Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Б.Ринчен: Баавгай шиг сэгсгэр том амьтан адуун дунд хавчуулагдаад босоогоороо үхсэн байсанУншсан194,351

-Дөчин таван оны өвөл юмдаг. Нэг шөнө Маршал Х.Чойбалсан утасдаж...

Төрийн шагналт, Монголч эрдэмтэн, Хэл бичгийн ухааны доктор, орчуулагч, нэрт зохиолч Б.Ринчен гуайн тухай “Эх хэлээ эс мэдвээс элэг доог болохын зовлон буюу” хэмээх нийтлэлийг Монгол телевизийн ахмад сэтгүүлч Магсарын Чойжил “Зохист Аялгуу” сонинд хэвлүүлж байсны хэсгээс хүргэж байна.


Ринчен гуай ногоон туяатай цоглог тунгалаг нүдээ гэрэлд гялбасан мэт нэг том болгон егөөтэй маягаар байдлыг ажил инээмсэглэж харах буюу тэргүүнээ духуйлган нүдээ аних сацуу аанаа л ярьж байгаа зүйлээ дүрслэн бодож эсвэл санаанд ороогүй юмаа шивнэн дуудах мэт болсны дараа ярьсан зүйл нь арга буюу сонирхол татна.

 

-Төр төмбөгөр, ёс ёмбогор гэдэг. Монгол хүн хоёр гарынхаа алгыг дээш харуулан золгох, өрнөдийнхөн гар барих нь хутгалах санаагүй гэснийг илтгэнэ. Төвд хүн хэл гарах нь хараал хийхгүй, хар хэл ам гаргахгүй гэсний тэмдэг юм. Малчин ард их юм боддог улс. Нутаг бэлчээрээ хуваарилан шилж сонгоно. Нар сар, од, гариг, огтоно, шувууны араншинг ажиглан тэнгэр ямар болохыг мэднэ. Хээр хоёр хүн уулзаад тамхилдаг. Энэ нь хүний тамхинд шохоорхсон хэрэг биш. Цаг уурын шинжилгээ хийж байгаа хэрэг. Миний ганс зүгээр байхад энэ хүний ганс битүүрчээ. Хаанаас гарав гэх зэргээр асууж бороо орох нь гэдгийг мэдэж авна. Малын шээс баасыг хараад лабораторийн шинжилгээ хийх мэт нэвт шувт ажиглаж, малын тарга тэвээрийг мэднэ.

-Чоно нохой тайван уу гэж асуудаг. Гөлөглөх үеэр нь чонын ойр буудаг. Чоныг чоноор ингэж хамгаална. “Чоно үүрэндээ өлзийтэй” гэсний учир энэ.

Айлд ороход сэтэрхий аяганд цай хийж өгдөггүй шүү дээ. Тогоо хагарах, шаазан сэтрэхдээ “үхлээ” гэж дуугарлаа хэмээн цээрлэдэг. Хүүхдийг аяганы эрлэг гэдэг. Зүүсэн хонх нь дуугарахаар эрлэг айна. Чоож зүүхээр түлхүүр ээжид нь байдаг. Тогтдоггүй хүүхдэд чоож гэж нэр өгдөг. Уяатай бол эрлэг яаж авах билээ.

Ардуудын хэлдэг нэр томъёог сайтар судалж тэмдэглэн авч байвал сайн сан. Малын өнгө зүс, нас шүд, бог, урт хөлийн мал, богино хөлийн мал гээд мэдэх юм их бий.

Ер нь та нар юм бичихдээ ч, хэлж ярихдаа ч баярлах юманд магнайгий нь хагартал, гомдох юманд голыг нь харалтал нэг оносон үг олж хэлэх хэрэгтэй гэсэн Ринчен гуайн зөвлөгөөг эрэгцүүлэн бодлоо.

-Та “Их говийн зоригтон хүмүүс” найрууллаа хэрхэн бичсэн ярьж өгнө үү гэж гуйв.

-Дөчин таван оны өвөл юмдаг. Нэг шөнө Маршал Х.Чойбалсан утасдаж саяхан Дорноговь аймагт хүчтэй цасан шуурга болж, хоёр эх оронч хүн далан мянган адууг ээрэн тогтоосон байна. Маргааш тэр хоёрын энгэрийг цоолно. Чи сэтгүүлч хүн тэдний хийсэн гайхмаар их юмыг хүн үнэмшихээр сүр бадруулан том бичээрэй. Дотоод яамны сайд Шагдаржавтай яриарай. Тийшээ очоод ирсэн юм. Одоо яамандаа байгаа байх гэжээ. Шагдаржав сайдад найруулал бичих гэж байгаагаа хэлээд тэр болсон явдлын тухай дэлгэрэнгүй ярьж өгнө үү гэв.

-Цасан шуурганд уруудсан далаад мянган адуу нэг захаас нөгөө зах хүртэл хагас өртөө өргөн зайтай болохоор дуу хүрэхгүй, ардууд өдөр шөнөгүй морь юүлж давхиад давхиад дийлэхээргүй байжээ. Баянмөнх сумын Балдан, Дамбадаржаа хоёр толгойлсон байна. Нэг нь цэргээс халагдсан, нөгөө нь нутгийн залуу юм.

-Тэр хоёр аймагтаа мэдэгдэж үү?

-Жирийн малчин улс билээ. Тэгэх зав гараагүй гэнэ.

Ингэж бага сага юм мэдэж авлаа. Малчдад албан хаагч шиг хувийг хэрэг, биеийн байцаалт байх биш дээ. Байлаа ч гэсэн хүмүүсийн чин зориг, хүч чадал, сэтгэлийн агуу гайхамшгийг тиймэрхүү бичгээс магадлаж мэдэх аргагүй билээ.

