Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

“Хар барон” - Михаэль ВиттманУншсан42,495

СС гээч ямар аймшигт, харгис мангас байсныг цэрэг дайны түүх сонирхдог хүн болгон л мэдэх учир энэ тухай дэлгэрүүлээд яахав.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Үүнийг бичигч танкийн асуудын тухай бичихдээ Книспель, Лавриненко, Кариус, Колобанов гэсэн дараалалтайгаар Герман, Зөвлөлтийн нэртэй танкчдын тухай бичихээр төлөвлөөд байсан юм. Гэтэл Виттманы тухай бичихийг хүссэн, Виттман гэж агуу мундаг хүн байсан талаар зарим нэг нь дурдах учир өөрийн нэг муу зарчим ухаантай юмнаасаа нэг удаа зөрөхөөр шийдлээ. Тэр нь юу вэ гэхээр танкчин Виттман, шумбан бөмбөгдөгч-дайрагч нисгэгч Рудель, сөнөөгч нисгэгч Марсель зэрэг нөхдүүдийн тухай бичихгүй, бусад Германы дайны баатруудын тухай бичиж байх үедээ зөвхөн эдгээр хүмүүсийг дурдаж өнгөрөх зэрэг юм. Эдгээр нөхдүүдийг алдаршуулан бичихгүй байх зарим нэг шалтгаан бий.

Энэ удаа зөвхөн Виттманы тухай...

Энэ ажилчин тариачин гаралтай эр 1934 онд армийн туслах албанд сайн дураар ажилладаг болон  удалгүй цэрэгт татагдсан байна. Явган цэргийн ангид алба хааж байгаад унтер-оффицер боллоо. Гэтэл 1937 онд гэнэт цэргээс халагдсан ба хэдхэн хоногийн дараа (хэдэн сарын дараа гэх нь ч бий) тэрээр шинээр байгуулагдаж байгаа СС-ийн ангид алба хаахаар болж артиллерийн батальонд хуваарилагдан  очжээ. Харж байгаа биз! СС! Энэ бол Вермахт биш, энэ бол СС.

Виттманыг ингэж СС-д алба хаах болсон тухай яриа гарахад зарим түүхчид, Виттманы талынхан түүнийг өмөөрч 1937-1938 онуудад олон Вермахтын танкийн ангиудыг СС-д шилжүүлсэн байдаг хэмээн баримт гарган хамгаалдаг. Гэтэл Виттман тэр үед танкчин байсангүй, явган цэргийн бага тушаалтан байсан бөгөөд СС-д орохын тулд цэргээс халагдаад дараа нь сайн дураараа (!)СС-ийн цэрэг болсон билээ.

СС  гээч ямар аймшигт харгис мангас байсныг цэрэг дайны түүх сонирхдог хүн болгон л мэдэх учир энэ тухай дэлгэрүүлээд яахав. Төөрсөөр төрөлдөө кино дээр Балтын хэлдэг шиг “адилхан шар толгойтой байж улаан цагаанаараа дуудалцаад байдаг” гэгчээр адилхан шар толгойтой цэрэг бүхий СС –ийн Германы цэргийн бусад анги нэгтгэлээс ялгарах  ялгаа нь юу вэ? Вермахт болон Люфтваффе-д нацизм, фашизмийг сурталчлахыг хориглосон байдаг бол СС нь тэрхүү нацизмыг хэрэгжүүлэгч, бузар булай болгоныг хийх гарт барьдаг мод нь байлаа. 

Нэмээд хэлэхэд Хартман зэрэг Германы хамгийн шилдэг асууд тулалдаж байсан JG52 сөнөөгч хорооны дарга нь нэгэн хэнээт нөхөрт хандан түмний өмнө  “ энд нацизм болон үзэл суртал ярьдаг газар биш, энд эх орныхоо төлөө дайтаж байгаа хүмүүс байдаг юм. Тэр нацизм болон бусад новшийн үзэл бодлоо таарсан СС-дээ очиж хашхичан солиорч бай. Энд  тэгэхгүй, би тэгүүлэх ч үгүй” гэж хэлж байсан гэдэг. (яг хэлсэн үгийг нь хайгаад олсонгүй. Гэхдээ Хартман, Марселийн тухай бичих бол цээжээрээ биш яг хэлсэн үгийг нь олж, иш татаж болох байх) .

