Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Бидний сэтгэлд мөнхөрсөн Бага АаяаУншсан5,769

Монголын театрын домог болсон жүжигчдийн нэг Лувсанбалдангийн Лувсан олон сайхан жүжиг, кинонд бүтээсэн дүрээрээ үзэгчдийг сэтгэлд мөнхөрсөн билээ.

Монголын театрын домог болсон жүжигчдийн нэг Лувсанбалдангийн Лувсан олон сайхан жүжиг, кинонд бүтээсэн дүрээрээ үзэгчдийг сэтгэлд мөнхөрсөн билээ. Түүний бүтээсэн “Ирж яваа цаг” киноны Бага Ааяа өвгөний дүрийг үзэгчид тодхон санаж байгаа байх.

Тэрээр 1908 онд Төв аймгийн Баянцогт сумын нутаг Жирэм хэмээх газар төрсөн. Л.Лувсан гэдэг 18 настай жаал хүү 1926 оны “Майн нэгэн” хамтралд морин тэрэгчин байв. Том байгагүй түүнийг “Алаг морины Лувсан” гэж нэрлэдэг. 1931 онд цэрэгт татагдан Тамсагийн отрядад байлдагч, бага дарга, 1933 онд нисэх онгоцны жолооч болсон.

1935-1939 онд Баянтүмэнгийн нисэх хороонд дайрагч нисэгч, Баян-Түмэнд байлдаж явсан ахмад дайчин билээ.

 Л. Лувсан 1939 оноос хотын эд хэрэглэгчийн хоршоонд зааварлагчаар ажиллаж байв.

Бага наснаасаа сайн дурын уран сайханд явж, “Өргөмөл сувд” жүжгийн лам, “Ардын зориг” жүжгийн Хурц, “Цэнд комиссар” жүжгийн хиа зэрэг ролиуд болон олон тооны концертод оролцон тоглодог байж. Улмаар 1940 оноос УТТ-т дагалдан жүжигчнээр орсон.

Д.Сэнгээ, Ч. Лодойдамба нарын “Өөрийн замаар” (1954. УДЭТ) жүжигт Шагдарын төлөв, шударга зан, хиргүй цагаан сэтгэл, Л. Ванган, А. Дашням нарын Тожоо жолооч (1955. УДЭТ) жүжгийн эсрэг дүр болох Төмөрийн дүрийн хуучинсаг үзэл, дээрэлхүү зан танхай дураараа аашилдаг байдлыг маш үнэн, туйлын энгийн байдлаар гаргаж жүжигчний урлагийн түүхэнд амьд дүрүүдийг бүтээжээ. Лувсангийн бүтээсэн олон сайхан дүрүүдийн нэгэнд БНМАУ-ын Төрийн шагналт зохиолч Ч.Ойдовын "Далан худалч" инээдмийн жүжгийн далайн дүр юм.

Тэрээр театрын тайзан дээр төдийгүй кино дэлгэцнээ олон сайхан дүрүүдийг бүтээсэн. “Гэм нь урдаа” (1956) киноны Самдан, “Цэргийн хүү” киноны Дорж, “Талын цуурай” киноны Сэнгэ, “Хоньчин Найдан” киноны Молом өвгөн зэрэг киноны багахан ролийг нэлээд нэлээд тод томруун болгож жүжиглэсэн. Дүрийн маш сонин содон донжтой гаргаж чаддаг жүжигчин төдийгүй жижиг дүрийг гайхалтай амилуулж чаддаг байв.

"Жүжигчин Л.Лувсанг олны хэсэгт өмнөх планд гаргахаар үзэгчдийн анхаарал түүн рүү татагдаад гол дүрээ цохиж, дарчихаад болдоггүй учир найруулагч хамгийн арын планд байрлуулдаг байсан" хэмээн Ардын жүжигчин Д. Чимид-Осор гуай дурссан байдаг.  К. Станиславский "жижиг дүр гэж байдаггүй харин жижиг жүжигчин гэж байдаг" хэмээсэн байдаг. Л.Лувсан зохиолд төдий тод зурагдаагүй жижиг дүрийг уг дүрийн голлох дүрийн хэмжээнд хүртэл жүжиглэж чаддаг.

Бунтар найруулагчийн “Ирж яваа цаг” кинонд Лувсан гуайн тоглосон Бага Ааяа өвгөн “Охин үр минь өөрөө очдоггүй юм шүү” гэж сэтгэлээ шавхан хэлж буй Монгол өвгөдийн ухааныг харуулах хэсэг, "Өглөө" кинонд хэлтгий захтай дээл өмссөн Шарав Сүхбаатарын өрөөнд ороход Лениний зураг зурах тухай яриа болж, машинаар хүргээд өгье гэхэд нь "зүгээр би дэгдээд харьчихя" гэдэг хэсгүүдийг үзэгчид тодхон санаж байгаа байх.

