Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Монгол Улсын гарьд П.Сүхбат: Ид үед маань өгсөн бол энэ гарьд цолыг би хэд ч батлах байсан юм билээУншсан79,494

Монгол түмний хайртай бөх "Том" хэмээх Пунцагийн Сүхбат гарьд 2015 онд харамсалтайгаар таалал төгссөн билээ. Түүний 2013 онд хэвлэлд өгсөн ярилцлагыг бөх сонирхогчдодоо нэхэн тохилуулж байна.

Монгол түмний хайртай бөх "Том" хэмээх Пунцагийн Сүхбат гарьд 2015 онд харамсалтайгаар таалал төгссөн билээ. Түүний 2013 онд хэвлэлд өгсөн ярилцлагыг бөх сонирхогчдодоо нэхэн тохилуулж байна.

-Та Баянхонгорын Хонгор нутгийн дэвжээ бөхийн галыг ахалж байгаа. Ер нь хэнд нь найдлага тавьж байна?

 

-“Хонгор нутгийн дэвжээ”-гээ ахлаад хэдэн жил боллоо. Одоо энэ сайн, тэр нь тийм гэж нэр цохмооргүй байна.  Одоо 5-6 улсын цолонд ойрхон хүүхэд байна. Тэдэндээ найдаж байна.

-Таныг унасан ч, давсан ч инээгээд босоод ирдэг хамгийн хор шаргүй бөх гэдэг. Энэ удаа ямар зорилго тавьж барилдаж байна.

-Энэ жил бэлтгэл гайгүй байна, өөрийнхөө хэмжээнд сайн барилдана. Ямар ч гэсэн хоёр давна. Цаашилбал нутаг орныхоо хүүхдийг дэмжчих санаатай л байна. Улсын цолонд ойрхон 5-6 хүүхдийнхээ дээгүүр барилдах аль нэгийг нь тухайн үед нь дэмжинэ дээ. Тэр хэмжээндээ барилдана, түүнээс биш улсад үзүүрлэнэ, түрүүлнэ гэж барилдахгүй нь мэдээж.

-Та Олимп дээд сургуульд багшилж байгаа гэсэн, одоо хэвээрээ юу?

-Олимп дээд сургуульд багшлахаа саяхнаас больсон. Би одоо ҮБТДС-д өөрийн хонгор нутгийн хүүхдүүдтэй тусдаа бэлтгэл хийж байнаа. Өөрийн гэсэн унаган шавь нар төрүүлж тэдэнтэйгээ хамтарч ажиллахаар болсон. Нутгийнхан маань өөрийн гэсэн клуб байгуулаач гэсэн хүсэлт тавьж, нутгийнхныхаа хүсэлт дэмжлэгээр энэ ажлаа эхлээд явж байна.

-Яг таны гарын шавь гэвэл?

-Ер нь Баянхонгороор овоглодог, Баянхонгорын унаган хүүхдүүд 30-аад залуу бөх байна. Зарим нэг том цолтой бөхчүүд юм зааж өгөөч, тантай тусдаа бэлтгэл хийе гэсэн санал тавьсан. Тэрний үндсэн дээр тусдаа хичээллэхээр болсон доо.

-Та 5 жил Америкт амьдарсан. Тэр 5 жилд Монголдоо үндэсний бөхөөр барилдаж байсан бол үндэсний бөхөд гаргасан амжилт арай дээгүүр байж болох байсан уу?  Ер нь Цэрэнпунцаг гарьд та хоёрыг Америк яваагүй бол арай өөр байх байсан гэдэг юм билээ.

-Би их спортод өндөр амжилт гаргахгүй болохоор л Америк явсан. Ид барилдаж байсан үе маань биш болохоор харамсаад байдаггүй. Спортоо орхисон биш, амьдралаа орхисон байсан болохоор амьдралаа хөөгөөд үр хүүхдийнхээ төлөө юм хийх гэж Америк явсан. Хоёр хүүхэддээ оюуны хөрөнгө оруулалт хийж Америкт сургасан.  Хоёр хүүхэд маань одоо Америкийн Калифорни мужийн Лос-Анжелост амьдарч байгаа.  Авгай бид хоёр нутаг орноо санаад эргээд ирсэн. Хаа хаанаа зөв алхам хийсэн гэж өөрийгөө боддог. Хоёр хүүхэддээ хөрөнгө оруулалт хийчихсэн юм чинь одоо нутаг усныхаа хүүхдүүдэд жаахан юм зааж өгөөд улсын цолтой бөхчүүд хэдийг төрүүлчихвэл надад өөр санаа зовох юм алга. Би авдаг цолоо авчихсан, барилдах хэмжээндээ барилдчихсан, гавьяа шагнал надад ханасан. Өөрийнхөө хэмжээнд болсон, хойч үедээ жаахан юм үлдээе гэсэн үүднээс л эргээд их спортдоо ороод зүлэг ногоон дэвжээн дээрээ дахиж гарч барилдаад явж байгаа. Таван жилийн дараа буюу ноднин дахин дэвжээн дээрээ гарсан. Хоёр даваад гурвын даваанд нутгийнхаа хүүхдийн дэмжсэн. Энэ жил ч тиймэрхүү бодолтой байна.

