Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.
Дэлхийн 2-р дайны үеэр Халимагийн ард түмнийг тэр чигээр нь нүүлгэн шилжүүлсэн эмгэнэлт үйл явдал болж байсныг элэг нэгт монголчууд бид сайн мэднэ.
Гитлерийн арми ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан олон жижиг үндэстнүүдийг эзлэн авахад, тэдгээр нь урваж шарвасан явдал ихээр болж байсан бөгөөд Крымийн татарууд гэхэд бараг 80 хувь нь Германы талд үйлчилж байсан гэдэг. Харин халимагуудын тухайд ийм хэмжээгээр урваж шарвасан явдал байгаагүй боловч яг л Крымийн татарууд, чеченьчүүд шиг нутаг орноосоо хөөгдөж туугдсан нь яах аргагүй эмгэнэлт явдал юм. Яагаад Сталин халимагуудыг ингэж ад үзсэн юм бол?
Орос оронд болсон 1917 оны хувьсгалаас өмнө халимагууд нь урьдын адил нүүдэллэн, өөрсдийн засаг ноёдын бүрэн мэдэлд амьдарч байжээ. Оросын хаант засаг халимагуудад харьцангуй их эрх эдлүүлж, олон ч хөнгөлөлт үзүүлдэг байсан бол шинээр бий болсон Зөвлөлт засгийн бодлого нь Халимагийн элитүүд болох ноёд баядад таалагдсангүй. Олон зуун жил дамжин ирсэн харц ноёдын тогтсон харилцааг устгаж, адилхан эрхтэй болгох гэдэг бол тэдний хувьд байж боломгүй зүйл байсан учир 1919 онд хэд хэдэн бослого хөдөлгөөн гарч улаантнууд цус урсган даржээ. Дараа нь халимагуудын амьдралд хүчээр шахам шинэчлэл хийж лам, ноёдын нөлөөг шахан зайлуулж, эмнэлэг сургууль байгуулах... Нэг үгээр хэлбэл манай улсад 1930-аад оны үед болж байсан тэр бүх зүйл яг болсон хэрэг. Зүгээр ч нэг "халимаг" үстэй нөхөд манайд ирж бужигнуулаад байсан хэрэг биш юм.
Зөвлөлтүүд 1920 онд Халимагийн автономи муж байгуулсан бол 16 жилийн дараа автономит улс болгож томруулсан ба энэ хэрээр халимагуудын амьдралын хэв шинж ч эрс өөрчлөгдөж эхэлсэн гэдэг. 1920-иод оны үед Халимагийн нийт хүн амын 2 хувь бичиг үсэгтэй байсан бол 1941 онд энэ тоо 91 хувьд хүрсэн байна.
Манай улсын туршлагаас харахад энэ мундаг тоог “тэнгэрээс аваад тавьчихсан” байж болох ч ямар ч байсан асар их амжилтад хүрч байсны баталгаа мөн байж таарах болов уу.
Үүнтэй зэрэгцэн үл ойлголцох дайсагналцах юм Халимагийн элитүүд болон Зөвлөлт засгийн хооронд болсоор. 1937 он гэхэд Халимагийн нийт аж ахуйн 95 хувь нь нийтийн (хамтрал хомун гэж бид сайн мэднэ дээ) аж ахуй болж хувирсан төдийгүй хэдэн зуун мянган малыг чинээлэг айлуудаас хураан авч энэхүү хамтралд нийлүүлсэн байлаа. Ингэж хамаг юмаа хураалгасан чинээлэг нөхдүүд Зөвлөлт засгийг үзэн яддаггүй юмаа гэхэд хайртай дуртай байгаагүй нь ойлгомжтой. Дээр нь эрх мэдэлтэй байсан, удам судартай, Зөвлөлт засгийн эсрэг үзэл бодолтой ноёд тайж нарыг хэлмэгдүүлэх, цөлж хорих явдал газар авч энэ аргаар ноёд дээдсийн нөлөөг үгүй болгох ажил явагдаж байв.
1941 онд Гитлерийн Герман ЗХУ руу довтолж Москвад тулж ирэн бут цохиулсныхаа дараа Кавказ чиглэн зүтгэлээ. 1942 оны 8 сарын 1 гэхэд Халимагийн газар нутагт тулж ирээд 12-ны өдөр Элистэйг эзлэн авчээ.
