Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Монголын түүхийн бүх цаг үеийн түүхийн баатрууд түүний дотор БНМАУ-ын Баатар цолтнуудыг энэ ангилалд онцгойлон мэдүүлнэ.

"Армид алдартай Хууниа Аюуш"Уншсан26,682

Монголын Ардын армийн анхны танкчин, домогт хурандаа Загдын Аюушийн 90 насны ойд зориулан гаргасан "Загдын Аюуш: Ховор хүн, ховор түүх, ховор сургамж" номын хэсгээс уншигчдадаа хүргэж байна. Уг номноос нийтлэх зөвшөөрлийг олгосон З.Аюуш хурандаагийн охин А.Батцэнгэл эгчдээ гүн талархал илэрхийлье.

 Монголын Ардын армийн анхны танкчин, домогт хурандаа Загдын Аюушийн 90 насны ойд зориулан гаргасан "Загдын Аюуш: Ховор хүн, ховор түүх, ховор сургамж" номын хэсгээс уншигчдадаа хүргэж байна. Уг номноос нийтлэх зөвшөөрлийг олгосон З.Аюуш хурандаагийн охин А.Батцэнгэл эгчдээ гүн талархал илэрхийлье.

Өмнөх нь: Хянганы нуруу, Цагаан хэрэм дээр танктайгаа гарсан монгол танкчин

Анхны танкчны анхны хөлөг “Сүхбаатар-01”

1966 оны үер: Танкийн батальон ба Аюуш хурандаа


"Хууниа” Аюуш

Аюуш хурандаагийн хэлдэг байсан “хууниа” гэдэг үг нь “хуйня” гэдэг орос үг, монголоор утгачилбал “Юу ч биш” гэсэн утгатай, өөрөөр хэлбэл ямар нэг хүнд бэрхшээл тохиолдоход түүнийг би давж чадна, цаана нь гарна гэсэн санаа агуулсан, өөрийгөө хурцалж эр зоригоо чангалж хэлдэг үг аж.

Тракторчин хүү Аюуш 1942 онд танкчин цэрэг болоод Чехов тэргүүтэй орос сургагч нарынхаа байнга хэлдэг үгийг өөрийн сонсголоороо тогтоож авсан нь хүнд үед өөрийгөө зоригжуулах дуудлага, зуршил болсон байсныг үеийн нөхөд нь анзаарч, тэр үгийг Аюушийн нэг ёсны алдар нэр болгон мөнхөлсөн юмсанжээ.

-1945 оны чөлөөлөх дайнд танкийн 3 дугаар тусгай хороо маршаар явж байтал Аюушийн танкны гинжний пальц (хуруу гэх буюу гинжийг холбодог ган чагтууд) мултарчээ. Аюуш танкнаасаа бууж тойрон хараад "Хууниа!" хэмээн ган хурууг атгасан гараараа хэд шааж өгөн чагталчихаад цааш хөдлөснөөс нөхдөөсөө шинэ “Хууниа" хэмээх нэр авсан гэдэг.

-Чөлөөлөх дайнд явж байгаад танкчид бага амралт хийн модон дотор хоол, цай болж атал японы явган цэрэг бүсэлснийг гэнэт мэдээд яахав, ийхэв гэсэнд, Аюуш "Хууниа, танктай хүмүүсийг яадаг юм, эд нар. Танкандаа суугаад харсан, харсан чигтээ дайр" гээд тэр ёсоор тараад давхитал япончууд яаж ч чадалгүй зугтжээ. Бүслэлтээс гарч ирэхэд танкан дээрээ авч явсан Аюушийн усны савыг зад буудсан байсан гэдэг. Нөхөд нь бачим цагт зөв шийдвэр гаргахад тусладаг тэр нэгэн үгээр Аюушаа дахин овогложээ.

