Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Халх голын тэнгэрт: Оросууд арга хэмжээ авч эхэллээУншсан19,243

Зөвлөлтийн шинэ ирсэн мэргэжилтнүүд олон арга хэмжээ авч, маш эрчимтэй бэлдэж эхэлсэн байна. Ингэсээр Халх голын агаарын дайны түүхэнд нэгэн том хуудас болон үлдсэн 6-сарын 22-ны өдөр боллоо.

Халх голын тэнгэрт болсон тулалдааны тухай та юу мэдэх вэ? Агаарын тулааны талаар Зөвлөлтийн баримт болон Оросын судлаачдаас ямар дүн мэдээ, Японы судлаачдаас ямар дүн мэдээ, баримт тус тус гаргадаг вэ. Нийтлэлч "Чалчаа саарал"-ын тухайн үеийн нөхцөл байдал дундаас урган гарсан баримт, мэдээллүүд хэрхэн зөрдөг, агаарын тулааны өрнөл зэргийг олон талаас нь өгүүлсэн цуврал нийтлэлийг хүргэж байна.

Өмнөх нь: Нэг. Халхын голын тэнгэрт: Монголын нисэх хүчин ямар үүрэг гүйцэтгэсэн бэ?

Хоёр. Халх голын тэнгэрт: Агаарын тулаанууд өргөжиж эхэллээ

 
Гурав. Халх голын тэнгэрт: Оросууд арга хэмжээ авч эхэллээ

 

Халх голын дайны эхэн хэсэгт Японы нисэх хүчнээс ихээхэн хохирол амсаж, агаарт Японы ноёрхол бүрэн тогтсон байсныг арилгахаар Зөвлөлтийн шинэ ирсэн мэргэжилтнүүд олон арга хэмжээ авч, маш эрчимтэй бэлдэж эхэлсэн байна. Ингэсээр Халх голын дайны агаарын дайны түүхэнд нэгэн том хуудас болон үлдсэн 6-р сарын 22 боллоо. Энэ өдрийн агаарын тулалдааны тухай олон мэдээ баримт байдаг боловч тэдгээрийг яг задлан шинжилж, дэс дараанд нь оруулж эмхэлж цэгцэлсэн зүйл багахан бөгөөд ихэнх нь үзэл суртлын ухуулга байдлаар хэт дэвэргэсэн тоо баримтууд байдаг байна.

Зөвлөлтийн баримтуудад “энэ өдрийн тулалдаан 3 хэсэгт болсон бөгөөд манай талбай дээр дайсны 14 онгоц унасан, шатсан ба Японы нисгэгч нарыг хөөж  нутагт нь ихээхэн онгоц устгасан бөгөөд эдгээр унасан онгоцны тоо нь 11 байгаагийн дотор манай гурван онгоц энэ тоонд байх магадлалтай, Япончуудын шатахуун дуусч байгаа онгоцыг буух үед бас дайрч 3 онгоц нэмэн устгасан ” гэсэн гол баримт бий. Гэтэл энэ мэдээлэл цуглах бүрд унасан Японы онгоцны тоо нэмэгдэж байсан ба түрүүн дурдсан мэдээний өмнөхөн нь “ Японы 20 онгоц унагасны 7 нь манай нутагт унасан” гэж мэдээлж байсан байна. Гэтэл тэр унасан 7 онгоцны 3 нь ЗХУ-ын онгоц байжээ. Ийм байдлаар энэ өдөр унасан Японы онгоцны тоо нэмэгдсээр эхлээд 20 гаруй байснаас сүүлдээ “25-аас доошгүй болж”, эцэстээ “31 онгоц унагасан” болж үлдсэн ба энэ тоо баримт цааш олон хүний иш татсан баримт болон үлдсэн байна.

Японы талын мэдээлэл: “ 22-ны өдөр ЗХУ-ын 150 гаруй нисэх онгоц хил зөрчин орж ирсэн бөгөөд тэдний өөдөөс Японы 18 сөнөөгч нисэх онгоц тосон очиж тулалджээ.  Тулалдааны явцад дайсны 49 онгоцыг устгасан ба манай 5 онгоц шатахуун дууссан учир хээр аргагүйдсэн буулт хийж нисэх буудалдаа эргэн ирээгүй билээ. Тэдгээрийн тоонд мөн ахмад Моримото багтаж байна.” Эндээс харахад Оросын 50 гаруй онгоцыг устгасан боловч өөрсдөө ганцыг ч алдаагүй бололтой. Гэтэл энэ нь тийм бишийг зөвхөн ганцхан жишээ баталдаг. Энэ нь манай Монголчуудад хамаатай юм.

