Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Монголын түүхийн бүх цаг үеийн түүхийн баатрууд түүний дотор БНМАУ-ын Баатар цолтнуудыг энэ ангилалд онцгойлон мэдүүлнэ.

У.Амарсайхан - Чин зоригт нөхдийн хамтУншсан4,859

Нэг удаа айлчин хоёр, нутгийн зон олондоо нэр хүндтэй Мухар Мээрэнгийнд буужээ. Мээрэн цай унд болж найрсаг угтав. Үгээ зөөсөн яаралгүй яриатай нүдэнд дулаахан тогтуун эр байна.

1.Ярих юмтай хүн

 

Баруун хязгаарт гоминданы болон Осваны дээрэмчидтэй олонтаа тэмцэж явсан Ууштай заавал уулзаарай, цаадах чинь ярих юмтай хүн шүү гэж олон нөхдийнх нь зөвлөсөн ёсоор ахмад чекистүүдийн нэг Ууш гуайтай уулзан ярилцаж билээ. Юуны өмнө түүний дөлгөөн намуун харц, ярилцан суухад сэтгэл тэнүүн төлөв даруу намба төрх нь ихэд таалагдав. Биерхэг энэ хүнийг хараад залуудаа нуруу өндөр, бадриун чийрэг тайван хийгээд зоримог эр явсан болуу гэсэн бодол өөрийн эрхгүй төрж билээ.

-Хүмүүс таныг баруун хязгаарт тулалдаж явсан сонин хачин түүхтэй хүн гэлцэх юм. Энэ тухайгаа надад ярьж өгөхгүй юу гэвэл,

    -Ахад  нь яриад байх юу байх вэ дээ. 1939 онд арван долоон настайдаа би Ховд аймгийн Хужирт суманд нарийн бичгийн дарга байлаа. Удалгүй казах хэл мэддэг гэж намайг Ховдын тавдугаар отрядад туслах төлөөлөгчөөр ажиллуулсан юм. Тэр цагаас эхлэн нам засаг, цэргийн дээд командлалын даалгавар тушаалаар улс, эх орныхоо хил хязгаарыг гадаадын дайсан, хилийн дээрэмчдээс хамгаалах хэрэгт хүчин зүтгэсэн юм. Ингэж явахдаа ганцаар хийж гүйцэтгэсэн ажил үйлс огт үгүй. Харин туршлага чадвартай дарга нарын заавар тушаалаар, чин зоригт нөхдийнхөө хамт зарим ажлыг хийж гүйцэтгэж явсан минь үнэн билээ гэхэд, энэ хүнээс өөрийнх нь тухай шалгаагаад олигтой юм олж сонсохгүй нь гэдгээ ойлгон,

    -Та тэгвэл нөхдийнхөө хамт гүйцэтгэж явсан ажил үйлсийнхээ заримаас ярьж өгөхгүй юу гэсэн миний хүсэлтээр доорхи зүйлийг өгүүлснийг уншигчтайгаа хуваалцах сэтгэлийн үүднээс чадан ядан эвлүүлэв.

2.Торгууд анчин хоёр

 

1943 он. Урин хавар эхэлж, хүйтний эрч сулран, хөхүүрийн ам наашилж байсан үе билээ. Байгаль дэлхий сэргэж хүн, малын зоо тэнийсэн боловч эх орны баруун хил хязгаарын байдал таатай биш байлаа. Улсын хилийн ойролцоох нутгаар гоминданы дээрэмчид ирж суурьшаад цэрэг, зэвсэг хуримтлуулж буй мэдээ авагдсан тул тэдний эсрэг ажил зохиох шаардлагатай болов.

