Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Ивожима арлын төлөөх тулалдаанУншсан24,252

Дэлхийн хоёрдугаар дайны Европ дахь дайны хувь заяа ерөнхийдөө тодорхой болж байх үед Германы холбоотон Японтой хийх дайн Номхон далайн бүс нутагт ид дундаа ороод байсан юм.

Т.Сүхбаатар

Цэргийн түүх судлаач, доктор

Энэ онд дэлхийн хоёрдугаар дайны 75 жилийн ой тохиож байгаа бөгөөд энэ хүрээнд уг дайнтай холбоотой цуврал нийтлэл хүргэж байна. Бид бүхэн Дэлхийн хоёрдугаар дайн тэр дундаа Аугаа их эх орны дайны үеийн Курск, Сталинград гэх мэт байлдааны ажиллагааны талаар их мэддэг ч дорно зүгт болж өнгөрсөн байлдааны ажиллагаа, операцийн талаар төдийлөн сайн мэддэггүй. Тиймээс Дэлхийн хоёрдугаар дайны Ази дахь операц мөн Чөлөөлөх дайны операциудын талаар түлхүү судлахыг хичээсэн болно.

Дэлхийн хоёрдугаар дайны Европ дахь дайны хувь заяа ерөнхийдөө тодорхой болж байх үед Германы холбоотон Японтой хийх дайн Номхон далайн бүс нутагт ид дундаа ороод байсан юм.

АНУ-ын командлал бүр Филиппиний төлөө байлдаж байх үеэр Японы эсрэг шинэ операцид бэлтгэх ажилд оржээ. Японы арлуудын эсрэг нисэх хүчний ажиллагааг улам эрчимтэй болгож, тэдгээр арлыг тэнгис, агаараас бүслэн хаах явдлыг дуусган, Японд цэргийн дарамт байнга үзүүлэх зорилгоор 1945 оны хоёрдугаар сарын 19-нөөс оройтуулалгүй Нанпо (Нампо) арал дээр, харин дөрөвдүгээр сарын 1-нээс оройтуулалгүй Рюкю арал дээр нэг юмуу, хэд хэдэн байрлал эзэлж авах захирамжийг 1944 оны эцсээр АНУ-ын штабын дарга нарын хороо Номхон далайн төв хэсгийн хүчний Ерөнхий командлагч  адмирал  Нимицэд өгсөн байна.

Энэ удирдамжийг биелүүлэхдээ Нампо олтригийн Волканогийн бүлэг аралд багтдаг Иводзима (Ивожима, Iwo Jima) арлыг эхэлж эзлэхээр шийдвэрлэжээ. Энэ нь дараах нөхцөл байдлаар тайлбарлагдана.

1944 оны арваннэгдүгээр сарын сүүлийн хагаст Америкийн нисэх хүчин Японы аж үйлдвэрийн төвүүдийг өөрсдийн эзлэгдсэн Марианы арлуудын (Сайпан, Гуам, Тиниан) нисэх онгоцны буудлуудаас бөмбөгдөж байв. Зөвхөн Б-29 нисэх онгоцууд л асар их зай болох 2,5 мянга гаруй километр газрыг туулж цохилт өгч чадах байв. Гэхдээ энэ зай нь тэдгээр онгоцны хувьд үйл ажиллагааны бараг хамгийн дээд хязгаар байсан тул багийнхан бүрэн ачааллын 10 тонны бөмбөг авч явдаггүй, харин гурав дахин бага ачаалалттай явдаг байв. Түүнээс гадна сөнөөгч онгоц дагалдуулж явдаггүй байв. Тиймээс бөмбөгөө их өндрөөс (8-9 мянган метр) шагайж хараалах юмгүй хаядаг байсан тул үр ашиг багатай байв.

Америкийн алсын нисэх хүчний нэгтгэл ангиудыг цохилт хийх объект руугаа нисэх буюу бааздаа буцах үед заримдаа замын тэг дунд Марианы арлууд, Японы хооронд Токиогоос 1200 км-ийн зайтай орших Ивожима арлын нисэх онгоцны буудлуудаас Японы сөнөөгч онгоцууд амдан нисч довтолдог байв. Нисэх онгоцны завсрын буудал үгүйгээс болоод ямар нэг гэмтэлтэй нисэх онгоц усанд унах буюу эсвэл Японы эзэмшлийн нутагт буух багийнхан нь ихэвчлэн амь үрэгддэг байв. Ивожимаг булаан эзэлснээр Америкийн нисэх хүчин тэргүүн байрлалын нисэх онгоцны буудалтай болж тэндээс Японы эсрэг илүү үр ашигтай, бага хохиролтой байлдаж чадах байв.

