Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Шадар гурван цэрэг романы бодит Миледи буюу нэгэн гоёлын зүүлтийн тухай түүхУншсан12,162

...хорон санаатны туйл болох шившгийн тамга даруулсан Миледи зэргийг үзэн ядаж өссөн олон зуун мянга сая живаа хүний нэг нь та бол...

 

Хүүхэд цагтаа ”Шадар гурван цэрэг” романыг уншин Артаньян тэргүүтэй 4 нөхдийн төлөө зовж, Ришелье хамба болон түүний тагнуул-гар хөл болох Рошфор гүн,  хорон санаатны туйл болох шившгийн тамга даруулсан Миледи зэргийг үзэн ядаж өссөн олон зуун мянга сая живаа хүний нэг нь та бол, эсвэл энэ зохиолыг унших гэж байгаа бол энэ танд зориулагдсан нийтлэл юм шүү.

Өмнө нь хамба Ришельегийн тухай бичихдээ зохиолч А.Дюма хэрхэн түүхэн цаг үе, үйл явдал, хүний талаар “дэндүү уужим” сэтгэл гарган дураараа загнадаг тухай бичиж байсан учир дахиж нуршаад яахав.

Шадар гурван цэрэг романд (түүний үргэлжлэл болох хоёр романд мөн адил) гарах олон түүхэн дүр байдаг ба тэдгээр нь  Ришелье, Австрийн Анна хатан, Мазарини, Луиза де Лавалвер, Бекингем... гээд тоочихын аргагүй их.

Алдарт зүүлт ба Жанна де Ламотт

Сайн яривал, их хүчилбэл бүр  Артаньяан, Атос, Портос, Арамисийг ч ямар нэг түүхэн хүнтэй холбож болох тухай А.Дюма өөрөө бичсэн байдаг. Гэхдээ энэ удаа уг зохиолын хамгийн гол зангилааны нэг болох Миледигийн тухай бичих гэсэн билээ.

Леди Кларк, Шарлотта Баксон, бээлийн хатан Шеффилд, леди Винтер, гүнгийн хатан де Ла Фер, Анна де Бейль-эцэст нь Миледи. Эдгээр нь тус зохиолд гарах нэг л хүн бөгөөд түүхийн хувьд хэд хэдэн хүнийг нэгтгэсэн дүр гэдэг байна. Эхнийх нь Люси Хэй хэмээх англи бүсгүй бөгөөд нэгэн цагт Бекингемтэй хайр сэтгэлийн холбоотой байгаад дараа нь хаягдаж, үүндээ өш санан хуучин хайртай хүнээ янз бүрээр хорлох, муулах,  түүний дайсан болох Ришельегийн талд тагнуул туршуул хийх зэргээр зохиолын баатар Миледитэй тун адил аашилж байсан гэдэг.

Гэхдээ жинхэнэ Миледигийн дүртэй хамгийн ойр хүн бол Жанна де Ламмот хэмээх эмэгтэй бөгөөд энэ хүний бодит амьдрал нь Дюмагийн зохиолын баатраас дутахгүй, магадгүй зарим талаар илүү сонирхолтой адал явдлаар дүүрэн билээ.

Жанна де Ламот нь 1756 онд төрсөн бөгөөд сурвалжит гаралтай боловч удам судар нь бас бус будлиантай буюу Генрих II болон хатагтай Сен Реми нарын дундаас гарсан нууц хүүхдийн үр удам  юм. Ядуу зүдүү өсөж байсан Жанна нэгэн цагт гудамжинд гуйлга гуйдаг байсан бөгөөд ээж нь түүнийг өөрийн бие, эр хүний сэтгэл татах арга, зориг залиар хоолоо олж иддэг гэдгийг хатуу ойлгуулсан байна. Охин ч ээжийн хүмүүжлийг сайн сурч авсан ба нэгэн удаа гудамжинд гуйлга гуйж байхдаа нас тогтсон сурвалжит эмэгтэй Булевилье гээчид өрөвдөх сэтгэл төрүүлэн өнөөх нь ч охиныг том сүмийн, язгууртан гаралтай охидыг асран хүмүүжүүлэх газарт оруулж өгчээ. Ингэж бүсгүй маань сурвалжит зиндаандаа эргэн орж ирлээ.

22 насандаа өөртэйгөө таарсан залилагч, гвардийн офицер Ламотт гүнтэй танилцан түүнтэйгээ нэг бүл болохын тулд сүмээс зугтааж Парист ирлээ. Парист баяжих, нэрд гарах боломж нь зоригтой, зальтай, айх ичих зүйлгүй хүнд “их биш” харин “маш их байсан” учир тэд ч цаг алдалгүй шуурхайлж эхэлжээ.

