Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Халх голын тэнгэрт: Агаарт ноёрхохын төлөөУншсан9,559

Японы агаарын нисэх хүчин Зөвлөлтийн нисэх хүчинтэй хийсэн сүүлийн тулалдаануудад ялагдаж ноёрхлоо алдаж эхэлсэн учир бас нэг шийдэмгий арга хэмжээ болох нисэх онгоцыг нь буудал дээр нь бөмбөгдөж устгах зоригтой, эрсдэлтэй ажиллагааг хийхээр шийдлээ.

Халх голын тэнгэрт болсон тулалдааны тухай та юу мэдэх вэ? Агаарын тулааны талаар Зөвлөлтийн баримт болон Оросын судлаачдаас ямар дүн мэдээ, Японы судлаачдаас ямар дүн мэдээ, баримт тус тус гаргадаг вэ. Нийтлэлч "Чалчаа саарал"-ын тухайн үеийн нөхцөл байдал дундаас урган гарсан баримт, мэдээллүүд хэрхэн зөрдөг, агаарын тулааны өрнөл зэргийг олон талаас нь өгүүлсэн цуврал нийтлэлийг хүргэж байна.

Өмнөх нь:

Нэг. Халхын голын тэнгэрт: Монголын нисэх хүчин ямар үүрэг гүйцэтгэсэн бэ?

Хоёр. Халх голын тэнгэрт: Агаарын тулаанууд өргөжиж эхэллээ

Гурав. Халх голын тэнгэрт: Оросууд арга хэмжээ авч эхэллээ

 
Дөрөв. Халх голын тэнгэрт: Агаарт ноёрхохын төлөө

 

Халх голын дайны эхэн үе болох 5-6 сард агаарт бүрэн ноёрхож байсан Япончууд 6-р сарын 22 нд  анхны том ялагдлаа хүлээсний дараа ихээхэн хохирол амссан 24-р сентайд хүч нэмэгдүүлэн 59 онгоц бүхий 1 болон 11-р сентайг  23-нд Халх голын ойролцоо татан авчирч агаарын цэргийн удирдлагаа ч хилийн ойрхон байрлуулсан байна. Ингээд 6-р сарын 24 нд дахин агаарын тулалдаан эхэлсэн ба Зөвлөлтийн 70-р сөнөөгч хорооны 17 онгоц агаарт хөөрсөн ба түүний араас бас 8 И-16 хөргөж хүч нэмэгдүүлэн тулалдаанд орж, Зөвлөлтийн мэдээллээр дайсны 7 онгоц унагасны нэг нь шүхрээр үсэрч баригдсан байна. Энэ тулалдаанаар Зөвлөлтийн 2 И-15 бис буудуулж унан, нисгэгч Полевов, Григорян нар алагджээ.

Орой дахин нэг тулалдаан болсон бөгөөд хэдэн удаагийн тулалдаан хүлээж аваагүй Япончуудыг “Оросууд” хөөн дайрах үедээ 9 онгоц буудан унагааж (Япончуудын баримтаар  ийм хохирол байхгүй) бас нэгэн нисгэгч шүхрээр үсрэхэд нь баривчлах гэх үед тэрээр амиа хорлосон байна. Япончуудын агаарын ноёрхлыг тасалж чадсан учир бөмбөгдөгч онгоцнууд илүү идэвхтэй ажиллаж эхлэн СБ хурдан бөмбөгдөгчид тулалдаанд анх удаа оржээ. Байлдааны даалгавар биелүүлээд буцах үед Японы сөнөөгч нар дайрахад нэгийг нь бөмбөгдөгчийн арын хамгаалагч буудаж унагасан гэсэн мэдээ байдаг боловч тухайн өдөр Японы нисгэгч Саито Зөвлөлтийн бөмбөгдөгчийг дайрч унагасан боловч өөрөө арын буудагчид нь буудуулж шархтсан гэж рапорт бичсэн байдаг юм байна. 

Энэ өдөр Япончуудын тооцоогоор Зөвлөлтийн 17 онгоцыг унагасан, өөрсдөө 2 онгоц алдаж, хоёр нисгэгчээ алуулжээ.  Эдгээр хэтрүүлсэн тоонуудыг нягталсан олон түүхчид  чухам энэ өдөр Зөвлөлүүд анх удаа унагасан онгоцныхоо тоогоор Япончуудаас даваагүй юмаа гэхэд хохирол нь ойролцоо байсан бололтой гэж бичдэг. 25-ны өдөр болсон нэгэн тулалдааныг Монгол Зөвлөлтийн түүхчид, нисэх хүчин сонирхогч нар их ярьдаг нь Буйр нуурын орчимд тулалдаж байгаад цохигдон, ослын буулт хийсэн хошууч Забалуевыг  ахмад Сергей Грицевиц  бууж онгоцондоо чихэж авчирсан тухай түүх юм.