    Гоминданы дарлалд нухлагдан зовж, тэсвэрлэшгүй хүнд бэрхийг амсаж байгаа хилийн ойролцоох нутгийн Ховог Сайрын торгуудууд руу итгэлтэй хүн илгээж, учрыг ухуулан тэдэнтэй холбоо тогтоож, гоминданы дарлалаас ангижрахад нь туслах хэрэгтэй гэсэн удирдлагын шийдвэрийг биелүүлэх үүрэг хэлтсийн өмнө тавигдав. Ховог Сайрын торгуудууд руу илгээх илгэлтэй, зориг самбаатай хүн олохыг төлөөлөгч Уушт даалгалаа. Урьд нь таньж мэдэх торгууд Чойдорыг ах дүү, төрөл төрөгсөдтэй нь уулзуулах нэрийдлээр Ховог Сайр руу явуулбал ямар вэ гэсэн Уушийн саналыг дарга нар нь зөвшөөрч, Жамьян гэгч нөхрийг хань болгон явуулжээ. Тэд Ховог Сайрт очоод юуны өмнө гоминданы байр байдал, торгууд хүн ардын санал сэтгэгдлийг мэдэж, нутгийн дэвшилт үзэл санаатай хүмүүсийг олж судлан холбоо тогтоох үүрэгтэй байлаа.

    Хэд хоногийн дараа Ховог Сайрын торгуудуудын дунд ах дүүгээ эргэн ирсэн “айлчин хоёр торгууд” нэмэгдэв. Тэд өдөржин айл хэсэж, морины чадал мэдэн нааш цааш давхихдаа энэ тэр хүн амьтантай элдвийг хүүрнэн, нутгийн хүмүүс гаднаа гэмгүй царай гаргавч дотроо гоминданыханд илт дургүй байдгийг гадарлав.

    Нэг удаа айлчин хоёр, нутгийн зон олондоо нэр хүндтэй Мухар Мээрэнгийнд буужээ. Мээрэн цай унд болж найрсаг угтав. Үгээ зөөсөн яаралгүй яриатай нүдэнд дулаахан тогтуун эр байна. Тэдний хүүхэд шуухад нь сурч заншсан дэг журамтай аж. Ах зах хүн орж ирмэгц цай, идээ дөхүүлээд томчуудын ярианд саад болох вий хэмээн сэм гарч явна. Гэрт хүнгүй болмогц мээрэн сая ам нээж, ийн өгүүлэв.

    -Та нөхөд алс газраас ах дүүдээ “сэм” айлчлан ирснийг би хүн хараас эрт дуулж сонссон. Бид тайван сайхан газраас яваа та нөхдөд битгий хэл, тэр зүгээс нисэн өнгөрөх шувуунд хүртэл атаархах сэтгэл төрж суунам. Одоо энэ нутагт хүн ард нь байтугай, мал сүрэг нь гоминданы гарт нухлагдаад сүйрч мэдэх төлөвтэй байна. Сая хэдэн агтаа тэдэнд нийлүүлээгүйгээс болж золтой л толгойгоо авахуулчихсангүй. Дахин ирэхээс нь өмнө аргаа бодохоос хэмээн илэн далангүй хуучилж эхэллээ. Чойдор, Мухар мээрэнгийн шулуун шударга, зориг шийдмэг зан байдлын тухай ах дүүгээсээ сайтар сонсож мэдсэн болохоор хэрэв хүсвэл гоминданы эсрэг босож тэмцэхэд чинь тусалж дэмжих сайн нөхөдтэй ойртуулж өгч болох юм гэвэл, Мээрэн, ойртуулж өгөөд зогсохгүй одоохон нүүр учруулаад аль гэж ний нуугүй хүсжээ.

    Шөнөжин тэд ярилцав.

    Энэ явдлаас хойш хэд хоногийн дараа манай хоёр элч Мухар мээрэнгээр удирдуулсан долоон хүний хамт нутгийн зүг сэм буцлаа.

Чойдор, Жамьян хоёрыг ийнхүү ажлаа амжуулж явахад сар гаруй болсон тэдний хойноос манайхан, тэр тусмаа Уушийн сэтгэл нэн түгшиж байв. Болзоот хугацаанаас хэтэрсэн тул дайсны гарт үрэгдсэн юм биш байгаа гэсэн бодол хэн бүхний сэтгэлийг зовооно. Гэвч Ууш, Чойдорт итгэж байлаа. Нөхөртөө итгэх, түүний итгэл, зовсон сэтгэлийг түр боловч тайтгаруулна.

    Нэгэн өдрийн үдээс хойш Чойдор, Ууш дээр яаран давхиж ирэнгээ мэнд ус ч үгүй ташуураа өгч:

    -За та миний ташуурыг аваад одоохон хойт ууланд гар. Наад ташуур чинь таних тэмдэг болно. Жамьян тэнд хүлээж байгаа. Бид баахан хүн дагуулаад ирсэн. Очоод учрыг нь олно биз гэхэд анхандаа нэлээд гайхсан боловч Ууш тэр даруй яаран мордов.

