно, зарим нь бурхныхаа гүнгэрваан дотор зална. Амьд бурхнаас гарсан учраас тэр билээ.

Угтаа Баруун лам бид хоёр адилхан л махан биед төрсөн хүмүүс. Баруун ламын амьд бурхан энэ тэр гэдэг бол хоосон мухар сүсэг гэдгийг тэр сайн мэднэ. Гагцхүү тийн итгүүлж чадсан нь гайхамшиг. Гэтэл нэгнийх нь өтгөн ингээд эзэн нь хүртэл цээрлээд харахдаа дургүй байхад нөгөөгийнхийг нь олон түмэн булаалдан аваад, үмхэж долоогоод, тэр бүү хэл долоосон нь эдгэж босоод байдаг нь үнэхээрийн хачин. Тэгэхээр тэр өтгөндөө биш сэтгэлдээ буй биз ээ хэмээн бодон хэвтжээ.

***

Тахийн Шар нурууны Тайхлагийн даваа. Тэр нааш харсан өргөн амыг өгссөөр давна

Бөх Дорлигийн гаднаас дөч гаруй тэмээдтэй жингийн цуваа хөл хөстэй хөдлөхдөө хонгон дээрх тамганы шарх нь овоо эдгэрсэн Мухар Маранг дөнгөтэй хэвээр, хүзүүнээс нь хар дээсээр оосорлоод хөсгийн дунд хэрд чөрхөлчхөв. Тэр болтол тэр өнөөх үхэр чулууныхаа ёзоорт адсаган дээр гинжтэй хэвтжээ.

Буудаллахад хөл гарыг нь холбон гинжлээд, шилийг нь дарсан тэмээдийн дунд хэвтүүлж хонуулна. Тийн явсаар Тахийн Шар нурууны Тайхлагийн даваан дээр гарч ирэхэд Хасагийн Зуух баатар гэгч далбагар хар малгайтай сахал самбай болсон ширүүн эр хэдэн хасаг эрийн хамт тэднийг тосжээ. Жинчид даваан дээр түр зогсоод, овоонд чулуу өргөж, арц хүж унгасгах завсарт Мухар Маран намар цагийн өндөр хөх тэнгэрийн дор сэнхэртэн суунаглан харагдах Алтайн их уулсыг сүүлчийн удаа харан сөхрөн суугаад, гавтай гараараа залбиран, ихэд сүсэглэн мөргөжээ. Анзаарсан хүнд түүний харцанд урьд өмнө хэзээ ч байгаагүй хүсэл тэмүүлэл, хайр гэрэлтэх шиг болж байв. Дахин бүхнийг эхнээс нь эхэлдэг болоосой гэсэн бодол орж ирэхэд дотор нь харанхуйлан, шүүрс алдаж, тэр хэрээрээ тэрхүү үй олны зовлон жаргалд үл ажран дүнсийх их уулсыг улам шунамгай ширтэж байлаа.

Бөх Дорлиг хасаг баатарт өөрийг нь заан ямар нэгийг ярьж байхыг Мухар Маран нүднийхээ булангаар хялалзан харж, хатаж омголтсон уруулаа хэмлэн суув. Харц нь хуурай. Давааны өвөр бэлд буугаад Бөх Дорлиг арван хоёр тэмээ ачааг Мухар Марангийн хамт Зуух Баатарт тасалж өгөөд, нэг нь их говийн хээл рүү, нөгөө нь Тахийн шар нурууг өвөрлөн баруун хойш зам салан хөдлөв. Мухар Маран хасагийн ачаатай тэмээн дунд чөрхлүүлэн зогсож байхад Бөх Дорлигийн хөсөг дэргэдүүр нь өнгөрчээ. Тэр Бөх Дорлигийг дуудан,

- Би хэдий сүнсгүй муухайг хийсэн ч монгол хүн. Бөх Дорлиг чи юунд намайг харийн хүний хатавчны боолоор зарав гэж хашхирав. Төдий болтол Мухар Маранг хүний дайтай харахгүй явсан Бөх Дорлиг гар дохин өөрийнхөө цувааг түр зогсоогоод,

- Чи Монгол хүн гэж үү? Чам шиг амьтан өөрийгөө монгол гэж хэлж болохгүй юм. Би Монгол хүн гэж хэлэхийн тулд эхлээд явдал үйлээ цэгнэх байж дээ. Би чамайг монгол хүн бүү хэл хүний тоонд ч үзэмгүй. Чи бол нохой юм. Нохой нохойдоо чонотой нийлсэн золбин нохой болно. Харин энд ганц үг хэлье. Үүнээс хойш чи зөвхөн нохойн амьдралаар амьдарна. Сүүлчийн удаа чамайг хүний тоонд тооцон хэлж буй үг тул чи сонс. Наран мандах зүгт эх нутаг минь бий гэж үхэн үхтлээ өглөө оройгүй ямагт залбирч яваарай гэжээ.

Эл явдлаас хорь гаруй жилийн дараа 1945 онд Ховдын тавдугаар отрядын тагнуул салааны таван байлдагч хилийн цаана, Алтайн Шар сүм чигт тагнуул хийж яваад гурав нь гоминданы цэрэгт баригджээ. Гоминданы цэргүүдтэй хасгууд хүчин хавсарч байсан цаг. Тэр үед баригдсан монгол дайчдыг хурууг нь үе үеэр нь жиргэх, толгойг нь хуйхлах, засах, хэлийг нь огтлох гэх мэтээр тамладаг байж. Түүний нэг нь, 1947 оны 6 сарын 3-нд Байтаг уулын Их, Бага Хужиртын голыг цэргийн хүчээр эзлэн суусан гоминдан, хасагийн нэгдсэн хүчинд элчээр очсон Бадамыг толгойг нь хуйхлах, улайдсан төмрөөр биеийг нь нэвт сүлбэн цоргих, цээжинд нь таван хошуу сийлэх зэргээр тамлаж алсан явдал юм.

Тэгэхэд баригдсан гурван байлдагчийг тийм л үхэл хүлээж байж. Нөгөө гурав ч газар гэрт хүлээтэй хэвтэж байхдаа яавал түргэхэн шиг зоволгүй нүд аних вэ гэлцэн байтал хасгийн хүрээнд байсан нэг өвгөн үүдний манаачийг цохиж муужруулаад, тэднийг оргуулжээ. Унах сэлгээ морьд, буу зэвсэг, идэж уух юм ч бэлдсэн байж. Хэдий хасаг дээлтэй, далбагар хар малгайтай ч эргэлзээгүй ямар ч хольцоогүй халхаар ярьж байсанд хамт явсу гэвэл “Надад монгол нутагтаа очих нүүр байхгүй ээ” гэсэн юм гэнэ билээ. Хожим баригдсан хасагуудаас авсан мэдээгээр тагнуулчдыг алдсандаа хорссон гоминданууд өвгөнийг шонгоос хөлөөр нь дүүжилж байгаад хонь алж буй мэт толгойг нь огтолж алсан гэдэг. Аврагдсан тагнуулчид харин тэр өвгөний зүүн гарын гурван хуруу мухар байсныг санадаг юм. Бас түүний хойхно 1949 оны намар Алтайн Даянгийн даваагаар хэдэн урианхай айлыг давуулж өгөөд, нааш харж сөхөрч суугаад нулимсаа сувируулан баахан залбирч залбирч аваад, даваан дээрээс буцсан монгол өвгөний зүүн гарын хурууд мухар байсан тухай ч яриа бас байдаг юм.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]