Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Онц буудагч Оюунбатыг ав!Уншсан24,319

Тэр үед Сэргийлэхийн сайдын шалгалт эхэлчихсэн байсан. 1978 он шиг санаж байна. Зэвсэглэсэн хэрэгтнүүд оргоод хоёрыг нь манайхан Гахайн заводын хашаа руу зугтаалгаад оруулчихсан байв.

Улс орны болоод хүмүүний намтар түүх өгүүлсэн, өөрөө түүх болж үлдсэн хуучны хөрөг ярилцлага, нийтлэлүүдийг манай сайт сэргээн уншигчдадаа цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа 90-ээд онд олон чөлөөт хэвлэл үйл ажиллагаа явуулж байх үед захиалагч, уншигчдынхаа тоогоор толгой цохиж явсан "Нүгэл буян" хэмээх сонинд 25 орчим жилийн өмнө нийтлэгдсэн Кримининалистикийн шинжилгээний төвийн биологийн шинжээч Г.Оюунбаттай хийсэн ярилцлагыг онцолж байна. Ярилцлагыг сэтгүүлч Д.Наранчимэг хийжээ. Дашрамд энэхүү контентыг Монгол Улсын цагдаагийн байгууллагын 100 жилийн ойд зориулав.

-Танай лаборатори бусад олон лабораториудаас юугаараа ялгаатай, юу шинжилдэг юм бэ?

- Манай лаборатори амьтны гаралтай эд эсийг шинжилдэг биологийн лаборатори. Тухайлбал цус, үс, ялгадас, шүлс, хөлс, үрийн шингэнд шинжилгээ хийж мөрдөн байцаалт, шүүхэд хэргийн нотолгоо болох дүгнэлтийг гаргаж өгдөг.

-Бохирдуу материалтай ажилладаг юм байна. Нян халдвараас сэргийлэх хэрэгсэл юутай байдаг юм бэ дээ?

-Бий. Энэ бүхэнтэй харьцахад цагаан халат, бээлий, маск, ариутгал, спирт, халбага хямсаа гээд эмчид шаардлагатай бүхэн бий. Тэр ч байтугай сүүний нормтой.

-Мэс заслын эмчид байдаг бүхэн л бий юм байна. Та энэ мэргэжлийг анх яаж сонгож авсан бэ?

-Би энэ мэргэжлийг урьд хүсч мөрөөдөж явсангүй. Ийм мэргэжил хорвоо дээр байдгийг ч мэддэггүй байсан. Эмч болохыг мөрөөдөж, АУДэС-ийг төгссөн. Тэгээд санаандгүй хувь тохиолоор энэ ажилд орсон юм. Цааш нь үнэнийг дээдэлж ялалтад хүргэх шударга алба миний сонирхлыг улам улам татаж, бүхий л амьдрал хувь заяагаа зориулах болсон. Цагдан сэргийлэх байгууллагад ажилласнаараа би алдаагүй харин бахархаж явдаг.

- Эмэгтэй хүн Цагдан сэргийлэхэд ажиллахад хэцүү байдаг уу?

-Огтхон ч үгүй. Шинжилгээний лабораторийн ард суух, микроскопоор дурандах, ультра туяагаар шинжих, химийн уусмалуудаар эд эсийг урвалдуулах ажилд эр эмийн ялгаа юу байх билээ. Сэргийлэхийн криминалистик анх үүсэхээсээ л Сэлэнгэ, Гүндийжав гээд эмэгтэй шинжээчдээр эхэлсэн удамтай юм билээ. Надтай мөр зэрэгцээд олон шинжээч бүсгүйчүүд ажилласан. Одоо ч ажиллаж байна. Ер нь орчин маань цагдан сэргийлэхийн эрчүүд л дээ. Тэд чинь даруу, соёлтой, дэг захиргаатай сайхан хүмүүс. Би ийм хамт олны гишүүн байснаараа бахархдаг. Бүсгүй аалинд нөлөөлсөн гэж үздэггүй. Харин ялгаатай нь эрчүүдтэй орчинд хов жив мэдэхгүй, элдэв үнэт эдлэл, мөнгө хөрөнгөнд хорхойсдоггүй, ажил хэрэг яримтгай л хүн болсон байх. Манайх гуван хүүтэй, нөхөр маань заримдаа 4 хүүтэй гэж  хошигнодог. Бодвол эр хүн шиг чанар байдаг л биз. Бас, Моюу гуайн нөлөөгөөр гайгүй сайн буудагч болсон. Гар бууны спортын мастер. Харин энэ мэргэн буудагчийн нөлөөгөөр жинхэнэ цагдан сэргийлэхийн эрчүүдийн ажилд нэг удаа дайчлагдахад хүрч билээ.

