Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Сансрын үзэгУншсан3,879

Америкчууд буюу NASA үнэхээр сансрын элдэв техник хэрэгсэл болон янз бүрийн төсөлд мөнгө харамгүй зарж байсан нь яах аргагүй үнэн.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Интернетийн олон зуун мянган сайт, бусад мэдээллийн хэрэгсэл дундаас ялгарч түмэн олонд танигдах гэж янз бүрийн зүйл санаанаасаа зохиож бичин анхааралд өртөх гэж оролдсон маш их зүйлүүд үнэн бодит түүх мэт болж тархсан байдаг гэдэг. Манай “бурхнаар бөөлждөг” ч юм уу ”Ромбу гаригтай” харилцдаг зэргийг бодвол бас ч үнэн байж магадгүй гэж эргэлзмээр, янз бүрийн нарийн деталь, нэр ус оруулан бичсэн “үхэшгүй мөнхийн хутгийг олж, ямар ч өвчин зовлонд нэрвэгддэггүй ард түмэн” ч гэх юм уу, “Америкийн Дональд Хүк байлдааны хөлөг онгоцыг Оросын ганцхан фронтын Су-24 бөмбөгдөгч ямар ч ажиллагаагүй болгон 27 усан цэрэг нь эрэгт гарангуутаа цэргээс сайн дураар яаралтай халагдсан” гэх мэтийн зүйл олон бий. Энэ удаа сансрын орчинд буюу жингүйдлийн үед найдвартай ажиллах үзэг бүтээх гэж америкчууд олон сая доллар зарсан байхад Зөвлөлтийнхөн зүгээр л балын харандаагаар бичээд болж байсан гэх нэгэн “үнэн” түүхийн бодит байдлын тухай.

Америкчууд буюу NASA үнэхээр сансрын элдэв техник хэрэгсэл болон янз бүрийн төсөлд мөнгө харамгүй зарж байсан нь яах аргагүй үнэн. Жингүйдлийн нөхцөлд найдвартай ажиллах үзэг авахын тулд бас ихээхэн мөнгө зарсан нь ч үнэн. Гэхдээ тэр үзэгний үнэ нь саяар тоологдох үнэтэй эд биш биш харин 128 долларын үнэтэй байсан байна. Энэ бол 1965 оны тоо. Тэрхүү харандаа нь механик аргаар хошуугаа урагш гаргадаг (ард нь дараад л бал урагшаа болдог одоогийн энгийн харандаатай адил механизм), маш бат бөх гадаргуутай хамгийн энгийн бал хошуу бүхий харандаа байжээ.

Зөвлөлтийн хувьд балын харандаа хэрэглэдэггүй, харин тосон бал хэрэглэж байж. Америкийн механик харандаа, Зөвлөлтийн тосон харандаа аль аль нь л найдвартай ажиллагаатай боловч бас өөрийн гэсэн дутагдалтай бөгөөд механик харандааны үзүүр хугарвал ийш тийш жингүйдэн хөвсөөр хүний нүд, хамарт орох, янз бүрийн техник хэрэгслийн дотор орж богино холболт, улмаар түймэр гаргах магадлалтай байв. Апполон-1 болон Зөвлөлтийн Валентин Бондаренкогийн үхлийн дараа сансарт гал гаргаж болох зүйл гэдэг бол Хьюстонд ч тэр, Оддын хотхонд ч тэр маш аймшигтай зүйл. Зөвлөлтийн тосон харандаа бүдүүн муухай гарах ба хошууг нь нарийсгаж цэвэрхэн гаргадаг болгохын тулд зориулалтын утсыг татан хэсэг цаасыг нь урах байдлаар үзүүрлэнэ. Урагдаж хаягдах цаас нь бас л энд тэнд тарж янз бүрийн зүйлийн дотор орох, галын аюул.

1965 онд иймэрхүү дутагдалтай шинж чанар үгүй нэгэн үзэг гарч ирсэн нь Пол Фишерийн бүтээсэн үзэг бөгөөд энэ нь дотроо чернилтэй, тэр нь азот шахсан даралтат нөхцөлд байх учир жингүйдлийн үед ямар ч асуудалгүй ажиллаж байв. Чернил нь өөрөө ихээхэн зунгааралдсан шинжтэй учир ууршиж алга болох нь бараг үгүй (сансрын хөлөг маань бин битүү учир энэ нь маш чухал зүйл байж) үзэгний бүх эд анги, гадаргуу дан металл учир элдэв гэмтэл авах нь бага, 100 хэм хүртэл халаахад ч асуудалгүй ажиллаж байжээ.

NASA энэ үзэг хийхэд ямар ч оролцоогүй, мөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлээгүй бөгөөд инженер маань өөрөө бие даан энэ үзгийг бүтээгээд 1965 онд NASA-д санал болгосон байна. Элдэв туршилтын дараа NASA үзгийг сансарт хэрэглэж болно гэж үзэн худалдаж авахаар болжээ. Худалдаж авах нэг бүрийн үнэ нь 2,39 доллар, нийт 400 ширхгийг анхны удаад худалдан авсан гэдэг.

Америкчууд Fisher  үзгийг анх 1968 онд Апллон-7 нислэгийн үеэр хэрэглэж эхэлсэн ба америкчуудын хэрэглэж байгаа энэ аятайхан үзгийг харсан Зөвлөлтийнхөн ч бас 100 ширхэг үзэг худалдан авсан нь яваандаа космонавтуудын хэрэглэдэг цорын ганц бичгийн хэрэгсэл болж бүр 1990 он хүртэл Fisher үзгийг хэрэглэсээр байсан байна. (1969 оноос хойш хэрэглэсэн)

Сансарт гарч, Америкийн астронавтууд төдийгүй бүр харь Зөвлөлтийн космонавтууд хүртэл хэрэглэж байгаа гэсэн реклам нь үзгийг зохион бүтээсэн инженерт, үйлдвэрлэж байгаа компанид саяар тоологдох доллар олоход тус болсон байж болох юм.  Түүнээс өөрөөр сансрын үзэгтэй холбоотой сая долларын тухай өөр яриа үгүй юм.

Одоо сансарт өөр загварын үзгээр бичдэг бөгөөд чухам ямар брэндийн, ямар загвар гэдгийг нь нэг их ил зарладаггүй бололтой юм билээ.

P.S.

Космонавт гэж бичлээ гэж зарим хүн дургүйцэн, сансрын нисгэгч гээд л болоо шүү дээ гэж “загнах” нь бий. Чалчаа саарал энэ тухай өмнө бичиж байсан бөгөөд сансрын нисгэгч гэдэг хоёрхон хүн байдаг нь Монголын Ж.Гүррагчаа, М.Ганзориг нар юм.  Хэдийгээр бид сансарт ниссэн хүн болгоныг сансрын нисгэгч гэж яриад сурсан боловч энэ нь буруу зүйл юм билээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]