Удам залгасан авьяас

Лувсан гуай арван хүүхдийн эцэг бөгөөд хүү Нямсүрэн нь жүжигчин болж "Намар нахиалсан мод" кинонд аавынхаа тоглосон Шагдарын залуу насны дүрд тоглосон юм. Түүнийг "Тань руу нүүж явна" киноны хүү Дарьсүрэнгийн дүрээр үзэгчид сайн мэдэх билээ. Нямсүрэнгийн гэргий Я.Оюунцэцэг мөн л жүжигчин. "Говийн зэрэглээ" киноны Номин, "Гарын таван хуруу" киноны Сүрэн зэрэг олон сайхан дүрүүдийг бүтээсэн юм.

Төрийн шагналт, Ардын жүжигчин Э. Оюуны "Би эндээс явахгүй" уянгын драмын жүжигт Лувсан гуайн тав дахь үе Ж. Ирмүүн дүр бүтээсэн. Тэрбээр Хүүхдийн ордны драмын дугуйлангийн сурагчдаас шалгарч уг жүжгийн Батын дүрийг бүтээжээ.

Л.Лувсан Алтан гадас одонгоор хоёр удаа шагнуулж, 1956 онд УГЖ цол хүртсэн.

Бүтээсэн дүрүүд:

Хоёр эзний ганц зарц (1938. УДЭТ),

Учиртай гурван толгой (1940. УДЭТ. Балганы дүр)

Гайхамшигт лимбэ (1940. УДЭТ. Хо Ваны дүрд)

Шарай голын гурван хаан (1941. УДЭТ. Цэнгэл баатарын дүр)

Нүүрэлдэлгээ (1941. УДЭТ. Кочины дүрд)

Хот айл (1942. УДЭТ. Батнасангийн дүрд)

Талын баатар (1943. УДЭТ. Партизан ламын дүр)

Хатанбаатар Магсаржав (1943. УДЭТ. Вандановын дүр)

Амарсанаа (1944. УДЭТ)

Урлал (1944. УДЭТ)

Цогийн идэр нас (1945. УДЭТ. Довдонгийн дүрд)

Ийм нэгэн хаан байжээ (1946. УДЭТ. Жимий жанжны дүрд)

Жаргалыг хүссэн Мөнхөө  (1947. УДЭТ. Ховчийн дүрд)

Далан худалч (1948. УДЭТ. Далайн дүрд)

Алтан ай  (1949. УДЭТ. Коруны дүрд)

Эрдэнийн Дорж (1950. УДЭТ. Жолоочийн дүрд)

Цасан хүү (1951. УХЗТ)

Өөрийн замаар (1954. УДЭТ. Шагдарын дүрд)

Тожоо жолооч (1955. УДЭТ. Төмөрийн дүрд)

Кремлийн цаг (1957. УДЭТ. Забелины дүрд)

Аль нь хэцүү вэ? (1958. УХЗТ. Уулын эзний дүрд)

Арвайхээрийн талд (1961. УДЭТ. Осорын дүрд)

Шаарлагдсан хүмүүс (1962. УДЭТ. Клеш дүрд)

Хар санаа хайр сэтгэл (1963. УДЭТ. Миллерийн дүрд)

Интоорын цэцэрлэг (1964. УДЭТ. Фирсийн дүрд)

Буутай хүн (1967. УДЭТ. Иван Шадрины дүрд)

Дэлгэцийн бүтээл:

Лувсан гуай 30 гаруй кинонд олон сайхан дүрийг бүтээсэн.

"Цогт тайж" Дайчин хиа

"Гэм нь урдаа" Сандаг

"Ардын элч" гамин цэрэг

"Үүрээр" Хайруул

"Улаанбаатарт байгаа миний аавд" худалдан авагч

"Өглөө" Шарав

"Түмний нэг" гутал хайчилдаг өвгөн

"Хүргэн хүү" жолооч

"Цэргийн хүү" Дорж

"Ирж яваа цаг" Багаяа

"Ингэх гээд байсан юм" жимсчдийн манаач

"Намар нахиалсан мод" Шагдар

"Дайсны цэргүүдээ сонсоцгоо" тагнуул өвгөн

"Давааны цаана даваа" Дугар

"Эхлэл" Сүх (Топорь)

"Хоньчин Найдан" Молом өвгөн

Сэтгэгдэл 2ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2020, 8 сар 22. 14:27
Магнай

Дэпгэцийн уран бүтээлийн сор нь юм даа. Гэхдээ Вандановын дүр гэдэг нь худлаа болоод л явчихлаа шүү. Энэ эндүүрэл болсон байх аа...

2020, 8 сар 23. 0:02
Зочин

1943 онд тавигдсан хатанбаатар Магсаржав жүжгийн вандановт тоглосон гэж ойлголоо

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]