-Үүнийгээ жаахан тодруулахгүй юу?

-Тэр үед Сэргийлэхийн сайдын шалгалт эхэлчихсэн байсан. 1978 он шиг санаж байна. Зэвсэглэсэн хэрэгтнүүд оргоод хоёрыг нь манайхан Гахайн заводын хашаа руу зугтаалгаад оруулчихсан байв. Нэмэгдэл хүч гаргаж отолт хийх болоход “Онц буудагч Оюунбатыг ав!" гэжээ. Бид Гахайн заводыг бүсэлсэн. Гарч ирвэл буудалцахад бэлэн байв. Бүсгүй хүн амьтан руу буу сумлаад шагайна, тэр тусмаа хүн рүү чиглүүлж буудна гэдэг ямар хүнд ажил болохыг тэгэхэд би мэдэрсэн. Азаар тэр үед буудах шаардлага гараагүй. Бид бүслээд гарч ирэхийг шаардтал тэд бүслэгдсэнээ мэдэрсэн байсан. Хоёр удаа буу дуугараад чимээгүй болмогц манайхан гүйгээд орцгоосон. Хоёулаа амиа хороочихоод тэлчилж байсан.

-Ажиллах хугацаандаа хичнээн шинжилгээ хийгээ бол, тооцоо бий юу?

-Байлгүй яахав (гээд 3 том журнал гаргаж ирснээ нэгнийх нь хуудсыг эргүүлээд), 3221 дэх шинжилгээ хийж явуулаад байна.

-Шинжилгээгээр илрүүлсэн хэргээсээ дурдахгүй юу?

-Хэрэг илрүүлнэ, тухайн хэргийг аль нэг этгээд үйлдсэнийг батална гэдэг чинь олон ажилтнуудын нөр их хөдөлмөрөөс бүтдэг цогц ажил байдаг учир аль нэг хэргийг “би л илрүүлчихлээ” гэж хэн нэг нь өмчилдөггүй юм л даа. Хэргийн хувь заяанд шийдвэрлэх нөлөө үзүүлсэн шинжилгээ байдаг. Би төрөл бүрээс нь ганц нэгийг дурдахыг хичээе. 1987 онд Налайхад Б гэдэг 60 гарсан эмэгтэй гэртээ хорлогдож нас барсан байсан. Сэргийлэхийн ажилтнууд нөхрийг нь сэжиглээд хорьчихсон шалгаж байв. Эхнэр нөхөр хоёр хоорондоо таарамжгүй, мөнгө төгрөгөө тусдаа барьдаг байсан аж. Нас барагчийн бэлхэнцгээс мөнгө гарч байсан. Хохирогчийн цогцосны хажууд хөлийн мөр нэг ширхгийг олсон. Энгийн нүдээр харахад цусан дээр гишгэсэн хөл нүцгэн хөлийнх болох нь тод хээтэйгээ гарсан байсан юм. Шинжилгээ хийхэд нүцгэн хөлийнх биш оймстой хөлийнх тэгэхдээ нөхрийнх нь ч биш, нас барагчийн өөрийнх нь ч биш байсан. Ингээд нөхрийг суллаж, удалгүй хэрэгтнийг энэ мөрөөр олж тогтоосон.

1992 онд Дорнодод гарсан хүн амины хэрэгт (нэг хүүхнийг дүүтэй нь...) сэжигтэн Б-ын дээлэнд шинжилгээ хийхэд энгийн нүдэнд ажиглагдахааргүй угааж цэвэрлэсэн ханцуй нь цусанд бохирдсоныг тогтоож уг хэргийг илрүүлэхэд шийдвэрлэх ач холбогдол өгсөн.

Улаанбаатар хотод 100 айлын зам дээр 8 настай эрэгтэй хүүхэд машинд дайрагдаж нас барсан. Дайрсан машиныг олох гэж автын байцаагч, төлөөлөгч нар бүхий л авто парк, гарааш, замаар яваа машинуудад үзлэг шалгалт хийцгээж нэг машинаас хоёр ширхэг үс олж ирсэн. Нас барагчийн үстэй харьцуулахад бишээр барахгүй олдсон үс нь ерөөс хүний үс биш байсан. Гэхдээ хохирогчийн малгайг авчирч шинжлэхэд, бүтэц химийн найрлагаараа хохирогчийн малгайн үс мөн болохыг тогтоож энэ хэргийн эзэн батлагдсан юм.