-Чөлөөлөх дайнаас эргэж ирээд танкийн тусгай хороо болон Монгол ардын хувьсгалт цэргийн зарим анги нэгтгэл Өндөрхаанд ирж байрлан, байлдааны бэлтгэл сургуулиа хийж байжээ. Тэр үеийн Хэрлэнгийн модон гүүр байлдааны бүрэн агсамжтай танкийг яаж даахав, танк хуягтыг усаар гаталгах болжээ. Хошууч Чүлтэм танкийн механик-жолооч Аюушийг дуудаж, түрүүлж гатлах тушаал өгөхөд ахлагч Аюуш "Хууниа!" гээд танкаа асааж, үертэй байсан Хэрлэнг түрүүлэн гаталжээ. Дарга нар, дайчин эрс нь Аюушийг зориг гаргахын өмнө дууддаг тэр үгээр нь хоч юмуу, алдар болгочихсон гэдэг.

 

Хурандаа Жамичой Совдын Баатар: Амьд домгийн тухай нэхэн дурсахуй

1930-аад оны их хядлага, дэлхийн дайны эхэн ба төгсгөлд Монгол нутагт болсон хоёр дайны хүндийг үүрч туулсан ард түмэн, цэрэг армийн баатарлаг түүхийг эргэн харах, нэхэн дурсах бүрийд бахархал, харуусал хослон төрмүй. Тэгэх тусмаа тэр бүхнийг эсэн энх туулаад домогт монгол цэргийнхээ гал голомтыг залгамжлан бадрааж, түүхийн ороо бусгаа, хувьсал дүүрэн он жилүүдэд түүнийг цагийн араншинд нийцүүлэн шинэчлэх нүсэр үурэг тэр нэгэн үеийнхэнд оногдсон байдаг. Тэр үеийн нэгэн төлөөлөл бол хурандаа Загдын Аюуш бөлгөө.

Улс орон даяар бол Бямбын Ринчин, армид бол Аюуш гэж хоёр хүний тухай домог мэт олон яриа явдаг байсны хувьд ч хол ойрын зайнаас эчнээ болон биеэр уулзаж явсны хувьд ч Аюуш хурандааг би бээр “мэдэх” юм. Тэдгээр яриануудын өнгө аяс нь номын болон гүйлгээ хурц ухааны жишээ, өргөн олны сайшаах сэтгэлийн халил мэт байсан.

Би 1959 оны 2 дугаар сараас 1963 оны намар хүртэл Цэргийн яамны удирдлагын байранд “яамлаж” явсны хувьд өөрийнхөө л бөндгөрийн хэмжээнд армийн амьдрал, хүмүүсийн тухайд ажиглалт мэдээлэлтэй байлаа. Дурдсан хугацааны дундуур хэдэн сар Аюуш хурандаагийн цэрэг болж, бас ч гэж анхаарлыг нь татаж, бухимдлыг нь төрүүлж явсан болохоор дээрхийг дурдав.

Миний алба хааж байсан 1950, 60-аад оны зааг үе бол Монгол цэргийн унасан, сэргэсэн буюу дахин шинээр төрсөн нэн ээдрээтэй он жилүүд байлаа. Энэ нь дэлхий нийтийн ерөнхий төлөв, тухайлан шинжлэх ухаан техникийн шинэ шинэ ололтууд дээр суурилан цэргийн хэргийн эрчимтэй хөгжил, хүн төрөлхтний коммунист капиталист хэмээх эсрэг тэсрэг ертөнцөд хуваан арцалдсан “Хүйтэн дайн” гэгч улс төрийн хийрхэлтэй холбоотой байв.

1946-1956 оны хооронд Монголын Ардын Армийн орон тоог ес дахин хорогдуулж, Цэргийн яамыг Нийгмийн Аюулаас Хамгаалах яам (НАХЯ) гэгчид хавсаргасан. Зарим жил цэрэг татаагүй өнжсөн. Монголын зэвсэгт хүчин буудлагын, барилгын тусгай буюу харуулын гэсэн гурван батальон, их бууны, хуягтын гэсэн хэдэн тусгай дивизионоос л бүрдэх болсон. Тэдний нэг хуягт дивизионы бүрэлдэхүүнд байсан мотомеханикжуулсан тусгай ротыг З.Аюуш гуай удирдаж байсан. Хилийн цэргийг татан буулгаж, барилга байгууламж, харилцаа холбооны төхөөрөмжүүдийг нь ч үгүй болгосон. Энэ мэт нь асар гэнэн харалган үйлдэл болох нь тэр дороо л мэдрэгдсэн. Ингээд л дахин сэргээх чухамдаа шинээр байгуулах хэрэгтэй болсон юм.

