Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Ялан дийлэгчид яагаад гэнэтхэн буцавУншсан9,253

Түүхийн бас нэгэн чухал тулгуур бичиг болох Плано Карпини ламтны бичсэн тэмдэглэлд Өгөөдэй хааныг түүний хатан Турханагийн ойрын “хамаатан” хорлож алсан, чухам тэр хүн хэн байсан нь чухал биш, харин Европыг аврагч гэдэг нь л чухал юм хэмээн бичжээ.

Түүхэн сэдэвт олон гайхалтай нийтлэл, өгүүлэл, номуудаараа та бидний танил болсон Б.Номинчимэд гуайн "Бат, Сүбээдэй нар Европ дахиныг түйвээсэн нь" хэмээх түүхэн найрууллыг уншигчдадаа цувралаар хүргэж байна. Түүх сонирхогч уншигчдын маань оюуны мэлмийг мялаах зөвшөөрөл өгсөн Б.Номинчимэд танд гүнээ талархаж байна


Бат, Сүбээдэй нар Европ дахиныг түйвээсэн нь: Ялан дийлэгчид яагаад гэнэтхэн буцав (14-р бүлэг)

 

Ийнхүү нийлээд 100 мянга хүрэхгүй хүчтэй Монголын 4 бага шиг баг цэрэг Дорнод Европоор хөндлөн гулд юунд ч торолгүй хэрэн хэсэн давшлав. Анч ноход ангаа хөөн довтолгох мэт хаад ноёдыг нь эх нутаг дээгүүр нь элдэн хөндлөн гулд, нэвт шувт довтолгов. Хэзээ язааны эрхт эзэн ноёд нь мэт орд харшид нь тухлан, алба татвар ногдуулж, хүн амыг нь бүртгэж, амуу буудайг нь жигнэж, Монгол хаадын тамга сүлдтэй зоос цутгаж, Баруун Европын эзэн хаадыг ирж өвдөг сөгдөн дагах зарлиг тушаал ноороглон суужээ.

 Монголчууд довтолгооноо 1241 оны 3 сарын эхээр эхлүүлж, есхөн сарын хугацаанд Эльба мөрнөөс зүүн тийшх Дорнод Европыг бүхэлд нь буулгаж авлаа. Энэ хугацаанд хийсэн довтолгоон нь Тевтоны өмнөд хил Торунь орчмоос Сербийн өмнөд дэх Дриваст хүртэл 1000 гаруй км өргөн фронтоор, Днестр мөрний дунд урсгал, Карпатын Оросын хаалганы зүүн бэл орчмоос Эльба, Дунай мөрний эх хүртэл 600 гаруй км гүнд давшилт хийсэн байна. Хожим Гитлер ч хамгийн сүүлийн үеийн зэвсэг техникээр өвч зэвсэглэгдсэн бүтэн сая хүнтэй хүчирхэг армиараа Дорнод Европыг ийм хурдан хугацаанд буулгаж авч чадаагүй билээ.

Дорнод Европын орнууд: Их, Бага Польш, Чехийн Морави, Литов-Прүссийн Тевтонууд, Мажар, Словак, Хорват, Серби, Болгар, Валахууд зэрэг улс орнууд үндсэндээ Монголчуудыг эсэргүүцэн тэмцэх чадваргүй болж, Монгол даргачдыг толгой гудайн дагав.

Дорнод бүү хэл Өрнөд Европод ч Монголчуудыг эсэргүүцэн, сөрөн зогсох хүч байсангүй. Хүч бүү хэл зориг эрмэлзэл ч байсангүй нь тэр үед Барууны эзэн хаад, ихэс дээдсийн үйл ажиллагаа, өөр хоорондоо бичилцэж байсан захидлаас нь нэн тодорхой харагдана. Тэд нэгэн санаа зорилготой болон нэгдэж, цэргийн хүчээ нэгтгэн, Монголчуудын эсрэг нэгдсэн стратеги төлөвлөгөө гаргаагүйгээр барахгүй Ромын Пап, Герман толгойтой Ариун Ромын эзэнт гүрний эзэн хаан II Фридрих хоёр өвөр зуураа хэмхэлдэж суужээ.

Монголчууд Шайо голд цуутай ялалт байгуулсны дараахан Сицил аралд толгой хоргодож суусан II Фридрих Батхаантай яаж ийж байгаад холбоо тогтоож чадав. Гол зорилго нь Монголчуудыг аргадан аяруулж, вассат харьяатыг нь ч хамаагүй хүлээн зөвшөөрч байгаад үл довтлох тухай гэрээ байгуулж авах байж. Үүнийх нь хариуд Ромын Пап түүнийг тартаруудтай ил далдаар нийлсэн урвагч, анти христ хэмээн хараан, чичлээд, түүний эсрэг барууныхныг босгохыг оролдов. Гэвч Бат хааны дам өмгөөлөл авсан II Фридрих 1241 оны 6 сард буюу Монголчууд Мажарт тухалж, Хорват, Серби, Словак, Моравийг түймэрдэж байх үед Ромыг дайлна хэмээн Папыг сүрдүүлж, цэргээ хөдөлгөж хүртэл үзжээ.