1991 онд 5-8 насны охидыг хүчирхийлсэн хэргүүд олноор гарч байлаа. Нэг өдөр Б гэдэг хүний хэрэг дээр хэргийн нотолгоо болгож өгсөн үрийн шингэнийг шинжлэхэд хохирогч нарын өмднөөс авч шинжилсэн үрийн шингэний бүлэгтэй тохирч байсан тул тэр үед шалгаж байсан төлөөлөгч, мөрдөн байцаагч нарт энэ тухай мэдэгдэж, дүгнэлт гаргаж өгснөөр уг хэргүүдийг Б гэгч бүлэглэж үйлдээд байсан нь тогтоогдсон. Уг хүмүүсийг баривчилснаас хойш ийм хэргүүд гарахаа зогсчихсон.

1986 онд Зүүнбаянгийн цэргийн ангийн харуулын байр шатаж, харуулын цэрэг Т ор сураггүй алга болсон хэрэг гарсан юм. Байлдагч Т-г оргосон гэж үзэж нутаг ус, ар гэрийнхнээс нь сурвалжилж байсан. Биднийг хэрэг болсон газар дээр очиход байшин бүрэн шатаж нурам болсон, нурман дотор элдэв төмөрлөг зүйлс, хайлсан шил, тушаах гэж цуглуулсан ясны шатсан нүүрс угтсан. Шинжилгээ үзлэг олон хоног, цагаар үргэлжилсэн. Яснуудыг шинжилж байтал нэг нугалмай малынх биш, хүнийх болох нь шинжилгээгээр тогтоогдсон. Үүний дотор эд эсээс өчүүхэн хэсэг олж нарийн шинжилгээ хийгээд байлдагч Т-гийн эмнэлгийн картанд тэмдэглэгдсэн, цусны бүлэгтэй харьцуулахад ижил байснаар байлдагч харуулын байрандаа нас баржээ гэдэг нь тогтоогдож, цэргийг эрэн сурвалжлах ажлыг зогсоосон. Заримдаа хамт шатаж байгаа материал, галын эрчмээс шалтгаалж цогцос бүрэн шатаж болдог.

Энэ мэтчилэн хэрэгт ач холбогдол бүхий шинжилгээ хийж дүгнэлтүүдийг гаргаж өгдөг. Мэдэж байгаа нь энэ. Ихэнхдээ бид мөрдөн байцаагчаас ирүүлсэн эд зүйлийг, түүний тогтоолдоо тавьсан асуултынх нь дагуу дүгнэлтийг гаргаж өгдөг. Энэ маань хаанахын хэнийг яллах баримт болж, хэнийг нь суллаж байгааг мэдэхгүй өнгөрөх нь олонтаа.

Бид мөрдөн байцаалтын ажиллагаанд туслах ажил хийдэг. Сэжиглэгдэж байсан олон хүн холбогдолгүй болох нь шинжээчдийн дүгнэлтээр батлагдаж цагааддаг.

-Ихээхэн бэрхшээлтэй шинжилгээ ирдэг үү?

-Ирэлгүй яахав. Монгол Улсад малын шинжилгээ их ирдэг. Тухайлбал надад нэг борц ирсэн. Үүнийг “Адууны борц уу, гүүний борц уу?” гэдгийг тогтоолгохоор ирүүлсэн. Америк, Япон, Орос, Хятадын аль ч шинжилгээнд байхгүй. Ийм техник, шинжилгээний арга тогтоогүй байгаа. Би ч тогтооно гэж хэлж баталж мэдэхгүй байна. Тэгэхэд манай захын малчин үүнийг чинь дор нь хэлээд өгнө. Энд Монгол үндэсний шинжлэх ухаан үгүйлэгдэж байна.

Заримдаа малчин “Би бяруугаа уржнан алдсан. Гэтэл тэр сумын малчин тэрний шар мөн шиг байна. Эхийнх нь цусны бүлгийг уг шарны цусны бүлэгтэй харьцуулаад тугал нь мөн эсэхийг тогтоогоод өгөөч!” гээд хоёр янзын цусны бүлэг илүүлсэн байдаг. Гэтэл малын цусыг хүнийх шиг группэлдэггүй. Цаашлаад ямар бухын үр удам бэ гэдгийг тогтоохоос эхлээд бэрхшээл гарна.

Монголд шинжлэх ухааны нээлт үгүйлэгдэж байгаа. Өөр ямар ч улс оронд түгээмэл биш хэрэг манайд байдаг онцлогтой. Харин дашрамд хэлэхэд хүний цусыг шингэнээр нь орон нутгаас явуулсан шуудан унаанаас болоод удаж өмхийрч нян үржиж, найрлага алдан шинжилгээний дүгнэлт өгөх боломжгүйд хүрдэг. Иймд орон нутгаас хүний цусыг шинжилгээнд явуулахдаа хатаагаад явуулах нь дээр байдаг. Хатаасан цус шинжилгээнд бүрэн тэнцдэгийг мөрдөн байцаагч нартаа хэлмээр байна.