Морин цэрэг сонгодог утгаараа бол нэгэнт үеэ өнгөрөөсөн байлаа. Тиймээс Монголын армийг орчин үеийн зэвсэглэл, техник бүхий мото буудлагын цэрэг болгон шинээр байгуулах зорилт тавигдсан. Энэ бол үнэхээр нүсэр их хүч хөдөлмөр, оюун сэтгэхүй, зүтгэл чармайлт шаардсан олон талтай ажил байсан. Хамгийн гол нөхцөл нь энэ ажлыг удирдан зохион байгуулах гардан гүйцэтгэх бүх шатны дарга нарын зонхилох нь уламжлалт морин цэргийнхэн байлаа. Тиймээс шинэ нөхцөл байдал тэднээс юуны өмнө өөрийгөө дайчлах шинэчлэгдэхийг шаардаж байв.

Шинэ шаардлагад дасан зохицох нь амаргүй байх нь мэдээж боловч 1930, 40-өөд оны хатуу бэрхийг туулсан цэргийн дарга нарын хувьд нэгэн их давуу тал байсан нь сэтгэлзүйн бэлтгэл буюу хүнд нөхцөлд цэргийн хэлээр бол “цагийн байдал”-ыг үнэлэх, түүнд зохицох чадварыг эзэмшсэн явдал байв. Дайны явцад цагийн байдал яаж ч өөрчлөгдөж болох бөгөөд цэргийн дарга тэр бүхэнд зохицсон зөв шийдвэрийг түргэн зуур гаргаж, түүнийгээ эрс шийдэмгий биелүүлсэн цагт л амжилтанд хүрэх буюу амьд үлдэх боломжтой байдаг. 1940, 50-иад онуудын олон удаагийн цомхотголыг даваад армийн жагсаалдаа үлдсэн дарга нарын тухайд чухамхүү энэ талын чадвар нь нэг гол үзүүлэлт байсан байж болох юм.

Тэр үеийн цэргийн дарга нар академи сургуулиар эзэмшсэн боловсрол, мэргэжил нимгэн ч цэргийг удирдах, цэрэг хүний сэтгэлийг эзэмдэн дагуулах тухайд “сонгодог”-ууд байсныг би биеэр мэдэрч явсан бүлгээ. Би биечлэн уулзаж сонсож яваагүй ч Мишиггаваа гэдэг даргын тухай дам сонссон үгийг түүнээс үүдээд тэр үеийн дарга нарын тухай бодоод л явдаг юм. Тэр хүн барилгын цэргийн нэг хорооны штабын дарга байсан, цэргүүддээ нэгэнтээ "Дайн гэдэг чинь хүсэх юм биш тулаад ирвэл буцах юм биш" гэж хэлсэн гэдэг.

Чухамхүү ийм л дарга нарын нэг нь З.Аюуш хурандаа, тэгэхдээ юмыг тусгах зохицох чадвараар илүү соргог нэгэн байсан гэж хэлэх гэснээс юм уу даа халиад явчихлаа.