 Ивожима арал

Ивожима бол 20,3 хавтгай дөрвөлжин км талбайтай галт уулын гаралтай, даваа гүвээ, нугачаа ихтэй арал юм. Арлын өмнөд хэсэгт 168 м өндөр Сурибати уул, төвд нь Мотоямагийн өргөн уудам тэгш өндөрлөг байдаг бөгөөд тэнд япончууд нисэх онгоцны хоёр буудал барьсан, гурав дахийг нь барьж дуусгаж байв.

Ивожимад тэнгисийн десант буулгахад тохиромжтой хоёр хэсэг газар арлын зүүн өмнөд, баруун өмнөд эрэгт байлаа. Хангалттай өргөн, урт энэ хоёр хэсэг хуурай газар нь ачаа, техник бүхий хоёр дивизийг нэгэн зэрэг хүлээн авч чадах байв. Гэхдээ хоёр хэсгийн аль алинд Сурибати уул, арлын төв хэсгийн өндөрлөг газар байх тул тэдгээрт десантыг эсэргүүцэх хүчирхэг хориглолт байгуулж, тэндээс эргийн хаялга руу их буу, пулемётоор гал нээж болох байв. Эргийн дэргэд усны түрэлтийг багасгадаг цохио хад байхгүй болохоор тэр хоёр хэсэг далайн долгионд нээлттэй байсан юм.

Десант буулгах төлөвлөгөө

Японы “Тэн” гэдэг оперативын төлөвлөгөөнд Нампо арлыг амин чухал район гэж үздэггүй байв. Тэгээд ч нисэх онгоц хангалттай олон биш Эзэнт улсын баазаас алслагдсан учир Эзэн хааны Дээд ерөнхий командлалын газраас тэр арлыг идэвхтэй хориглон хамгаалахаас татгалзаж, “газар доорх бэхлэлтийг ашиглан цус асгаруулсан, сунжирсан байлдаан явуулах тактик” хэрэглэхэд хүргэжээ.

генерал Т.Курибаяси

Ивожимад хүч нэмэгдүүлэх ангиудтай явган цэргийн 109 дүгээр дивиз байрлаж байв. Генерал Т.Курибаясигийн командалж байсан гарнизоны хүний нийт тоо 23 мянгад хүрч байв. Арлын хориглолтын галын үндэс нь 120 их буу (75 түүнээс дээш мм-ийн калибртай), 130 миномет болж байв. Түүнээс гадна гарнизон зенитийн 300, танк эсэргүүцэх 60 их буутай (37 болон түүнээс дээш мм-ийн калибртай) байв. Хээрийн болон бэхлэлтийн их буу бүрт барагцаалбал 800 сум, танк эсэргүүцэх болон зенитийн их буунд 500 сум, миномётод 90 мина ногдож байв. Хоол хүнсээ 5 сар хүрэхээр нөөцөлжээ. Нисэх онгоцны хэсэг нь 6 сөнөөгч, 4 бөмбөгдөгчөөс бүрдэж байв. Хөрш арлуудад 3 гидро нисэх онгоц байв. Түүнчлэн Токиогийн хавьд байрлаж байсан Агаарын 3 дугаар флотын нисэх хүчинг ашиглаж болно. Байлдаанд хэрэг дээрээ Агаарын 3 дугаар флотын 40-өөд нисэх  онгоц, түүний  дотор 24 “камиказе” нар оролцохоор тооцож  байв.

Ивожимаг хамгаалахад Японы нэгдсэн флотоос 5 шумбагч хөлөг онгоц, харуулын 10 хөлөг онгоцоос өөр хүч оролцуулаагүй. Учир нь командлал үлдсэн хүчээ Эзэнт улсыг хамгаалахад зориулан ариглаж байв. Тийнхүү арлыг хэрэг дээрээ зөвхөн гарнизон л хамгаалж байв.

Америкчууд Ивожимаг эзэлж авахыг хичээнэ гэж Японы командлал үзэж байсан учраас 1944 оны арванхоёрдугаар сараас арлын хамгаалалтыг хүчтэй болгожээ. Хориглох байгууламжийг гол төлөв арлын зүүн хойд хэсэгт олноороо байдаг агуйд барьж байв. Бас 23 танкийг галын хөдөлгөөнгүй цэг болгон ашиглав.

Зарим тулгуурт байрыг хориглолтын зангилаа секторт нэгтгэн, танк нэвтрэх аюултай хэсгийг минажуулж, танк эсэргүүцэх шуудуу юмуу зохиомол саадаар халхлав. Хориглолтын хамгийн хүчирхэг байрлалыг арлын төвд Сурибати ууланд байгуулжээ.

Японы арлын десант эсэргүүцэх хориглолтын төлөвлөгөөний үндэс нь дараах агуулгатай байв.

Үүнд: Америкийн тэргүүний отрядуудад аралд бууж, яльгүй урагшлах бололцоо олгож, дараа нь түүн рүү бүх төрлийн буу зэвсгийн гал нээж, маш их хохирол учруулан арлын төлөө тэмцлийг аль болох их хугацаагаар сунжруулах явдал.