Дайсны газар нутагт буун олзлогдох аюулд тулгараад байсан энэ хошуучийг аврах гэж хажууд нь буусан Грицевиц түүнийг онгоцондоо багтаах гэж яаж сандарсан, тэдэнд ямар аюул нүүрлэж байсныг хожим нь Зөвлөлтийн хоёр удаагийн баатар болсон шилдэг асын нэг Ворожейкин ёстой л нүдэнд харагдахаар бичсэн байдаг билээ. Тэнд ямар нэг уриа лоозон, нөхөрлөлийн тухай биш харин чухам ямар аюул дайсны талаас нүүрлэж байсан, бүтэлгүйтсэн нөхцөлд өөрсдийн тал хэрхэн дүгнэж болох байсан талаар бодитоор дурдсан байдаг. Гэхдээ энэ өдрийн бас нэг сонирхолтой зүйл, магадгүй бидний хувьд Халх голын агаарын дайны хамгийн сонирхолтой үйл явдлын нэг нь болох үйл явдал бол Зөвлөлтийн 70-р сөнөөгч хорооны нисгэгч Александр-т тохиолдсон явдал юм. Тэрээр тулалдааны явцад цохигдон ослын буулт хийхдээ өөрийн газар нутагт байна гэж бодсон бөгөөд онгоныхоо хажууд үлдэн тусламж хүлээхээр шийджээ. Гэтэл тэр Монголын нутагт биш харин Манжуурын нутагт байгаагаа мэдээгүй байна.

Маргааш өглөө нь тэрээр гэнэт хэсэг морьтон гарч ирэхийг харсан бөгөөд тэдгээр нь хэн байсан гээч? Өнөөх л Монголын морьт тагнуулууд. Морьтон дайчид маань Зөвлөлтийн нисгэгчийг авч яван хил давуулж өөрсдийнхөнд нь хүлээлгэн өгсөн бөгөөд дараа нь буцаж яваад...

Хэдэн Монголын морьт цэргүүд  дайсны нутаг дээрээс гэмтсэн онгоцыг чирээд хил даван эргэж орж ирснийг чухам юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. Онгоцыг шүү! Дайсны нутгаас шүү ! Чирээд шүү! Жинхэнэ баатрууд. Японы агаарын нисэх хүчин Зөвлөлтийн нисэх хүчинтэй хийсэн сүүлийн тулалдаануудад ялагдаж ноёрхлоо алдаж эхэлсэн учир бас нэг шийдэмгий арга хэмжээ болох нисэх онгоцыг нь буудал дээр нь бөмбөгдөж устгах зоригтой, эрсдэлтэй ажиллагааг хийхээр шийдлээ.

27-ны үүрээр цохилтын гол хүч болсон 9 Ки-30, 9 хүнд бөмбөгдөгч Ки-21 Оцу, хоёр моторт  12 Фиат бүхий бөмбөгдөгчийг хамгаалахаар 74 сөнөөгч хөөрөн баруун зүгийг чиглэлээ. Хил гараад хуваагдан нэг хэсэг нь Тамсагбулаг дахь 22-р сөнөөгч хорооны байрлаж байгаа нисэх буудал руу, нөгөөх нь 70-р сөнөөгч хороо байрлаж байгаа Баян бүрд нуурын ойролцоох нисэх буудал зүглэн нисжээ.

