Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Эртний Ромын эмэгтэйчүүд яагаад жилдээ 3 хоног “зугаалдаг” байсан тухайУншсан25,669

Түүний санаачилсан хуулиар бол гэр бүлгүй ганц бие хүмүүсийн эрхийг тодорхой хэмжээгээр хязгаарлаж, олон хүүхэдтэй айл өрхөд илүү давуу байдал олгох ёстой байв.

 Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Эртний Ромын эзэн хаан Октавиан Август нь улс орныхоо хөгжил цэцэглэлт, ард иргэдийнхээ ёс суртахуунд нэг л сэтгэл дундуур. Тухайн үед төр улсыг засаглахад ард иргэдийн ёс суртахууны нөлөөг маш өндөрт үздэг байсан учир Октавиан ийн бодох нь аргагүй байсан биз.

Тэрээр манай эриний өмнөх 18 оноос энд тэндхийн эрдэмтэн мэргэдтэй уулзаж, санаа сэтгэлийг зовоож явдаг зүйлийнхээ тухай ярилцан, гарах гарц арга зам хайж эхэллээ. Олон ч хүмүүстэй ярилцаж уулзсаны дараа Ромчуудын харамч, хувиа бодсон зан байдал л энэ бүхний эх үүсвэр гэсэн ойлголтод хүрчээ. Тухайн үеийн ромчуудын хувьд  гэр бүлтэй болж, үр хүүхэд өсгөн хүмүүжүүлэхээс зайлсхийж, ганц биеэрээ, эрх дураараа амьдрах нь “тренд” болж байлаа. Ийм хүмүүс зөвхөн хувиа л бодохоос биш хэн нэгний өмнө үүрэг хүлээнэ гэж байхгүй, улс орны эрх ашигтай холбоотой чухал асуудалд ямар ч ач холбогдол өгөхгүй, зөвхөн хувийн эрх ашиг л бодно. Үр дүн нь Ром улс ялзран доройтож байлаа.

Октавиан үүнээс гарах арга зам оллоо. Тэрээр түүхч Квинт Цецилия Меттела гээчийн 100 жилийн өмнө бичсэн “ улс орон, төр засгийн үндсэн суурь тулгуур бол гэр бүл юм” гэсэн үгийг цээжлэн авч Сенатын хурал дээр үүнийгээ өндөр дуугаар хэлж, гэр бүлийн шинэ хууль гаргах хүсэлтэй байгаагаа танилцуулан, ач холбогдлыг нь чадлаараа тайлбарласан байна.

Түүний санаачилсан хуулиар бол гэр бүлгүй ганц бие хүмүүсийн эрхийг тодорхой хэмжээгээр хязгаарлаж, олон хүүхэдтэй айл өрхөд илүү давуу байдал олгох ёстой байв.

Юун түрүүнд ганц бие хүмүүс нь зарим төрийн ажил хийх, албан тушаал хаших эрхгүй болох ба үүнд улс төрийн албан тушаалууд бүгд багтаж байлаа. Сенаторууд мэдээж үүнийг дэмжиж байгаагаа мэдэгдэвч дотроо бараг бүгд л дургүй. Өөрөө биш юмаа гэхэд үр хүүхэд нь ганц бие, тэгээд аавынхаа сенаторын суудлыг ирээдүйд авах сонирхолтой нь тодорхой учир ийм хууль тэдний замд саад тээг болно. Тиймээс сенаторууд энэ “зөв зүйтэй хуулийн” ядаж энэ заалтыг түр хойшлуулахгүй бол олон дайн дажны нэрмээсээс салж чадаагүй Ром улсын дотор дахиад үймээн самуун болж болох юм гэх зэргээр эсэргүүцэж эхэллээ.

Гэсэн ч Октавиан зорьсондоо хүрэхээр хатуу шийдэж зүтгэсээр хуулиа батлуулж чадсан байна. Энэ хуулиар Ромын ганц бие язгууртнууд гэрлэх ёстой болох ба (эрэгтэй 60 наснаас доош, эмэгтэй 50 наснаас доош) гэрлээгүй тохиолдолд олон нийтийн арга арга хэмжээнд оролцох эрхгүй болж. Мөн гэр бүл болоогүй өв залгамжлагчид нь гэр бүл болтлоо өөрийнхөө өвлөж авах хөрөнгийг захиран зарцуулах эрхгүй...

