Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

XVII-XVIII зууны европ эрчүүдийн хиймэл үсний түүхээсУншсан9,649

Гэтэл шинэ тивээс ирсэн өвчин нь баячууд язгууртнуудын дунд маш ихээр тарж олон эрчүүдийн үс унаж эхэлсэн ба ялангуяа залуухан язгууртнууд халзан толгойтой, яр шархтай байх юм бол...

 Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Олон хүн түүхийн холбогдолтой кино, уран зохиол, баримтат материал уншиж байхдаа XVII-XVIII зууны Европын эрчүүдийн өмсдөг хиймэл үсний тухай харж уншиж сонсож байсан л байж таараа ба зарим нэг нь энэ тэнэг заншил нь юунаас гаралтай ямар учиртай юм болоо гэж бодож байсан нь дамжиггүй.

 

Өвчин

Колумб гээч эрхэм Америк тив хүрч, тэндээс олон шинэ сонин юм Европт авчирсны нэг нь тэмбүү  гээч өвчин байлаа. Тухайн үед антибиотик мэтийн орчин үеийн эм тариа, эмчилгээ байгаагүй болохоор энэ өвчтэй хүмүүс ёстой зовлонгийнхоо өмнө сөхөрч байж. Уг муухай өвчний илрэх нэг шинж тэмдэг нь үс унах явдал байсан ба харин тухайн цагийн Европт эр хүний толгойн үс гэдэг бол өөрийнх нь нийгэмд эзлэх байр суурь, нэр нөлөөг илтгэсэн чухал зүйл байв. Арслан шиг арзайсан үс дэлтэй явахыг хүсдэг нөхдүүд л байсан бололтой ба хэдий чинээ өтгөн, урт үстэй байна төдий чинээ л язгуур угсаа дээгүүр шинж төрхтэй болох юм гэнэ. (Христтэй холбон тайлбарлах нь ч бий)

Гэтэл шинэ тивээс ирсэн өвчин баячууд язгууртнуудын дунд маш ихээр тарж олон эрчүүдийн үс унаж эхэлсэн ба ялангуяа залуухан язгууртнууд халзан толгойтой, яр шархтай байх юм бол...

Үүнээс гарах арга зам нь хиймэл үс байлаа. Францын Людовик XIII хар залуугаараа халзарсан ба уг удам гарал нь ерөөсөө л ийм хүмүүс байж. Халзан хаан маань хиймэл үс хэрэглэдэг болж ордны зарим нэг нөхдүүд дууриаж эхэллээ. Тухайн үед Франц нь загварын ертөнцийн төв байсан болохоор тэрхүү хиймэл үс ч бас гадагшаа тарж эхэлсэн нь мэдээж.

Харин энэ нь Английн Карл II хааны хувьд ёстой аврал байлаа. Энэ хүн язгууртай язгуургүй хамаагүй, эм хүнтэй тун ч замбараагүй харилцдаг байсан учраас өнөөх өвчин тусаж халзарч явсан нөхөр гэдэг.  Нэмээд хэлэхэд Карл II нь энэ өвчнөөсөө болж нас барсан билээ.

Ингээд Европ тивийн хоёр том гүрний хаад хиймэл үс хэрэглээд эхлэхээр бусад нь дагаж дууриахгүй хаачихав?

 

Ариун цэвэр

XVII-XVIII зууны үеийн европчуудын хувьд ариун цэвэр сахих гээч юм их л хэцүүхэн байж. Тухайн үеийн шинжлэх ухаан, лам хар нарын ярьдаг, номлодог байснаар бол усанд орох нь нүгэл, усанд орсноор арьсны нүх сүв онгойж түүгээр нь элдэв халдварт өвчин тархах аюултай учир хүмүүс ус цасанд орох нь тун ч ховор. Угаасаа ийм боломж ч багахан байсан нь ойлгомжтой.

Иймэрхүү бохир заваан нөхөд бөөстөх нь элбэг бөгөөд энэ зэвүүн бичил амьтны эсрэг тэмцэх ганц арга бол хамаг биений үсээ хусаж хаях явдал байв. Бусдыг нь болголоо гэхэд толгойн үсийг яах билээ? Дандаа малгайтай явалтай биш... Хиймэл үс!

Бас тухайн үед хиймэл үсийг янз бүрийн оо энгэсгээр (пудр) арчилж, гоё сайхан үнэр шингээдэг байсан нь зөвхөн гоёж гангалж байгаа биш өнөөх л бичил биетнээс урьдчилсан сэргийлэх явдал байжээ.

Энэ мэтээр хиймэл үс маш их газар авч, хиймэл үсгүй эр хүн нь нүцгэн яваа хүнтэй адилхан ичгэвтэр харагдах болсон ба XVIII зууны эхэн үед зөвхөн Парист  1000 гаруй хиймэл үсний дэлгүүр ажиллаж байжээ.

Таны хиймэл үс хэдий чинээ том, хэдий чинээ урт сүртэй байна та төдий чинээ бэлтэй хөрөнгөтэй, нэр нөлөөтэй хүн болж харагдах учир жирийн хүмүүс ч дээдсийн эгнээнд орох гэж болсон болоогүй хиймэл үс зүүх ба зарим нэг нь ийм үс авах мөнгө хүрэхгүй болохоороо үхсэн хүмүүсийн үсийг нь хусаж аван томж нийлүүлэх тохиолдол ч их гарах болжээ.

 

Хиймэл үсний өвчин дарагдсан нь

1789 оны Францын хувьсгалын дараа хиймэл үсний хийрхэл дарагдсан бөгөөд Наполеоны үед фрак маягийн хувцас жинхэнэ моод (ампир моод гэдэг гэнэ) болж урьдын юм ул болжээ.

Харин консерватив үзэлтэй британичуудын хувьд байдал хэвээрээ. Энэ зовлонтой хиймэл үснээс ард иргэдээ салгах гэж нэг бус төрийн зүтгэлтнүүд арга чарга хайж байсан ч амжилт олохгүй байх үед Уильям Питт гээч Ерөнхий сайд хиймэл үсэнд өндөр татвар тогтоосон байна. Энэ арга хэмжээний үр дүнд хиймэл үс хэрэглэх хүний тоо огцом буурсан боловч баяд дээдэс, төрийн томоохон зүтгэлтнүүдийн хувьд харин ч бусдаас ялгарах, баян тарган, эрх нөлөөтэй хүн гэдгээ харуулах бүр ч том боломж болсон гэдэг. Ийм учраас XXI зуун хүртэл Английн лордууд, шүүгч, өмгөөлөгч нар хиймэл үс хэрэглэсээр байгаа ба 2008 онд л дээрх хүмүүсийг хиймэл үсгүй байж болох тухай зарлиг гарсан гэдэг. Гэхдээ хэрэг шүүж байгаа шүүгч, өмгөөлөгч нар заавал хиймэл үс өмсөх ёстой хэвээрээ, тэд өөрсдөө ч хиймэл үс өмсдөг заншлаа аль болох удаан хадгалах сонирхолтой юм гэнэ лээ. 

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]