Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

"Би тэр баян тарган хүний дүрд тохирохгүй, өөр хүн тоглуул"Уншсан58,121

Түүний Монголын кино урлагт оруулсан чухал сан хөмрөг бол олон уран бүтээлийг “амьдруулсан” дуу оруулалт билээ.

Энэ хүний дуу хоолойг сонссон хэн боловч “Үгүй мөн ховорхон хоолой шүү, ёстой л нэг бурхнаас заяана гэдэг нь энэ байхдаа” хэмээн дуу алдах нь олонтаа. Тайз, дэлгэцийн урлагийн нэрт мастер, Монгол Улсын гавьяат жүжигчин Нямын Дагийранзын бүтээсэн дүрүүд,  өвөрмөц содон дуу хоолойгоор нь танихгүй хүн ховор.

Нямын Дагийранз нь дуу хуурын өлгий нутаг Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт, жирийн малчин айлд мэндэлжээ. Тэрээр ээжийнхээ 37 настайд төрсөн. Ээжийнхээ амийг нь аварсан хэмээн түүнийг хүндэлдэг байсан тухайгаа нэгэнтэй дурссан байдаг. Ээж нь эр бор харцага дууг их сайхан дуулдаг хүн байж. Дагийранз ээжийнхээ дуулахыг сонсон, түүнээс сурсан нь удамшсан уу гэлтэй.

Н.Дагийранз бага байхаасаа аливааг дууриаж, элэглэх авьяастай хүүхэд байжээ. Хөдөө малын дэргэд өссөн тэрээр есөн настай байхдаа сумынхаа сургуулийн анхны сурагч болж, 18 хүрээд эр цэргийн албанд явж "Марзан шовгор" хоч хүртсэн нь багын л элэглэж, шоолж, дууриадагтай нь холбоотой. Цэргээс халагдаж ирэхдээ өөрийн гэсэн морин хууртай болох хүсэл тээн ирж, хугархай унин дээр мод хадан, хоёр утас татаж хуур маягтай юм хийж байсан гэдэг.

“Хөхөө Намжил”, “Уулган шарын домог” тоглодог болж энэ бүтээлээрээ Монголын залуучууд оюутны II их наадамд оролцож алтан медалиар энгэрээ мялаалаа. Наадмын шагналтнуудын концертод оролцчихоод буцахын өмнө “Монгол кино” үйлдвэрээр ороод гарсан нь мөрөөдөж явдаг санаа нь биелэгдэх завшаан олджээ. Тэрээр Монголын Зохиолчдын Хорооны хүсэлтээр байгуулагдсан Үлгэрийн танхимд нь түр ажиллах болов.

Үүний дараагаар Монголкино үйлдвэрт ажиллаж анх кинотой холбогдсон түүхээ ийн хуваалцсан байдаг.

"1959 онд Монголын оюутан залуучуудын анхдугаар их наадмаар "Хөхөө Намжил"-ын домгийг аялгуулж алтан медаль авч байсан. Улаанбаатарт түр хугацаанд тоглож байгаад нутагтаа буцаж очсон. Аймгийнхаа театрт урлагийн гавьяат зүтгэлтэн Сугарын найруулсан "Дэнлүүний баяр" жүжгийн сохор Ямомотогийн дүрд тоглосон. Үүнээс хойш би "Монгол кино" үйлдвэрт орохыг хүсэх болсон доо. Тэр үед дипломын зөвлөгч байсан Чимэд-Осор гуайд хэлтэл шууд л намайг Кино үйлдвэр рүү дагуулж ирсэн. Тэгж л анх "Монгол кино" үйлдвэрт орсон доо. Удалгүй 1964 оноос кинонд тоглож эхэлсэн байдаг” хэмээжээ.

Түүний дэлгэцнээ мөнхөлсөн олон сайхан бүтээлийн тэрийг нь гэж онцлохын аргагүй юм. Харин уран бүтээлч маань дүрийнхээ талаар ярихдаа “Жүжигчид бид чинь үзэгчид, шүүгчидтэй шүү дээ. Олон түмний яриа, үнэлгээгээр “Хонины найр”-ын бригадын дарга Бадарч гээд нэрлээд байвал овоо дүр нэлээн их” гэсэн байсан. Түүний тоглосон “Бүлээн нурам” кино бол яах аргагүй хамгийн их хөдөлмөр шингэсэн бүтээл нь биз ээ. Тэрээр энэ кинонд тоглохдоо дурамжхан байсан гэдэг. Энэ тухай хуучилсан нь “Яая гэхэв, тогло гээд шахаад байхаар үзээд авсан, зохиолд ямар л зүйл үйлдэж хийх, үзүүлж харуулахаар орсон байна, жүжигчин хүн чинь тэр бүхнийг гүйцэтгэх л учиртай юм хойно, ёсоор нь л болгосон” хэмээжээ.