З.Аюуш хурандаа бол Монголын армийн “сонгодогууд”- ын нэг нь үнэн. Түүнээс гадна тэрбээр хурц гүйлгээ ухаан, хурдан түргэн сэтгэдгээрээ нэрд гарсан нэгэн. Энэ нь түүнийг “Онигооны эзэн” буюу “Амьд домог” болгосон санагддаг. Зарим нь бодитой, зарим нь ч зохиомол байж болох олон хууч яриа байдаг. Гэвч хэргийн гол нь энэнд бус. Харин З.Аюуш гэдэг хүний мөн чанарыг илэрхийлж байгаад л үнэ цэнэ нь байгаа юм. Аль ч тохиолдолд гүүний авхаалж сэргэлэнг магтсан, талархан дуу алдсан өнгө аяс байдаг болохоос муулах шоолох гэсэн нь огт байдаггүй. Ринчин гуай тэгж хэлсэн юм гэнэлээ гэсэн түмэн яриа ч ийм л байдаг. “Амьд домог” гэдэг үүнийг л хэлэх байх.

1961 оны эхээр орон даяар өрнөөд байсан Атрын аяны “эрэг шураг” болгохоор халагдах цэргээс 100 хүнийг хурдавчилсан сургалтаар жолооч болгох шийдвэр гарч би бээр бараг л өөрөө өөртөө томилолт чөлөө олгож, ажлаасаа “оргон” 107 буюу авто сургуульд очиж амжсан юм. Сургалтыг амжилттай дуусгалаа. Улсын баяр тулаад ирчихсэн, Аюуш даргатай авто сургуулийнхан 14 дүгээр дунд сургуулийн өмнөх хур дор майхан бариад байрлачихсан баярын парадын бэлтгэлд оролцож байв. Майхан хотхоны төв дунд захирагчийн том цагаан гэр дүнхийнэ.

Нэг орой Аюуш дарга намайг гэртээ дуудаж, тун ч найрсаг угтан чихрээр дайлаад яриа өриүүлэв. Яриа ч гэж дээ. Армийн хөгжлийн тухай, түүнд боловсон хүчин хэрэгтэй тухай нэг талын л яриа байсан. Эцэст нь намайг их үнэлж, офицер болж салааны захирагч хийхийг санал зөвлөмж болголоо.

...Гэвч наймаа таарсангүй. Хэдийгээр үүдний жижүүрийн туслах, зарлага төдий албатай ч дээд командлалын байшинд гурван жилийг үдсэн надад өөрийн хэтийн бодол байсантай даргын санал зөрчилдсөн байлаа. Энэ нь амьдралын араншингаар бага сургуулиа төгсөөд л малын хотонд шидэгдсэн миний сурах хүсэл, ядахдаа 10 дугаар ангиа дүүргэх зорилго юм. Хэрэв офицер болоод ангид суучихвал энэ нь боломжгүй зүйл байв.

Эцэст нь дарга маань үгэнд ороогүй “пацаан”-ыг болгоод өгөх л юм болсон. Гэвч тэр үед ч хожим хойно ч “болгоод өгөх” ямар ч юм болоогүй, уулзахад инээгээд л өнгөрдөг байсан. Магадгүй энэ инээдийн цаана чиний нөгөө офицер болохгүй гэсэн чинь яасан бэ гэсэн ам асуулт, бас би зөв л хүнийг сонгож байж дээ гэсэн сэтгэл ханамж ч байсан байж болох юм.

 

Урлагийн гавьяат зүтгэлтэн, кино оператор Даваажавын Давааням: Уужуухан сэтгэнэ дээ

Би 50 шахам жил төр засаг, армийн удирдлагуудыг дагаж тэдний ажил, амьдралыг кино хальсанд буулгаж явсан хүн. Олон ч үйл явдал, олон ч хүний түүхэн агшинд хамт оролцож байлаа. Энэ л үйл явцын дунд би Цог генерал, Аюуш хурандаа нартай танилцаж, дотносож, үерхэж явсан юм.

Цог генерал Аюушийг их хайрладаг, Аюуш Цогийг их хүндлэдэг, албан тушаалын эрэмбээ алдалгүй дарга цэргийн ёс горимоор нэг нь тушаасан шиг тушааж, нөгөө нь биелүүлсэн шиг биелүүлдэг, хоёулаа маш дайчин, шийдэмгий, эрэлхэг зоригтой, алдартай хүмүүс байсан.

