Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Халхын голын тэнгэрт: Монголын нисэх хүчин ямар үүрэг гүйцэтгэсэн бэ?Уншсан12,462

Үүнээс зөвлөлтийн 550-580 онгоц, Японы 200 гаруй онгоц нэгэн зэрэг агаарт тулалдааны үүрэг гүйцэтгэж байжээ. Харин Монголын хэдэн онгоц?

Халх голын тэнгэрт болсон тулалдааны тухай та юу мэдэх вэ? Агаарын тулааны талаар Зөвлөлтийн баримт болон Оросын судлаачдаас ямар дүн мэдээ, Японы судлаачдаас ямар дүн мэдээ, баримт тус тус гаргадаг вэ. Нийтлэлч "Чалчаа саарал"-ын тухайн үеийн нөхцөл байдал дундаас урган гарсан баримт, мэдээллүүд хэрхэн зөрдөг, агаарын тулааны өрнөл зэргийг олон талаас нь өгүүлсэн цуврал нийтлэлийг хүргэж байна.

 
Нэг. Халхын голын тэнгэрт: Монголын нисэх хүчин ямар үүрэг гүйцэтгэсэн бэ?

 

Бидний хувьд Зөвлөлт- Монголын шонхрууд Японы милитаристуудыг  (самурай гэнэ үү сонголт нь таны дур) яйр цохиж ганц нэг онгоцоо алдан агуу гавьяа байгуулсан..., Монголын хөх тэнгэрийг хамгаалсан зоригт шонхрууд маань эх орныхоо төлөө бүлээн цусаа асгаруулан... гэх мэтийн юм л энд тэндээс олж харна. Эсвэл Халх голын тэнгэрт түүхэн дэх хамгийн олон онгоц оролцсон тулалдаан болсон, бас нэг гайхамшиг шахам юм бичигдсэн байхыг олонхи нь харсан байж таараа. Ерөнхийдөө Халх голын агаарын тулалдааны тухай жирийн хүмүүс нэг иймэрхүү л мэдээлэлтэй гэх үү  эсвэл уриа лоозонтой гэх үү тийм байдалд байна. Харин Япончууд энэ тухай юу гэж ойлгодог бол?

 

Япончуудын хувьд Халх голын дайн гэдэг юм байгаагүй. Тэдний хувьд Номон хан, Бүрд овооны будлиан гээч нэгэн том мөргөлдөөн болсон гэдэг ба ерөнхий ойлголт нь япончууд бага зэрэг хайхрамжгүй хандан газар нутгаа алдсан (Манжуурын газар нутаг), харин агаарын баатрууд нь хариуг нь авч, Сталины болжморуудыг юу ч үгүй болтол бут цохиж, орос нисгэгчдийн хүүрээр Номон хан, Бүрд овооны хээр талыг тэр чигээр нь бүрхсэн... мэт юм олж харна. Гэхдээ Японы хэвлэл мэдээлэл, түүхэн дурсамж зэрэг янз бүрийн эх сурвалжаас энэ дайны тухай зөв буруу, будлиантай маш олон мэдээлэл олж болох бөгөөд чадал, оюун байвал энэ агаарын тулалдаануудын талаар маш нарийн ойлголт авч болох байна. Баруун талаас ч гэсэн Японы энэ мэдээллийн “баруунжсан” хувилбарыг олж авч болно.

Орос Зөвлөлтийн хувьд энэ дайны талаар Японыг бодвол давс нь арай сул боловч эсрэг тэсрэг мэдээлэл маш их, бүр хэтэрхий их мэдээлэл бий. (манайд эдгээрийн зарим нэг орчуулга байх боловч орчуулах үедээ будлисан, агаарын тулалдааны тухай огт ойлголтгүйгээр махчилах гээд өөр утгатай болсон юмнууд таардаг)

Харин Монголын газар нутаг дээр болсон дээрх тулалдаануудын тухай, түүнд Монголын нисэх хүчин ямар байдлаар оролцсон тухай та сайндаа л өнөөх эх оронч уриа, лоозонгоос өөр юм олж харах нь юу л бол. Би хувьдаа олигтой юм олж харж байсангүй. 

