Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Алгуй улаан цавын домог буюу савдаг дарахаар оролдсон ньУншсан17,314

Хотгойд нутгийнхан шадар вангийн хурууг, түүний алтан цогцсыг төлөөлүүлэн төрөлх нутагт нь ёс төгөлдөр оршуулахыг зорьжээ.

ЦАГААН ЧУЛУУТЫН ОВООНЫ ДОМОГ

Гол овооноос дөрвөн тал тийш багавтар дөрөв дөрвөн чулуун овоо байна. Эл овоог Хотгойдын Шадар ван Чингүнжав 1757 онд Манж нарт баригдаж, Бээжинд аваачиж цаазлахад туг, бүрээг албат нар нь авч хурал номынхоо газарт нандигнан хадгалж түүнийг онгон шүтээнээ болгон тахиж байжээ. Нэгэн хотгойд өвгөн: Энэ зэс бүрээг хүн үлээгээгүй байхад нэгэн цагт аяндаа өөрөө дугарна. Тэр дуунаар түмэн олон Чингүнжавын тугийг барьж хөдлөөд манж хятадуудыг хөөн зайлуулна. Миний бүрээний дууг сонссон монгол хүн бүрийн хүч тэнхээ нь оргилж, цог хийморь нь бадарч манж хятадуудын сүр сүлд нь гүдлэн унах болно гэж шадар ван сэрүүн тунгалаг байхдаа айлдсан юм гэж нутаг нугын олноо тэмцэлд уриалан дууджээ.

Хотгойд нутгийнхан шадар вангийн хурууг, түүний алтан цогцсыг төлөөлүүлэн төрөлх нутагт нь ёс төгөлдөр оршуулахыг зорьжээ. Нутгийн олон энэ зорилтоо гүйцэтгэхээр манж нараас далдуур бэлтгэж оршуулах газраа ч товложээ. Наран ээвэр, үржил шим сайтай, алсын бараа ихтэй хотгойд нутгийн төв Арбулаг сумын төвөөс баруун урагш 10 хүрэхгүй километрын зайд Сөртийн хөндийн баруун бие, Цагаанчулуутын тохойн нэгэн бяцхан толгой дээр хүрэн өнгийн хавтгай чулуугаар үелэн өрж, метр гаруй өндөр болгоод, түүний дээр дахин багавтар 80-аад см өндөр дөрвөлжин тавцанг мөн хавтгай чулуугаар өрж дээр нь модоор дөрвөн талтай товгор модон овоо босгосон байна. Овооны индэрийн чулууг Алаг-Эрдэнэ сумын Эрхэлийн улаан толгой, Арбулаг сумын Гэзэгт уулын Тэвхэн сайр гэдэг газраас сэм товлосон өдрөө манжийн туршуулд эс мэдэгдэн харуул гаргажээ.

Чингүнжавын отог албат, төрөл төрөгсдийг төлөөлөн нутаг нугын олон хүн цугларчээ. Цугларсан олон залбирал үйлдэж, гүн эмгэнэл илэрхийлж шадар вангийн эрхий хурууг мөнгөн хайрцагт шилжүүлэн хийж оршуулжээ. Тэнд том хавтгай чулуугаар монгол гэрийн хэлбэртэй, бат бэх овоо босгожээ. Тэрхүү овоог түүнээс хойш Цагаан чулуутын овоо хэмээн нэрлэсээр иржээ. Тэнд шадар вангийн нутаглах дуртай байсан Их- Уулаас том үндэс суурьтай таван мод авчирч суулгажээ. Түүнийг мөчир салаа ихтэй саглагар сайхан мод болохыг билэгдэн шимтэй шороогоор булж, Дэлгэрмөрний усаар усалсан гэдэг.

 

Доголон дарь эх буюу нялхсын духанд хөө түрхдэгийн учир

Эрт урьд цагт үргүй өнчин чөтгөр тэнэж явсаар нэгэн айлд орж гэнэ. Айлын эхнэр нялх хүүхдээ хөхүүлээд сууж байв. Чөтгөр дотроо баярлаж, өнөөдөр нэг хүүхэд олж авах нь гэж чимээгүй харж суув. Айлын хүүхэн хүүхдээ өврөөсөө салгахгүй тэвэрчихээд, нөхөр нь ч гарах янзгүй. Чөтгөр тэсгэл алдахдаа зуухных нь үнснээс атгаж аваад эр эм хоёрын нүдрүү цацав. Айлын эр эхнэртээ уурлаж,