Энэ төлөвлөгөөний дагуу цэргүүд бэлтгэл хийж, десант эсэргүүцэх хориглолтын бүх системийг байгуулжээ. Тэнгисээс эрэгт гарах газрыг минажуулсангүй. Усанд, эрэгт инженерийн байгууламж барьсангүй, танк эсэргүүцэх минийг эргийн дагуу, усны хөвөөнөөс 300 метрт тавьжээ. Европт Францын Нормандад холбоотнууд усанд буухдаа Германы хориглолтын саадны ард орж амь гарч байсан бол Ивожимад тийм зүйл байсангүй. Шууд л галын уут руу орохоор байжээ.

Хориглох байгууламжийг шургуу хамгаалах хэрэгтэй гэсэн санааг арлыг хамгаалагчдад үнэмшүүлж байв. Ухрах юм уу бууж өгөх явдал байж болохгүй, Эзэн хааны нэр хүнд сэвтэнэ гэж үзэж байв. Хэрэв уг арлыг алдвал америкчууд Япон эх орон, үр хүүхдүүд, гэр бүлийг зогсоо зайгүй бөмбөгдөнө гэж ухуулж байжээ. Салбар анги бүрд хориглолтын тодорхой хэсэг хариуцуулж, тэдгээрт бүх ажиллагааг няхуур боловсруулж байв.

Америкийн командлал арлыг эзлэн авах операцийг төлөвлөхдөө дараах ажиллагааг гүйцэтгэхээр төлөвлөжээ. Нисэх хүч, хөлгийн их буугаар удаан хугацаагаар цохилт өгч арал дээр хориглолтын гол гол байгууламжийг эвдэн устгах, Японы нисэх онгоцны буудлууд, тэнгисийн цэргийн баазад бөөн хүчээр дайралт хийж, бас арлын дөхөц усанд шумбагч хөлөг онгоцны ажиллагаагаар Японы цэргийн нисэх хүчин, флотыг Ивожимагийн гарнизоныг дэмжихэд оролцуулахгүй байх, зүүн урд эрэгт десант буулгах, хойд зүгт давшиж, арлыг тав хоногт баттаан эзэлж авах, нисэх онгоц тээгч хөлөг онгоцны нисэх хүчний дайралтаар халхлуулан Хонсю (Японы төв арал) арлын байгууламжуудыг дайрах операц явуулах, эдгээр болно.

Десантыг 1945 оны хоёрдугаар сарын 19-ний өглөө буулгахаар товложээ. Флот, нисэх хүчээр дэмжүүлэн десант нь нисэх онгоцны 1 дүгээр буудал, Сурибати уул, түүнээс хойшхи өндөрлөгийг даруй эзлэн авч, дараа нь Мотоямагийн тэгш өндөрлөгийн дагуу урагшилж нийт арлыг эзлэх ёстой байлаа.

Десант эсэргүүцэх хориглолтыг гүйцэд дарахын тулд их буу, нисэх хүчний гурав хоногийн бэлтгэл хийхээр төлөвлөжээ. Өргөн фронтоор радиогоор, агаараар тагнуул хийж, бас арлын зургийг нисэх онгоцноос байнга  авч байхаар төлөвлөжээ.

Операцийг явуулахад АНУ-ын 5, 7 дугаар флотыг татан оролцуулах байв. Аялан байлдах нэгдсэн хүчинд десантыг эрэгт хүргэж буулгах ёстой газар уснаа явагч нэгтгэл ангиуд, десантыг галаар дэмжих халхлах шугамын 6 хөлөг онгоц, хүнд, хөнгөн 5 крейсер, мина тээгч 16 хөлөг онгоцны бүрэлдэхүүнтэй нэгтгэл анги, түүнчлэн нисэх онгоц тээгч хамгаалалтын 12 хөлөг онгоц, мина тээгч эскадрын 10, хамгаалалтын 12 хөлөг онгоц орсон нисэх онгоцоор дэмжих нэгтгэл анги багтаж байв.

Нисэх онгоц тээгч 11 хүнд, 5 хөнгөн хөлөг онгоц, шугамын 8 хөлөг онгоц, 5 хүнд, 9 хөнгөн крейсер, мина тээгч 77 хөлөг онгоц бүрэлдүүнд нь багтаж байсан нисэх онгоц тээгч оперативын 58 дугаар нэгтгэл Японы арлууд дахь дайсны нисэх хүчин, японы тэнгисийн баазууд дахь түүний флотын хэвийн ажиллагааг алдагдуулах, газар уснаа явагч хүчнийг оперативын хувьд халхалж, эрэгт гарсан цэргийг дэмжих зорилготой байв.