”Уул усны үр сад” кинонд ч мөн л нэлээн гуйлгаж байж тоглосон гэдэг. Найруулагч нь түүнийг баян Жунайд тогло гэхэд нь “Би жижигхэн биетэй, бас туранхай ийм хүн тэр баян тарган хүний дүрд тохирохгүй. Өөр хүн тоглуул” гээд шуудхан хэлж байсан гэдэг. Түүний Монголын кино урлагт оруулсан чухал сан хөмрөг бол олон уран бүтээлийг “амьдруулсан” дуу оруулалт билээ. Тэрээр 200 гаруй бүтээлд дуу оруулсан байдаг. Бидний сайн мэдэх “Тунгалаг Тамир” киноны "Цахиур Төмөр"-ийн дүрд гайхамшигтайгаар дуу оруулж, энэ дүрийг үзэгчдийн сэтгэлд хоногштол амилуулсан билээ. Дагийранз гуайн дуу оруулалтгүйгээр Цахиур Төмөрийн дүр яах байсан бол хэмээн бодогдох мэт.

Жүжигчин Т.Карма “Би жаахан охин байсан. Аавыгаа эрт алдсан учраас эцгийн маань оронд нөмөр нөөлөг болж байсан тэр мундаг хүмүүсийг дурсахад сайхан байна. Дагий ах маань мундаг жүжигчнээс гадна зурна, ерөөл магтаал хэлнэ, хуурдана гээд л авьяасын ундарга байсан даа. Хэрэв зурах авьяасаа хөгжүүлсэн бол алдартай Монгол зургууд урлах байсан болов уу",

Н.Батцэцэг “Нэг орой  Дагийранз гуайгаар “Уулган шарын домог” хайлуулах гээд гадаа сандал тавиад, томчууд орж гараад л хөл хөдөлгөөн болов. Дагийранз гуайн хөмсөг сахал нь сэрвэлзээд их сүрлэгийг хэлэх үү, бас морин хуур сонихон байсныг хэлэх үү, эхэндээ энэ тэрийг гайхан харц бэлчээсэн шиг суулаа. Яг л  кино шиг сэтгэлд хөвөрч гарлаа. Урьд өмнө нь би үлгэр домог бишгүй л сонсч байсан ч ингэж дотор нь орж сэтгэл шархирч  байгаагүй санагдана. Домог хайлаад дууссаны  дараа  нэлээн олон хүн Дагийранз гуайн гэрт дагаад орлоо. Би гайхаад л суулаа. Гэтэл сүүлд мэдэхнээ  чулуу татуулах гээд орцгоож байсан юм билээ. Хувцасны эрхлэгч Самдан эгчээс “Би юм асуувал болох болов уу” гэсэн чинь намайг дагуулж ороод “Дагий, чи энэ хүүхдийг бас үзээдхээрэй” гэж захисан юм. Тэгээд багана түшээд найдвар багатай шиг  зогсч байтал “За  байз, энэ муу жаалыг үзээдхэе” гээд надаас юу үзүүлэхийг асуухад тулгамдсандаа, “Би ямар хүн болох нь вэ, миний ирээдүй...” гээд л өөрийгөө ч мэддэггүй мангар хүн аятай эв хавгүй юм хэлчихэв. Дагийранз гуай чулуугаа  буулгалаа. Тэгээд  доошоо хараад л  суугаад байх юм. Муу юм  гараад л хэлж болохгүй байгаа юм болов уу гэж бодоод дотор палхийгээд явчив. Тэгтэл гэнэт  хөмсгөө сөхөн  инээмсэглээд “Миний хүү, сайн явнаа. Чи олон жилийн дараа удаан хугацаагаар холоо явна гэж билээ” хэмээн дурссан байдаг ажээ.

Г.Жаргал

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]