Цог: "Аюуш аа! Чи тушаал биелүүлж чадахгүй бол хоёр мөрдөсөө аваад миний өрөөнд ирээрэй" гэдэг. Аюуш ч даргыгаа яаж ч мэдэх шийдэмгий хүн гэдгийг мэдэх болохоор тушаалыг нь ягштал биелүүлдэг. Аюушийн ажлын төлөө, хүний төлөө гэсэн хурц сэргэлэн занг Цог генерал "Уужуухан сэтгэнэ дээ" гэж үнэлчихээд өөрөө ч заримдаа дийлдчихсэн тухайгаа надад ярьж, хөхөрч суудаг байлаа. Жинхэнэ эрчүүлийн үнэнч, шударга нөхөрлөлийг харуулж чадсан гэж Цог, Аюуш хоёрыг би хүндэттэн дурсаж, энэ сайхан хүмүүстэй нөхөрлөж, инээлдэж, хөгжилдөж явсан маань миний амьдралын бахархалтай мөчүүд байсныг мартдаггүй юм.

Манай Аюуш бол ер нь дандаа л хүнд тус болж явдаг. Тэрийг нь хүмүүс зальтай энэ тэр гэдэг. Худлаа. Тэр нь залилсан биш. Хүний сэтгэл их сайхан хүн байсан юм. Толгой нь их сайн ажиллана, гүйдэг ухаан гэдэг дээ. Ямар ч юмыг өөрийн талд эвтэйхан эргүүлж чадна. Хүн чанарын хувьд бол ярих юм байхгүй.

 

Дэслэгч генерал Цэрэнбалжидийн Дашзэвэг ийн өгүүлжээ.

-Яамнаас баахан дарга нар ирж, танкийн батальоны байлдааны бэлтгэлийг шалгажээ. Хужирбулангийн танкийн батальоны индэр дээр дарга нар зогсож байж. Гэтэл танкийн цувааны араас гал тогоо уур савсуулан орж ирж л дээ. Сайд, жанжин Ж.Лхагвасүрэн "Хөөе, энэ халуун тогоо чинь юу вэ?" гэж. Аюуш абугай "Сайд аа, орчин үеийн дайнд давшлаа л бол шууд халуун хоол гэдэг биз дээ" гэсэнд сайд юу ч хэлээгүй гэдэг.

-БХЯ, Жанжин штабаас авто батальонд баахан шалгалтын офицерууд иржээ. Офицер, ахлагч нарын цайны газраа тэднийг оруулж, Аюуш абугай хоол өгч л дээ. Хоол нь нэл сүүл, тос байж. Аюуш абугай тогоочоо дуудаж "Би үүнийг чинь барахгүй юм байна. Цэргийн хоолноос ганц таваг аваад ир" гэж. Тогооч яваад ирсэн чинь цэргийн хоол нь офицерийн хоолноос илүү тансаг байсанд авто батальоныг шалгах хэрэггүй гэлцээд шалгалтынхан буцсан гэдэг.

Аюуш даргыг тэтгэвэрт гарахад нь БХЯ-ны коллеги, УТГ-ын товчоо хуралдаж, Сүхбаатарын одон өгөөд гаргая гэж шийджээ. Аюуш даргыг танихгүй дээдсүүд байхгүй байсан болохоор анхны тодорхойлолтоороо л Сүхбаатарын одон авчээ. Аюуш абугай одонгоо зүүчихээд БХЯ-ны сайд Дорж абугайд илтгэл өгчээ.

"БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн .... тогтоолоор хурандаа Аюуш Сүхбаатарын одонгоор шагнагдлаа" гэжээ. Дорж генерал суудлаасаа босч "Баяр хүргэе! Аюуш аа" гэхэд "Сайд аа, би 3 жил зүтгэж, ачийг чинь хариулъя" гэсэнд сайд аманд нь багтаж, хурандаа ч хоёр жил гаруйн дараа тэтгэвэртээ гарсан гэдэг.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]