- Чи юунд хүний нүд рүү үнс цацаж байгаа юм бэ? гэж асуухад, эхнэр нь хариу уурлаж,

- Юу гэсэн үг вэ? Харин чи өөрөө миний нүүр рүү үнс цацчихлаа гэж эхнэр нөхөр хоёр хэрэлдэж эхлэхэд чөтгөр баярлаж одоо л нэг завшаан ирлээ гээд хүүхдээ газар тавихыг хүлээж суутал хүүхэн хүүхдээ элгэндээ тас тэвэрчихээд нөхөртөө уурлаж,... хувцас хунараа авч, хүүхдийнхээ духанд хөө түрхээд, төрхөмдөө буцахаар гарч явав.

Чөтгөр эр эм хоёроос хүүхдийг нь авч чадсангүй боловч сэтгэл мохсонгүй. Айлын эхнэрийг дагаж явав. Хүүхэн шөнийн харанхуйд айдас нь хүрэхдээ дутуу цээжилсэн Дарь эхийн зүрхэн тарниа хагас дутуу уншиж явжээ. Чөтгөр бүсгүйг хөөж яваад өөр нэг чөтгөртэй таарч,

- Хүүхэд тэвэрсэн бүсгүй хүн харав уу? гэж асуусанд, нөгөө чөтгөр,

- Үгүй, саяхан нэг тал тогоо тэвэрсэн, доголон Дарь эх л үүгээр өнгөрсөн гэж хариулав. Учир нь хөө түрхсэн хүүхдийн магнай нь хагас дугуй тогоо болон харагдаж, хазгай уншсан Дарь эх нь доголон Дарь эх болж үзэгдэж чөтгөр халдаж чадаагүй юм байж. Хөөрхий бүсгүй хүүхэдтэйгээ амар мэнд төрхөмдөө харьжээ. Түүнээс хойш монголчуудын дунд шөнө хүүхэд нялхсыг авч явахдаа духан дээр нь хөө түрхэж гаргавал муу юм, гай барцад учирдаггүй гэсэн уламжлал тогтжээ.

 

Бөхийн отогийнхон

Эрт цагт нэг мундаг хүчтэй бөх хүн байжээ. Тэрбээр нэгэн нутагт айхтар махчин гарсан гэж сонсоод түүнийг дарахаар явж гэнэ дээ. Тэгээд нөгөө нутагт хүрээд явж явж нэг хоньчин өвгөнтэй дайралдаж учир явдлыг асуувал

- Айхтар махчин эндхийн хүн малыг цөм туугаад явсан. Тэр хойно алслан харагдах том элгэн улаан хаданд амьдардаг. Та тийш ээ л бүү яваарай гэж захив.

Нөгөө бөх учир явдлыг мэдээд тэр хадны зүг явж гэнэ ээ. Явсаар нар шингэхийн алдад тэр их элгэн улаан хадны энгэрт нэгэн бор гэр байхаар нь оров гэнэ. Гэрт орвол нэг эмгэн сууж байна гэнэ. Мэнд усаа мэдэлцээд, цай уугаад сууж байтал бүрэнхий болж гадна хүн амьтан уйлалдах, мал хунар майлалдах их чимээ гарч гэнээ. тэгж байтал хоёр том эр ороод ирээд гэрийн зүүн тушаа суугаад

- Ээж ч харин бид хоёроос том олзтой сууж байх шив гэж байна гэнэ.

Тэгсэн чинь унтах болоход ээж нь хоёр хүүдээ наадхаа авч хоноод өглөө янзлая, баас шээс нь хөнгөрөг гэж байна гэнэ ээ. Тэгээд нөгөө хоёр эр гэрийн баруун орон дээр манай бөхийг хэвтүүлээд дээгүүр нь их том арьсан хөнжил нөмрүүлж хоёр талаар нь хөнжлийн захыг дараад унтаад өгч гэнэ.

Маргааш өглөө нь болоход нөгөө хоёр залуу бөхийг дундаа оруулаад зүүн хойд хэсэг хадруу дагуулан явж гэнэ. Манай бөх ч голд нь нь нөгөө хоёр залууны сэрвээн дээрээс нь атгаад гарын аясаар дэвээд явж байж. Тэгээд нэг том хад ойртоод ирэхэд нь нөгөө хоёрыг нэг нэг гараараа сэвхийтэл өргөөд хана мөргүүлээд шидчихжээ.

