Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Германы нисэх хүчний нэгэн оргил-Герман ГрафУншсан25,564

Бид маш олон удаа дайрсан боловч тэр бултаж зайлаад дахиад өөдөөс духны дайралт хийнэ, бүр сүүлдээ ганц нэгийн маань сүүлнээс чиргүүлдэж авах санаатай.

 Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Герман Граф - дэлхийн 2 дугаар дайны үед Дорнод фронт дээр цоорон гарч ирсэн, хамгийн түрүүнд дайсныхаа 200 онгоцыг буудаж унагасан, Германы үзэл суртлын хамгийн том сурталчилгааны "материал" байгаад дараа нь мөн адил үүргийг Зөвлөлтийн талд гүйцэтгэсэн, Германы экспертүүд дотроос таран буюу мөргөх аргаар дайснаа устгасан бараг цорын ганц (?)... гэх зэргээр энэ хүний тухай олон юм хэлж болох байх. Тэрээр мөн Хартман зэрэг бусад экспертүүдийг (ас) бодвол Оросуудтай “нохой зодоон” хийхээс буцдаггүй, нам өндөрт дэндүү онцгой тулалддаг, агаарын тулаанд жентельмений ёсыг яг таг баримталдаг тийм хүн байж.

Энэ хүний гарал үүсэл бусад экспертүүдийг бодвол энгийн, төмрийн дарх хийдэг хүний хүү бөгөөд багаасаа нисэх хүчнээр өвчилж түүнээс болж аавтайгаа ихээхэн хатуу яриа хийж байж энэ замаа сонгосон гэдэг. Планер хийх, түүгээрээ нисэх зэргээр тухайн үеийн Германы нисэх хүчний нөхдүүдийн туулдаг замаар замнаж явсаар нэгэн удаагийн нислэгтээ планер нь эвдрэн осол болох үед маш чадварлагаар бууж чадсан нь уг нислэгийн үеэр ойрхон байж таарсан нэртэй нэг нисгэгчийн анхаарлыг татсан байна. Уг нисгэгч Графт бурхнаас заяасан сөнөөгчийн ур чадвар байгааг харж нисэх хүчний сургуульд ороход нь тусалжээ.

1935 онд нисэх сургуульд орсон тэрээр нөхдүүдээсээ тасарсан гэмээр нисэж шалгалтаа бүгдийг нь дээд үнэлгээтэйгээр өгсөн боловч энэ үед Люфтваффе сөнөөгч нисэх хүчинд авах хүний насыг хязгаарласан тэр үе байж. Мань эр хөгшдлөө.

Мюнхен хотод байх нисгэгч хуваарилах төв дээр ирж хэрэг учраа тайлбарлан сөнөөгч болгохыг гуйн шалж байвч үр дүнд хүрсэнгүй. Гэтэл түүний энэ шаргуу байдлыг харсан, цагтаа сөнөөгч байгаад эрүүл мэндийн шалтгаанаар нисэж чадахгүй болсон нэгэн офицер түүнийг уг төвийн хамгийн том даргатай шууд уулзахыг зөвлөсөн байна. Энэ зөвлөгөөг сонсоод гарч гүйхээр завдаж байсан Графт бас нэг чухал зүйл хэлсэн нь “даргын нарийн бичиг сайхан хүүхэн бий шүү... за чи ойлгож байгаа байлгүй...” гэсэн үг байж. Граф ч ойлголоо. “Хөгшин эр” маань тэр даргын өрөөнд ирж нарийн бичиг хүүхэнтэй эелдэг сайхнаар ярьж сөнөөгч болох гэхэд юу саад болж байгаа тухайгаа дэлгэрэнгүй ярьж байхдаа уг бүсгүй нь их л учиртайгаар нэгэн зарлал руу хараад байгааг анзаарчээ. Тэр нь офицеруудын казинод болох үдэшлэгийн тухай зарлал байв. Орой нь Граф уг бүсгүйтэй цуг үдэшлэгт очсон уу, эсвэл уг үдэшлэгийн билет олж өгсөн үү... ямар ч байсан найз болсон бүсгүй нь хэдэн өдрийн дараа мань эрийг сөнөөгч нисэх хүчний нисгэгчээр авах захирамж бүхий бичгийг өөрт нь гардуулсан гэдэг.

Ингэж сөнөөгч нисгэгч болсон эр маань дорнод фронт дээр олон тулалдаан хийж ялж явахдаа янз бүрийн л юм үзсэн байна. Түүнтэй унагасан онгоцныхоо тоогоор өрсөлдөж байсан олон хүн нь ээлж дараалан үхэж байхыг, гол өрсөлдөгч Коппен нь (72 ялалт) Пе-2 той хийсэн тулалдааны явцад буудуулан усанд унаад эрэг рүү эрчтэй сэлж байгааг харсан боловч дахиж түүний тухай сураг чимээ гараагүй гэх мэтийн олон явдал санаанд нь тод үлдсэн хэмээн дурссан байдаг.

