Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

"Хүргэн хүү"-гийн Должин буюу С.БатсүрэнУншсан50,719

Түүнийг өсгөсөн аав нь төмөр замын мастер, харин ээж нь замчин.

Батсүмбэрийн наахна төмөр замын хажууханд үеийн олон бусад нөхдийн л адил шуугилдаж, тал дундуур жаргалтайгаар дүүлэн Сөгнөгөрийн голоо өгсөн, уруудаж өссөн бяцхан охин. Яг дэгдэж дэрвэж өссөн хүүхэд нас шигээ гэгээхэн, гэгэлгэн, тунгалаг нүдтэй монголын нэгэн сайхан бүсгүй. Энэ бол Монгол телевизийн анхны нэвтрүүлэгч, жүжигчин С. Батсүрэн.

Түүнийг өсгөсөн аав нь төмөр замын мастер, харин ээж нь замчин. Нялх балчир насандаа эхээсээ хагацаж ээжийнхээ төрсөн дүү болох Өлзийн гар дээр өсчээ. Батсүмбэрийн бага сургуулийн үеийн олон нөхөдтэйгөө ижилдэж өссөн нэгэн.

Арван хэдхэн насны ариухан дурлал

Тал дундуур жаргалтай гүйж явсан бяцхан охин нэг л мэдэхэд амьдрал хэмээх их далайд хөл тавьж анхны үрээ өлгийдөн авсан юм. "Өөрөө хүүхдээрээ байж хүүхэдтэй гэнэ ээ" гэж өхөөрдүүлж явсан тэрээр галт тэрэгний машинист залуугийн эхнэр болон 18-хан насандаа хоёр хүүхдийн ээж болов. АУДуС-ийг эх баригч, бага эмчийн мэргэжлээр дүүргэсэн бөгөөд хожим хуулийн дээд мэргэжил эзэмшсэн юм.

 

Бага эмчээс өргөн дэлгэцийн нэвтрүүлэгч хүртэл

1967 оны хаврын тэр нэгэн өдрүүд түүний амьдралын төсөөлж ч байгаагүй үе байлаа. Монголд зурагт радиотой болно гэсэн үг амнаас ам дамжин, 18-24 насны нэвтрүүлэгчээр ажиллах хүсэлтэй залуусыг бүртгэж байна гэх зар байнга сонстоно. Энэ үеэр радиогийн нэвтрүүлэгч Жанцан түүнд итгэлийн гал бадрааж, радио дээр очин шалгаруулалтад оролцохоор болов. Дүрстэй мөртлөө радио шиг нэвтрүүлэг явах юм байна гэдгээс өөр төсөөлөлгүй суусан тэрээр гэнэт л 500 гаруй залуусаас ганцаараа шалгаран үлдэх нь тэр.

Тус оны тавдугаар сарын эхээр Монголын зурагт радиогийн анхны уран бүтээлчдийг бэлтгэхээр Зөвлөлтийн төв телевиз, радиогийн дэргэдэх 45 хоногийн курст хэсэг нөхдийн хамт явав. Тэд өөрсдийгөө “Эрэлхэг 17” гэж нэрлэдэг байв. Энд нэрт яруу найрагч Ш.Сүрэнжав, Пүрэвжавын Пүрэвсүрэн, хөгжмийн зохиолч Эрдэнэбат, зураач Д.Пашка, сурвалжлагч Батмөнх, Цэгмэд нар байсан бөгөөд тэд анхдагчид байлаа. 

1967 онын 9-р сарын 27-ны өдөр Монголын зурагт радио албан ёсны нээлтээ хийсэн түүхэн өдөр. Түүний хувьд ч мартагдашгүй дурсгал өдөр. Зөвлөлт-Орос улсад явж мэргэжлийн курс дүүргэсэн нэвтрүүлэгчийн хувьд энэ л өдөр ард түмэнтэйгээ цэнхэр дэлгэцээр түүчээлэн мэндчилжээ. Нэвтрүүлэгч болсноор түүний амьдралд Монголын кино урлагийн зүг алхах зам мөр нээгдсэн юм.

Монгол телевизийн анхны нэвтрүүлгийг эхлүүлж байгаа нь 

Мишигийн Цэдэндоржийн “Миний алаг нүдэн”

Үеийн залуусын харцыг булаасан бүсгүй. Нэгэн үе эрчүүдийн зүрх сэтгэлийг сайхан инээмсэглэлээрээ, гоо зүсээрээ татаж явсан түүнийг дэлгэцээр харсан хүмүүс танихгүй зөрөх нь ховор.

“Миний алаг нүдэн сайн сууж байв уу?