Тагнуул хийх, японы нэгдсэн флотын хөлөг онгоцуудыг (хэрэв тэр онгоцууд арлын гарнизонд туслахыг оролдвол) довтлох зорилгоор эзэнт улсын арлууд дахь дөхөц газарт шумбагч 32 завь байрлуулжээ. Марианы аралд байрлаж байсан агаарын 7 дугаар армийн 352 нисэх онгоцыг дайсны десант эсэргүүцэх хориглолтын байгууламжуудад цохилт өгөхөд 5 дутаар флотын, нисэх онтоц тээгч хөлөг онгоцны нисэх хүчинтэй хамтран оролцуулахаар  төлөвлөжээ.

Десантын операцыг нийтэд нь адмирал Ч.Нимиц удирдаж байв. Операцийг гардан командлахыг 5 дугаар флотын командлагч адмирал Р.Спрюэнст даалгажээ. Түүнд аялан байлдах нэгдсэн хүчний командлагч адмирал Р.Тёрнер, десантын цэргийн командлагч генерал X.Смит нар захирагдаж байв.

Арал дээр Японы цөөн цэрэг байсан ч Холбоотны командлал арлыг эзэлж авахад зориулан том хүч гаргажээ. Үүнд, газар уснаа явагч ангиуд, явган цэргийн тусгай хоёр хороо, инженерийн олон ангиудаар хүч нэмэгдүүлсэн, нийтдээ 111,3 мянган хүнтэй, 1522 нисэх онгоц, түүний дотор нисэх онгоц тээгч хөлөг онгоц дээрх 1170 нисэх онгоц, 680 гаруй байлдааны,  тээврийн, десантын   хөлөг  онгоцтой тэнгисийн явган цэргийн 5 дугаар корпусыг (гурван дивиз) гаргажээ.

Десантын цэрэг техникээр дээд зэргээр хангагдсан, бас тэнгисээр гатлах зам урт байсны улмаас десантчин бүрт ногдох ачааны хэмжээ түрүүчийн операциудынхаас 50 хувь нэмэгдэж, 16 тонн болжээ.

Тийнхүү арлыг эзлэн авах операцийн бодлого нь хүч, хэрэгслээр ихээхэн давуу байхад үндэслэж байв. Америкийн цэрэг хүн хүчээр бараг тав дахин, нисэх онгоц, хөлөг онгоцоор эгнэшгүй давуу байв. Гэхдээ хатуухан самар байх нь тодорхой билээ.

Десант буулгахын өмнө америкчууд Номхон далайн дайны явцад урьд хийж байснаа бодвол хамгийн удаан, эрчимтэй байдлаар нисэх хүчний бэлтгэл хийжээ. Уг бэлтгэл 1944 оны арванхоёрдугаар сарын 8-нд эхэлж хоёр сар хагас хугацаагаар үргэлжилжээ. Энэ хугацаанд агаарын 7 дугаар армийн Б-24, бөмбөгдөгч нисэх онгоцны 21 дүтээр командлалын Б-29 нисэх онгоцууд Ивожимад бараг 6.8 мянган тонн бөмбөг хаяжээ. Үүний сацуу Волканогийн бусад арал дахь Японы нисэх онгоцны буудлуудыг бөмбөгдөж байв.

Ивожима дахь Японы байрлалд нисэх хүчний хамтаар АНУ-ын 3 дугаар флотын хөлөг онгоцууд цохилт өгч байв. Тэдгээр хөлөг онгоц 1944 оны арваннэгдүгээр сараас 1945 оны хоёрдугаар сарыг дуустал арлыг таван удаа буудаж, арал руу 21,9 мянган сум, түүний дотор том калибрын (203-406 мм-ийн) 6,6 мянган сум тавьжээ.

Операцийн төлөвлөгөө ёсоор оперативын 58 дугаар нэгтэлийн нисэх хүчин хоёрдугаар сарын 16-нд Хонсю арал дээрх нисэх онгоцны буудал, тэнгисийн, цэргийн баазыг бөмбөгдөж эхлэв. Хоёр хоног үргэлжилсэн энэ дайралтад 1130 нисэх онгоц оролцжээ. Тэдгээр нисэх онгоц 2700 нислэг хийж, Японы 531 нисэх онгоцыг устгажээ. Америкчууд 88 нисэх онгоцоо алдсан   байна.

Хоёрдугаар сарын 16-нд Америкийн хөлөг онгоцууд нисэх хүчинтэй харилцан ажиллаж, Ивожима аралд бас дахин цохилт өгөв. Японы их бууны салбар ангиудын ихэнх хэсэг байрлалаа мэдэгдүүлэхгүйн тулд урьдах дайралтын үеийнх шигээ хариу гал нээлгүй тэвчээртэй хүлээсэн байна. Харин маргааш нь усанд шумбагч хорлон сүйтгэгчдийн отряд бүхий Америкийн хөлөг онгоцууд эрэгт ойртож ирэхэд генерал Курибаяси тэдний ажиллагааг десант буулгахын эхлэл гэж үзээд, гал нээхийг хүнд батарейн салбаруудад тушаажээ. 9 хөлөг онгоцыг жагсаалаас гаргав.