1936 оны хавьд Монголын нисэх хүчин гэж байж, ямар нэг хэмжээгээр хил зөрчин орж ирсэн өдөөн хатгагч нарын эсрэг агаараас ажиллаж байсан тухай ганц нэг мэдээлэл байдаг боловч бидний хувьд их дайн болох Халх голын дайны агаарын тулалдааны тухай таг чиг. Өнөөх л “Халх голын дайнд агаарын хамгийн том тулалдаан болсон” гэсэн нурууг нь авсан морио л “уяна”. Ядаж байхад энэ нь тал үнэн буюу 1940 онд болсон “Британийн төлөөх тулалдаан” хэмээх агаарын дайн хүртэл л үнэн юм. Түүнээс хойш  иймэрхүү том, олон онгоц оролцсон агаарын тулалдаан олон болсон билээ.

Халх голын дайнд хэд хэдэн маш том агаарын тулалдаан болж байсан бөгөөд ЗХУ-ын 900 гаруй сөнөөгч, бөмбөгдөгч, тагнуулын, дайрагч онгоцнууд, Японы 400 гаруй онгоц оролцсон байдаг ба агаарт нэгэн цагт байсан хамгийн их онгоцны тоог 700-780 онгоц гэж үздэг. Үүнээс зөвлөлтийн 550-580 онгоц, Японы 200 гаруй онгоц нэгэн зэрэг агаарт тулалдааны үүрэг гүйцэтгэж байжээ.  Харин Монголын хэдэн онгоц? 

Монголын хэдэн, ямар маркийн онгоц хэдийд, ямар үүрэг гүйцэтгэж байсан талаарх хамгийн энгийн мэдээлэл ч нэлээд зүйлийг хэлж өгч чадах билээ. Эрхбиш тагнуулын болон холбооны үүрэг гүйцэтгэж байсан баймаар. (үүнийг ямар нэг доромж өнгөөр бичээгүй  бөгөөд агаарт хамгийн эмзэг, аюултай, хамгийн их зориг шаардсан ажиллагааны нэг нь тагнуул, холбоо гэдэг)

Эсвэл олон япончуудын үзэж байсан шиг хоцрогдсон Монголчууд бид ганц буун дуу сонсоод ухаангүй зугтахаар өөдгүй, юун агаарын тулалдаан манатай амьтад байсан хэрэг үү? Газарт болон агаарт болж байсан тулалдаантай шууд бусаар холбоотой зарим нэг мэдээнүүд тийм биш гэдгийг уг нь нотлоод л байдаг билээ. (энэ тухай Халх голын агаарын тулалдааны цувралдаа цагт нь дурдах болно)

Тэгээд яагаад Монголын нисэх хүчний тухай ямар ч яриа байдаггүй юм бол оо? Хэлмэгдүүлэлтийн үеэр цөөхөн хэдэн нисгэгчээ буудаад алчихсан, эсвэл өнөө хэд нь хамаг техникээ эвдэж хаяад, амар сайхандаа жаргачихсан байсан тийм үе юм уу? Юу ч байхгүй таг чиг.

Монголын нисэх хүчин тухайн үед ямар нэг үүрэг гүйцэтгэж, эс гүйцэтгэж байсан талаар түүхчид маань бидэнд ядаж хуурай тоонууд ч гэсэн гаргаж ирж, ажлаа хийх байлгүй дээ гэж олон жил найдсан хэвээр энэ оршил маягийн зүйлээ дуусгая.

1939 оны 5-р сарын үеэр агаарын тулалдаанд бэлдэж байсан ЗХУ болон Японы нисэх хүчин ямар байдалтай байв? (хүн залхаах элдэв статистик тооноос аль болох зугтаалаа)

ЗХУ-ын хувьд:

И-15 бис сөнөөгч

Монголд байрлах 100-р агаарын холимог бригад нь сөнөөгч 70-р хороо, холимог бөмбөгдөгчийн  150-р хорооноос бүрдэж байсан байна. Хошууч Забалуев даргатай сөнөөгч 70-р хороо нь 14 ширхэг И-15 бис, 24 ширхэг И-16 онгоцтой байсан бол Бурмистров даргатай  150-р холимог бөмбөгдөгчийн хороо 17 ширхэг ЛШ-5 (Р-5ийн дайрагч хувилбар), нисгэгчид танилцаж, гартаа оруулж амжаагүй, шинэхэн хүлээн авсан 29 ширхэг СБ бөмбөгдөгч зэрэг байжээ.

