Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хархны нийгэм буюу Дидье Дезорын туршилтУншсан14,705

Үүний дараа Дидье мөн л 6 зарц хархыг, дараа нь 6 шоовдор хархыг, 6 бие даасан хархыг торонд хийхэд бас л адилхан үр дүн гарч байлаа. Ямар ч нөхцөлд ийм л анги давхарга гарах төлөвтэй.

History.mn, нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Харх гэж хачин муухай царай зүстэй, сүүлтэй, ер нь л сэжиг хүрмээр амьтан. Гэхдээ Нобелийн ч юм уу өөр ямар нэг шагналыг амьтанд өгч болдог бол чухам энэ амьтанд л өгөх ёстой болов уу. Харх нь анагаах ухааны, биологийн гээд маш олон төрлийн туршилтын “туулай” болж, олон зуун мянга, сая хүний амийг аварсан ачтан. Энэ ачтай амьтныг ашиглан хийсэн хэд хэдэн туршилтын тухай өмнө нь бичиж байсан бөгөөд энэ удаа бас нэг өөр сонирхолтой туршилтын тухай сонирхуулъя.

Нанси хотын (Франц) их сургуулийн биологийн лабораторийн ажилтан Дидье Дезор гээч хүн хархны усанд сэлэх чадварыг шалгасан нэгэн туршилт явуулахаар шийджээ. Тэрээр зургаан ширхэг харх сонгон авч нэгэн торонд хорих ба тэр торноос гарсан ганцхан зам буюу усан доогуур шумбан сэлсээр цаад талд гарч дээрээс дүүжилсэн ямар нэг хоол авах боломжтой байлаа.

Ингээд усан замаа нээхэд хархнууд айж сүрдэн янз бүр болж зарим нэг нь яваандаа зориглон ус руу орж хоол авчрах гэх мэтээр хэсэг хугацаа өнгөрсний дараа “ангит нийгэм” бий болж эхэлжээ. Хоёр харх нь ямар нэг “дарга түшмэд босс” мэт болсон ба тэд усан доогуур шумбана гэж байхгүй, торон дотроо л сууж байна. Бас хоёр харх байнга ус руу орж хоол авах боловч тэндээ идэж чадахгүй болохоор буцан торондоо ирэх үед өнөө хоёр “дарга” хархнууд сайн гээч нь балбаж байгаад хоолыг нь булаагаад аваад идчихнэ. Бас нэг харх нь өөрөө шумбаж явсаар хоолоо авч, буцаж ирээд хоолоо өгөхгүй гэж улаан зодоон хийсээр ямар ч байсан хоолныхоо хагастай үлдэх ба хэд хэдэн ийм явдлын дараа “дарга” хархнууд нөгөө хархыг оролдохоо больсон байна. Харин өөр нэг харх дарга нартай цуг торондоо үлдэнэ. Усанд орохоос айна, хүний авчирсан хоолыг булааж чадахгүй, дарга нартай ойрхон байхаас ч айх учир нэг буланд хоргодож байгаад хоол авчирсан хоёр нөхрийн хоолыг дарга нар булааж байх үед унасан үртэс төдийхнийг түүж иднэ. “Дарга” нар харин хүний юмыг тэр чигээр нь булааж идэхгүй дэл сул юм үлдээх бөгөөд хоол олж ирдэг хоёрыгоо өлсгөж алахгүйгээ мэдэхтэйгээ.

Дидье Дезор энэ хачин байдлыг судлахын тулд тус бүр нь зургаан харх бүхий 20 тор бэлдэж яг өмнөх туршилт шиг байдал бий болголоо. Туршилтын дүн ч гэж гайхмаар. Урьдын явдал шиг тор болгонд “дарга түшмэд”, “зарц-ажилчид”, “биеэ даасан харх”, “шоовдор” нөхөд бий болж байлаа. Ихэнхдээ л хоёр дарга, хоёр зарц, нэг бие даасан, нэг шоовдор.

Үүний дараа Дидье туршилтаа илүү нарийсгах санаатай зургаан “дарга” хархыг торнуудаас сонгон авч нэг торонд хийлээ. Хархнууд шөнөжин зодолдож, ноцолдон хоноод өглөө болоход мөн л хоёр дарга, хоёр зарц, нэг бие даагч, нэг шоовдор!

Үүний дараа Дидье мөн л зургаан зарц хархыг, дараа нь 6 шоовдор хархыг, зургаан бие даасан хархыг торонд хийхэд бас л адилхан үр дүн гарч байлаа. Ямар ч нөхцөлд ийм л анги давхрага гарах төлөвтэй.

Одоо бүр томоор туршилт хийж нэгэн том торонд 200 хархыг зэрэг хийлээ. Бас л шөнөжин зодоон нүдээн болсон ба энэ удаагийн тэмцэл нь айхтар ширүүн болсон буюу өглөө болоход гурван харх үхсэн байв. Мөн л дарга болон зарц хархнууд бий болсон ба харин нэг онцлог нь дарга хархнуудын “цүнх баригч” гэмээр туслахууд гэсэн шинэ нөхдүүд бий болсон байжээ. Тэд л хамаг юмыг зохицуулах ба усанд шумбан хоол олж ирсэн нөхдүүдийг сайн гээч нь зодож байгаад хоолыг нь булаан авч дарга нартаа өгнө, өөрөө хувиа хүртэж, бусдад хишиг тараах гэх мэт. Бусад хархын зарцлагдах нэг нь зарцлагдаж, биеэ даах нь нэг нь тэндээ хувиа борлуулаад, арчаагүй болсон нэг нь хоолны үртэс хайн дайралдсан болгонд хазуулж хайруулан зугтсаар.

Энэ туршилтын дараа Нансигийн биологийн лабораторийн ажилчид туршилтад орсон хархнуудын тархийг судалж үзсэн ба тэдний тооцоогоор шоовдор болсон хархнууд хамгийн их стресст нэрвэгдсэн байх ёстой байсан боловч харин өөр бүлэг илүү стресст өртдөг нь тодорхой болов.

Тэд ямар бүлгийнхэн байв аа?

Тэд “дарга” нар байлаа.

Өөрийн олж авсан байр суурийг алдахгүй юмсан гэдэг хүсэл мөрөөдөл, айдас нь тэднийг ийм байдалд хүргэдэг бололтой. Энэ туршилтын тухай уншихад яагаад ч юм нэг л танил дүр төрх нүдэнд харагдаад болдоггүй. Яг юуг санагдуулаад байгаа юм бол золиг чинь?

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]