Хоёрдугаар сарын 18-нд арлыг дахин буудав. Арал дээр 16 мянган сум, түүний дотор 8 мянган тийрэлтэт суман мөндөр буулгажээ. Хоёрдугаар сарын 18-ны шөнө десант ачсан тээврийн хэрэгсэл Ивожимад дөхөж ирэхэд оперативын 58 дугаар нэгтгэл ангийг тэнгисийн явган цэргийн ажиллагааг дэмжихэд бэлэн болгож, арлаас баруун болон баруун урдуур хүчийг нь задалжээ.

Хоёрдугаар сарын 19-ний өглөө эрт арлын зүүн урд эрэгт десант буулгахын өмнө их буу, нисэх хүчний шууд бэлтгэл эхлэв.

Тэр бэлтгэлд галаар дэмжих нэгтгэлийн хөлөг  онгоцууд, нисэх онгоц тээгч хөлөг онгоцны нисэх онгоцууд, Мариан арлаас ниссэн бөмбөгдөгч онгоцууд оролцов. Хөлөг онгоцууд эргээс 1 км орчим зайтай уснаас гал нээж, арал руу 127-406 мм-ийн калибртай 38,550 сум бууджээ. 9 цаг 03 минутад анхны десантчид эрэгт хүрэхэд хөлөг онгоцны их буу галаа цэрэг буулгах газрын хэсгийн жигүүрт, япончуудын хориглолтын гүнд усны хөвөөнөөс 450 метрт шилжүүлж, галан хүрээлэл бий болгов.

Буулгах хэсгүүд рүү явж байсан тэргүүний отрядуудын бүрэлдэхүүнд 7 батальон, бараг бүтэн дивиз байв. Дайсан бусад районоос бэлтгэл хүч татан ирүүлж, десантыг тэнгис рүү буцаан хөөж болзошгүй гэж бодсон Америкийн цэргийн командлал цэргээ эрэгт аль болох түргэн гаргахыг эрмэлзжээ.

Отрядууд эрэгт долгионоор ойртож, ингэхдээ нэг, хоёрдугаар долгион нь хоорондоо нэг минутын зайтайгаар, гурав дахь нь гурван минутын, дараа дараачийнх нь (бүгд 9 долгион байв) таван минутын завсарлагатай байв. Эхний долгионоор цэрэггүй тус бүр нь 75 мм-ийн их буу, том калибрын хоёр пулемётоор зэвсэглэсэн хуягт газар уснаа явагчид явж байлаа. Тэдгээр нь десантын анхны хэсгийг хүргэсэн дараачийн долгионуудын замыг гаргаж байв. Десант буулгахыг шууд дэмжих хуягт газар уснаа явагчдын араас цэрэг бүхий хуягт газар уснаа явагчдын хэд хэдэн долгион, дараа танк, бульдозер бүхий десантын дунд зэргийн хөлөг онгоцны долгион ирж, сүүлчийн хоёр долгионоор хангах салбар ангиуд буужээ. Долгионуудьн завсарлага бага байсан, десантын буулгах хэрэгсэл олон байсан нь америкчуудад эрэг дээр хүчээ түргэн нэмэгдүүлэх бололцоо олгожээ.

Тэргүүний отрядуудын долоон батальоныг буулгахад төлөвлөгөө ёсоор 45 минут шаардагджээ. Үнэн хэрэгтээ бол сүүлчийн долгионоор ирсэн танк, бульдозерын зөвхөн хоёр батальоныг буулгах ажил анхны буулт эхэлснээс хойш 60 минутын дараа дуусчээ. Гэхдээ энэ хурдыг хангалттай өндөр хурд гэж үзэх хэрэгтэй.

Тэргүүн отрядуудад арлын хориглолтын хүчний зүгээс бараг эсэргүүцэл үзүүлсэнгүй. Эргийн баруун хойд хэсэгт цэрэг буулгаж эхлэх, эсэхийг япончууд хүлээж байжээ. Ийм алдаа гаргасан нь америкчуудад томоохон бүлэглэлээ төвлөрүүлж, нисэх хүч, хөлөг онгоцны тусламжтайгаар эрэгт бэхжиж авах боломж олгожээ. Гэхдээ хүн хүч цөөнтэй япончууд үүнийгээ тохирсон тактик гэж үзэж байсан юм.

Японы тал хориглолтыг зохион байгуулахдаа арлын зүүн, баруун эрэгт буусан десантыг нэгэн зэрэг няцаах, десант үнэхээр буулгасан районыг тогтоосон цагт л хориглолтын бүх хүчнийг хэрэгтэй чиглэлд шилжүүлэхээр зохион байгуулжээ. Энэ нь операцийн хамгийн хариуцлагатай үед үнэт цаг алдахад хүргэсэн байна.