Өмнөх Книспелийн тухай нийтлэлд ч бас мань эр Германы цэргийн дарга нартай муудалцах болоход өнөөх СС-ийн нэр байнга дагалдаж байсан гэдгийг санаж байгаа биз ээ.

СС-ийн ганган хар хувцастай болсон эр маань Францын дайнд орж Дюнкерк хүрсэн ч ямар нэг гайхуулах зүйл бүтээж амжсангүй. Дараа нь Балканы дайнд орж Югослав, Грект хэсэг бужигнуулж аван дайн байлдааны ихээхэн туршлагатай болсон байна. Тэрээр энэ үед өөрөө явагч артиллери болох STUG III-ын дарга байсан бөгөөд толгой үл хөдлөх энэ зэвсгийг чадамгай эзэмшин үргэлж дайсны тал руу харан тулалддаг байсан туршлага нь дараа нь Тигр танкаар байлдах үед онцгой их хэрэг болжээ. Тигр танкны эгц өөдөөс буудаад хуягийг нь нэвтлэх танк эсэргүүцэгч их буу тэр үед байсан бол тун цөөхөн байсан биз.

1941 оноос ЗХУ-тай хийсэн дайнд оролцож эхэлсэн Виттман Зөвлөлтийн хөнгөн танк болох Т-26, БТ, танк эсэргүүцэгч галын цэгүүдийг олноор устгаж байсан гэдэг ба нэгэн тулалдаанд 7 КВ устгасан гэж алдаршуулдаг билээ. Гэтэл тэрхүү STUG III нь богино хошуут 75 мм-ийн их буутай бөгөөд тийм буугаар КВ-г, тэр тусмаа олноор нь буудаад сөнөөгөөд байх боломж тун бага, ер нь л үнэмшилгүй зүйл гэж Германы олон түүхчид бичдэг юм гэнэ лээ. Ядаж байхад тэр өдрүүдэд олон КВ устгасан гэх Соколов тосгоны ойролцоо ганц ч КВ байгаагүй бөгөөд харин БТ ихээр байсан нь юм байж. Нэг иймэрхүү.

Дайн байлдаанд байлдаж, ялж, ялагдаж, шархдаж, Францад хэсэг “амарч” байгаад шинэ танкны сургалтад орлоо.  Удалгүй СС-ийн унтерштурмфюрер болсон тэр дахин дорнод фронт руу зүглэсэн бөгөөд одоо түүний мэдэлд Тигр хүнд танк байлаа.

Курскийн тулалдааны үеэр тэр гялалзан тодорсон ба өөрийнх нь үгээр нийт 30 гаруй танк, 28 өөрөө явагч устгасан гэдэг. Нэг өдрийн тулалдаанд 10 танк устгасан тухай яриа ч бий.

Украины талд 1943-1944 оны өвлийн хэдэн хоногт  тэрээр зөвлөлтийн 70 танк устгасан тухайгаа рапорт бичсэн байдаг ба энэ гавьяаг нь үнэлж түүнийг 1944 оны 1-р сарын 14 нд Хүлэг баатрын загалмай, хэдэн хоногийн дараа бүр царс модот загалмай (Германы эдгээр одонгуудыг нэг мөр болгон орчуулах хэрэгтэй байгаа юм. Хүн болгон өөрөөр орчуулж бичдэг) авсан бөгөөд нэмээд хугацаанаасаа өмнө СС-ийн оберштурмфюрер цол авлаа. 