    Ууш уулын модонд тухлан сууж Мухар мээрэнтэй хуучлахдаа, гоминданы байр байдлын талаар маш дэлгэрэнгүй сонсож мэдлээ. Мээрэн, Ууш хоёр хэн хэндээ таалагдан, яриа хөөрөө нэн нийлжээ. Мухар мээрэн улмаар манайхантай уулзан учирч, торгууд түмний зовлон зүдгүүрийн тухай тодорхой хүүрнээд, цаашид гоминданы эсрэг хэрхэн хамтран тэмцэх арга замаа ний нуугүй тохиролцов. Удсан ч үгүй Мээрэн нөхдийн хамт нутгийн зүг хүлгийн жолоо заллаа. Ийм нэгэн бүтэмжтэй үйлсийн үр нөлөөгөөр манайхан гоминданы гүнд тэдний байр байдлыг нэгд нэгдгүй мэдэх хүнтэй болж, улмаар эргэн очсон  Мухар Мээрэн хүн хүч сэм хуримтлуулан зургаан зуу шахам өрх айл гэнэт босож, Ховог Сайрт үүрлэсэн гоминданы дээрэмдчийг бут цохисноор энэ нэгэн хэрэг явдал төгссөн билээ.

 

3.“Баатар”-т итгэгдсэн оргодол

 

Хорихын дарга нэгэн хоригдлын зурвас бичгийг төлөөлөгч Уушт дамжуулав. Тэрбээр удирдлагадаа танилцууллаа. Хоригдол Саганбай энэхүү зурвасандаа: Миний бие хоригдож буй хугацаандаа дээрэмчдийг даган хайран сайхан амьдралаа алдсанаа гүнээ харамсан ойлгов. Та бүхний ярьж хэлснийг эрэгцүүлэн бодож ухамсарлалаа. Одоо жинхэнэ хүн болохыг хүснэ гээд, Увст хоригдож байгаа Авдолдай: биднийг удахгүй Увсаас Улаанбаатар руу ачих гэж байна. Би Архангайгаас оргоно. Чи мөн аргалж оргоод “Баатар”-ын /дээрэмчид Осваныг тэгж нэрлэдэг байжээ/ байгаа газар хоёул уулзан золгоё гэж надад сэм захидал ирүүлсэн байна хэмээн дурджээ. Саганбайд итгэж болох уу?! Нөхрөө барьж өгөөд нэр хүнд олох гэж оролдож байгаа юм биш биз гэж манайхан эргэлзсэн боловч түүнийг “Баатар” руу явуулж шалгахаар шийджээ. Үнэхээр ч удсангүй Архангайгаас Авдолдай оргосон тухай мэдээ ирэв. Манайхан ч түүнд саад тавьсангүй. Хэд хоногийн дараа Ховдын хорихоос хоригдол Саганбай ч мөн “орголоо”.

    Саганбай саадгүй явсаар “Баатар”-ынхантай нийлжэ, Авдолдайтай уулзсан болон түүнийг Осван сүрхий сэжиглэж байгаа тухай мэдээг тохиролцсон ёсоор хилийн ойролцоох тэмдэгт газар далдалсан нуувчинд хийжээ.

    Осван “шинэ ирсэн оргодлыг” алхам бүрдээ сэжиглэж байлаа. Энэ тухай өөрийнх нь дотны хүн болсон Авдолдайд хэлэхэд цаадах нь “Баатар та надад итгэвэл Саганбайд итгэ. Би түүний чин зоригтой, үнэнч шударга хүн болохыг олонтаа хамт явж байж мэдсэн юм. Аяндаа та ч мэдэх болно” гэж амы нь таглажээ. Гэсэн ч Осван түүнийг шалгахаас нааш сэтгэл нь амрахгүй байв. Нэг өдөр Саганбайг дууджээ. Осван: “За Саганбай чиний чин зоригтойг олон хүн ярьж байна. Үнэнхүү зоригтой эсэхий чинь би үзэх гэсэн юм. Хил давж Монголын нутгаас адуу хөөж ир. Хүн өгнө” гэж товчхон бөгөөд шуудхан хэлэв. Амьтан хүний амь настай холбоогүй энэ даалгавар Саганбайн сэтгэлийг өчүүхэн ч зовоосонгүй. Тэрбээр хэдэн дээрэмчний хамт мордож, хил даван хэд хоноод ойролцоо бэлчиж явсан адуун сүргээс таслан хөөж авчран Осванд тушаажээ.