Зөвхөн тэргүүний отрядууд нэгэнт бууснаас нэг цагийн дараа Японы их бууны салбар ангиуд Сурибати уул, бусад өндөрлөгөөс хүчтэй гал нээжээ. Бүх шугамыг урьдаас буудаж бэлтгэсэн учир туйлын цэгцтэй галлажээ. Арлын гүн рүү 200-300 метр ахиад байсан Америкийн тэнгисийн явган цэрэг газарт зоогдон, харин нэгдүгээр цувааны гол хүчин нь зөвхөн 14 цагт, өөрөөр хэлбэл, тэргүүний отрядуудыг буулгаж дууссанаас хойш дөрвөн цагийн дараа эрэгт дөхөж очсон байна.

Десантын нэгдүгээр цувраанд тэнгисийн явган цэргийн 4, 5 дугаар дивиз байлдаж, бэлтгэлд үлдсэн 3 дугаар дивиз нь уснаас гараагүй байв. Дивиз бүрийн эхний цувраа хоёр хорооноос бүрдэж, гурав дахийг нь нэгдүгээр цувааны ангиудыг эрэгт бэхжиж авсны дараа буулгахаар төлөвлөж байв. Хороо бүрт эргийн 450 м өргөн газар ногдож байв. Тийнхүү десантын цэрэг дээд зэргийн нягтралтай нэг дор бөөгнөрч байв.

Эрэгт гарсан цэргийн удирдлага десантын болон дамжигч хүчний хоорондын харилцан ажиллагаа алдагдсаны улмаас нэгдүгээр цувааг буулгах ажил тийм ч амжилттай болсонгүй. Эрэгт буулгаснаас хойш 24 цагийн турш их буучид газрын зураг байхгүй, засвар хийхгүй ажиллаж байв. Артиллерийн тагнуул чиглүүлэгч огт ажиллаж чадахгүй байлаа. Иймээс дуудлагаар галлах нь ихээхэн хожигдож, цэц тусгал ч сайн биш байв. Хөлөг онгоцны их бууны гал ч төдий л үр ашигтай болсонгүй. Тиймээс түүнийг эрчимтэй ашиглавч Японы хориглолтыг дарж чадсангүй.

Операцийг бэлтгэх үед зөвхөн агаараас тагнуул хийж байсан тул эргийн хөрсний байдлыг тогтоогоогүй байжээ. Энэ нь байлдааны олон техник, түүний дотор танк, их буу усны хөвөөний гүн элсэнд шигдэж, явган цэрэгт дэмжлэг үзүүлж чадахгүй болоход хүргэжээ. Эргийн нарийн зурваст зэвсэг техник овоорч, байлдааны болон туслах ангиудын цэргээр дүүрч, тэдгээр нь Японы их буу, миномётын галд их хохирол хүлээжээ. Бусад салбар ангиуд харанхуй болох үед 2400 гаруй хүнээ алдаад байв.

Гэлээ ч гэсэн операцийн эхний өдрийн шувтаргаар эрэгт хоёр дивизийн гол хүчин (30 мянган хүн), 150 танк төвлөрч, десант баруун эрэгт гарч, Японы бүлэглэлийг хоёр хэсэг болгон хувааж түшиц газрыг өргөөш нь 3,5 км хүртэл өргөжүүлжээ.

Хоёрдугаар сарын 20-нд тэнгисийн явган цэрэг нисэх онгоцны 1 дүгээр буудал, дараа нь Ивожимагийн зүүн хойд хэсгийг авах зорилгоор хойд зүг давшилтаа эхлэв. Орой нь нисэх онгоцны буудлыг эзэлжээ. 5 дугаар дивизийн нэг хороо хөлөг онгоц, нисэх хүчнээр дэмжүүлэн Сурибати уулыг дайрч эхлэв. Хоёрдугаар сарын 23-нд Америкийн цэрэг уулын оргилд (нөгөө туг өргөдөг алдарт зураг) гарсан боловч бүх өндөрлөг, түүнтэй залгаа районыг дайснаас зөвхөн сарын шувтаргаар л бүрэн цэвэрлэжээ.

Арлын үлдсэн хэсгийг ч төлөвлөсөн цагтаа эзлэн авч чадсангүй. Гол шалтгаан нь дайсны байлдааны бололцоог дутуу үнэлсэн, бас хүч, хэрэгслээ хангалттай чадмаг ашиглаж чадаагүйд оршино.

Аралд болсон байлдааны үеэр цэрэг их хохирол хүлээжээ. Энэ нь Америкийн  командлалыг бүр хоёрдугаар сарын 21-нд бэлтгэл хүч 3 дугаар дивизээ байлдаанд оруулахад хүргэжээ. Курибаясийн цэргийг агаараас дэмжлэггүй болгохын тулд оперативын 58 дугаар нэгтгэл ангийн нисэх хүчин 200 гаруй Б-29 бөмбөгдөгч нисэх онгоцтой харилцан ажиллаж, Токиогийн районд цохилт өгч, Японы 158 нисэх онгоцыг устгажээ.