Гай болоход тун удалгүй зарим нэг зүйл ил болсон байна. Тухайлбал Виттманы  70 гаруй танк устгасан гэх фронтын тэрхүү жижиг бүсэд Зөвлөлтийн танкийн ямар ч анги нэгтгэл байхгүй нь тагнуулын олон мэдээгээр тодорхой болов. Яг тогтоогдсон нь хоёр Т-34 байсан боловч харамсалтай нь гэх үү инээдтэй нь гэх үү , энэ хоёр танк нь Германы олзны танк байжээ. Шөнийн харанхуйд Виттман ялгаж танилгүй, оноо авах гэж яаран “хусаж” орхисон нь тэр. 

Энэ эр маань Геббелсийн суртал нэвтрүүлэгт  маш олон талаар тохирч байсан учир будлианыг мартаж, гавьяаг нь алдаршуулсаар, 1944 оны 4-р сард дорнод фронтоос явахдаа зөвлөлтийн 119 танк, өөрөө явагч устгасан гэсэн тооцоотой болж авлаа.

Удалгүй баруун фронтод очсон ба танкын халз тулалдааны бас нэг тод хуудас болсон, Виттманыг хамгийн их алдаршуулсан тулалдаан болох Виллер- Бокажын “хядаан” болсон байна.

Тэрээр өөрийн удирдлагад байсан 5 Тигрийг аван, фронт цөмлөн урагшлан байсан Британий цувааг гэнэт дайрсан ба хэдхэн минутын дотор тэр цуваанд байсан бүх л Кромвель, Шерманыг устгаж  хаяжээ. Энэ тулалдааны тухай баримт материал их байдаг ба олон түүхчид энэ тулалдаанд Виттман ганцаараа (өөрийн мэдлийн хэдэн танктай  цуг)цөмөрсөн фронтыг барьж тогтоосон хэмээн үздэг. Тухайн тулалдаанд Виттманы 3 танк устгагдсан бөгөөд (энэ дотор өөрийнх нь ч танк байсан ) харин Британийн хохирол 11 танк, 2 танк эсэргүүцэх их буу, 13 хуягт тээвэрлэгч байжээ.

Виллер-Бокажын тулалдаанд Виттманы ротын өөр бусад танк орсон ч бүх л ялалтыг “хар барон”-ны нэр дээр бичсэн байдаг нэг зүйл бий. Бодвол бусад нь зүгээр л хараад суусан юм байлгүй.

Ингэж явсаар 1944 оны 8-р сарын 8 нд амь үрэгдсэн байна. Түүний үхэл одоо хүртэл маргаан дагуулсаар байдаг бөгөөд чухам хэн, яаж түүний танкыг сөнөөсөн, тэр үед танкандаа Виттман байсан эсэх талаар маргалдсаар л байгаа. Харин энэ бол тусдаа түүх юм.

Германы албан ёсны эх сурвалжаар 1944 оны 8-р сарын 8 хүртэлх хугацаанд СС-ийн гауптштурмфюрер Михаэль Виттман дайсныхаа  138 танк болон өөрөө явагч, 132 артиллерийн зэвсэг устгасан гэдэг билээ.

Сэтгэгдэл 2ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2018, 10 сар 8. 20:55
Зочин

Рыцарийн загалмай бол зөвлөлтөөр бол баатрын 5хошуу юмуу даа. Харин хошой баатар гэхийн оронд царс модны хэлбэртэй тэмдэг загалмайн дээд хэсэгт нэмэгдэнэ.Үүний дараа дахин гавъяа байгуулбал илд нэмэгдэнэ. Дараа нь алмаазан шигтгээ нэмэгдэх ба эцэст нь царс мод нь алт болон хувирна. Алтан царс модны навч, илд алмааз бүхий рыцарийн загалмайг ганц л хүн авсан тэр нь дайрагч онгоцны нисэгч Ханс Ульрих Рудел юм.

2019, 10 сар 27. 12:06
Энгүүн

ёстой сонин мэдээлэл бна, баярлалаа.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]