Тэгээд юу болоогүй юм шиг буцаж гэрт орж ирээхэд нь эмгэн

- За нөгөө хоёр чинь яав гэхэд нь

- Нэг нь зүүн хойшоо, нөгөө нь баруун хойшоо гүйгээд л явчихна лээ гэж гэнэ.

Тэгтэл ч эмгэн

- Аан тийм бий вий гээд юу юугүй босч ирээд зууралдаад авав. Тэр хоёр дээр доороо оролцон баахан ноцолдож бөх нөгөө эмгэнийг нэг юм ялж гэнэ.

Тэгээд тэндээс гарч тэдний барьсан хүн амьтнаа хорьдог байсан агуйн амыг тагласан том чулууг зайлууллаа. Тэгээд тэр дотроос олон хүн малыг гаргаад

- За бүхэн тэр өөсдийн нутаг оронлуугаа явцгаа. Махчиныг одоо дарсан гэсэнд

- Бид одоо нутаг орон маань хаана байдгийг мэдэхгүй, энд олон хоног хоригдсон. Одоо бид таныг л дагана. Та биднийг дагуул гээд гуйж гэнэ.

Ингээд уг хүмүүс тэндээ амьдрах болж үүнээс хойш бөхийн отгийнхон гэж үүссэн гэдэг.

Энэ нутаг нь одоогоор Төв аймгийн урд хэсэг, Баян-Өнжүүл сумын нутаг хавьцаа юм шиг байгаа юм.

 

 

3 жил болсон хөх аргал гэмтэй

Эрт урьдын цагт болсон гэнэ лээ. Нэгэн жинчин Бээжинд жин тээгээд буцаж явжээ. Буудаллах болоод ачаа, тэнгээ буулгаж, хоол цайгаа хийж идээд сууж байтал майхны хаяагаар нь надаа хоолноосоо гээд үзэшгүй муухай, хатсан хөх гар ороод иржээ. Нөгөө хүн ч үхэхээс бусдыг үзсэн хашир толгой тул хэдий жийрхэж байсан ч айсан дүр үзүүлэлгүй хоол идэх гэсэн юм бол орж ирээд ид гэсэнд үс гэзэг нь сэгсийж дээл хувцас нь салбарч урагдсан үзлийн амьтан майхны хаяаг нь сэвхийтэл нь өргөөд ороод иржээ. Манай хүн ч майхны үүдэнд хэвтэж байсан эмтэрхий шаазанд хоолноосоо хийгээд өгчээ. Тэгээд чи чинь ямар хүн болоод ингэж явдаг билээ гэж асуусанд өнөөх нь : би бол энүүгээр нутагладаг нэг баян айлын зарц байсан юмаа. Хэдэн жилийн өмнө хэцүү өвчин тусаад босож чадахгүй болсонд эзэн асрахын оронд сэжиглэн орхиж нүүсэнд би гэдэг хүн гэртээ өлбөрч үхээд буг болсон юм. Тэгээд би тэдний гарсан хүүхэд болгоныг авч явдаг болсон.Тэднийд очоод гурван жил болсон халтар аргал болоод хаяанд нь хэвтчихдэг юм. Маргааш орой очиж энэ жил гарсан хүүг нь авна даа гэж хэлчихээд сэв хийтэл алга болчихжээ. Хүн гуай ч үүнийг бодсоор үүр цайлгав гэнэ. Замдаа гарч орой болохын хавьд нэг айлд хоног тааруулж гэнэ. Тэр айл ой хүрэх гэж байгаа нэг хүүтэй юм санжээ. Хүн гуай ч гэрийн эзэнтэй хуучлан элдвийг ярьж суутал орой болохын хэрд зүв зүгээр байсан хүүхэд хоолой нь боогдсон мэт чарлан уйлж гарчээ. Ээж аав нь сандран элдэв арга чарга хэрэглэсэн ч тусыг эс олон хүү сүүлдээ уйлж чадахаа ч больж хяхтнасан дуу л гаргадаг болжээ. Гэтэл ээж нь зочинруугаа харж хүүг минь аварч өгөөч, тэгвэл танд юу ч байсан өгье, манай хоёр хүүхэд бас яг ингэж байгаад явчихсан гэж гэнэ. Зочин нь ч за би аваръя, галаа сайн түл гэжээ. Тэгээд гэрийн хаяаруу хартал нэгэн даргар хөх аргал хэвтэж байж гэнэ. Гэрийн эзэгтэй галаа түлж байж суухын аргагүй болтол өрдсөн ч тэр хөх аргалд л хүрч өгөхгүй байжээ. Тэгтэл ч хүүхдийн бие улам дордож амьсгаа нь боогдож эхэлтэл тэсвэр алдсан хүн галын хайчийг нь булааж аваад өнөөх хөх аргалыг чанга гэгч нь хавчин галруу хийчихжээ. Тэгэхэд нь галын дөл тооно хүртэл дүрэлзэж хачин муухай хашгирах чимээ гараад намдахад хүүгийн бие тавирч амьсгал авч гэнэ. Удалгүй хөхөө хөхөөд унтаад өгөв гэнэ. Магнай хагартлаа баярласан баяных жинчинд шан харамж хайрлалгүй хүртээж түүгээр ч зогсохгүй хүүгээ томроход жил болгон очиж золгодог болж гэнээ. Хөгшдийн 3 жил болсон хөх аргал гэмтэй гэдэг үг ортой.