Хоёрдугаар сарын 28-нд тэнгисийн явган цэргийн салбар ангиуд нисэх хүчин, хөлгийн их бууны дэмжлэгтэйгээр нисэх онгоцны 2 дугаар буудлыг эзэлсэн боловч цааш ахиж чадсангүй дайралтаа түр зогсоожээ. Давшилт гуравдугаар сарын 6-нд сэргэв. Их бууны бэлтгэлд 45 мянга гаруй сум зарцуулжээ. Явган цэргийг шууд дэмжиж байсан нисэх онгоц тээгч хамгаалалтын хөлөг онгоцоос нисэх онгоцууд эрчимтэй байлдаж байв.

Японы салбар ангиуд хэдийнэ танкгүй болж, бараг бүх их буугаа устгуулж, галт хэрэгсэл нь хүрэлцэхгүй болжээ. Тэглээ ч гэсэн тэд буудлагын зэвсгээр давуу байснаа ашиглан эсэргүүцэл үзүүлэн, агуйд нуугдаж, отолт хийж байв.

Генерал Курибаясийн командалсан жижиг отряд эзэлж байсан Китанохан хошуунаас урагш орших хориглолтын зангилааг 5, 3 дугаар дивизийн ангиуд довтолжээ. Япончуудыг бууж өг гэсэн оролдлого амжилтгүй болов. Зөвхөн гуравдугаар сарын 16-нд тэдний зохион байгуулалттай эсэргүүцлийг дарж дөнгөжээ. Гэвч орон нутгийн чанартай байлдаан бас 10 өдөр үргэлжлэв. Гуравдугаар сарын 26-нд 300 япончууд сүүлчийн сөрөг дайралт хийж, тэр дайралтынхаа үеэр бараг бүрэн устгагджээ.

Хориглогсод улайран эсэргүүцэж байсан нь Ивожимад болсон байлдааны нэгэн онцлог шинж юм. Жижиг арал дээр тусгаарлагдсан, харьцангуй цөөн хүнтэй гарнизон тэнгис, агаараас дэмжлэггүй хэрнээ бараг тав дахин давуу хүчтэй Америкийн цэргийг 36 хоногийн турш эсэргүүцсэн юм. Байлдааны ажиллагаа дуусах үед ердөө мянга гаруй цэрэг, офицер л олзлогджээ. Гарнизоны үлдсэн бүрэлдэхүүнээс 22 мянга орчим хүн амь үрэгджээ.

Ивожимагийн хориглолтын командлагч генерал Курибаяси хэд хэдэн алдаа гаргасан нь америкчуудын зорилгыг дөхөмтэй болгожээ. Үүнд десант руу их буу, миномётын бөөгнөрүүлсэн гал нээх тушаалыг хожимдуулж өгч, Америкийн цэргүүдэд бараг бүтэн цаг бэлэглэсний улмаас тэд энэ нэг цагийн дотор эрэгт бэхжиж авч, давшилт хийхэд шаардлагатай бүх хэрэгслээ буулгаж амжжээ. Десантын тэргүүний отрядуудыг устгах үүргийг ганцхан их буу, миномётын салбаруудад даалгасанд хоёр дахь алдаа нь оршшно. Галын дайралтад америкчууд самгардсаныг Курибаяси бас ашиглаж чадсангүй. Түүний цэргүүд зөвхөн хоёрдугаар сарын 29-ний шөнө анхны сөрөг дайралт хийсэн боловч хязгаарлагдмал хүчтэй байсан тул байдлыг үлэмж өөрчилж чадаагүй.

Японы дээд командлал арлыг хамгаалахад нисэх хүчинг ашиглахаас хэрэг дээрээ татгалзаж, бас алдаа гаргажээ. Зөвхөн  нэг удаа хоёрдугаар сарын 21-нд “камиказе” нарын жолоодсон 12 нисэх онгоц Америкийн хөлөг онгоцуудыг довтолжээ. Энэ үеэр нисэх онгоц тээгч нэг хөлөг онгоцыг живүүлж, бас нэг хөлгийг гэмтээжээ. Бүрэлдүүнд нь байлдах чадвартай хөлөг онгоц бараг байгаагүй флот хүнтэй торпед “кайтэнг” ашиглах гэж бүтэлгүй оролдох төдий байжээ. Эдгээр торпед тээгч таван шумбагч хөлөг онгоцны хоёрыг нь илрүүлэн живүүлж, гурав нь амжилт ололгүй бааздаа буцаж иржээ.