Японы 24-р сентайн нисгэгч Ётутака Мияжимо энэ өдрийн агаарын тулалдааны үеэр цохигдон унасан ба онгоцоо элгээр нь буулган, амьд үлдэж чадсан байна. Түүнийг буудсан Зөвлөлтийн нисгэгч газар буусан байхад нь дахин дайрч байсан бөгөөд удалгүй онгоц нь дэлбэрэхэд Мияжимо аюулгүй газар холдсон байлаа. Ингээд тэрээр өөрийнхөн дээрээ очих гэж Манжуурийн нутгаар усгүй, маш халуунд явсаар ухаан алдан унах үед нь тухайн орчинд тагнуул хийж явсан Монголын морин цэргүүд олжээ. Энэ бол 6-р сарын 24 нд болсон явдал бөгөөд Манжуурийн нутагт (!) тагнуулын үйл ажиллагаа явуулж байсан манай өвөг, эцэг нар маань. Азгүй Мияжимог манайхан дүүрч явсаар хил даван ЗХУ-ын цэргүүдэд хүлээлгэн өгсөн гэдэг. ( Энэ тагнуулчдын тухай ямар нэг юм Монголын түүхчдээс олж сонсохсон) Япончуудын унагасан гэх тоо ч бас аажмаар өссөөр байсан гэдэг ба анх тусдаа болсон гурван тулалдаанд тус бүр 22, 25 онгоц буюу 47 онгоц унагасан гэж байснаа 49 онгоц унагасан болж , удалгүй бүр 56 болсон байдаг байна.

Энэ толгой эргэм их тоонуудын аль нь үнэн, аль нь худал бол?

6-р сарын 22 ны тулалдаанд оролцсон нисгэгч нар болох 24-р сентай нисгэгч дэд хурандаа Кожиро Нацамура, ахмад Сайжи Кани,дэслэгч Хое Янага нар

Энэ талаар судалгаа хийсэн олон зүйл тааралдаж байснаас нэгэн судлаачийн хийсэн тухайн өдрийн тулалдааныг хамгийн учир дараалалтай, бодит байж магадгүй сэргээн босгосон байдлыг та бүхэнд танилцуулъя.  Ингээд 1939 оны 6-р сарын 22ны 15 цагийн үед ЗХУ-ын 70-р сөнөөгч хорооны 12 И-16 онгоц, 9 ширхэг И-15 бис бүхий хоёр хэсэг агаарт хөөрсөн ба эхнийхийг дэслэгч Савкин толгойлж байсан бол бис-үүдийг Испанийн дайнд оролцож байсан туршлагатай Евгений Степанов нар даргалж байжээ.

Буйр нуурын орчим Японы нисэх онгоцнууд үзэгдлээ гэсэн дуудлагын дагуу тэд тухайн бүсэд очин хайгуул хийж байх үед их өндрөөс ахмад Моримотогийн удирдсан 9 ширхэг Ки-27 гэнэт дайралт хийсэн ба хамгийн эхний бай нь тэргүүлэгч  Савкин боллоо. Зөвлөлтийн нисэх хүчний тэргүүлэгч нь хамгийн урд нь, хөтөлж явдаг гэдгийг мэдсэн Япончууд үргэлж удирдагч руу эхэлж дайрдаг байсан байна. Буудуулж хүнд шархтан, онгоц нь гэмтсэн Савкин огцом шумбалттай эргэлтээр дайснаас тасарч тулалдааныг орхисон ба аргагүйдсэн буулт хийсэн түүнийг Япончууд газар дээр бас дайрч онгоцыг нь бүр мөсөн шатаажээ. Харин Савкин хүнд шархтсан байсан ч онгоцноосоо зайлж чадсан байна. Удирдлагагүй болон замбараагаа алдан хэдэн тийшээ таран бутарсан И-16 нуудыг Япончууд хөөлгүй орхин дараагийн бүлэг болох И-15 бис-үүдийг бас л өндрөөс дайрлаа. Бипланууд яаж чадалгүй байсаар 3 онгоцоо буудуулж тэдгээр нь тулалдаанаас гаран нисэх буудал руугаа зүтгэхэд Япончууд араас нь даган буудсаар нисэх буудалдаа бууж байх үед нь бүгдийг нь шатааж амжсан ч гурван нисгэгч гурвуулаа амьд төдийгүй өчүүхэн ч шалбархайгүй буусан гэдэг.