 

Найтаахад яагаад бурхан өршөөг гэдэг вэ

Урьд нэгэн хувилгаан айлын 3 настай хүүгийн сүнсийг авахаар яваа чөтгөртэй тааралджээ. Ингээд тэр айл руу хамт явангаа нөгөө 2 маань ярилцаж:

  • Хувилгаан, чи юунаас айдаг вэ?
  • Би аагтай цай, тарган хонины махнаас айдаг. Харин чи?
  • Би алтан харганаас үнхэлцэгээ хагартал айдаг юм. Хувилгаан, чамайг тэр айлд очсон хойно хүүхэд нь найтааж юуны магад. Тэгвэл “Чөтгөр өршөө!” л гэдэг юум шүү.

Ингээд хувилгааныг мөнөөх айлд сууж байхад хөөрч баясан суусан хүүхдийнх нь царай гэнэт хачин болсноо найтаав гэнэ. Хувилгаан “Бурхан өршөө!” гэв. Хэсэг байснаа хүүхэд нь дахиад л эвгүйрхэн найтаажээ. Энэ удаад хувилгаан “Чөтгөр өршөө!” гэчхэж. Хувилгааныг айлаас гараад явж байтал чөтгөр гүицээд ирэв.

  • За яав? Сүнсийг нь авч чадав уу?
  • Авах нь ч авлаа. Харин чи яагаад “Бурхан өршөө!” гээд хэлчих вэ? Олон бурхан ирж ороож тойрчхоод сүнсийг нь авхуулахгүй их зовоолоо.
  • Алив, тэр сүнсийг нь үзье.

Ингээд сүнсийг нь гаргаж ирэнгүүт хувилгаан булааж аваад алтан харганын бутан дунд ороод суучихжээ. Чөтгөр машид уурлан хувилгааныг чадах гэж бутыг аагтай цай, тарган хонины махаар булаад явжээ. Хувилгаан цай, махыг нь амтархан зооглоод өнөөх айлд очиж хүүхдийнх нь сүнсийг өгсөн юум гэнэ лээ. Yvнээс хойш найтаахад “Бурхан өршөө, бутын чинээ сахал урга!” гэж хэлдэг болсон юм гэдэг.

 

АЛГУЙ УЛААН ЦАВЫН ДОМОГ

Чонон нүдэт хочтой нутаг усандаа нэр муутай ном эрдмээр тун тааруухан Чогров Лхарамба гэгч ганц бие лам байжээ. Тэр олонд нэр гарсан онцгой эрдэмтэй лам болох гэж олон жил бодсон боловч олигтой юм хийж чадахгүй л байж. Тэгтэл “Олгой улаан цав” гэдэг онгон савдаг орогносон нэгэн газар байдаг гэнэ. Олон лам хуврага очоод ороолон савдгыг нь дарж чадаагүй гэж олны ам дамжсан үг сонсож гэнэ. Нэр төрд дуртай Чогров Лхарамба гуай нэг өдөр тэр ууланд очсон чинь нээрээ л цус шиг улаан өнгөтэй хад асга бүхий уул байжээ. Хад чулуу нь хачин олон нүх сүв болсон хөл доороос нь хөвөрсөн урт могой гялалзсан хүмүүсийн ярьдаг савдаг шүгэлсэн байж мэдмээр газар байж гэнэ.

За хөө, Чогров миний заяаг түших газар энэ мөн бололтой гэж бодоод “Олгой улаан цав”-ын онгон савдагийг дархаар ирлээ гэж ойро хавийн айл амьтанд зар тарааж сүсэгтэн олныг ятган үнэмшүүлэж сүм дуган хүртэл бариулж аваад сүржигнэн суудаг болжээ.