Өглөө 4:30-ийн үед Тамсагбулгийн ойролцоох тэнгэрт дайсны томоохон нисэх бүлэг ойртож байгаа мэдээлэл авсан 22-р хорооныхон түгшүүр зарлан яаралтай агаарт гарахаар бэлдэж эхэлсэн байна.  Удалгүй цохилтын бүлэглэл нисэх буудалд ойртох үед Зөвлөлтийн онгоцнуудад газраас тасрах боломж олгох, нисэх буудлаа хамгаалах зорилгоор зенитчид  ажиллаж эхэллээ.  Бөмбөгөө нисэх буудлын дээр мулталж эхэлсэн онгоцнууд ойролцоогоор 100 гаруй янз бүрийн жинтэй бөмбөг хаясан бөгөөд нисэх буудал дээр ганц нэгхэн бөмбөг л унаж бусад нь байнаасаа ихээхэн хол унан тэсэрчээ. Энд Японы нисэх хүчний бас нэг онцлог ажиглагдсан нь бөмбөгдөгч нисэх хүчнийхний ур чадвар нь сөнөөгч нисэх онгоцны нисгэгч нарынхтай харьцуулшгүй муу байсан явдал юм. Бөмбөгдөлтийн үр дүнд ганц ч хүний амь нас эрсдэж шархтсангүй, нэг ч онгоц хамгийн жижиг гэмтэл ч авсангүй. Харин ч агаарт хөөрч чадсан 34 “илжиг”, 13 “бис”-үүд тулалдаанд орж Японы хоёр бөмбөгдөгч, гурван сөнөөгчийг унагасан байна. Зөвлөлтийн хохирол гурван “бис” буудуулж унан, хоёр нисгэгч алагдсан дүнтэйгээр энэ тулалдаан дууслаа. Энэ тулалдаанд дайсны онгоцыг хөөсөөр бүр нисэх буудал хүртэл дагасан 22-р хорооны удирдагч Кравченко нэг Ки-15 унагаад (Японы мэдээгээр батлагддаггүй) буцах замдаа мотор унтарснаас хээр буужээ. Хоёр хоног усгүй тэнүүчилж явсаар ангаж үхэхийн даваан дээр хороондоо эргэн ирсэн хошууч Кравченког сураггүй алга болсон гэсэн мэдээлэл аль хэзээний Москва руу явуулсан байсан гэдэг. 

Япончуудын хувьд энэ тулалдааны хохирол гэж хоёр Ки-27, нэг Ки-30, нэг Ки-21 гэж өөрсдөө бичсэн байдаг. Сүүлийн гэмтсэн Ки-21 хил давж чадалгүй ослын буулт хийх үед өөр нэгэн бөмбөгдөгч онгоц хажууд нь бууж тус багийнхныг аван хөөрсөөр нисэх буудалдаа хүрч чаджээ.

Харин Баян бүрд нуурын ойролцоох нисэх хороо урьдчилан мэдээ аваагүй бөгөөд Японы хорлон сүйтгэх групп харилцаа холбоо тасалж чадсан учир бөмбөгдөлт гэнэтийн болж чадсан байна. Хоёр И-16 буудал дээрээ бөмбөгдүүлэн устсан бөгөөд бусад нь яаран сандран агаарт гарч байх үед Ки-27 нууд эдгээр байг дайрч эхэллээ. Тасарч байх үед нь, өндөр авч байх үед нь буудаж байсан бөгөөд нийт 14 онгоцыг устгасны дотор 9 ширхэг И-16, 5 ширхэг И-15 байв. Япончууд хохирол хүлээсэнгүй.

(Нэгэнт хоцорсон хойно яах гэж агаарт гарч сайхан бай болсныг нь тайлбарласан зүйл олдсонгүй.  Чухамдаа тасарч байгаа, тасраад өндөр авч байгаа онгоц гэдэг бол сөнөөгч онгоцонд хамгийн амархан бай байдаг бөгөөд тэдний хурдатгал жигд, ямар нэг маневр хийх чадваргүй байдаг учир ийм эмзэг байдаг билээ. Сүүлд Сабуро Сакай , Виталий Попков зэрэг асууд бөмбөгдөлт, дайралтын үеэр агаарт гарч чадан зориг хүчээ гайхуулж чадсан тухай шуугьдаг боловч ийм үйлдлийг зарим нэг нисэхийнхэн, цэргийн судлаачид  гэмт хэрэг гэж үзэх нь бий. Олон онгоц төдийгүй, түүнээс ч илүү үнэтэй сургагдсан нисгэгч нар олноороо амиа алдах нөхцөл бий болгохыг гэмт хэрэг гэлгүй яахав.)

Өдөр дунд Япончууд бас нэг дайралт хийсэн ба энэ удаа бай нь бөмбөгдөгч СБ-ийн нисэх буудал байлаа. Японы бөмбөгдөгч нар дахиад тун тааруухан ажилласан ба ганц ч онгоц гэмтсэнгүй. Харин бөмбөгдөлтийн үеэр тасарч гарах гэсэн нэг И-15 буудуулж унасан, бөмбөгдөлтөөр нэг механик гэмтсэн гэсэн хохиролтойгоор энэ дайралтыг өнгөрөөжээ.