Хамгийн түрүүнд тэд олонд нэртэй, сайхан сэтгэлтэй, шударга хүн хэмээн алдаршсан Страсбургийн хамба, Луи де Роган хэмээх баян хүнийг сонгож түүн дээр ажиллаж эхэлсэн байна.

Хамба луи де Роган

Чухам ямар замаар юм бүү мэд дээд зиндааны өндөр угсаатай энэ хамбатай “будлиантай гарал үүсэл” бүхий Жанна маш ойр дотно болсон ба хамба ч бүсгүйг мөнгө, тансаг хэрэглээгээр бялхуулж, өөрийн хүрээндээ оруулжээ. Дээдсийн тойрогт орон тонгочиж эхэлсэн Жанна XVI Людовигийн хатан Марие-Антуанеттатай их сайн харилцаатай байдаг хэмээн эргэн тойрондоо ойлгуулж эхэлсэн ба удалгүй олон хүн түүнийг хааны хатны хамгийн ойрын хүний нэг гэж баттай итгэсэн байна.

Ингээд нэгэн хүзүүний зүүлттэй холбоотой сонин түүх эхлэх ба энэ зүүлтийн тухай хэдэн үг хэлэх хэрэгтэй.

Энэ явдлаас 10-аад жилийн өмнө буюу 1773 онд  Людовик XV өөрийн сайн “найз” бүсгүй болох тухайн үеийнхээ хамгийн үзэсгэлэнт  хатагтай Дюбаррид нэгэн дуу алдахаар бэлэг бэлдсэн байна. Найз бүсгүй нь хамгийн сайхан, хамгийн үнэтэй юм хэрэглэх ёстой гэж үзсэн учраас тухайн цагийн шилдэг үнэт эдлэлийн мастерууд Бемер, Бассанж нараар 629 цэвэр доржпалам чулуугаар хийсэн хүзүүний зүүлт хийлгэхээр захиалжээ. Үнэ нь  ч тэнгэр тулахаар зүйл байсан гэдэг.

Гэтэл дараа жил нь Людовик Дюбарри хатагтайн явуулсан залуухан бүсгүйгээс авсан өвчнөөс болж нас барлаа. Дараагийн хаан ширээ залгамжлах Людовик XVI ийм үнэтэй зүйл авснаас тэр мөнгөөр нь хэд хэдэн байлдааны усан онгоц авах нь дээр гэж үзсэн нь үнэт эдлэлийн мастеруудыг ёстой дампууруулах хэмжээнд аваачжээ. Үнэт чулуунуудыг өөрийн мөнгөөр авсан мастерууд хүзүүний зүүлтийг бушуухан л зарахгүй бол өөрсдөө балрах учир аргаа баран Мария-Антуанеттад үзүүлсэн боловч хатантан энэ их үнийг дийлэхгүй, тэгээд ч дэндүү гял цал, бүдүүлэг эд байна гээд халгаасангүй. Мастерууд аргаа барж байлаа.

Чухам энэ түүхийг сонссон Жанна де Ламотт янз бүрийн арга сүвэгчилж эхэлсэн ба түүнд энэ тал дээр алдарт Калистро гүн ч ихээхэн тус болсон сураг бий. Ингээд төлөвлөгөө жин тан болсон ба гол үүргийг Страсбургийн хамба маань гүйцэтгэх болсон ба хамба өөрөө иймэрхүү хуйвалдаанд оролцож байгаагүй огт мэдээгүй байна.

Тэр үед хамба ордонд нэр нөлөө багатай болж хэцүүхэн байсан ба ямар нэг аргаар ордонд ойр байх гэж тун их хүсэж байсныг нь Жанна ашигласан бөгөөд өөрийгөө хатантай их ойрхон байдаг гэж зүгээр ч нэг дэмий яриагүй нь тус болжээ.

Хатантанд хамбыг үргэлж сайнаар ярьдаг, хатантан ч нэгэн цагт хамбын үнэнч, зүтгэлтэйг нь шалгана гэдэг хэмээн Жанна ярьж хамбыг уяруулах ба өнөөх нь ч хатантны ойрын хүн болохын тулд юу ч хийхэд бэлэн байдаг боллоо.

Энэ цаг болжээ. Нэгэн өдөр Жанна “Хатан өнөөдөр Версалийн цэцэрлэгээр зугаалах бөгөөд энэ үед нь хамбыг хатанд танилцуулах боломж байна” гэсээр хамбын гэрт  гэнэт орж иржээ. Үнэхээр ч цэцэрлэгийн нэгэн харанхуй хэсэгт хамбыг хатантай уулзуулсан бөгөөд уулзалт маань хамба нэрээ хэлж, хатантан таалж толгой дохин нэгэн сарнай цэцэг бэлэглэснээр дууссан байна. Хөл нь газар хүрэхгүй болсон хамба ирээдүйн сайн сайхны бэлэг тэмдэг болсон тэрхүү сарнайг үнэт эдлэлээр бөгжилж хадгалжээ.