-Та говь руу явсан уу?

-Үгүй ээ. Найрууллын баатартай ч уулзаагүй. Хотод сууж байгаад бичсэн. Сурвалжлагч нар зун бол би хөдөө явъя. Би явъя гэдэг л дээ. Өвөл болохоор архаг өвчтэй гээд ямар явах биш. Харин би шуурганаар өвөл хөдөө явдаг байсан. Нэг удаа нүдгүй шуурганаар Өмнөговь орохоор явсан. Зам салахыг ч мэдэх аргагүй. Аймаг оролгүй төөрөөд Цогтцэцийд очсон. Дараа нь Даланзадгадад ирсэн юм. Ингэж явамдаа их цасан шуурга үзсэн. Говийн хүмүүсийн өгөөмөр нинжин сэтгэлийг таньж, Төв аймгийнхан шиг харамч улс биш юм байна гэдгийг мэдсэн. Дарга манаач хоёрын хэн нь үнэн юм ярьдгийг ойлгож авсан юм. Саяын их цасан шуурганы дараа малын хүүр сэг дотор говьд байдаггүй баавгай шиг сэгсгэр том амьтан адуун дунд хавчуулагдаад босоогоороо үхсэн нь мухар том сарлагийн бух байжээ. Энэ бол их олзуурхмаар баримт байсан.

Сурвалжлагч хүн хүнтэй харилцахад их учир бий.

-Сайн уу? хичнээн мал үхсэн бэ? гэж ярьдаг хүн бий. Нэг бол хотын албан хаагч. Нэг бол лам явсан хүн байж таарна. Та нар хөдөө явахдаа дарга нарынхаа баталсан төлөвлөгөөнөөс гадна оноосон юмнаасаа өөр янз бүрийн юмыг мэдэж тэмдэглэж авч байвал сайн сан…

Би энэ яриаг сонсож суухдаа Москвагийн их сургууль төгсөх жил-1965 онд найрууллын тухай оршил, таван найруулал бүхий “Халуун сэтгэлт хүмүүс” гэсэн дипломын ажил бичихдээ Ринчен гуайн “Их говийн зоригтон хүмүүс” алдарт найрууллыг хэдэнтээ уншиж, Монгол найрууллын шилдэг жишээ болгосноо сайтар санаж, их бичгийн хүний авьяас билгийг бишрэн гайхсан юм.

Сүүлд ирэхдээ Ринчен гуай галын домог ярьсан билээ.

-Манай Прометей бол хараацай юм. Дунд тивээс тэнгэрийн галыг авчруулахаар жижиг биетэй, түргэн нисдэг болохоор нь хараацайг явуулжээ. Тэгээд хараацай дээд тивийн дээд тивийн хоол хийж байсан айлын галаас аваад зугтсанд авгай нь галын хайчаар жигүүрийг нь хавчсанаас салаа сүүлтэй болжээ. Доод тивийнхэн дээд тивээс хараацай гал хулгай хийснийг мэдээд дунд тивээс гал авчруулахаар удган эрвээхэй явуулжээ. Тэр эрвээхэй цог авч чадалгүй дөл авсан юмсанж. Тэгээд шөнө бүхэн гал авахаар ирдэг болжээ.

Өөр нэг домогт тэнгэр, бэрд, хүн гурав говиос уух юм олоод сайхан муухай үнэрээр нь шинжсэн тухай гардаг. Тэгээд тэр уух юмаа тэнгэр-рашаан, бэр-эдээ, хүн-ус гэсэн юм гэдэг.

Ринчен гуай юм ярихдаа юүхэн үүхэн түүж цаг барахыг боддоггүй, харин мэдлэгийн далайд хаашаа ч чөлөөтэй сэлэх адил нэг юм ярьж байснаа аяндаа нөгөө сэдэв рүү хальж аливаа нууцыг тайлж тайлбарлах нь бахтайсан.

Тэгэхдээ аядуу тайван хүүрнэн ярих бөгөөд заримдаа дуу нь үл сонсогдон аман дотроо бувтнах шиг болно. Танхимд шивэр авир чимээ гаргавал бүр аяархан ярьдаг сан. Амнаас унасан болгон нь алт байж дээ. Бидний хувьд бол дуулсан болгон нь л эрдэм болсон юм. Үүнээс хойш ард олныхоо дунд ам дамжин домог мэт мөнхөрсөн суу билигт мэргэн буурал энэ эрдэмтний амнаас дахин үг сонсоогүй билээ.

1977 оны гуравдугаар сарын дундуур Москвад суудаг Английн сурвалжлагч манай сурвалжлах салбар луу утасдаж,

-Танай нэг нэртэй эрдэмтэн нас барсан мэдээ байна гэж надаас лавлан асууж билээ. Б.Ринчен гуай өөд болсон тухай манай төвийн хэвлэлээс Москвад зардаггүй “Хөдөлмөр”, “Урлаг, утга зохиол” сонинд товчхон мэдээ төдийг нийтэлснийг уншсан юм. Харин “Литературная газета” сонины гуравдугаар сарын 16-ны дугаарт “Б.Ринчен таалал боллоо” гэсэн арай дэлгэрэнгүй мэдээ гарснаас гадаадынхан мэдсэн бололтой. Дараа нь хэвлэлийн бага хурал дээр Америкийн сурвалжлагч уулзаад,

Монголд Солженицын мэт хавчигдсэн алдартай эрдэмтэн зохиолч нас барсныг манай нэг сонин мэдээлсэн байна билээ хэмээн ярьж байв. “Булавч бултайна. Даравч дардайна” гэдгийн үлгэр энэ буюу...

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]