-Энэ дэмжинэ гэдгийг чинь найраа гээд байдаг шүү дээ?

-Ингэж шууд ойлгож болохгүй л дээ. Манай ахмадууд ч ийм л байсан. Намайг Эрдэнэ-Очир гуай дэмжиж л байсан. Улсын их баяр наадамд намайг тунадаг байхад гурвын даваанд амлаж аваад тунаанаас гаргаж байсан. Үүнийг дэмжинэ гээд байгаа юм.  Найраа гэдгийг би сайн ойлгохгүй байгаа юм, мөнгө төгрөг өгөх эсвэл бууж өгөхийг л хэлээд байх шиг байгаа юм. Дэмжинэ гэдэг өөр, хэн сайн цаашаа явах ирээдүйг нь харж байгаад  тунаанаас нь гаргаж дараагийн даваанд нь бэлдэж өгч байгаа хэрэг. Үүнийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Нэг давааг ч гэсэн гар зөөлөн гаргаж өгч дараагийн хүнтэй сайн барилдуулах гэж л байгаа. Монголын ард түмэн ухаантай юм чинь хэн нь дэмжээд байна, хэн нь бууж өгөөд байна, хэн нь буулгаж аваад байна гэдгийг ялгаж салгах байхаа.

-Та Монголдоо нэг ч ирэхгүй Америкт таван жил болох нь хэцүү байсан уу?

-Хүний нутагт тиймэрхүү л дээ. Гэхдээ гэр бүлээрээ үр хүүхэдтэйгээ байна гэдэг сайхан л байсан. Энд ирээд хүүхдээ санах юм. Ачтай болсон ачаа санаж байна. Тэнд нутаг орноо ах дүүсээ, найз нөхдөө бэлтгэл сургуулилтаа санадаг байсан. Эд маань ч намайг үгүйлнэ. Тийм болохоор ирснийхээ жил дүү нартайгаа цуг гал ахлаад л гарсан. Энэ жил нутгийн зөвлөл маань сайхан дэмжиж байна, манай гал өнгөтэй өөдтэй сайхан л байна. Баянхонгорын хоёр сайхан начин Сэр-Од, Батболдтой хамтарч аймаг цэргийн цолтой, цолгүй 30 бөхтэй өнөөдөр гал дээрээ байна.

-МҮБХ-нд хэрүүл тэмцэл их болсон. Та үүнд оролцдог уу?

-Би тухайн үедээ хэлмэгдэж байсан, цол авч чадаагүй орхигдсон хүн. Тэр үед тэмцэлд нь оролцож л байсан. Америкт байхдаа л гарьд цолоо авлаа ш дээ. Түүндээ сэтгэл дундуур байдаг юм. Ид барилдаж байхад маань надад өгөөгүй юм чинь. Гарьд цолыг ойшоодоггүй, шөнийн цол гэж өөртөө нэрлэдэг юм. Багабанди ерөнхийлөгчөөс Америкт байхдаа гардаж авсан. Би заан цолондоо их хайртай. Яагаад гэвэл заан цолоо өөрөө ид байх үедээ унаж, тунаж, шалгарч авсан болохоор заан цолондоо хайртай байдаг юм.

-Та яагаад гарьд цолоо шөнийн цол гэдэг юм бэ?

-Яахав дээ, барилдахаа больчихсон хүний нутагт байж байхад нь өгсөн, надад үйлчлэхгүй болсон хойно өгсөн болохоор ингэж нэрлэдэг юм, жаахан гомддог юм. Миний ид барилдаж байх үед өгсөн бол би энэ гарьд цолыг хэд батлах ч юм билээ, хэд хамгаалах ч байсан юм билээ. Намайг ид байхад Балжиннямд аварга өгөөд, Мөнх-Эрдэнэд 3 үзүүрлэхэд арслан өгөөд, намайг улс хувьсгалын 70 жилийн ойд үзүүрлэхэд заанаар нь дуусгасан ш дээ. Түүх мэдэх нэг нь мэдэх байх, мэддэггүй нэг нь мэдэж аваг.