Графын улаан хошуут 1 тоот Ме-109

Германы цэрэг хүний авч болох бүх л шагналыг авсан, Геринг, Геббельсийн хайртай цэрэг байсан энэ хүний тухай олон зүйл бичиж болох ч түүнийг хэн байсныг харуулах хэдэн явдал, тулалдааны тухай л сонирхуулъя.

“...Очих ёстой газар руугаа дөхөж явах үед таарсан дайсны дөрвөн Як-1 биднийг харсан бололтой хамгаалалтын тойрогт орлоо. Бид ч өндрийн давуутай болохоор шууд л дайрсан бөгөөд саяхан онгоцонд маань тавьсан 20 мм-ийн их бууны буудалт Оросын машиныг ёстой л бут үсэргэсэн юм. Дагуул Фюлльграбе маань бас нэг онгоц унагалаа. Дараагийн оролтоороо би дарга нь бололтой оросыг дайрсан боловч тэр цохилтоос тун ч овжин гарчихаад байв. Дагуулдаа оросын дагуулыг хавчиж байх даалгавар өгчихөөд өнөөхтэйгөө халз тулахаар очиход орос ч тулалдааныг хүлээж авч байна. Цирк эхэллээ... Энэ бол миний Дорнод фронтод хийсэн хамгийн аймшигт тулааны нэг байсан бөгөөд бид нэг нэгнийхээ эсрэг хичнээн олон маневр хийж буудаж, буудуулж байсан ч хэн нь ч тулалдаанаас гараагүй юм. Өөрийн хийж чадах дээд маягуудыг хийх боловч орос түүнийг мөн хийж, эсвэл онгоцных нь хүч дутах үед тулалдааны талбарыг орхингуутаа эргэж дахин өөдөөс халз дайрах гэх мэтээр бүх юм дахиад л шинээр эхэлнэ. Маш их ядарч байсан бөгөөд шатахуун дуусч байгаа гэсэн улаан гэрэл аслаа. Арай гэж нэг завсар гарган гэрийн зүг хар хурдаараа зугтсан бөгөөд орос ч дагаж хөөсөн ба аажуухан хоцорсоор удалгүй эргэсэн юм. Бодвол бас л шатахуунгүй болоо биз.  Бууж байх үед мотор маань хэд тасалдаад таг унтарлаа. Шатахуун юу ч үлдсэнгүй. Зогссон онгоц дотроосоо гарах гэсэн боловч хүч хүрэлгүй удаан сууж билээ. Ямар ч байсан бүхээгээс гарахад өвдөг чичирч байсан бөгөөд би аймшигтай оростой таарсан байж. Би хэдийгээр алдаа гаргаагүй ч ялагдсан мэт санагдана. Энэ нисгэгчтэй уулзаж ярилцах сан...”

“...Дайсны гурван сөнөөгч онгоц биднийг хараагүй бололтой нисэж явааг хараад шууд дайран хоёрыг  нь унагаад үлдсэн нэгийг нь амархан зүйл дуусгахаар шийдсэн боловч юун тэрэнтэй манатай юм боллоо. Орос нисгэгч маш сайн нисэх ур чадвартай, хамгийн гол нь тун ч тэвчээртэй эр байв. Бид ээлжлэн дайрах боловч өнөөх чинь галаас мултрангуутаа эргэн духны дайралт хийнэ. Ийм хүч тэнцвэргүй үед духны дайралт л түүний хувьд байдлыг тэнцвэржүүлэх ганц арга гэдгийг тэр сайн ойлгож байгаа бололтой... Бид маш олон удаа дайрсан боловч тэр бултаж зайлаад дахиад өөдөөс духны дайралт хийнэ, бүр сүүлдээ ганц нэгийн маань сүүлнээс чиргүүлдэж авах санаатай. Энэ бүх хөөцөлдөөнийг холоос харж байсан дарга маань залхсан бололтой өөрөө тулалдаанд орж оросыг сургахаар болов. Дарга ч шийдвэртэйгээр дайран оросын сүүлэнд шигдэн буудах боловч нөгөөх чинь бүхнийг харж, бултсаар. Удаан хөөцөлдсөний дараа бид ч илүү зохион байгуулалтай болж, тооны илүүгээр дарсаар онгоцыг нь буудаж гэмтээн газар руу явууллаа. Онгоц газар унахын өмнөхөн шүхэр дэлгэгдэж орос нисгэгч эсэн мэнд газардсан бөгөөд бид түүний дээгүүр тойрон эргэлдэхэд тэрээр биднийг хараад ёсолж байв.”

