Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Ниагарийн хүрхрээг аврах тусгай ажиллагаа явуулсан ньУншсан11,170

Хиймэл даланг 27,800 тонн хад чулуугаар босгосон бөгөөд байгаль судлаачдын үзэж буйгаар 12000 жил тасралтгүй урссаар ирсэн хүрхрээг анх удаа ийн зогсоосон нь тэр аж.

Ниагарийн хүрхрээ нь Америк, Канадын хилийг дамнан урсдаг гурван усан хүрхрээнээс тогтдог. Тус гурван хүрхрээг томоос нь жижиг рүү нь нэрлэвэл Канад хүрхрээ, Америк хүрхрээ ба Брайдал Вэл хүрхрээ. Канад хүрхрээний дийлэнх хэсэг нь Канадын газар нутгаар урсдаг бол Америк хүрхрээ болон хамгийн жижиг Брайдал Вэл нь Америкийн нутаг дэвсгэрт байдаг.

Хойд Америкийн нэрийн хуудас болсон, америкчууд болон канадчууд, уугуул иргэдийн бахархал энэхүү хүрхрээ нь жуулчдыг соронз мэт татдаг ба манай дэлхийн байгалийн хосгүй тогтоц хэмээн зүй ёсоор тооцогддог юм. Тэгвэл 1969 онд хүрхрээний хад чулуу, чулуулаг нь усны элэгдлийн улмаас тогтворгүй болсон гэж байгаль судлаачид үзсэн тул нэгэн томоохон инженерийн тусгай ажиллагаа явуулсан байдаг.

Хэрэв энэхүү инженерийн ажиллагааг хийхгүй бол хэдхэн жилийн дараа гэхэд усан хүрхрээний эрэг орчим нуран унаж, байгалийн гайхамшигт тогтоц нь алдагдан олон зуу мянган жил урсаж ирсэн мөрний ус ч гольдролоо алдан өөрчлөгдөх, яваандаа энэ хэсгээрээ гол ширгэж хэдэн тийшээ жижиг гол горхи болон урсах аюул тулгарна хэмээн судлаачид үзжээ.

Ингээд зохих зөвшөөрлийг олж чадсаны дараа хүрхрээний чулуулгийн байдлын геологийн судалгааг 1969 оны зун, намрын улирал нийт зургаан сарын хугацаанд явуулсан ба энэ зуур Ниагарагийн Америк талын хүрхрээг бүрэн усгүйжүүлсэн байна.

Ингэж усгүйжүүлэхдээ цэргийн инженерийн ангиудын туслалцаатайгаар 182 метр өндөр хиймэл даланг Ниагара мөрөн дээр барьж, секунд тутам 60,000 галлон ус урсаж байдаг урсгалыг Канадын талд байрлалтай хүрхрээ рүү шилжүүлж чадсан байдаг. Хиймэл даланг 27,800 тонн хад чулуугаар босгосон бөгөөд байгаль судлаачдын үзэж буйгаар 12000 жил тасралтгүй урссаар ирсэн хүрхрээг анх удаа ийн зогсоосон нь тэр аж.

Ингээд инженерүүд Ниагара мөрний урсгалыг хэдэн сарын турш өөр тийш нь чиглүүлж урсгасны үр дүнд гэрэл зургууд дээр харагдаж байгаагаар гайхамшигт Ниагарийн усан хүрхрээ яг л цөл мэт хуурай газар болж хувирсан байна.

Ингээд усгүй болж хувирсан хүрхрээг "засаж янзлах" ажил эхэллээ. Инженерүүд, сайн дурын байгаль судлаачид, байгаль хамгаалах нийгэмлэгийн ажилтнууд дээгүүр нь сүрт усан хүрхрээ урсан бууж байсан голын цавчим эргийг судалж, шинжилж, юу юугүй нурж, хэдэн хэсэг хуваагдах дээрээ тулсан асар том хад, чулуунуудыг олон жилийн усны хүчтэй урсац дааж тэсвэрлэх инженерийн засал хийж, шаардлагатай арга хэмжээг авчээ.

Үүнтэй зэрэгцэн барилгын ажилчид, сапёрууд голын ёроол байсан газрыг цэвэрлэж, хүрхрээ болон голын ирмэгээс маш ойр зайд жуулчдад зориулсан явган зам, хашлага суурилуулж байв. Энэ явцад хүрхрээн дороос олон цогцос гарч байсан бөгөөд мөрний усанд амиа хорлон үйж үхсэн хүмүүсийн бүр саяхны цогцсууд ч байсан гэдэг.

 Ийнхүү бүх ажил жин тан болсны эцэст 1969 оны 11-р сард 2650 үзэгчдийн өмнө Америк хүрхрээний урсгалыг барьж байсан хиймэл даланг дэлбэлжээ. Хоромхон зуур ус хуучин гольдролоо даган урсаж Ниагарийн гайхамшигт хүрхрээ яг л хэдэн зууны өмнөх шигээ юу ч болоогүй мэтээр урсаж эхэлсэн байна. Ийнхүү байгалийн инженерийн тусгай ажиллагаа дууссаны дараа Америк хүрхрээ болон Брайдал Вэл хүрхрээ хоорондох жижиг хэсэг болох Луна арал руу олон жилийн турш иргэдийг орохыг хориглож байсан нь хүний гараар бүтээсэн өөрчлөлт нурах магадлалтай байх вий хэмээн болгоомжилж байсных аж.


Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]