-Барилдааны дүрмэнд өөрчлөлт өөрчлөлт оруулсан тухайд ямар бодолтой байна. Таныг Америкт байхад шинэ дүрэм гарсан?

-Үндэсний бөхийн холбооны дүрэм, бөхчүүдийн барилдааныг харахаар сэтгэл дундуур явдаг л даа.  Яагаад гэвэл нэгдүгээрт цолтонгуудын цол хүндлэгдэхгүй байна. Хоёрдугаарт цолны эрэмбэ алдагдаж байна, гуравт бөхчүүд их таргалж байна. Бөхчүүд таргалах нь аргагүй дүрмэндээ уялдуулаад таргалж байна. Бидний үед ийм тарган бөхчүүд ховор байсан, бараг л байгаагүй гэхэд болно доо. Одоо дүрмэндээ уялдуулж ингэж таргална гэдэг хортой л доо. Яваандаа тамирчиддаа хортой. Бөхийн холбооны дүрэм буруу зөв нь хэзээ нэгэн цагт цаг хугацааны аясаар ялгагдах байх л даа. Тэрнээс биш ганцхан миний тэмцлээр өөрчлөгдөхгүй нь тодорхой. Тийм учраас би үүнийг эсэргүүцээд дийлээгүй. Болохгүй юм болдоггүй л юм байна гэж бодоод явсан л даа. Энэ дүрмийг харъя гэж бодсон юм. Энэ нь зөв байдаг юм уу, буруу юм уу  гэдгийг ард түмэн л шүүх биз дээ. Цол үйлчлэхгүй, дүрэм ийм байгаа цагт цолтой улсад их халтай л даа. Цолтонгуудыг хавчсан, настангуудыг түлхсэн дүрэм болоод байгаа юм л даа. Манай үндэсний бөх бол өвөг дээдэс, цолтонгуудаа хайрласан, настангуудаа хүндэлсэн барилдаан байсан. Энэ эвдэгдлээ. Үндэсний бөхдөө эвдэгдэхээр өөр юунд үлдэх юм билээ гэж харамсдаг. Ялангуяа биднийг барилдаж байхад Баянаа аварга 47 насандаа улсад түрүүлж үзүүрлэж, миний багш Адъяатөмөр  42 насандаа начин болж байсан. Гэтэл одоо тийм юм байхгүй. Одоо бол 30 хэдтэй хүн барилдахад хэцүү л байна.  Би одоо улсын наадамд барилдаж байгаа хүмүүсийн хамгийн ахмад нь байх. Залуужиж болно, гэхдээ залуу хүүхдүүд их ч энэ цолтонгуудаа хайрлаж хүндэлж байгаа юм алга. Би тэрэнд нь харамсаж байна. Энэ сайхан аварга арслангууд та бүхний нүдэн дээр илт барилдахгүй байна ш дээ. Залуу сайхан үедээ барилдахгүй байна. Хожим хойно цолны хэлмэгдэлт арилах байх, үнэн мөн нь гарах биз ээ.  Цаг хугацаа харуулах байх.

-Дүрмэндээ тааруулж таргална гэж юу гэсэн үг вэ?

-Үндэсний бөхийн дүрэм нь буруу учраас  сонгодог барьц өгдөг учраас хөнгөн жинтэй хүн барилдвал шоддог барьцанд орох гээд байгаа учраас бүгд л витамин эм тариа хэрэглэж жин нэмэхийг чухалчилж байна. Говь-Алтайн бөхчүүд л бөхийн холбоо нь гэхэд бүр уургийг нь поошиг поошигтой нь шагнал маягаар гардуулж өгч байсан. Та нар телевизээр харсан байх. Энэ бол их спортод байгаад байх зүйл биш. Америкт бол уургийг бодибилдинг өөр төрөлд хэрэглэдэг. Биенд ч муугаар нөлөөлдөг. Надаас илүү ухаантай хүмүүс хэрэглээд гардуулж өгөөд байгаа юм чинь, би ганцаараа миний дүү нар битгий хэрэглэ гэлтэй нь биш дээ. Хаа хаанаа байгаа л даа.  Уургаа идээд, штангаа өргөөд барилдахгүй бол дүрмээрээ нугасаар нь бариулчихвал уначихна ш дээ. Тэрийгээ бодоод юм хэрэглэж таргалаад байна. Залуу хүмүүст алсдаа муу л даа, энэ их тарга. Бидний барилдаж байсан үеийнх шиг жинтэй улс барилдвал одоо юу болох вэ дээ.