Ингэж энэ өдрийн эхний тулалдаан Япончуудын бүрэн ялалтаар дууслаа. Зөвлөлтийн бүтэн хоёр эскадриль бутран тарсан, 4 онгоцоо алдсан байхад Япончууд ямар ч хохирол амссангүй. Гэтэл энэ өдрийн тулалдаан маань дөнгөж эхэлж байсан гэдэг. Дөнгөж болж эхэлсэн тулалдааны тухай мэдээ авсан Зөвлөлтийн  22 И-16, 14 И-15 бис өөр буудал дээрээс туслахаар 15 цаг 15 минутын үед хөөрсөн байна. Энэ том бүлгийг харсан япончууд тулалдаан хүлээж авалгүй буцан зугтсан ба удалгүй “Оросууд” тэднийг хараанаасаа алджээ.

Гэтэл ахмад Моримото эргэн зугтсан биш харин дайснаа төөрөгдүүлсэн маневр хийсэн нь энэ бөгөөд тэрээр өөрийн нутагт орж ирэнгүүт эргэлт хийж Зөвлөлтийн шинэ бүлэг рүү дахин дайрсан байна. Хоёр талын онгоцнууд өөд өөдөөсөө чиглэлээр тулалдаанд орсон бөгөөд маш ширүүн тулалдааны явцад 5 И-15, 1 И-16 цохигдон унаж, эдгээр 6 онгоцны 5 нисгэгч нь амь үрэгдсэн байна. Гэсэн хэдий ч Оросууд бас 2 Ки-27-г буудаж унагасан нь Япончуудыг тун хүнд байдалд оруулж, одоо тэд долуулханаа үлдсэн байна. Хамгийн гол нь тэднийг удирдагч ахмад Моримото нь тэрхүү буудуулан унасан онгоцны нэгийг унаж явсан билээ. Сум, шатахуун улам бүр бага болсоор байгаа, сэтгэл зүйн хувьд улам хүнд байдалд орж байсан Японы нисгэгч нар аажмаар нэг нэгээрээ тулалдаанаас гарч эхэлсэн  боловч хурдаар Ки-27-оос огт дутахгүй И-16 даган хөөсөөр  бууж байгаа онгоцнуудыг дайрч хэдэн онгоц (?) устгажээ. 

Гэтэл өөр газар бас нэгэн тулалдаан эхэллээ.

15 цаг 40 минутын үед 22-р сөнөөгч хорооны 12 И-16, 14 И-15 бис агаарт хөөрсөн ба тэднийг Японы 1-р чутайн 9 Ки-27 дайрч “бис”-үүдийг буудаж эхэлсэн байна.  Зөвлөлтийн хувьд тоогоор их давуу боловч Япончууд туршлага, байлдааны арга тактик, техникээ ашиглах талаар хол илүү байсан бөгөөд тэд тулалдааны явцад хоёр И-16, 5 И-15 бис-ийг унагаж,өөрийн хоёр Ки-27-г алдсан байна. Мөн өмнө дурдсан Мияжимогийн онгоцны хөдөлгүүрийг сум онон ажиллагаагүй болгон тулалдаанаас гаргасныг нэмэх хэрэгтэй. Удалгүй зургаан  Ки-27 эргэн зугтахад “илжиг”-нүүд хөөсөөр бууж байх үед нь бас 2-3 онгоц унагасан байна. Энэ бүхнээс харахад тэрхүү Япончуудын 47-56 ялалт, ЗХУ-ын 31 ялалт нь бодит тооноос дэндүү хол байгаа билээ. Ямар ч байсан тулалдаанд “Оросууд” бараг 4 дахин их хүчээр оролцоод (46 И-16, 37 И-15) 17 онгоцоо алдаж, 7-9 онгоц унагасан байна.  Энэ бол Зөвлөлтүүдийн хувьд бараг л ялалт байлаа.

Ахлах дэслэгч Нога, дэслэгч Турбаченко, дэслэгч Солянкин, хошууч Глазыкин (гэмтсэн онгоцноос шүхрээр үсрэх үед Японы нисгэгч шүхрийг нь сэнсээр хяргасан гэдэг)

Халх голын дайн эхэлснээс хойш үргэлж ялагдаж байсан “Оросын” нисгэгч нар энэ удаа мөн л илүү хохирол амссан боловч  дайсанд хүсэл бодлоо тулган, агаарт анх удаа ноёрхож эхэлсэн ба хамгийн гол нь Японы 24-р сентай ганцхан өдрийн дотор өөрийн бүх онгоцны талыг, ¼ нисгэгч нараа алдсан явдал юм. Тэд хэзээ ч ийм их хохирол амсаж байгаагүй ба өмнө нь тэд  Халх голын  тулалдааны талбарыг дайсны хүчинд автан өөрийн эрхгүй орхиход хүрч байгаагүй билээ.

Үргэлжлэл нь: Дөрөв. Халх голын тэнгэрт: Агаарт ноёрхохын төлөө

Нийтлэлч "Чалчаа саарал"

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]