Техникийн хувьд 70-р сөнөөгч хорооны И-16 нууд нь тип 5 болон тип 10 гэсэн нэлээд хуучирсан загварын, 2 пулемётоор зэвсэглэсэн онгоцнууд байсан ба ангар, болон бусад дэд бүтэцгүйгээс ил задгай зогсон хуучирч муудсан байв. 5-р сарын дунд үе гэхэд  энэ хорооны нийт 38 онгоцноос  агаарт гарах боломжтой нь 21  онгоц байсан гэдэг.

И-16 сөнөөгч

Нисгэгч нар нь туршлагагүй, орон тоо гүйцэд биш байсан ба нисгэгчийн  40%  нь л ямар нэг бэлтгэл сургуулилт маягийн зүйл хийж байсан бөгөөд бусад нь өвдсөн, угаасаа байхгүй гэх мэт шалтгаанаар ийм хачин тоотой сууж байсан байна. Амьдрах орчин, орон байр, хоол унд зэргээс шалтгаалан олон нисгэгч, дарга нар нутагтаа алба хаахаар шилжүүлэхийг гуйсан хүсэлтээр штабыг дарж байсан нь байдлыг тодорхойлж байгаа нэг хэрэг болов уу.

100-р агаарын бригадын байдлыг шалгасан хүмүүс “удирдлага нь хамгийн сул дорой, бригадын нисгэгч, техникч нарын сахилга бат хамгийн доод төвшинд” гэх зэргээр тодорхойлж байжээ. Нисгэгч нар группын нислэгт огт бэлтгэгдээгүй, хааяа ганцаар нислэг хийдэг, агаарын буудалт, дайралтын бэлтгэл маш муу зэрэг нь удалгүй эхэлсэн агаарын тулалдаанд бүр ил болсон билээ.

ЗХУ-ын хамт мөр зэрэгцэн тулалдах Монголын нисэх хүчин 36 онгоцтой холимог агаарын хороотой байсан ба тагнуулын Р-5, дайрагч Р-5Ш зэрэг онгоцтой энэ хороо Матад сумын орчимд байрлаж байжээ.  (Оросуудын мэдээлэл )

Р-5 хөнгөн бөмбөгдөгч, тагнуулын онгоц

Халх голын орчим байдал хурцдаж ирэх үед дэслэгч генерал Гига агаарын Ринзи Хикотай хэмээх түр групп байгуулжээ. Энэ группт тус бүр 10 онгоцтой 2 чутай (чутай-агаарын эскадриль) бүхий 24-р сөнөөгчийн сентай (сентай-агаарын хороо), 6 ширхэг Ки-15  тагнуулын онгоцтой тагнуулын 1 чутай, 6 ширхэг Ки-30 хөнгөн бөмбөгдөгчтэй 1 чутай бүхий 10-р сентайг оруулсан байна. Эдгээр 32 онгоц 5-р сарын 13-нд Хайларын нисэх буудалд байрлах болсон ба энэ нь дараа нь болсон тулалдааны бүсээс 160 км орчим зайтай байжээ.

Японы Ки-27 сөнөөгч

Зөвлөлтийн 100-р холимог бригадыг бодвол Ринзо Хикотай группын ихэнх нисгэгч нар нь Хятадад 3-5 жил орчим байж агаарын тулалдаанд туршлагажсан, удирдагч нь дэд хурандаа Козиро Мацумура хэмээх 24-р сентайн захирагч болсон байна.

Ингээд анхны тулалдаан Японы талын мэдээллээр бол 5-р сарын 20 нд болж Ки-27 сөнөөгч бүхий гурвал нь хоёр И-16-аар хамгаалуулсан тагнуулын  P-Z (Р-5 ийн шинэчилсэн загвар)-г буудаж унагасан ба хамгаалагч хоёр И-16 тулалдаан хүлээж авалгүй зугтсан байна.

Үргэжлэл: Хоёр. Халх голын тэнгэрт: Агаарын тулаанууд өргөжиж эхэллээ

Нийтлэлч Чалчаа саарал

Сэтгэгдэл бичихийг түдгэлзүүлсэн байна
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]