 ***

Шар хүмүүсийн огтхон ч мэдэхгүй алс холын Наран мандах тэнгэрийн хязгаараас, газрын мухраас гэнэтхэн гарч ирээд түймэр мэт хуйхлан довтолгох Монголчуудын удаа дараагийн толгой эргэм ялалтуудын мэдээ ухаанаа гартлаа айж сандарсан зугтагсад, дүрвэгсэдийн амаар дамжин Европ дахинаар халуун хуйд тээгдсэн тахал мэт тархаж, улам бүр давс хужир нэмэгдсээр бараг хүний хүчнээс хэтийдсэн, үлгэр домгийн зүйл болон хувирч байжээ.

Монгол цэрэг цаашаа ганц алхахад Европ дахин өвдөг сөхрөн өршөөл энэрэл хүсэхэд бэлэн байв.

Гэвч тохиолдлын чанартай зүйл Европ дахиныг энэхүү өвдөг сөгдөхийн гутамшгаас аварсан бөгөөд Бат хааныг Жур хотын ойролцоо байхад нь Их хаан Өгөөдэйг нас барсан мэдээ иржээ. Хэрвээ ийм золгүй явдал тохиогоогүй бол, хэрвээ Бат хаан цааш давшихийг хүссэн бол энэ хүсэлд саад болох өөр зүйл байсангүй, Монгол морьд Атриат тэнгисийн эрэг дээр биш Ла Маншийн, бүр Гибральтарийн эргийн хад цохиог туурайгаараа цавчлан, Атлантийн далайн шорвог усыг үнэрлэн зогсох байсан биз ээ.

Түүхэнд “Хэрвээ” гэж байдаггүй хэмээн цэцэрхэх нь бий. Гэвч түүх хэзээ ямагт “Хэрвээ”-гээр дүүрэн байдаг бөгөөд чухам тиймдээ л түүх сургамжтай, агуулга төгөлдөр сонирхолтой байдаг юм.

1241 оны 11 сарын хуучдаар Өгөөдэй хаан нас барахад, энэ эмгэнэлт мэдээ 1241 оны 12 сарын сүүлч гэхэд Белградын ойролцоо Жур хот орчим буудаллаад байсан Бат хаанд хүрчихсэн байжээ. Монголын төв нутгаас Серби хүртэлх 7000 км хол давсан замыг уул даваа, ус мөрөн, намаг балчиг, ой шугуй олныг гатлуулан сар хүрэхгүй хугацаанд морин өртөөгөөр туулна гэдэг маш нарийн чанд зохион байгуулагдсан өртөө-системийн өндөр ашигтай үйл ажиллагааны үр дүн юм. Өнөөдөр ч ийм хол замыг хурдны дардан замаар хүчирхэг моторт хөлгөөр туулахад амаргүй.

Үнэн хэрэгтээ Европыг маш жижигхэн, итгэмээргүй зүйл аварсан гэж хэлж болно. Энэ аврагч бол Абдулрахман хэмээх залжин сартуул эр, эсвэл архи, эсвэл хорон хорчин Фатима... Их хаан Өгөөдэй намрын их ан ав хийж явахдаа хээрийн ордондоо сархад ихээр уугаад шөнөдөө өнгөрсөн байдаг. Зарим түүхчид хааныг архиар умдаалан, тэр муу зуршлийг нь дэгэж, хөгжөөж өгдөг байсан Абдулрахман түшмэл хаанд хор өгсөн байх магадтай гэж таамагладаг. Учир нь хааныг өнгөрсний дараа Турхана хатны ойрын бөгөөд Монгол төрийн хамгийн их эрх мэдэл бүхий этгээд болсон энэ сартуул эр их ч самуун хэрэг үйлдэж, дураар дургисан билээ. Ер нь журамгүй хүн байсан байдаг. Тийм журамгүй хүмүүнээс л хорлох, ховлох, хутгах, хуйвалдах гэх мэт янз бүрийн муу самуун үйл гардаг юм.

Түүхийн бас нэгэн чухал тулгуур бичиг болох Плано Карпини ламтны бичсэн тэмдэглэлд Өгөөдэй хааныг түүний хатан Турханагийн ойрын “хамаатан” хорлож алсан, чухам тэр хүн хэн байсан нь чухал биш, харин Европыг аврагч гэдэг нь л чухал юм хэмээн бичжээ. Хэрвээ энэ тэмдэглэлд бичсэн үнэн бол Турханагийн их дотно хүн болох Фатима болно. Тэр ч мөн муу үйлэнд гарамгай байсан бөгөөд хожим түүнийхээ горыг эдэлж хүсмээргүй үхлээр үхсэн билээ.