    Гэвч “Баатар” урьдын адил “шинэ ирсэн оргодлыг” сэжиглэсээр л байлаа. Эцэст Саганбайд дахин хил давж Дотоод Яамны төлөөлөгч юм уу, эс чадвал зуут, тавьт /хилчдэд туслах ардын хэсгийнхэн ийм зохион байгуулалттай байжээ/-ын хэн нэг даргыг барьж ирэх даалгавар өгөв. Явахаас өөр арга байсангүй. Саганбай хэсэг дээрэмчний хамт мордлоо. Тэд явсаар хил давж, Булган сумын ойролцоо очин ажиглалт хийхээр байрлажээ. Одоо яадаг юм билээ гэхээс Саганбайн сэтгэл нэн түгшинэ. Ямар боловч аргалах л хэрэгтэй. Энэ даалгаврыг сэжиглэхдэхгүйгээр заавал биелүүлэх ёстой. Хэрэв тэгж чадвал би “Баатар”-т жинхэнэ ёсоор итгэгдэх болно гэж Саганбай бодсоор хэвтэнэ. Гэтэл нэг морьтой хүн сумын төвөөс гарч шууд тэднийг чиглэн шогшуулсаар дээрэмчдийн нуугдаж байсан хонхорт улайн цайм ороод ирэв. Барьж аван учрыг лавлавал ногооны тэмээ эрж яваа өвгөн аж.

    -Сумын төв дээр Дотоод Яамны төлөөлөгч бий юу?

    -Бий, бий.

    -Зуут, тавьтын дарга нараас бий юу?

    -Хэд хэдэн хүн байгаа.

    -За өөр хэн, хэн байна вэ? Тодорхойхон шиг яриатах гэж Саганбайг зандрахад, өвгөн нэлээд сандарч,

    -Олон хүн байгаа. Хилийн цэргүүд ирсэн. Тэд сумын төвийг хамгаалж байгаа. олон л хүн байгаа гэж дахин давтахад нь,

    -Биднээс олон уу? гэвэл цаадах нь,

    -Хувьгүй олоон, олон гэжээ.

    Саганбай олон таван ч юм хэлсэнгүй дээрэмчдийг мориндоо мордохыг тушаагаад буцахдаа, “Энэ муу хөгшин зөнөг дарааны нэмэр” гээд өвгөнийг орхижээ. Тэд яаран эргэж очоод болсон явдлыг “Баатар”-таа нэгд нэгэнгүй ярихад нь Осван, олны ярианд өөрийн эрхгүй итгэсэн аж. Ингэж “шинэ ирсэн оргодол” дээрэмчдийн “Баатар”-т аажим аажмаар итгэгдэж, улмаар манай нөхөд ч амласандаа хүрсэн билээ.

 

4.Эцэст өгүүлэх нь

 

Энэчлэн залуу зандан наснаасаа эхлэн Улсыг аюулаас хамгаалах байгууллагад он удтал хүчин зүтгэж, эх орон, ард түмнийхээ аюулаас хамгаалах манаанд итгэл төгс зогссон ахмал чикест Ууш гуайн “Чин зоригт нөхдийнхөө” хамт хийж гүйцэтгэж явсан ажил үйлс бүхнийг энд өгүүлэх гэвэл яахан барах билээ. Тэрбээр чекист хүний хариуцлагатай хийгээд нэр хүндтэй мэргэжлийг эзэмшин, эх орныхоо баруун хязгаарт халдан ирсэн зүсэн бүрийн дайсныг устгаж явахдаа намын хүний чин зориг, тэсвэр хатуужлыг илэрхийлж чаджээ.

 

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2022, 8 сар 16. 16:02
badam

saihaan buuraai daa.bid ail horsh yvsaan uls tushigtei zorigtoi saaihan bie haataai ovgon huuhdiih ni huuhed emoshinii solongoo shvv dee.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]