Гэтэл “Олгой улаан цав”-ын агуй хонгилоор оромж хийн амьдарч ойр хавийн баячуудын адуу малыг хошуу дамжуулан худалдаж барлаг ядуучуудад тусалдаг “Шилийн сайн” нэгэн эр энд бүгдэг байжээ. Оргодол хулгайч эр баяд ноёдын сүргээс тасалсан малаа бартаа нугачаа ихтэй цавын хавцал жалганд нууж байгаад харанхуй шөнөөр харь хол хөөж аваачдаг байсан болохоор адуу малаа ор сураггүй алдсан баячууд Олгой улаан цавын ороолон савдаг орогносон уул гэж олонд цуу тараасан нь оргодол хулгайч нар ч олны нүднээс нуугдахад тус болдог байв. Шилийн сайн эр нэгэн удаа алсын хошуунд адуу мал хөөж арилжаа хийж яваад замын айлаар буусан чинь Олгой улаан цавын онгон савдагыг дарахаар онцгой чадалтай нэгэн лам ирсэн тухай сонсоонд яаран явсаар орогнодог агуйдаа иртэл нээрээ л Олгой улаан цавын хад чулууг доргитол хэнгэрэг цан хангинаж байж гэнэ. Одоохон энэ ламыг холдуулж авахгүй бол онгон савдагтай гэдэг оргүй худал үг олон түмэнд илэрч магадгүй нь гэж бодоод оройхон шиг орогнодог агуйнаасаа гарч явтал ойрны нэг гүнзгий хавцалд барьсан багахан дуган дайралдаж хэнгэрэг цаны дуу хэц хярыг цуурайтуулж байна гэнэ. Сайн эр ганц бие ламыг эндээс холдуулах ямар арга хэрэглэхээ амархан бодож олжээ. Өнгөрсөн өвөл нутгийн баяны сэтэртэй хөгшин буур айлынхаа залуу бууртай ноцолдож байгаад хэмхчүүлж үхсэн байж. Түүний толгойн ясаар ламыг айлгая гэж бодоод өгөрсөн хувхай толгойг авчирч соёо шүдийг улаанаар будаж, нүдэнд нь ногоон өнгийн шавар чихэж шар зосоор хамар самардагын ясыг халзлан будаж хүзүүний нь ясын хэлхээ улаан эрээн даавуугаар ороон бэлтгэж авчээ. Орой болонгуут мань эр өнөөх толгойгоо авч дуганы гадаа ирэхэд лам бугай ганцаараа хоолоо зооглож байгаа бололтой байна гэнэ. Тэгээд гаднаас нь: - “Чонон нүдэт Чогров Лхарамба чи гараад ир” гэж сүрхий гэгч нь хашгирчээ. Өвгөн лам өндөсхийж цочисондоо хэнгэрэг цангаа авч ном тарни уншиж дамар тачигнуулаад л сүрхий юм болж байна гэнэ. Тэгэхээр нь дуганынх нь үүдийг онгойлгоод буурныхаа будаж янзалсан толгойг цухуйлган “Олгой улаан цавын онгон савдаг би байна. Одоохон эндээс холдохгүй бол оромж гэртэй чинь хамт залгичихна шүү” гэж шүд амыг нь яралзуулан хөдөлгөж нүд хамрыг нь эргэлдүүлэн харуулахдаа аягын чинээ нүдтэй аврага могой намайг хороох нь гэж айхдаа ламын нүд нь орой дээрээ гарч шүд ам нь ангагнаж муухай гэгч нь ганц хашхираад муужраад унчихаж гэнэ. Үүнээс хойш үнхэлцгээ хагартал айсан лам үүгээр дахин үзэгдээгүй юм гэдэг.

Олгойтой юм шиг хачин муухай амьтан энэ ууланд орогнодог гэсэн цуу яриа тарааж уулын нэрийг нь өөрчлөхгүй бол болохгүй гэж лам айлдсан гэнэ. Түүнээс хойш энэ газар “Олгой биш Алгуй” гэдэг нэртэй болсон юм байх. Үхсэн буурын толгойноос амьд ат айна. Нэр төр хэт хөөцөлдвөл нэг л өдөр хөглөнө гэдэг цэцэн мэргэн үг эндээс үүссэн байж ч магадгүй дээ гэж домог төгсдөг.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]