-Граф ганцаараа болчихоод нисэж явтал ТБ-3 гэсэн дайсны асар том, зэвсэггүй хуучин бөмбөгдөгч бас ганцаар явж байгаатай таарч ойртон очиж хартал бөмбөгдөгчийн цонхоор тун ч айсан бололтой царай бүхий нисгэгч нар түүн рүү харна. Гэтэл тэдний нэг нь гар буугаа сугалж аван Графыг буудахад цочсон эр онгоцоо далавчин дээрээ унаган зайлаад бөмбөгдөгчийн араас нь дайран хамгийн захын зүүн моторыг буудаж шатаав. Оросууд ч шууд газардах гэж яарсан бөгөөд газарт бөөн шороо татуулан буух биш бараг л унах шиг болж. Боссон шороо дарагдах үед юу болсныг харахаар тойрон эргэлдэж байсан Граф нь ухаангүй болсон бололтой нэгнийгээ шатаж буй онгоны сэгээс гаргах гэж зүдэрч буй нисгэгчдийг харсан байна. Тэрээр санаа алдаад буцсан бөгөөд өөрийн буудалд бууж үл хүрэх нөөц (зөвхөн ослын үед хэрэглэх ёстой хүнс, эм болон бусад зүйлс), жаахан шоколад аваад буцаж очин орос нисгэгчдийн дээрээс нь хаячхаад явжээ.

-Оросууд сөнөөгч нарыг даалгаварт явсны дараа нисэх буудлыг нь, түүний орчныг дайрах нь бараг л байнга боллоо. Оросууд энэ хавиас радио холбоогоор сөнөөгч нарыг явсан тухай мэдээ аван  эзгүйчилж байгаа нь ойлгомжтой. Граф оросуудыг сургахаар шийдсэн бөгөөд тэрээр өөрийн группийн бүх л онгоцоо сум шатахуунаар сайн цэнэглэж аваад нэгэн зэрэг хөөрсөн байна. Жаахан холдож байгаад буцан ирэхэд 12 И-16 сөнөөгч онгоцнууд газрын бай руу дайрч байсан бөгөөд Графын бүлэг тэднийг дайрч агаарын тулалдаан болсны дараа Оросын ганц ч онгоц гэртээ хариагүй бол Графын бүлгээс ганц ч онгоц гэмтсэнгүй. Энэ тулалдаанд Граф долоон онгоц устгасан байна. Энэ аргаа өөр бас нэгэн удаа давтаж нэг удаагийн тулалдаанд таван онгоц унагаж байжээ.

-Дайсны 200 гаруй онгоц унагаасан үндэсний баатар Графыг агаарын тулалдаанд орохыг хориглосон тушаалыг Геринг гаргасан боловч тэрээр тулалдаанд орж хэд хэдэн дайсныг буудан унагасны дараа Берлинээс ирэх шийтгэлээс айсан дарга нь Графыг бушуухан ар тийшээ явуулахаар шийдэж, тушаал өгсөн нэрээр хөөсөн байна. Граф ч ар тал руу явж байгаад Зөвлөлтийн хэсэг онгоцтой таарч бараг бүгдийг нь буудаж унагаж байхыг радиогоор сонссон дарга нь буудуулж байгаа оросуудаас ч илүү их айсан гэдэг.

-Тулаанд орох эрхгүй болсон Граф бараг бүтэн жил суртал ухуулгын ажил хийсэн бөгөөд Германы үйлдвэрчин, ажилчид, хүүхдүүд, цэргүүдийн өмнө яриа хийж баатарлаг Германы армийг магтан дуулж явсаар цагийн байдал хүндрэхэд баруун фронтод очиж бас 10 онгоц унагасан бөгөөд тэдгээр тулалдааны явцдаа дайсны нэг онгоцыг мөргөж устгасан байдаг.

-Дайны төгсгөлд америкчуудад бууж өгсний дараа тэд мань эрийг оросуудад өгсөн бөгөөд Зөвлөлтийн НКВД-ийн шаргуу ажиллагаа, янз бүрийн арга чаргын дүнд Граф нь Зөвлөлтийн талын суртал ухуулагч болж хувирсан байна.

Тэрээр ”бид өөрөөр бодох цаг болж. Би одоо Оросуудын талд байна. Би Оросуудтай цуг амьдрахыг хүсэж байна... тэдэнд олзлогдсондоо баярлаж байгаа бөгөөд миний өмнө нь хийж байсан зүйл маань буруу зүйл байж гэдгийг ойлгосон... одоо Зөвлөлтийн нисэх хүчинд зүтгэх гэсэн цорын ганц хүсэлтэй...” гэх зэргээр ярьсан байдаг.

Таван жил Зөвлөлтөд хоригдож байгаад суллагдсан Графыг хуучин андууд нь хүлээж аваагүй бөгөөд Зөвлөлтийн 202, баруун фронт дээр 10 онгоц унагасан энэ нисгэгч 1988 онд Паркинсоны өвчнөөр өөд болсон байна.

Сэтгэгдэл 3ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2019, 8 сар 22. 14:38
ядамсүрэн

жуковын дуртгал олдох бол уу. манай ээж одоо болтол надаас нэхээд байдийн. би бага байхдаа ураад хаясан юм байхаа. өөрөө уншиж байсын. газрын зургыг нь ойлгохгүй байсан

2020, 11 сар 1. 21:53
Зочин

Багшийн дээдийн өмнө байдаг хуучин номын мухлагуудаас асуу би сая нэгийг авлаа

2019, 8 сар 29. 10:16
Зочин

Хороололд хуучин номын зах дээр харагдсан даа

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]