-Та хамгийн гол нь тэр үедээ хаанчилж байсан Бат-Эрдэнэ аваргыг давсан шүү дээ. Уг нь аваргыг давж аварга болдог гэдэг дээ? Таныг арслан цолны болзлыг олон хангасан гэдэг дээ.

-Бат-Эрдэнэ аваргадаа гол биш л дээ. Би арслан цолын болзлыг 4 вариантаар хангасан байдаг юм.  Үүнийг бөх мэдэх нь мэднээ. Хуучин аваргыг хаяж аварга болдог байсан. Онцгой жилээр үзүүрлэсэн хүн арслан, аварга болдог. Сумъяабазар ч нэг түрүүлээд л аварга болсон. Мөнгөн арслан, Хайдав арслан, Дагвасүрэн гуай гээд сайхан арслангууд улсад онцгой жилийн ойгоор дөрөвт үлдээд л  арслан болж байсан. Би өөрийгөө арслангийн энтэй бөх л гэж бодож явдаг. Намайг арслан болчихсон байхад ард түмэн биш гэхгүй л байх. Тэр үед түүхэнд үлдэх юм, хожим хойно үр хүүхдэд хэрэгтэй гэж бодож энэ цолыг мөрөөддөг байсан. Одоо ч мөрөөдөхөө больсон, тэр цолон дээрээ очиж барилдах биш. Гарьд гэдэг цолоор намайг хуураад байж байгаа юм л даа. Одоо харамсаад яахав дээ, түүх алсарч би энэ гарьдаараа л дуусах юм шиг билээ.

-Одоо Баянхонгорын олон сайхан залуу улсын наадамд барилдаж байна. Таны үед бол ховор байсан байх аа?

-Баянхонгороос олон хүн барилдаж байгаагүй, Сүхбат л гэж байсан. Найзууд нийлээд нэг оны хүмүүс Улсын начин Жавхлантөгс, Цоггэрэл, Дэлээбазарын Сүхбат, талийгаач Даваадорж, Гамбаа, Энхжаргал начин, Эрдэнэбаяр начин бид хэд нийлээд нэг гал болдог байсан. Би үеийнхэн дундаа дээрээсээ хоёрт заан цолтой болсон. Үеийн арван хэдэн луу жилтнүүдээс Бат-Эрдэнэ аваргын дараа заан цол авч байсан.

-Бөхчүүд үеэрээ төрдөг гэдэг. 1964 оны луу жилтнүүд, түүний дараа Сүхбат, Өсөхбаяр тэргүүтэй 6 залуу зааны үе алдартай байсан. Одоо харин сүүлийн үед амжилт нь тогтвортой явахаа больчихож, улсад түрүүлчихээд маргааш нь цолгүй бөхөд унах жишээтэй. Бөхийн таавар ч их будилдаг. Энэ яг түрүүлчихнэ гэж хэлэх хүн алга? Энэ юутай холбоотой вэ? Цагийг эзэлсэн аварга байхгүй, энэ жил түрүүлсэн хүн дараа жилийн наадамд түрүүлнэ гэхэд бэрх болсон?

-Их спорт нөлөөлдөг. Бат-Эрдэнэ аварга жүдо, би чөлөөт бөхөөр барилддаг байсан. Монголынхоо нэрийг тив дэлхий, олимпод мандуулж явсан учраас бэлтгэл байсан. Сүүлийн найм, шөвгийн дөрөв үлддэгээрээ үлддэг байсан. Би сүүлийн 5-6 жил барилдаагүй болохоос үлдээд тааварт ороод явдаг байсан. Заан цолоо 4-5 баталж, үлддэг хэмжээндээ үлдэж байсан. Одооны хүүхдүүд ноднин түрүүлсэн хүүхэд энэ жил түрүүлэхгүй л байна, ноднин уржнан түрүүлсэн арслан, үзүүрлэсэн гарьд л гэж байна, хэмжээндээ барилдахгүй нэг хоёрын даваанд унаад байна. Шударга хэлэхэд өөрсдөө тааруухан байна, цол нь томдож байна. Цол гэж агуу цолыг авах гэж зовдог, аваад хамгаална гэж айхтар юм байдаг л даа. Гавьяа гаргаж болно, хадгалж хамгаалж явна гэдэг хэцүү. Цолоо авчихаад яаж хадгалж явахав, яаж хамгаалж барилдахав гэж бодохгүй, дуртай нь цол аваад дуртай нь больчихдог явдал гарч байна. Өнөөдөр начин цолны нэр хүнд унаж байна, заан цолны нэр хүнд уналаа, арслан гарьдын нэр хүнд уналаа. Аварга ч сайнгүй л байна, нэг түрүүлсэн аварга дахиж түрүүлэхгүй, зарим нь барилдахгүй энэ тэр гэх юм. Бөхчүүд дороо их сайн, дээшээ цолтонгууд хичээж барилдахгүй байна. Хүмүүс цолтонгуудаа унаад байхаар сайн хандахгүй, балиашиг багатай болж. Залуу бөхчүүдээсээ тасарсан юм харагдахгүй байна. Улсын аварга арслан хүн нэг алхам илүү цаана нь байх ёстой л доо. Начингаасаа заан нь, заанаасаа арслан нь илүү байх ёстой. Цолны сайхан чанар алдагдсан. Бидний үед цолоо хадгалж хамгаалж хайрладаг байсан. Тийм болохоор жаахан эмзэглэж л байдаг.