Зөвлөлт засагт дургүй, хонзон санасан зарим хүмүүсийн хувьд энэ нь удаан хүлээсэн зүйл байсан бөгөөд германчууд ч сайхан бүхнийг амлан байсны хүчинд цөөнгүй хүнийг өөртөө татаж, “Хальмаг” хэмээх сонин хэвлэгддэг болж, ганц хоёр сургууль байгуулах шийдвэр ч гарсан байна. Шинэхэн сонин нийтлэлийн чиглэл нь Зөвлөлт засгийг устгахад Германы агуу арми тусалж байгаа, бие даасан Халимаг улс байгуулах тухай гэх мэт.
Харин Халимагийн ард түмэн үүнд янз бүрээр хандаж байсан бөгөөд германууд орж ирсний дараа нийт хүн амын дөрөвний нэг нь Ижил мөрөн даван зугтаж зөвлөлтүүдтэй нийлж байсан гэнэ. Дээр нь Зөвлөлтийн Улаан армид олон мянган халимаг эрс германуудтай тулалдаж байсныг, тэдгээрээс 10 гаруй нь Баатар цолоор шагнагдсан гэдгийг заавал хэлэх хэрэгтэй.
Оросын судлаачдын тооцоогоор бол энэ дайнд оролцсон Зөвлөлтийн бүх л улсуудын авсан баатар цолыг хүн амтай нь харьцуулахад халимагууд хамгийн тэргүүн эгнээнд жагсаж байсан гэсэн баримт харж л байлаа. Хэр үнэнийг мэдэхгүй. Ямар ч байсан халимаг эрчүүд үзэж тарж байсан нь тодорхой.
Нөгөө талд Германы суртал ухуулга болон Зөвлөлт засагт дургүй нөхдийн зүтгэлээр Халимагийн морин хороо гээч байгуулагдан бараг 3000 гаруй эрчүүд энд нэгджээ. Дараа нь энэхүү хороо дайн байлдаанд оролцон ялалт байгуулахаасаа илүү энд тэндхийн хот тосгод, энгийн номхон ард иргэдийг бөөн бөөнөөр нь алж устгаж байснаараа (ялангуяа Белорусст) илүү нэрд гарч байсан олон түүх бий. Чухам энэ нөхдүүдийн хийсэн аймшигт яргалал нь нийт Халимагийн ард түмний нэрийг бузарласан бөгөөд дээр нь Зөвлөлт засаг ч энэ бүхний учир начрыг олох гэж зоволгүй шууд л халимагуудыг бөөнөөр нь Сибирийн нутаг руу нүүлгэн шилжүүлсэн байна. Зуун мянга давсан ард түмний нэр нүүрийг 2000-3000 хүн л сүйд хийсэн нь энэ. Сталин халимагуудыг нүүлгэн шилжүүлсний дараа Халимагийн АССР (Халимагийн автномит улс)-ыг байхгүй болгож, газар нутгийг нь зэргэлдээ муж улсуудад хуваажээ.
Сталины энэ харгис шийдвэрийн улмаас хэчнээн хүн үр хүүхэд төрөл төрөгсдөөсөө төөрч, хэчнээн нь өнчирч, үгүй болсныг хэн ч мэдэхгүй. Гэхдээ энэ бүхний гол буруутан нь Халимагийн элитүүд хэмээх хуучин ноёд баяд, Халимагийн морин хороо гэдгийг заавал хэлэх хэрэгтэй.
Халимагийн морин хорооны хувьд 1944-1945 он гэхэд 5000 гаруй хүн байсан бөгөөд халимагууд мөн л 3000 гаруй, дээр нь энд тэндхийн янз бүрийн юмнуудыг цуглуулсан эрээвэр хураавар хороо болсон байлаа. 1945 оны эхээр энэ хороог татан буулгаж 606-р явган цэргийн хороо болгосон ба учир нь унах морь мал гэж үлдсэнгүй. Морьгүй морин хороо гэж юу байх билээ.
Дараа нь Гитлерийн Герман дайнд ялагдаж, хуучин Халимагийн морин хороо хэмээх нэрээр нэрийдэж явсан нөхдүүд америкчуудад бууж өгсөн байна. Харин америкчууд нь Ялтын хэлэлцээний дагуу тэднийг ЗХУ-д хүлээлгэж өгч, Зөвлөлтүүд ч эдгээр хүмүүстэй тун ч хатуухан тооцоо хийсэн гэдэг.
1958 онд ЗХУ алдаагаа засахаар шийдэж Халимагийн АССР-ийг дахин байгуулж газар нутгийг нь буцаан эмхлэн цуглуулаад, Халимаг түмнийг нутаг усандаа ирэхийг зөвшөөрсөн төдийгүй бүр уриалсан байна. Энд нэмж хэлэхэд дайны үеэр нүүлгэн шилжүүлсэн бусад ард түмэнд Зөвлөлт засаг ингэж их найр тавиагүй юм гэнэ лээ.