Ивожимагийн төлөөх байлдааны онцлог нь АНУ-ын зэвсэгт хүч тооны хувьд ихээхэн давуу байсан явдал юм. Гэвч Америкийн командлал хүч хэрэгслээ ч, операцийг бэлтгэх үеийн урт хугацааг ч бүрэн ашиглаж чадаагүй. Японы хориглолтод өгсөн их буу, нисэх онгоцны урьдчилсан галын бэлтгэл нь ашиг багатай байв. Учир нь дайсны сайтар өнгөлөн далдалсан хориглолтын олонх байгууламж урьдаас мэдэгдээгүй. Эргийн болон зенитийн  их бууны батарей, их буу, пулемётын далдалсан цэг, командын болон хянах байр, агуулах мэтийн хамгийн чухал 914 байгууламжаас десант буулгаж эхлэхийн өмнө дөнгөж 194-ийг нь буюу 21,2 хувийн нь устгасан буюу гэмтээсэн байна.

Арал дээр болсон байлдааны үеэр америкийн анги салбаруудын дарга нарт бартаа ихтэй газар давшилт хийх чадвар хангалтгүй байсан нь мэдэгджээ. Тэд, тойрох, ороох аргыг хэрэглэдэггүй, зөвхөн халз дайралт хийж байв. Нисэх хүч, хөлгийн их буу цэргүүдийн хоорондын харилцан ажиллагааг зохих ёсоор боловсруулаагүй. Их буугаар нэлд нь галлаж байсан нь галт хэрэгслийг их хэмжээгээр зарцуулахад хүргэж, үр дүн нь их биш байлаа. Операцын үеэр америкийн хөлег онгоцууд арал руу нийтдээ 14 мянга гаруй тонн жинтэй 300-гаад мянган сум буудсан боловч япончуудын гол гол тулгуурт байрыг устгаж чадаагүй. Нисэх хүчний ажиллагааны талаар ч иймэрхүү зүйл ярьж болно.

Америкийн нисэх онгоцууд арал дээр цаг үргэлж дүүжлээстэй байсан боловч хараалж цохилт өгөх нь нэн ховор байв. Энэ нь бай онох магадлалыг үлэмж бууруулж байв. Түүний дээр өөрийн цэргийг онохоос болгоомжлон гол төлөв дайсны хориглолтын гүнд байсан байгууламжуудыг бөмбөгддөг байжээ.

Явган цэргийг нисэх хүч, их буугаар дэмжих ажиллагааны үр дүн бага байсан нь давшилтын хурдац их биш байх, харьцангуй их хохирол хүлээхэд хүргэжээ. Үүнд 28,6 мянган хүнээ хохироосны 6,3 мянга нь алуулжээ. Америкийн нисэх хүчин 168 онгоцоо, флот нь хамгаалалтын нисэх онгоц тээгч “Бисмарк Си” хөлөг, десантын хөлөг онгоцоо алджээ. Түүнээс гадна 30 хөлөг онгоц, түүний дотор нисэх онгоц тээгч цохилтын “Саратога” хөлөг онгоц, “Пенсакола” крейсер ноцтой гэмтжээ. Хэрвээ японы хүнд их бууны салбарууд    десант буулгаж эхлэхээс бүр өмнө өөрийгөө илрүүлээгүй бол америкчуудын алдагдал бүр их байсан юм.

Гэхдээ арлыг булаан эзэлсний дүнд багагүй хожоотой болов. АНУ-ын нисэх хүчин японы эдийн засаг, улс төрийн төвүүдэд илүү хүчтэй цохилт өгөх бололцоотой болов. Үүнд: эдгээр төв хүртэлх зай хоёр дахин багасаж, нисэх онгоц түүнийг гуравхан цагт туулдаг болов. Түүнээс гадна японы агаарын довтолгооноос хамгаалах хүчнийхэнд дайралтыг няцаахад хавьгүй хэцүү болов. Учир нь одоо Ивожимад байрлах болсон “Мустанг” П-51 гэдэг алсын дагуулын сөнөөгч онгоцнуудыг Япончууд устгаж чадахгүй болжээ. Волкано аралд америкийн командлал бас далайд тагнуулын үүрэг гүйцэтгэж байсан тэнгисийн нисэх хүчний нисэх онгоцуудаа татан аваачжээ. Энд бас Марианы арлын бөмбөгдөгч онгоцууд ч байрлав. Урьд нь тэр онгоцууд гэмтэл авбал бааз руугаа буцаж чаддаггүй далайд унаж байв. Дайн дуустал Ивожима арлын нисэх онгоцны буудлыг 2400-гаас доошгүй бөмбөгдөгч онгоцууд ашиглаж байв.

Ивожима арлын төлөөх тулалдаан нь АНУ болоод Японы талд томоохон сургамж өгсөн тулалдаан болсон юм. Уг тулалдаанд сургамж авсан Япон ч тэр Америк ч тэр Окинава арлын төлөөх тулалдаанд сайтар бэлтгэсэн юм.

Сэтгэгдэл 2ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2020, 1 сар 14. 15:12
Сталин

Бодвол орос хэлнээс л орчуулсан болтой юм эх сурвалжаа бичиж болдоггүй л юм байхдаа

2020, 11 сар 20. 22:43
Зочин

Монгол хэлээр байдаг номноос үг үсэггүй хуулсан байна

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]