-Өөрийнхөө энэ ажил мэргэжлийн ирээдүйг хэрхэн төсөөлж байна?

-Биологийн шинжилгээ цаашдаа хөгжинө. Хөгжүүлэх ч шаардлагатайг би дээр хэлсэн. Ойрын зорилт гэхэд л “Генная дактилоскопия” өөрөөр хэлбэл, хатсан цус, шүлсэнд удамзүйн (генийн) шинжилгээ хийгээд шууд “мөн”, “биш” гэж дүгнэлт гаргадаг компьютер маягийн аппарат байдаг. Үүнийг авахад шаардагдах зардал, тооцоог хийгээд өгчихсөн. Хөрөнгө төсөв нь хүрээд үүнийг аваад ирвэл биологийн шинжилгээний нэлээд ажил хөнгөвчлөгдөж, тэргүүний техник төхөөрөмж нэвтрэхэд нэг алхана гэсэн үг.

-Манай сонины талаархи бодлоо хэлэхгүй юу?

-Бид сониноороо бахархаж, та бүхэнд баярлаж явдаг. Товчхон хэлэхэд, орхиод уншчих гарчиг байдаггүй хэрнээ ганцхан талхны үнэтэй л сонин доо.

-Та өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?

-Би 1949 онд Улаанбаатар хотод төрсөн. 1971 онд АУДэС-ийн эмчилгээний анги төгссөн. 1975 оноос УЦСЕГ-ын (тэр үеийн нэрээр) криминалистикийн хэлтэст шинжээчээр орж ажилласан. Нөхөр гурван хүүхдийн хамт амьдардаг, буудлага, теннис сонирхдог. “Онц сэргийлэгч” тэмдэг, байлдааны болон ойн медалиудын шагналтай.

Сэтгэгдэл 6ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2018, 1 сар 18. 5:15
Зочин

topwar.ru гэж оросын цэргийн алдартай сайт байдаг юм оросууд Чингис хааны цэргүүдийг ядуу хувцастай үсэн малгайтай хуягт хантаазгүй хуягт дуулгагүй байсан гэдэгт итгэдэг олон орос уншигчтай Мөн Монголын байлдан эзлэлт гэж байгаагүй ярьж бичдэг оросууд олон бий Энэ сайтанд Ираны эмч түүхч Рашид Ад Диний 14 р зуунд бичсэн Судрын чуулган номонд Монгол цэргийн хуяг дуулгыг Иран загвараар зурсан бодит түүхэнд оросууд итгэхгүй зарим нь комик зураг байна гэсэн Тэр үед Исламын шашин зураг зурахыг хориглодог байсан Иран зураг бол Монголчуудаас сурсан зураг байсан Юан улс мөхөхөд Мин улсын анхны хаадууд Монголтой холбоотой бүх зүйлийг эвдэж шатааж устгаж хориглож байсан юм Хятадад Монголтой холбоотой маш их түүхэн материал бий

2017, 7 сар 3. 14:31
Зочин

Ямартай ч манж дахиж хэзээ ч сэргэхээргүй мөхсөнд хойч үе бид баярлах юм даа

2017, 7 сар 3. 18:59
Зочин2

овоо ядмаг сэтгэх юм даа чи

2017, 7 сар 3. 13:16
Зүүнгар

Увсын Дөрвөд, Баядууд бол Даваачаас дүрвэн одоогийн Монгол улсын нутагт ирсэн бөгөөд Захчины хар Аюуш бол Дөрвөд хүн биш

2017, 7 сар 3. 13:14
Зүүнгар

Оросын судлаач Кычанов Өөлдийн Харбаатар Аюушийн талаар мэдээлсэн. Өөлдийн Харбаатар Аюушийг Захчины Харбаатар Аюуш гэж зарим түүхчид бичсэн.

Өөлдийн Харбаатар Аюушийн зураг Бээжин хотноо байрлах хааны ордонд байсан. 260 алдар гавьяатны нэг болж зураг нь байсан бөгөөд 1909 онд дайны хөлд устах нь устаж ихэнх нь гадаадад гарах үед азаар Харбаатар Аюушийн хоёр хөрөг үлджээ.

Тэр ойрдын сүүлчийн хаан Даваачийг барьж Манжийн хааны алдар хүндийг хүртсэн билээ. Түүнийг нас барахад шарил дээр нь Манжийн хаан эмгэнлийн бөгөөд сэтгэлийн үгээн хэлж нулимсаа унагаж шүлэг хайлсан билээ. Одоогоор судлаачид түүнийг эрэн сурвалжилж байна.

2017, 9 сар 14. 18:21
Зочин ах

манж дайчин улс гэдгээ болиоч. да чин буюу их алтан улс гэсэн үг бус уу? да хүрээ-их хүрээ гэдэг бус уу?

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]