Бас шинэ хуулинд гэр бүл дэх үндэс угсаа, гар үүслийн тухай тодорхой тусгасан ба язгууртнууд нь боол байсан хүний охинтой гэрлэхийг хориглосон байна. Мөн “үнэнч бус” эхнэртэй эрийн гэр бүл салах хүсэлтийг түргэвчилсэн байдлаар шийдэх боломжтой болгож, тэрхүү “үнэнч бус” эхнэрийн нууц амраг нь эрх чөлөөт хүн бол өндөр хэмжээний торгууль хүлээлгэх цөлөх, харин боол байгаад (мөн боол байгаад эрх чөлөөтэй болсон хүн адил)  “үйлдэл” дээрээ баригдсан бол язгууртан эр нь эхнэрээ, нууц амрагтай нь хамт алах эрхтэй болжээ. Бас нөхөрт гарсан охин нь өөр хүнтэй “ойрхон“ байхыг эцэг нь харсан бол охиноо, амрагтай нь цуг гэмт хэргийн газар дээр нь заавал алах ёстой гэх мэт.

Ингээд хууль хүчин төгөлдөр болсны дараа санаанд ороогүй талаас эсэргүүцэж эхэлсэн нь эмэгтэйчүүд байлаа.

Манай эриний өмнөх V зуунд гарсан хуулиар бол ”эрэгтэй эмэгтэй хүн нэг гэрт ороод бүтэн жилийн турш хамтдаа байсан бол гэр бүл гэж тооцно. Харин эмэгтэй нь энэ хугацаанд 3-аас дээш хоног гэртээ байгаагүй бол гэр бүл гэж тооцохгүй” гэсэн заалт байж. Энэ хуулийн заалтын дагуу Ромын ихэнх эмэгтэйчүүд нь жилдээ ядаж нэг удаа хамт амьдардаг эрчүүд хүүхдээ орхин 3 хоногийн турш ээж аав дээрээ, зарим нэг нь “танил хүнийхээ гэрт” очдог, “зүгээр зугаалдаг” уламжлалтай байв. Нэг ёсондоо албан ёсоор хүний эхнэр болох сонирхолгүй байсан гэсэн үг.

Ёс суртахууны хувьд дампуурч байсан Ромын эмэгтэйчүүд гэж тийм завхарсан хүмүүс байсан хэрэг үү?  Үнэндээ бол тэрхүү эмэгтэйчүүд нь нөхөрт гарахаас дургүйлхсэн биш харин хадам аав ээжийн харц дор бөмбөгнөж байхаас л зугтаж байсан гэдэг. Учир нь тухайн үед айлын бэр болно гэдэг нь нэгэн гэр оронд нөхрийнхөө аав ээжтэй цуг амьдарна гэсэн үг бөгөөд, тэрхүү гэрийн бүх л үйл хэргийг гэрийн эзэд-хадмууд мэддэг байсан явдал юм. Өөрөөр хэлбэл нөхрийнхөө аав ээжийн үнэгүй нэг зарц болон хувирдаг байжээ.

Октавиан ч тэр даруй хуулиндаа өөрчлөлт хийж, хадмын нөлөөнөөс гэр бүлийг хамгаалах томоохон заалт оруулж өгсний хүчинд Ромын эмэгтэйчүүд нь уг хуулийг эсэргүүцэгч байснаа, талархан дэмжигч, хамгаалагч нь болж хувирсан байна.

Октавианы энэ хуулийн үр нөлөөгөөр Ром улс, ёс суртахууны уналтыг хэсэгхэн хугацаагаар зогсоож чадсан боловч дараа дараагийн хаадын үед байдал эргэн доройтсоор...

Ромын эзэнт гүрэн задран унасан шалтгаан дотор ёс суртахууны уналт голлох байр эзэлсэн гэсэн олон мэргэн хүмүүсийн үзэл бодол байдаг ба Калигулла, Мессалина... зэрэг завхарсан нөхдүүдийг бодоход үнэний хувьтай л байх гэмээр.

Ямар ч байсан аль 2000 жилийн өмнө зарим улс оронд гэр бүл гэдэг зүйл бол зөвхөн хоёр хүний хувийн харилцаа биш, улс орны тусгаар тогтнол, хөгжил цэцэглэлтийн нэг үндэс гэж үздэг байжээ. Харин одоо сошиалаар дүүрэн салсан сарнисан, амрагласан, баригдсан...явдлууд. Бараг л үүгээрээ гайхуулж, нэрд гарч амьдардаг болсон юм уу ч гэмээр.

Сэтгэгдэл 2ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2022, 12 сар 6. 20:25
Зочин

Ромын эзэнт гүрний мөхлийн нэг шалтгааныг хар тугалга гэсэн байна.
Учир нь хотуудын цэвэр усны шугам нь хар тугалган хоолой байсан ба хоолны аяга таваг домбо зэрэг нь мөн тугалгаар хийсэн байжээ

2022, 12 сар 4. 7:16
Tselmen

Сүүлийн хэсэг бүр яг үнэнг нь олоод хэлчихлээ

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]