Хавар цаг та хоёрыгоо би чинь

Хамтад нь мөрөөдөж явлаа шүү дээ” хэмээн М. Цэдэндорж түүнд зориулан найраг хөглөж явсан удаатай. Хожим уг шүлэг Д.Баттөмөрийн аяар амилан, Төрийн шагналт Д.Сосорбарамын дуулснаар дуу болон эгшиглэсэн байдаг юм.

Цэнхэр дэлгэцийн гэрэлт цамхгаас “Хүргэн хүү”-ийн Должин хүртэл...

"Хүргэн хүү" киноны Должин 

1971 оны зун С.Удвал, Д.Дожоодорж нарын зохиолоор найруулагч Д.Жигжид гуайн хийсэн “Хүргэн хүү” кинонд тоглох болов. “Хүргэн хүү” кино 1971 онд Москва хотноо болсон олон улсын кино фестивалаас хүрэл медаль хүртсэн юм. Ингэж л тэр их хүмүүсийн дунд эгэл хэрнээ урт замын түүхээ бүтээн сэхээтэн хүмүүсийн дунд сэрж мэдэрсээр явав. Монголын сор болсон их хүмүүн С. Удвал, Т. Цэвээнжав гуай нарт охин шиг нь хайрлагдаж, Эрдэнэбатын Оюун гэх эрхэм хүмүүнтэй дотно ханилан, Их найрагчийн охин Ананда Ширитэй халуун яриа өрнүүлж, дэлхийн утга зохиолын оргил болсон Чингиз Айтматовтой бүжиглэн дотносож, дурсгалт номыг нь гардан авч, агуу хөгжмийн зохиолч Л. Мөрдоржийн духан дээр зөөлөн үнэрлээд гарсан түүх түүний  дурсамжид бий.

Тэрээр “Хүргэн хүү”, “Далайд дусал”, “Цөвүүн цагийн Богд”/хоёр ангит түүхэн кино/, “Алтан шонхор” /хоёр ангит түүхэн кино/, “Хулан”, “Бурхны ерөөлөөр”, “Эзэнгүй айл”/телевизийн 12 ангит кино/, зэрэг хорь гаруй киноны гол болон туслах дүрүүдийг бүтээсэн жүжигчин. Найруулагч Цэрэндоржийн "Цөвүүн цагийн Богд" кинонд түүний бүтээсэн хатан ээж Ханджамцын дүрийг Японд болсон кино наадмын афишид томоор хэвлэсэн байдаг.

“Цөвүүн цагийн Богд” киноны хатан ээж Ханджамц 

"Алтан шонхор" киноны зургийн талбайд 

Дахин цэцэглэсэн амьдрал

20-оод жил хорвоогийн эрээн барааныг хамт туулж явсан нөхөртэйгөө нэг л өдөр салах шийдвэр гаргажээ.

Харин түүний хоёр дахь хань нь МУСГЗ сэтгүүлч, яруу найрагч, доктор Ж. Саруулбуян юм.  Түүний нөхөрт гарсан яриа амнаас ам дамжин шуугилдсаар... Хавь ойрын хүмүүсийн амны зугаа болж байсан ч үүнийг үл тоон яруу найрагч, их эмч Д.Цогт, СГЗ, яруу найрагч Г. Мэнд-Ооёо болон цөөн хэдэн нөхдийн хүрээнд бяцхан ёслол хийсэн түүхтэй.

 Нөхөр Ж. Саруулбуянгийн хамт 

Ж. Саруулбуян

... Үг аяы нь би өөрөө зохиосон

Үнэн хайрын ганц л дуу минь

Үрийн бүүвэйгээр амьдралаа бялхуулсан

Үргэлжийн нэгэн бие сэтгэл гэргий минь /Ж. Саруулбуян "Залуу нас миний гэргий хоёр шүлгийн хэсгээс"/

Телевиз радио бол түүний амьдралын салшгүй хэсэг. Энд ажиллаж байхдаа кино урлагт хөл тавьж, Саруулбуянтайгаа ч танилцаж. Нэвтрүүлэгч болохоор шалгаруулалтад оролцсон олон олон залуусаас ганц эмэгтэйг шалгаруулж авсан нь С. Батсүрэн юм. СГЗ, яруу найрагч Ү.Хүрэлбаатар "Та нар цэнхэр дэлгэцээр инээмсэглээд гараад ирэхийг нь хараарай даа" гэж байсан хэн нэгний үг үнэхээр л монгол сайхан бүсгүйг сонгож авч чадсаныг хэлээ байлгүй хэмээсэн байдаг.

Зааг.мн мэдээллийн сайтын редакцид бэлтгэв

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2021, 11 сар 10. 8:21
Зочин

haha

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]