 ***

Бат хаан Европыг дөрвөн зовхист ялж яваа хан хөвгүүд, баатар жанждаа дуудуулж, Тисса, Дунай мөрний дунд бэлчир, Кеве орчимд зөвлөгөөн хийжээ. Энэхүү зөвлөгөөнөөр Хархорумд болох их хааныг сонгох хуралдайд Батыг явуулах эсэх, Дорнод Европын эзлэгдсэн улс орнуудын статусыг хэрхэх тухай зөвлөлдөөд өст дайсан Куманууд, тэднийг өмгөөлсөн Мажарууд нэгэнт дахин сэхэл авахгүй болсон тул өрнө зүгт хийсэн аян дайны зорилгыг биелсэнд тооцож, аян дайнаа зогсоон, Монголын их гүрний баруун өмнөд хилийг Молдав, Булгараар тогтоон, энэ хязгаарын захирагчаар түмтийн ноён Ногайг томилжээ.

Бат хааныг ийнхүү толгой эргэм ялалтуудынхаа дараа түүнээ гүйцээлгүй гэнэт буцах болсоныг бас зарим тохиолдолд ерөөсөө үгүйгээгүй ядуу Европоос сонирхох юм байгаагүйтэй ч холбон тайлбарлах нь бий. Энэ бас байж болох л үндэслэл мөн. Өгөөдэй Их хаан нас барсан нь үйл явдал, бодит шалтгаан мөн боловч түүний цаана бас дагалдах хэд хэдэн учир холбогдол, шалтгаан байж болох юм. Өмнөд Хятадын Гоунжау, Дундад Азийн шүр сувд болсон Самар, Бухар зэрэг хот суурингууд нь тэр үед баян тансагаараа Европын аль ч хотоос хэд дахин давуу байж, тэдгээрийн хажууд Европ нь нүсэр чулуун хана хэрэм бүхий рыцарийн шилтгээнүүд, шургааган хашаагаар босгосон хотонцоруудаас хэтэрсэнгүй байж. Дэлхийн энгээр түйвээж явсан эрст Европын тэдгээр шургааган хотууд үнэндээ хүн тоож нохой шиншихээргүй санагдсан биз. Гэхдээ, мэдээж хэрэг энэ аян дайн бол дээрмийн дайн байгаагүй. Дээрмийн дайныг тийм алс хол тив дамнуулан хийдэг ч үгүй. Энэ дайн бол стратегийн дайн байсан гэдгийг мартаж болохгүй юм.

Дорнод, Өрнөд Европт өөрсдөд нь аюул занал авчрах ямар нэгэн хүч үгүй байгаа нь Монгол эрсийн буцахад нөлөөлсөн хамгийн бодитой байж болох шалтгаан нь юм. Хамгийн заналт дайсан Куманууд нэгэнт сэхэл авахгүйгээр дарагдлаа. Үнэхээр ч тэд тэр цагаас хойш сэхээгүй билээ.

Мөн тэднийг өмгөөлсөн, цэргийн холбоо байгуулж, эсрэглэн тэмцэхийг санаархсан Мажар, Орос өвдөг сөхрөв. Тэд бол Монголчуудын өмнө хэн ч биш болов, дайсан биш, дайсагнах ч чадваргүй болов. 1223 онд Зэв, Сүбээдэй хоёрын аяны ар худрага руу довтолж байсан Ижилийн Булгарууд мөн сэхэшгүй болж, тухайн үедээ Европт цэргийн хүчээр тэргүүлж байсан Польш, Германууд ч хичнээн хичээгээд мань Монголчуудад дайсагнан, аюул занал авчрах чадваргүй болох нь ч мөн тодорхой болов. Европын хамгийн том улс болох Ариун Ромын эзэнт улсын хаан II Фридрих шууд бусаар ч гэсэн Монголын эзэн эрхийг хүлээн зөвшөөрөөд байв.

Үнэхээр ч тэрхүү гашуун гутамшигт ялагдлынхаа дараа, үгүй ядахдаа хариугаа авах, өш хонзонгоо тайлахаар Европчууд Дорно зүгт цэрэглэн довтлох нь бүү хэл алхаж ч зүрхлээгүй билээ. Литов, Прүссийн тевтон бүлэглэлийнхэн умард Орос руу үе үе уулгалан дээрэм хийдэг байсан ч, Оросуудад туслахаар Монгол морьдын ам эргэсэн сураг сонсох төдий өнөөх рыцарь баатрынх нь эр зориг салхинд өртсөн чандар мэт хийсэн арилаад, ичгүүргүйгээр ум хумгүй зугтацгаадаг байсан гэдэг.

Орос улс хэдэн зуунаар Монголчуудын найдвартай ивээл нөмөрт орсноор баруунаас ирэх түрэмгийллээс хамгаалагдаж, энэ завшаанд нэгдэн хүчирхэгжиж, баруунтай тэрсэлдэх чадалтай болжээ.

Ийнхүү шинэ тутам байгуулсан Монголын Их гүрний өрнөд хил хязгаарыг амар амгалан болгох зорилго нь нэгэнт биелж, Өрнө дахинаас ямар нэгэн аюул занал авчрах хүч нэгэнт үгүй байгаа нь тодорхой болов.

Эцсийн эцэст Орос хийгээд Европ дахин Монголын эрхшээлийг хүлээн зөвшөөрч, энх төрийн дор амгалан аж төрөх болсон нь Бат, Сүбээдэй нарын аян дайны бодит үр дүн байв.

 

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]