-Та Америкт байхдаа наадам үздэг байсан уу?

-Америкийн цагаар наадам шөнө болдог байсан. Шөнө босож үзнэ. Өглөө нь ажилдаа явдаг байсан.

-Тэр үед Сүхбат аварга зодог тайлснаа зарласан. Та яаж хүлээж авсан бэ?

-Хүний эрхийн асуудал ш дээ. Сүхбатыг сайн ойлгодоггүй юм. Нэг болохоор эрүүл мэндийн байдлаас болж тайлсан л гэдэг юм, бөхийн хавчилгаас боллоо гэдэг юм. Би зодог тайлсанд нь харамсдаг. Хэрэв зодог тайлаагүй бол дахиад 2 түрүүлэх байсан байх. Өөрөө цаг хугацааны эрхээр харамсдаг байлгүй, би ингэж өмнөөс нь их харамсаж байхад…

-Сумъябазар аварга барилдахгүй, Гантогтох гарьд барилдахгүй гэнэ.Бөхчүүд юм л бол барилдахгүй гээд уньж туниад байгаа юм шиг зан гаргах юм?

-Харин тиймээ. Туниад байх шиг санагддаг юм. Хэнд туниад байгаа юм. Залуу нас дахиж олдохгүй, барилдаж л байсан бол дээр. Ард түмнээ баясгаад, миний баясгадаг ч гэж юу байхав. Миний бодол шүү. Энэ нь бөхчүүдийн бөхийн холбооны тэмцлээс болж байгаа юм. Хоёрт өөрсдийнх нь үзэл бодлоос болж байгаа юм. Тэрнээс биш бусад нь барилдаад болж л байна шүү дээ. Барилдахгүй байлаа гээд Монгол улс хохирохгүй ч барилдаад наадамчин олноо баясгаад явж байвал яадаг юм бол гэж боддог. Наадам жилдээ ганц л болно ш дээ.   Гурван жилийн дараа хэн ч тэднийг хүлээхгүй ш дээ. Эрхбиш улсын цолтой улсууд унахаас айна гэж айхгүй л баймаар.

-Энэ жилийн наадамд хэн түрүүлэх бол?

-Энэ жил азтай аавын хүү л түрүүлнэ.  Ганхуяг, Ганбат хоёр түрүүлж магадгүй. Энэ жил өөртөө итгэлтэй сайн барилдвал залуучуудаас хэн ч түрүүлж болно. Шинэ хүн ч түрүүлж магадгүй, яагаад гэвэл ний нуугүй хэлэхэд дархан аварга Бат-Эрдэнэ шиг бөх алга байна ш дээ. Бидний үе шиг биш байна.

-Та хэзээ зодог тайлах вэ?

-Чөлөөт бөхөөр барилдахаа больсон. Чөлөөт бөхийн шигшээд удсан, 14 жил байсан. Аргагүй их спорт зодог тайлсан. Үндэсний бөхөөрөө бол үзнээ үзнэ.

-Таны охин Америк хүнтэй суусан гэж үнэн үү?

-Тийм ээ. Надтай суусан биш, манай охинтой суусан юм чинь би одоо яахав дээ. Хүний хайр сэтгэлийн асуудлыг би яаж мэдэхэв. Би хорьж цагдаагүй. Хүн өөрийнхөөрөө амьдрах сайхан ш дээ. Хүргэн маань цэргийн хүн байдаг. Би өвөө болсон. Ачаа нэг жил харсан. Одоо ачаа л их санах юм. Хүн ачтай болохын жаргалыг үзэх л хэрэгтэй юм билээ.

Tovchoo.mn 2013 он.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]