Энэ өдрийн хувьд Зөвлөлүүд нийт  20 онгоц алдсан нь Халх голын дайны үеэр нэг дор хүлээсэн хамгийн их хохирол байсан боловч Япончуудын төлөвлөж байсан Зөвлөлтийн нисэх хүчнийг газарт тэгшлэх гэсэн (сүүлд 1941 оны 6-р сард Германчууд хийж чадсан) оролдлого нь бүтэлгүй болсон ба энэ өдрийн Зөвлөлтийн нисэх хүчний хохирол нь Халх гол дахь агаарын нисэх хүчний  ердөө 7%-тай тэнцэж байв.

Хэдийгээр Япончууд том ялалт байгуулсан тухайгаа зарлаж байсан ч агаарын ноёрхлоо улам бүр алдаж , Зөвлөлтийн нисэх хүчин Халх голын тэнгэрт хүсэл бодлоо тулгадаг болж, Японы нисэх хүчин тулалдаанаас зугтдаг болж эхэллээ.

Японы нисэх хүчний тоо баримт дэндүү будлиантай байдаг тухай “Чалчаа саарал” өмнө нь Сакайн тухай болон бусад нийтлэлдээ бичиж байсан бөгөөд энэ удаа ч бас итгэхэд хэцүү тоонуудыг  тэд гаргаж тавьсан байдаг. Жишээ нь Энэ өдөр Японы тоо баримтаар бол Зөвлөлтийн 99 онгоцыг унагасан ба газар дээр бас 49 онгоц устгажээ. Нийт 150 гаруй онгоц. Энэ их онгоцыг нэг өдөрт, ердөө дөрвөн онгоц алдан байж устгасан гэх. Хиромичи Синохару гээч нисгэгч ганцхан энэ өдөр Зөвлөлтийн 11 сөнөөгчийг устгасан бол Бунжи Ёшияма бас 4-ийг устгасан гэдэг. Японы нисэх хүчний удирдлага, цэргийнхэн нар энэ аймаар гэхэд багадах тоонд хэр итгэж байсныг мэдэхгүй юм. Дараа нь дэлхийн 2-р дайны үеэр Япончуудын энэ заншил хэвээр үргэлжлэн бас л толгой эргэм их тоотой Америкийн онгоцнуудыг унагасан гэж өөрсдөө бичдэг, ярьдаг билээ.

6-р сарын агаарын тулалдаанд Зөвлөлүүд ямар нэг хэмжээгээр эргэлт гарган Японы ноёрхлыг зогсоон, эн тэнцүү тулалдаж эхэлсэн боловч агаарт ноёрхох цаг болоогүй л байлаа. Хэдийгээр 5-р сар, 6-р сарын эхэн үеийн сүйрэл одоо давтагдахгүй нь тодорхой боловч Япончууд хүчтэй, аюултай хэвээр.

P.S.

Халх голын тэнгэрт -3 дахь нийтлэл дээр Японы нисгэгч Мияжимог Монголын морьт тагнуулууд Манжуурын нутгаас баривчлан авчирсан тухай бичээд тэрхүү зоригт Монгол эрчүүдийн тухай өөр баримт олоогүй тухайгаа гомдоллон бичиж байсан билээ. Batbayar Jigmed Suldten хэмээх нэгэн эрхэм энэ тухай манай ямар ном зохиолд гарсныг хэлж өгсөнд хязгааргүй баярлаж байна.  Өмнө нь тэрхүү Мияжимогийн тухай жижигхэн нийтлэл хийх санаатай байсан бөгөөд одоо энэ хүний хэлж өгсөн тэрхүү номыг олж авсны дараа бичихээр шийдлээ. Номоо захисан бөгөөд гар дээр минь ирэхийг тэсэн ядан хүлээж байна. 

6-р сарын  25 нд Зөвлөлтийн нисгэгчийг Манжуурын нутгаас авчраад дараа нь буцаж яваад онгоцыг нь чирээд ирсэн Монголын дайчдын тухай мөн энэ мэтээр мэдээ баримт олдоно гэдэгт их найдаж байгаа шүү.

Batbayar Jigmed Suldten -д дахин баярлалаа.

Үргэлжлэл нь: Халх голын тэнгэрт: Долдугаар сарын эхээр

Нийтлэлч "Чалчаа саарал"

Сэтгэгдэл 2ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2018, 6 сар 18. 19:38
Зочин ahmad nicgegch

Yl vzegdegch ongotsiig opocyyd ynagaj conoocon amerkyyd conotvgei

2018, 6 сар 18. 21:19
Зочин

chalchaa saarald bayrlaj yavdag shu huuhed bxaasa pokriishkin kojedub baltiin tenger unshdag blaa sayhan dahiad unshsan shan blaa shu

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]