Хэдэн хоногийн дараа хамбад хатан хааны гарын үсэгтэй захидал ирсэн ба түүнд хатан маань алдарт хүзүүний зүүлтийг авах хүсэлтэй байгаа, гэхдээ энэ явдлыг олон түмэнд дэлгэрүүлэхгүй, нууцхан хийх сонирхолтой, зүүлтийн үнэ болох 1 сая 600 мянган ливрийг олох маш хэцүү байгаа учир шинэхэн найз нь энэ захиаг үнэт эдлэлийн мастеруудад үзүүлэн, хамба Луи де Роган өөрийнхөө нэрийн өмнөөс хамаг хэргийг шийдэн мөнгө төлөх хугацааг аль болох уртаар гэрээлэхийг  хүссэн байна.  

Мастерууд ч дуун дээр нь гайт хүзүүний зүүлтээс салж авлаа. Гэтэл нэлээд хугацаа өнгөрлөө ч эхний мөнгө ирэхгүй болохоор нь хатанд зүүлтийн тухай сануулж орхив. Хатантан харин юу ярьж байгаа тухайг нь огт ойлгохгүй байгаа бололтой байна гэнэ. Хатантны захиаг гаргаж үзүүлэхэд... Захиа, захианд зурсан хатны гарын үсэг хуурамч байлаа.  

Хамбыг барьж аван байцаахад тэр нь Жанна де Ламмот энэ захиаг авчирч өгсөн гэж хэлсэн дор нь эмэгтэйг баривчлахаар очиход тэрээр яг зугтаж гарах гэж байхад нь таарчээ. Нөхөр нь болох де Ламотт аль хэдийн Лондон явсан байж.

Калистро гүн- Жузеппо Бальсамо

Бастилид энэ хэрэгт холбоотой гурван хүн болох хамба, Жанна, гүн Калистро нарыг авчран хорьсон бөгөөд мөрдөн байцаалтын явцад хамба хатантай уулзсан тухай хачин юм ярьж байгааг шалгахад тэр нь ч бас хуурамч зүйл байв. Учир нь хамбын Версалийн цэцэрлэгт уулзсан хатан маань үнэндээ Николь Леге гээч хатантай нэлээд төстэй бүсгүй байсан ба тодорхой мөнгөөр энэ дүрд тоглосон гэдгээ хүлээсэн байна. Дүр бүтээх амархан байсан ба гүнтэн болон Жаннагийн авчирсан гоё хувцсыг өмсөөд ихэмсгээр дээгүүр хараад ганц нэг ивээнгүй толгой дохиод л болоо.

Удалгүй Лондоны үнэт эдлэлийн зах зээл дээр олныг гайхуулсан маш цэвэрхэн, ихээхэн үнэ хүрэх ч хямдхан доржпалам чулуу олноор гарч иржээ.

1786 оны 5-р сарын 31-нд Парижид зууны гэмт хэргийн шүүх хурал болж хамбыг цагаатган, гүн Калистрог хоёр долоо хоногийн дотор Францыг орхих шийдвэр гаргасан бол Жанна де Ламотт болон түүний нөхрийг бүх насаар нь шоронд хорьж, шившгийн тамга дарах шийтгэл оногдуулсан байна.

Олон түмний өмнө, талбай дээр Жаннаг шившиглэх тамга дарах үйлдэл болох үед Жанна халуун төмрөөс айж хөдөлснөөс эхний оролдлого бүтэлгүйтэж шившгийн тамга гэхээс илүү ямар нэг түлэгдэл гэмээр мөр үлдээсэн учир нөгөө мөрөн дээр нь дахин V буюу хулгайч гэсэн шившгийн тамга тавьжээ. (Харин Дюмад энэ тамга таалагдсангүй бололтой “V” үсэг биш сараана цэцгээр шившгийн тамга тавьсан байхыг д'Артаньян хардаг хэсэг “Шадар гурван цэрэг “романд бий.)

Жанна де Ламоттын хувь заяа цаашид тодорхойгүй бөгөөд ямар аргаар юм бүү мэд шоронгоос оргож гараад Англид байхдаа цонхоор унаж нисэж үхсэн, (бодвол өнөөх хувьсгалаар суллагдсан биз) Орост, Крымд нууц нэрээр амьдарч байгаад насны эцэс хүрсэн гэх янз бүрийн яриа байдаг.

Нийтлэлч Чалчаа саарал

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]